Үнэлгээний үнэлгээ
Үнэгүй өгч байгаа, эсвэл манай улсын 35 тэрбум долларын өрөн дээр нэмээд бичигдэж байгаа эсэх нь тодорхойгүй "дэмжих", "чадавхижуулах", "бэхжүүлэх", "сайжруулах", "нэмэгдүүлэх" төслүүд
2025.05.26.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар "Жендерийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурлыг Шангри-Ла-д зохион байгуулжээ. Хорвоо дээр бүх юм хэлхээ хамааралтай, хаа холын Трампын тарифаас монголын төсөв чичирч, цөлжилт ба эмэгтэйчүүд ч гэсэн ялгаагүй, тэглээ гээд бөөн зардал чирэгдэл болж гадаад дотоодоос зочид урьж ийм сэдвээр хуралдах хэрэг байсан уу? Дэд сэдвүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого, хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт, эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга зэрэг болно. Монголд үүнээс чухал цаг зав, хөрөнгө мөнгөө зарах асуудал алга уу гэж асуумаар санагдавч "жендерийн мэдрэмжгүй" гэсэн хэрэг түвэгт орооцолдож мэдэх тул ингэсхийгээд зогсож өөр жишээ авья.
5-р сарын дундуур Төрийн ордон "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс" нэртэй үндэсний чуулгантай байв. Хэвлэлийн мэдээнд "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, өнөөдөр үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өрнөж байна" гэжээ.
"Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс" гэсэн нэрийг задалж харья. Манай хөгжлийг үнэлж барих нь хэрэгтэй ч байж магадагүй. Яг үнэндээ үнэлж ядаад байх юмгүй, эргэн тойрноо харахад л хангалттай. Гэтэл үгүй ажээ. Үнэлэх үнэлэхдээ хөгжлийг биш, хөгжлийн бодлогыг үнэлэх болоод явчихав. За яахав бодлого бас чухал, түүнийг үнэлбэл бидний буруу зөв бодож байгааг хэлээд өгөх юм байна гэтэл бас үгүй, хөгжлийн бодлогын үнэлгээ гээд задарсан байна. Нэгэнт үнэлсэн юм чинь энэ хавьд тоормослох ёстой байтал хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхи гээд цааш хурдлах нь тэр. Дүгнэвээс Монгол Улсын хөгжлийг биш, хөгжлийн бодлогыг ч биш, бүр бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх чадавхыг уу гэвэл бас биш, харин тэр бодлогыг үнэлэх чадавхийг индекс нэрээр үнэлж тогтоосон болж таарав. Үнэлгээний үнэлгээ юм болов уу даа.
Бас болоогүй, Монгол Улс Ази тивээс анх удаа Үнэлгээний чадавхын индексийг тогтоолгож байгаа нь онцлох үйл явдал юм хэмээн бөөн баяр. Тэгвэл үнэлгээний чадавхаа үнэлж чадаагүй хоцрогдож яваа хөөрхий тэр Азийн улсууд биднээс түрүүлж урагшаа суга хөгжсөн шалтгаан юу бол? Энэ мэт хэрэгтэй хэрэггүй судалгаанд хүн хүч, ядуу төсөв мөнгөө үрдэггүй учраас биш биз?
Цаашдаа ийм судалгаанууд зогсолтгүй үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох” талаар оржээ. Тэгэхээр та биднийг цогц систем, хэрэгжилтийн үнэлгээ гээд аймаар их ажил хүлээж байгаа. Хөгжиж барих цаг зав гарах уу?. Мөн энэ өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Канадын нэгэн байгуулллагатай хамтран хэрэгжүүлж байгаа "Тэгш шударга ёсыг хүн бүрт" төслийн уулзалт, хэлэлцүүлэг болжээ. Төслийг гурван жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн ба үр дүнд нь иргэд шүүхийг маш сайн мэддэг болсон гэнэ. Тэгсэн мөртлөө төслийг дахиад таван жилээр сунгасан байх юм.
5-р сарын 16-ны өдөр бас л Төрийн ордонд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран “Үр дүнд суурилсан төлөвлөлт, үнэлгээ, мониторингийн тогтолцоог бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. . Миний мэдэхийн 2010 оноос хойш ийм нэртэй олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, тоосго шиг зузаан номууд орчуулагдаж, залхмаар олон хурал семинар болж, хаа сайгүй газар, хэлтсүүд байгуулагдсан. Бүрдэж дуусах болоогүй юу? Хэд хоногийн өмнө Хөгжлийн банк олон улсын жишигт нийцсэн шинэчлэлээ танилцуулж, “Хөгжил ба шинэчлэл” форумыг зохион байгуулжээ. Өмнө цацсан их наядын зээлүүдээ хэрхэн төлүүлж, одоо тийм балай зээлүүд олгохгүй байгаагаа танилцуулсан бол жинхэнэ хөгжил ба шинэчлэл. Яг төр өдөр “Хиймэл оюунд суурилсан гаалийн байгууллагын шинэчлэл, хамтын ажиллагааны төлөвлөгөө"-г хэлэлцэх уулзалт зарлагдсан харагдсан нь БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй "Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх нь" нэртэй төслийн эхлэл ажээ.
Энэ мэтээр лаг лаг нэр зүүсэн, гадаад улс, том гүрнүүдээр далайлгасан төсөл хөтөлбөр, судалгаа тайлан Монголоор багтахаа болилоо. Үнэгүй өгч байгаа, эсвэл манай улсын 35 тэрбум долларын өрөн дээр нэмээд бичигдэж байгаа эсэх нь тодорхойгүй "дэмжих", "чадавхижуулах", "бэхжүүлэх", "сайжруулах", "нэмэгдүүлэх" төслүүд. "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (Уур амьсгалын ногоон сан, НҮБХХ), "Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” (НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага) төслүүд байдаг аж. Дээрхэн "Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB" гэсэн томъёон нэртэй төслийг хэрэгжүүлсэн. Задаргааг харахлаар нөгөө л төлөвлөгөөг боловсруулсан байх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэсэн байна гэх мэт.
Бүгд тийм чухал, зайлшгүй шаардлагатай төслүүд байсан уу? Тийм гэж нотлох түмэн тайлбар олдоно, гэхдээ цаадуул нь доллар, зээл олгоогүй бол монголын амьдрал яах ч үгүй, үргэлжилсээр байх болно. Магадгүй, шууд хөгжүүлэх ажилдаа орно. Маш олон төсөл хөтөлбөр ямар үр дүнд хүрч өөрчлөлт авчирсныг бүү мэд. Нийслэлд лав сүүлийн хориод жилийн дотор хот төлөвлөлт, агаарын бохирдол, түгжрэл, нийтийн тээвэр, түүний дотор метрогоор цөөнгүй судалгааг Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк болон бусдаар хийлгүүлээд ямар үр дүнд хүрснийг бид өнөөдөр харж байна. Өөрөөр хэлбэл, үр дүн харагдахгүй байна.
"Гүн ухаантнууд ертөнцийг тайлбарлах гэж оролддог, гэхдээ асуудал бол түүнийг өөрчлөхөд байгаа юм" хэмээн суутнууд сургажээ. Нээрээ өөрчлөхгүй юм бол судлаад, хуралдаад, тайлагнаад яах юм бэ? Одоо манай гүн ухаантнууд энэ олон төсөл, хөтөлбөрүүдээ үнэлэх, ядахдаа төсөл хэрэгжүүлэх чадвараа үнэлэх дараачийн том том төслүүд рүү шуурхайлна байгаа?