Үнэ, ханш, гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл
Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Монголын Эдийн Засгийн Форум”-ын нэгдсэн хуралдаан “Гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляци” гэсэн сэдвийг хөндсөн юм. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Мөнхнаран нар оролцож мэдээлэл өгснийг сийрүүллээ.
В.Ганзориг: Үнэ, ханш, инфляци, гадаад төлбөр тооцоонд үүсээд байгаа асуудлуудаас аль хэсгийг нь бид удирдаж, арга хэмжээ авч чадаж байна вэ, ямар үр дүн гаргаж байна? Харин аль хэсгийг нь удирдаж чадахгүй байна вэ? Яагаад?
Б.Жавхлан: Ковидын аюулыг ардаа орхиж чадлаа. Төсөөлж байсныг бодвол эрүүл мэнд болон эдийн засгийн салбараа харьцангүй бага эрсдэлтэйгээр давж гарч байна. Бидний тооцоолоогүй гео улс төрийн асуудал буюу зэвсэгт мөргөлдөөн шууд нөлөөлж байна. Энэ бүх нөхцөл байдал манай эдийн засгийн бүтэц буруу явж ирснийг ил гаргалаа. Бид аж үйлдвэр биш гадаад худалдаан дээр суурилсан улс. Урд хөрш рүү экспорт хийж, голлох зүйлсээ хойд хөршөөсөө авдаг. Хойноосоо гадаад худалдааны алдагдалтай, урд хөрштэйгөө ашигтай ажиллаж гадаад худалдааны баланс тооцогдож явдаг. Ийм учраас гадаад орчны шок хүчтэй нөлөөлдөг. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч шатахуунаа яг одоо 100 хувь ОХУ-аас импортоор авч байна. Энэ үнэд бид нөлөөлж чаддаггүй. Нөгөө талдаа бид хүссэн хэмжээндээ экспортоо өөрсдөөсөө шалтгаалахгүйгээр хийж чадахгүй байгаа. Ийм хайчин дунд орсон байгаа учраас богино хугацааны хямралтай туллаа. Энэ нөхцөл байдал эдийн засгийн бусад салбарт хүчтэй нөлөөлж байна.
В.Ганзориг: Ковидын үеийн эдийн засагтай бид сүүлийн хоёр гаруй жил явж ирлээ. Өнгөрсөн хугацаанд эдийн засгаа сэргээхэд чиглэн гаргасан бодлого хэр амжилттай болсон бэ? Гарсан үр дүн юу байна вэ?
Ж.Ганбаатар: Энэ Засгийн газар Үндсэн хууль, Ковидийн хууль гээд өмнөх Засгийн газруудад байгаагүй асар том эрх мэдэлтэй болсон. Өөрөөр хэлбэл, хямралтай тэмцэхэд Засгийн газрын хөл, гарыг нь уясан, эсвэл УИХ дээр саналаа оруулж ирэхэд шийдүүлж болохгүй байгаа зүйл огт байхгүй. Монголбанкны хувьд ч ялгаагүй. Бидний шийдэж чадахгүй, үл хамаарсан буюу удирдаж чадахгүй байгаа асуудал 60 хувь нь гэж харж байна. Үүнд ковид, Украины нөхцөл байдал, хил, гаальтай холбоотой асуудлууд орно. Үлдсэн 40 хувийг нь бид шийдэх боломжтой, үүнээс үүдэлтэй асуудлуудыг урьдчилан харж чадна. Эдийн засаг өсч байх үед хэт олон төсөл, хөтөлбөрүүд рүү зэрэг орж, эдийн засгаа халаадаг нь эргээд бидэнд асуудал үүсгэдэг. Тогтвортой хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 4-7 хувь байдаг бол манай улсын хувьд 10 хувиас дээшээ, бүр 17 хувь хүрээд, зарим үед хасах утга руугаа орчихдог. Иймээс цаашид бид эдийн засгаа тогтвортой байлгах нь чухал. Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, хөтөлбөрүүдийг би хэт задгай, замбараагүй байна гэж харж байгаа. Тодорхой салбарууд дээр чиглэж, төвлөрч явах ёстой. Эс бөгөөс оновчгүй олон зүйлд нөөцөө зарцуулна.
Энэ хямрал бидэнд боломж үүсгэж болно. Тухайлбал, манай голлох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. Хил нээгдэх л юм бол энэ үүсээд байгаа нөхцөл байдал нэг их удахгүй буюу хоёр, гурван сарын дотор тогтворжино. Цаашдаа өсөлт харагдана. Иймээс Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, хөтөлбөрүүдээ ач холбогдлоор эрэмблэх нь чухал байна. Тухайлбал, уур уурхайгаас орж ирэх орлогоо хэрхэн хуримтлуулах, төрийг яаж данхар болгохгүй байх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй.
Гадаад худалдааны алдагдал эдийн засагт шууд нөлөөлж байна. Эхний гурван улирлын байдлаар энэ алдагдал 900 гаруй сая ам.долларт хүрлээ. Энэ алдагдлыг нөхөх гадаад валют манай эдийн засагт орж ирэх ёстой. Монголбанк сая бодлогын хүүгээ өсгөсөн. Манай импортын хэмжээ 2020 ба 2021 оны дунджийг харьцуулбал жилийн зургаан тэрбум ам.доллар байдаг. Ойролцоогоор 400-500 сая ам.доллар сар бүр гадагшилдаг гэсэн үг. Иймээс Монголбанк тодорхой хэмжээнд интервенц хийх ёстой. Ингэж байж бизнес эрхлэгчдийн ирээдүйг тодорхой болгоход туслана. Бид хамтдаа тодорхой бус байдлаас гарах хэрэгтэй. Монгол Улс тийм ч баларсан, амны хишиггүй улс биш ээ. Баялагтай, үүнийгээ боломж болгох, бусдыг сонирхлыг төрүүлэхүйц улс. Иймээс гадаад валютын нөөцөө ойрын хугацаанд нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Үүнийг Монголбанкны Ерөнхийлөгч, УИХ-ын дарга өчигдөр, өнөөдөр хэлсэн. Иймээс би ирээдүйг өөдрөгөөр харж байна. Хятад Улс ковидын асуудлаа дотроо шийдээд, ойрын үед буюу хоёроос гурван сарын дотор хилээ нээнэ гэдэг хүлээлттэй байна.
В.Ганзориг: Шатахууны үнийн өсөлт иргэдэд хүнд тусч байна. Газрын тосны холбооны хувьд үнийн удирдлага дээр юу хийж байна вэ? Засгийн газар шатахуун импортлогчдыг бодлогоор дэмжих тухай яригдаж байна. Энэ дэмжлэг зөв үү?
Ж.Мөнхнаран: Шатахуун болон хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой түвшинд барих нь нийгэм, эдийн засгийн олон учир шалтгаантай байдаг. Шатахууны үнийн 10 хувь нь компаниудын өртөг зардал, 15 хувь нь онцгой, НӨАТ, гааль гэсэн гурван татвар, 85 хувь нь Роснефть, Чайна ойл гэх мэт үйлдвэрлэгчдээс авдаг хилийн үнээр тооцогдсон бүтээгдэхүүний өртөг байдаг. Шатахуун үнэ ийм гурван хэсгээс л бүрддэг. Үнийн энэ бүрдэлд орж буй аж ахуйн нэгжүүдийн зардал болох 10 хувийг манай импортлогчид сүүлийн таван жил огт хөдөлгөөгүй. Харин 15 хувийн татварыг тэглэх, бууруулах эрх мэдэл Засгийн газарт байдаг. 85 хувийн үнэ сүүлийн хоёр жил өсч байгаа. 2020 оны зургаан сард нэг тонн нефть 200 ам.доллар байсан бол одоо бид 1050 ам.доллараар авч байна. Энэ үед оны сүүлээр буурах хандлага ажиглагдаж магадгүй байгаа тул энэ бол богино хугацааны шок гэж дүгнэж байна. Иймээс богино хугацааны шийдлийг эрж хайх ажлыг яам, засагтай нийлэн хийх ёстой гэж үзэж байна.
В.Ганзориг: Банкны гүйлгээ, гадаад төлбөр тооцоотой асуудал нилээд тулгамдсан. Монголын хамгийн том банк болох ХААН банк энэ асуудлыг хэрхэн шийдэж байна, дангаараа шийдэж чадаж байгаа зүйл, чадахгүй байгаа зүйлс юу байна?
Р.Мөнхтуяа: ХААН банкинд сар бүр 60 сая ширхэг гүйлгээ монгол төгрөгөөр хийгддэг. Харин гадаад төлбөр тооцооны хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гүйлгээний дүн хоёр дахин буурсан. Олон шалтгаан бий. Нэгт, сүүлийн хоёр жил ковидоос болж гадаад худалдааны эргэлт нилээд буурлаа. Хоёр, Орос ба Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй ханшийн шок тодорхой бус байдлыг үүсгэлээ. Монголын арилжааны банкууд бүгд ам.долларын клирингийн дансгүй болсон. Энэ нь Монгол Улс саарал жагсаалтанд орсонтой холбоотой. Иймээс бүх арилжааны банкууд гадаад төлбөр тооцоог гадаадын бусад хоёрдогч, гуравдагч банкуудаар дамжуулан хийж байна. Жишээ нь, Америкийн банк руу мөнгө шилжүүлэхийн тулд Солонгос, Хятад, Канад, Германы банкуудаар дамжуулан ам.долларын клиринг хийж байна. Үүний тулд бид хүссэн, хүсээгүй эдгээр банкны тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой. Санкцад орсон Оросын банкуудтай харилцаагаа аль болох хамгийн бага түвшинд байлган ажиллаж байна. Бид ийм л нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашдаа улсын хэмжээнд, банкны секторын хэмжээнд энэ мэт хүндрэлтэй асуудлыг дахин дахин үүсгэхгүй байх нь чухал. Банк, санхүүгийн систем тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Үүний төлөө арилжааны банкууд Төв банк, төртэйгээ хамтран ажиллах ёстой.
В.Ганзориг: Монголын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг гаргадаг хүний хувьд суурь шалтгаануудын хэдэн хувь нь монголчууд биднээс өөрсдөөс маань хамааралтай байдаг вэ? Өөрсдөөсөө шууд хамааралтай зүйлсээ сайжруулахын тулд энэ эгзэгтэй цаг мөчид хэн, юу хийх ёстой байна вэ?
Б.Батдаваа: Төлбөрийн тэнцлийн шокоос үүдэлтэй валютын зах зээл дээр амаргүй нөхцөл байдал үүссэн. 2021 оны эцэст валютын нөөц 4,3 тэрбум ам.доллар байсан бол 2022 оны эхний хоёр сарын байдлаар төлбөрийн тэнцэл 570 сая.ам долларын алдагдалтай гарсан. Төлбөрийн тэнцлээ бид ашигтай гаргах ёстой. Үүний тулд нэг бол валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, эсвэл валютын эрэлтээ хумих ёстой болно. Өөрөөр хэлбэл, эрэлт ба нийлүүлэлт гээд хоёр талд нь ажиллах ёстой. Төлбөрийн тэнцлээ задлаад харвал нийлүүлэлт талдаа өнөөдөр биднээс хамаарах, хийж чадах зүйл нь алтны экспорт байна. Санхүү талаасаа гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, бонд, эсвэл худалдааны санхүүжилтыг богино хугацаанд босгох боломжууд дээр ажиллах ёстой. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тухайн төслөөсөө хамаардаг учраас бид хүссэнээрээ хурдан хугацаанд шийдэж чадахгүй. Харин зээл, бонд, худалдааны санхүүжилтын хувилбаруудыг яаралтай шийдэх боломжтой.
Монголбанкны Ерөнхийлөгчийн өгч буй мэдээллээр ойрын хугацаанд нэг тэрбум хүртэлх ам.долларын орох урсгал тодорхой болж байна. Энэ нь бид өөрсдөөсөө хамааралтай хийж чадах зүйлсээ хийж байна гэсэн үг. Эрэлт талдаа бид төгрөгөө хаяж болохгүй. Инфляци, бодит хүүний асуудлыг гадаадын судлаачид онцолж анхааруулсан учраас бид зайлшгүй анхаарах ёстой. Үнэ, инфляци, валютын ханш, хөрөнгө оруулалт бүгд хүлээлт дээр суурилан хөдөлдөг. Иймээс бид хүлээлтээ зөв удирдах, нөхцөл байдлыг аль болох тодорхой болгох нь чухал. Ингэж чадахгүй бол эдийн засагт том эрсдэл үүснэ.
В.Ганзориг: ОУВС-ын төлөөлөгчийн хэлсэн үгийг би буруу ойлгоогүй бол энэ цаг үед Монголд хөрөнгө оруулах нь гадаадын хөрөнгө оруулагчдад тийм өндөр эрсдлийг үүсгэхгүй гэж хэлсэн. Валютын нөөц 3,3 тэрбум байгаа, ирэх саруудад 1,5 тэрбум ам.долларыг гаднаас оруулж ирэхээр ажиллаж байна гэж та хэлсэн. Хэрэв үнэхээр ийм боломжтой байгаа юм бол гадаад төлбөр тооцооны хязгаараа суллах, зах зээлд ам.доллараа хангалттай хэмжээгээр нийлүүлж болдоггүй юм уу? Төв банк валютын бэлэн бус гүйлгээн дээр хязгаар тогтоогоод байгаа юм уу?
Б.Лхагвасүрэн: Ханштай холбоотой хөдөлгөөн хойд хөршийн нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн. Энэ процесс сар гаруй үргэлжилж байна. Оны эхнээс эхэлсэн төлбөрийн тэнцлийн алдагдал оны төгсгөлд хэд болох тухай төсөөлөл, тооцооллыг бид хийж байна. Яг энэ янзаараа оны эхнээс эхэлсэн алдагдал оны төгсгөл хүртэл энэ янзаараа хүргэвэл нилээд төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэнэ. Монголбанк хуулиараа улсын валютын нөөцийг зохистой хэмжээнд барих үүрэгтэй. Тэр бүү хэл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын валютын нөөцийг нэг жилийн импортын хэмжээтэй тэнцэх дүн буюу зургаан тэрбум ам.долларт барих тухай заасан байдаг. Иймээс валютын ханш, нөөц дээр огцом савлагаа үүсч, олон улсын хэмжээнд тодорхой бус байдал үүссэн учраас төв банкнаас зах зээлд нийлүүлдэг валютын хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаж, холбогдох арга хэмжээг аваад явж байна.
Валютын хомсдол, богино хугацааны хүндрэлтэй байдлаас гарахын тулд бүх арилжааны банкуудтай уулзаж, гаднаас оруулж ирэхээр төлөвлөж буй валютын урсгал, зээлийг асуухад нийлбэр дүнгээрээ 700-800 сая ам.долларын дотогшлох урсгал байгааг хэлсэн. Хэрэв Монголбанк журмын дагуу урт хугацааны своп хэлцэл хийгээд явбал энэ боломж улам батжина. Ийм боломж байгаа. Монгол Улс руу орж ирж буй бас нэг валютын урсгал экспортлогчид байдаг. Зэс, нүүрс, төмрийн хүдэр гаргаж буй компаниуд. Эдгээр компаниудтай холбогдон энэ жилийн экспортын гэрээ, борлуулалтын талаар мэдээлэл авч орлогоо урьдчилж авах боломжийг ярилцсан. Оюу Толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Таван Толгой бүгдээрээ бүтээгдэхүүнээ урьдчилан зарахад асуудалгүй гэдгээ хэлсэн. Эхнээсээ урьдчилсан борлуулалтаа хийгээд, Оюу Толгой жишээ нь 400 сая ам.доллар, Эрдэнэт 200 сая, Эрдэнэс Таван Толгой 300 сая ам.доллар гээд нийлбэр дүнгээрээ бараг нэг тэрбум ам.доллар болж байгаа. Иймээс валютын нөөцийн хомсдол ойрын хугацаанд шийдэгдэх боломжтой.
Хоёр ханш гэж яриад байна. Банк хоорондын зах бэлэн бус хэлбэрээр ажилладаг. Арилжааны банкууд Монголбанкнаас ам.долларыг бэлнээр авдаггүй. Гадаад төлбөр тооцоо бэлэн бус хэлбэрээр асуудалгүй явагдаж байгаа. Найман шарга зэрэг захуудад бэлэн ам.долларыг арилждаг. Бид ам.доллар хэвлэдэггүй учраас үүнийг яг бараа шиг импортоор авдаг гэсэн үг. Бэлэн ам.долларын хомсдол үүсэхээр ханшийн зөрүү гарч байна гэсэн үг.
В.Ганзориг: Улс оронд хямрал нүүрлэхэд эдийн засагт төрийн оролцоо нэмэгддэг. Ер нь эдийн засаг дахь төрийн оролцоо ямар түвшинд байх ёстой юм бэ? Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг төрөөс тогтворжуулах тухай ярьж байна. Энэ зөв алхам байж чадах уу? Хэр удаан хугацаанд үнийг барина гэж бодож байгаа юм бол?
Б.Жавхлан: Богино хугацааны асуудал үүсвэл төр манлайлал үзүүлэн оролцох ёстой. Шокийн удирдлага гэж ярьдаг. 10 жилийн өмнөх болон өнөөдрийн хямрал агуулгаараа ижилхэн. Эдийн засгийн бүтэц, төрийн хүчин чадлаас шалтгаалж төрийн оролцоо тодорхойлогдоно. 2020, 2021 оны ковидын хүнд үеийн эдийн засгийн хүндрэлийг эрүүл мэндийн салбартайгаа хамт бид амжилттай давж, бодлогын шилжилт хийж чадсан. Яг өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг би богино хугацааных гэж харж байгаа. Төлбөрийн тэнцэл, гадаад худалдаанд үүсч байгаа энэ шок хил, боомтын асуудлаас үүдэлтэй. Уг нь манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ түүхэндээ байгаагүй өндөрт хүрээд байна. Хил, гааль, боомтын асуудал богино хугацаанд шийдэгдэнэ. Урд талдаа ч ийм хэрэгцээтэй байгаа учраас энэ жилдээ энэ асуудал бүрэн шийдэгдэнэ. 2022 оны сүүлийн хагас жилийн эдийн засгийг би өөдрөгөөр төсөөлж байгаа. Харин богино хугацаанд валютын нөөцөө хамгаалах нь бидний баримтлах нэн чухал бодлого юм. Валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байгаа. Банкууд, Засгийн газар, уул уурхайн экспортлогч нартай хамтран валютын нөөцөө зузаатгахаар ажиллаж байгаа. Оюу Толгойтой хэлэлцээр хийж байна. Ойрын үед амжилттай болох байх гэсэн хүлээлттэй байна. Энэ жилдээ багтан шатахууны төлбөрөө рублиэр хийх своп хэлцэл хийхээр ярьж байна. Энэ жилийн хувьд шатахууны төлбөр болох нэг тэрбум ам.долларын төлбөрийг рублиэр хийвэл тэр хэмжээгээр валютын нөөцийн дарамт багасна. Энэ хэлэлцээр нааштай яригдаж байгаа.
Энэ бүх асуудал богино хугацаанд үргэлжилнэ. Энэ нөхцөлд олон нийтэд хүлээлтийн паник үүсдэг. 10 долларын бодит хэрэгцээ байхад 20, 30 доллар хайж давхидаг. Иймээс бидний зүгээс ч гэсэн бодит мэдээллийг нийгэмд цаг тухай бүрд өгч явах, зөв хүлээлт бий болгох нь чухал байгаа. Иймээс ийм нөхцөлд эдийн засгаа зах зээлд нь найдаж, онолын түвшинд тэр чигт нь орхиж огт болохгүй. Төр заавал тодорхой хэмжээнд оролцох ёстой. Өчигдөр бид хууль өргөн барьсан. Үүгээр богино хугацааны асуудлаа шийдэх зорилготой. Шатахуун, гурил, махны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах тал дээр төр зохицуулалт хийнэ. Валютын нөөц хомсдолтой байгаа үед Төв банкийг дуудаж авч ирээд валютын ханшаа тогтвортой барь, интервенц хий гэж шахаж огт болохгүй. Валютын нөөцөө юуны түрүүнд хамгаалах ёстой. Бусад нь дараагийн асуудал. Богино хугацаанд ханш өсөх хэдий ч үүгээр дамжуулж бид экспортоо дэмжин, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах ёстой. Ийм макро тохируулгуудыг богино хугацаанд зайлшгүй хийх ёстой болж байна.
В.Ганзориг: Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар та Сангийн сайдтай санал нийлж байна уу?
Ж.Ганбаатар: Эдийн засаг дахь төрийн оролцоо бага байх ёстой. Төр оролцох тусам өмч эзэнгүйдэж, хөгжил зогсч, авлига нүүрэлдэг. Төрийн оролцоог зохих түвшинд хязгаарлах нь зөв. Манай эдийн засаг өсөх тусам төр дагаж данхайдаг. Улмаар эдийн засаг муудахад төрийн данхгар бүтцээ авч явж чадахгүйд хүрч, том төслүүд зогсдог. Үүнийг дагаад дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид алдагдал хүлээдэг. Үүнийг Хөгжлийн банк, Төмөр замын жишээнүүдээс харж болно. Сүүлийн жилүүдэд төрийн оролцоо ихэсч байгаа. Үүнийг тогтоон барих ёстой. Миний мэдэхийн 2016 оноос хойш төрийн оролцоог нэмэгдүүлэхгүй гэж хүн бүр ярьдаг ч амьдрал дээр байнга нэмэгдэж байгаа. Улсын төсөв 18 ихнаяд төгрөгийн зарлагатай байна. Нэмээд төрийн өмчит компаниуд эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг болсон билээ? Манай эдийн засгийн 60-70 хувь төрөөс хамааралтай болсон. Үүнийг бууруулах ёстой.
Б.Жавхлан сайдын хэлсэн дээр нэмэхэд үнийг хатуу барих зорилгоор хууль гаргах гээгүй юм шүү. Стратегийн гэж нэрлэгдэх гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт дээр анхаарах ёстой. Янз бүрийн хоригт ороод шатахуунгүй болох вий, махны суурь үнэ саваад нийгэмд нөлөөлөх вий гэдэг эрсдлийг харж байна гэсэн үг. УИХ дээр ярьж байгааг сонсвол шатахуун, мах, гурил дээр тодорхой нэрийн бараа нэмэгдэж болзошгүй байгаа. Тухайлбал, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн. Мөнгө нь байгаад ч эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах вий гэдэг дээр анхаарч байна гэсэн үг.
В.Ганзориг: Банк санхүү, шатахууны бизнес стратегийн салбарт тооцогддог. Тэр утгаараа үйл ажиллагаагаараа төртэй шууд холбогддог. Ер нь төртэй хамтрахын сайн болон саар тал нь юу байдаг вэ?
Р.Мөнхтуяа: Арилжааны банкны үндсэн бизнес бол санхүүгийн зуучлал байдаг. ХААН банк харилцагчдаасаа мөнгө татан төвлөрүүлээд зээл болгоод буцаад зах зээлд гаргадаг. Өнөөдрийн байдлаар ХААН банк санхүүгийн зуучлагчийн хувиар 2,7 сая харилцагчаас 10 гаруй ихнаяд төгрөг татан төвлөрүүлж, 450 мянган зээлдэгчид 7,5 ихнаяд төгрөгийг зээл олгосон байна. Хуралд оролцогчийн асуултанд хариулахад үүнээс малчны зээлийн багц 220 тэрбум төгрөг байна. Бид малчдын хадгаламжинд энгийн хадгаламжаас арай өндөр хүүг санал болгодог.
Төрийн зүгээс Ковидтой тэмцэх зорилгоор 10 ихнаядын хөтөлбөр хэрэгжүүлсэн нь зах зээлд хүрч чадсан. Энэ үр дүн өдөр тутам том, жижиг бизнес эрхлэгчидтэй уулздаг бидэнд бодитой мэдрэгдсэн. 2020 оны сүүлээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээнд 33 хувийн өсөлт гарсан буюу бизнесийн эргэлт сайжирсан гэсэн үг. Эрс тэс уур амьсгалтай манай орны бизнесийн идэвхтэй улирал яг одоо эхэлж байна. Энэ үед банкны зүгээс харилцагчиддаа тогтвортой санхүүжилт олгох нь чухал байдаг. Энэ бол бидний үүрэг. Гурваас зургаан сарын хооронд бид 2-2.5 ихнаяд төгрөгийн зээл гаргана гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Монголын банкууд жижиг, дунд хэмжээний төслүүдийг өөрийн эх үүсвэрээс ямар ч асуудалгүй санхүүжүүлээд явах чадалтай болсон. Харин дэд бүтцийн том, мега төслүүдийн санхүүжүүлэлт дээр яах аргагүй төр оролцоод явах нь зөв гэж саналаа хэлмээр байна.
Ж.Мөнхнаран: Шатахууны салбарт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй компани байдаг. Үүнээс 15 орчим компани нь зах зээлийнхээ 90 хувийг хангаж ажилладаг. Үнэ, хангамж, чанар гэдэг гурван асуудал дээр шатахуун импортлогч компаниуд онцгой анхаардаг. Энэ салбар дахь төрийн оролцоо богино хугацааны, гэнэтийн асууудлыг шийдэхэд чухал байдаг. Амжилттай кэйсийг хуваалцвал, өнгөрсөн оны 10 сард Роснефтийн Ангарскийн үйлдвэрийн засвартай холбоотой АИ92 бензины нөөц багассан. Манай компаниуд хоёр сарын хэрэгцээгээ Чайна Ойл руу захиалсан боловч БНХАУ-ын цар тахлын онцгой дэглэмээс болоод оруулж ирж чадахгүй байв. Энэ үед Засгийн газар нэг цонхны бодлогоор ажиллаад шатахуунаа хурдан шуурхай авч ирсэн. Энэ нь бидний хувьд маш том дэмжлэг болсон.
Өнөөдрийн хувьд бид нийлүүлэлтийн шок буюу шатахууны хомсдол үүсгэхгүй байх ёстой. Үүний тулд төрөөс хөнгөлттэй зээлийг үе шаттайгаар аж ахуйн нэгжүүдэд олгоод явж байна. Гэрээ баталгаажсан, ачилт, тээвэрлэлт ямар нэгэн саадгүй явагдаж байна. Харин шатахууны үнийг зохицуулахад үнэхээр хүнд. Шатахууны үнэ олон улсын бирж дээр тодорхойлогддог. Том зургаар харвал бидний авч буй шатахууны үнэ нэмэгдэж байгаа хэдий ч нөгөө талдаа бидний экспортоор гаргадаг түүхий тосны үнэ ч өсч байгаа. Яг одоогоор нефтийн экспорт хил гаалийн асуудлаас болоод гацсан байгаа. Товчхондоо энэ салбарт төрийн оролцоо, хяналт чухал. Гэхдээ ямар түвшинд байх вэ гэдэг дээр бодлоготой хандах ёстой.
В.Ганзориг: Төв банк, Үндэсний статистикийн хороо хараат бус ажиллах ёстой байгууллага. Хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын хувьд эдийн засаг дахь төрийн оролцооны түвшинг ямар байх ёстой гэж үздэг вэ?
Б.Батдаваа: Сарын дундаж орлого нь 500 мянган төгрөгөөс доош өрхүүдийн нийт хэрэглээний зардлын 24 хувийг сая өргөн барьсан хуульд дурдаад байгаа мах, гурил, будаа эзэлдэг. Эдгээр нь нийт хүнсний зардлын 75 хувь нь болдог. Эдгээр барааны үнийн өсөлт энэ өрхүүдийн амьжиргаанд маш хүндээр тусдаг. 2020 оны байдлаар ядуурлын түвшин 27.8 хувь байв. Үнийн өсөлт гол хэрэглээний зардлыг өсгөвөл ядуурлын түвшин огцом өснө. Манай улсын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 700 гаруй мянган иргэний цалинг ихээс нь бага хүртэл жагсаахад голч цалин буюу медиан нь 900 мянган төгрөг байна. Нийт ажиллах хүчний 50 хувь нь ажилладаг үйлчилгээний салбарын дундаж цалин 700-900 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл улсын дунджаас доогуур байна гэсэн үг. Өрхийн сарын дундаж орлого 2021 оны эцсийн байдлаар 1.6 сая төгрөг байв. Энэ дундаж орлогоос бага орлоготой өрхийн нийт өрхөд эзлэх хэмжээ 60 гаруй хувьтай байдаг.
Ялангуяа эдийн засгийн өсөлт удааширсан энэ үед өрхийн бодит орлого, цалин бараг өсөлтгүй болоод байна. Ийм нөхцөлд төрийн оролцоо тодорхой хэмжээнд шаардлагатай. Төрийн оролцоог ДНБ-ний нэмэгдэл өртөг талаас нь хардаг. 2021 оны байдлаар нийт эдийн засгийн 77 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байсан. Төрийн оролцоо гэдгийг уламжлалт байдлаар эзэмшил талыг нь л ойлгодог байсан бол одоо хууль журам, бичиг баримт, зөвшөөрөл зэргийг нэмж ойлгодог болсон. 2021 оны 11 сард ҮСХ-ноос аж ахуйн нэгжийн тооллого зохион байгуулсан. Эндээс харахад Монголд нэг бизнес эрхлэхийн тулд дунджаар 12 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байв.
Хувь хүний зүгээс хэлэхэд төрийн оролцоо аль болох бага байж гэмээнэ эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг хамгийн үр ашигтай зарцуулж чаддаг. Үүнийг олон судалгаа нотолдог учраас бид энэ тал дээрээ анхаарах нь зүйтэй.
Б.Лхагвасүрэн: Монголд санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа зохицуулалттай байдаг. Энэ зохицуулалтыг Төв банк мөнгөний бодлогоор дамжуулан хийхээс гадна санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд хянан шалгах ажил хийдэг. Санхүүгийн салбар хямралд ороход эдийн засаг санхүүжүүлэгчгүй болдог. Ковидын үед үүнийг хүмүүс сайн анзаарсан байх. Санхүүгийн үйлчилгээ тасралтгүй, найдвартай хийгдэх ёстой учраас төрийн зохицуулалт энэ салбарт хуульчлагдсан байдаг.
Төв банкны шийдвэр гаргалт бие даасан байдаг. 2018 онд Төв банкны тухай хуулинд өөрчлөлт орж, бүх шийдвэр хамтын удирдлагын зарчмаар гарч албаждаг болсон. Тухайлбал, хяналт шалгалтын хороо, болон бодлогын хүү тогтоодог мөнгөний бодлогын хороо хуралдаж байж хамтын шийдвэрүүд, бодлого, дүрэм, журам батлагдан гардаг. Мөнгөний бодлогын хороонд УИХ-аас томилогддог долоон бие даасан гишүүн байдаг. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг 6,5 хувиас 9 хувь болгох шийдвэрийг Төв банкны ерөнхийлөгч ганцаараа гаргах боломжгүй гэсэн үг. Улс төрийн нөлөө, оролцоо хуулиар байдаггүй.
1990 оноос Монгол Улс хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэн. Энэ хугацаанд 35 арилжааны банк байгуулагдснаас өнөөдөр 11 үйл ажиллагаагаа явуулж байна. Монголбанк аль нэг арилжааны банк дампууруулахгүй, ямар ч харилцагчийг хохироохгүй байхын төлөө ажилладаг. Арилжааны банкууд дээр байгаа хүний 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг төр батлан дааж даатгадаг тогтолцоо нэвтрээд багагүй хугацааг үдсэн байна. Энэхүү төрөөс даатгаж буй хадгаламжийн хэмжээ цаашид ч өсөх байх.
Б.Жавхлан: Төрийн оролцоо төрийн бүтээмжтэй шууд холбогддог. Төр цомхон бүтцээр бүтээмжтэй ажиллах ёстой. Үүгээр эдийн засаг дахь төрийн зохистой харьцаа тодорхойлогдох учиртай. Төрийн оролцоог төсвийн нүдээр хараад үзье. Манай ДНБ 40 ихнаяд орчим төгрөг. Төсвийн орлого, зардал дунджаар 15-16 ихнаяд орчимд байна. Өөрөөр хэлбэл 3:1 харьцаатай гэсэн үг. Төсвийн нэг төгрөг ДНБ-ийн гурван төгрөгийг бүтээж байна гэсэн үг. АНУ-д жишээ төсвийн нэг доллар ДНБ-ийн найман долларыг бий болгож байдаг. Биднээс илүү бүтээмжтэй байна гэсэн үг. Манай эдийн засаг, төсөв энэ хөгжлийн чиглэл рүү явах ёстой. Төсвөө задлаад харвал зардал талын 70 хувь төрийн үйлчилгээний санхүүжилт буюу халамж, тэтгэвэр, цалин байдаг. 20 хувь нь төсвийн хөрөнгө оруулалт, 10 хувь нь гадаадын зээл, тусламж буюу эдгээр эх үүсвэрээр өр төлбөрөө барагдуулдаг гэсэн үг. Хөгжлийн эдийн засгийн төсөв эсрэгээр байх ёстой. Өөрөөр хэлбэл, төсөв орлого бий болгодог бүтцийг санхүүжүүлж, хөрөнгө оруулдаг байх ёстой. Төсвийн 70 хувь дэд бүтэц рүү очиж, 30 хувь төрийн бүтцээ санхүүжүүлдэг байх ёстой. Том агуулгаараа төсвийн шинэчлэл гэж үүнийг хэлээд байгаа юм. Энэ бол нэг, хоёр жилийн дотор хийгдэх ажил биш. Дунд хугацаандаа төсвөөр дамжуулж төрийн оролцоог илүү оновчтой болгох хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжих ёстой.
В.Ганзориг: Ковид, дайны нөхцөл байдал гээд бид бүхэн яах аргагүй өмнөө тулсан асуудлаа шийдэхийн тулд богино хугацааны гаргалгаа яриад байна. Хууль тогтоогч, бодлого тодорхойлогчийн хувиар та эдийн засагт барих дунд болон урт хугацааны бодлогыг хэрхэн харж байна вэ?
Ж.Ганбаатар: Экспортыг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн дээрээ анхаарах ёстой. Нөхцөл байдлаас үүдэн зарим тохиолдолд Монголбанк зарим төрлийн хязгаарлалтуудыг хийж байгаа. Үүнийг нуугаад байх шаардлагагүй. Тансаг хэрэглээгээ багасгаад, гадагшаа төлдөг долларын хэмжээг багасгах ёстой гэж Эдийн засгийн байнгын хороо үзэж байгаа. 90 хувь нь импортоос хамааралтай эдийн засгаа хэвийн горимд эргэлдүүлэхийн тулд нийлүүлэлт талдаа анхаарах ёстой. Иймээс урт хугацаандаа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудал дээр бид санаа зовох ёстой.
Дараагийн гол асуудал санхүүгийн сахилга бат гэж Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд онцолж хэлмээр байна. Бид баялагтай улс. Ямар нэг хэмжээгээр мөнгө орж ирдэг. Үүнийг ухаалаг зарцуулах ёстой. Нүүрсний үнийг бид харьцангуй багаар тооцсон байгаа. Хэрэв одоо хил нээгдвэл хэд дахин өссөн байгаа учраас энэ өсөлтийг төрийн үйлчилгээний зардал, халамж, сонгуульд биш бүтээн байгуулалт, дэд бүтцэд зарцуулах ёстой. Ийм зоригтой шийдвэрийг гаргадаг болох нь Эдийн засгийн байнгын хорооны дунд болон урт хугацааны зорилго юм. Засгийн газар, Монголбанкыг бодлогын хэмжээнд хөл, гарыг тушаад байгаа зүйл байхгүй шүү. Тэд хуулийн хэмжээнд хангалттай аижллах боломжтой байгаа. Тэднийг муу хэлэхгүй, чадлаараа ажиллаж байгаа.Хуулийн хүрээнд боломжгүй гэж голцуу залхуу хүмүүс л ярьдаг юм.
Ковидын үеийн 10 ихнаядын хөтөлбөр зохих үр дүнгээ өгсөн. Ковидын дараах шокноос харьцангуй эрсдэл багатай гарч чадсан. Бид цаашид төрийн зүгээс өгдөг зөвшөөрлүүдийг нилээд хэмжээгээр багасгах гэж байна. Банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хүлээгдэж байна.
В.Ганзориг: Ковидын үед хэрэгжүүлсэн Эдийн засгаа сэргээх 10 ихнаяд төгрөгийн хөтөлбөр яг бодитой эерэг нөлөөтэй байж чадсан уу? Та нар хүссэн үр дүндээ хүрч чадсан уу Жавхлан сайд аа?
Б.Жавхлан: Энэ хөтөлбөр хүссэн үр дүндээ маш сайн хүрч чадсан. Түүхэн үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ хөтөлбөр нэг биш дөрвөн жил үргэлжилнэ. Энэ хөтөлбөрийн үрээр өнгөрсөн жил бид эдийн засгаа хамгаалж, эрүүл мэндийн салбараа аварч чадсан. Тухайлбал, ДЭМБ-ын тодорхойлж буй таван орны нэгд Монгол орж байгаа. Энэ нь ковидын нөлөөгөөр нас баралт дэлхийн дунджаар 2,7 хувь байгаа бол манайд 0,5 хувь байна. Энэ бол вакцинжуулалтын арга хэмжээ болон эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлсэн ажил үр дүнтэй болсны илрэл. Ийм үр дүн гарсан учраас бид эдийн засгаа хавтгайруулан урт хугацаагаар хориогүй идэвхтэй байлгаж чадсан. Ийм учраас 2021 оны төсөв 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Хэдий дундуур нь тодотгол хийсэн ч гэсэн төсвийн орлого 100 хувь биелж, шаардлагатай бүх төсвийн үйлчилгээг санхүүжүүлж, хэрэгтэй бүх хөрөнгө оруулалтыг хийж чадсан.
Ажлын байр нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарыг дэмжих, Төв банкны репо санхүүжилт гээд нийт 4,4 ихнаяд төгрөгийн зээл гарсан. Эдгээр зээлийг гаргахад мөнгө хэвлээгүй. Харин эдийн засагт нэгэнт орсон байсан мөнгийг идэвхжүүлж эргэлтэнд оруулсан гэсэн үг. Хэрэв эдгээр зээл гараагүй байсан бол банкны салбарын зээл багасч, 10 ихнаядаар доошоо цөмрөх байсан. Эдгээр зээлийн үр нөлөөгөөр таван хувийн өсөлттэй гарсан. Үүний цаана бид хаагдаж болох байсан 100 гаруй мянган ажлын байрыг хамгаалж үлдээж чадсан. Энэ судалгааны тоо биш и-баримтаар гарч ирсэн факт. Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан хоёр ихнаяд төгрөгийн зээлийн үр дүнд НӨАТ төлөгчдийн тоо 15 хувь, НӨАТ-ын баримтын тоо буюу гүйлгээ 20 хувиар нэмэгдсэн. Бид 20 мянган зээлдэгчид энэ зээл очих байх гэж тооцож байсан хэдий ч энэ тоо 30 мянгад хүрсэн. Энэ хөтөлбөрийн санхүүжилт банкууд буюу мэргэжлийн санхүүгийн байгууллагуудаар дамжсан учраас амжилттай болж, өмнөх хөтөлбөрүүдээсээ ялгагдаж зээл яг эзэндээ очиж үр дүнгээ өгч чадсан. Одоо ч гэсэн энэхүү 10 ихнаядын хөтөлбөр үргэлжилж байгаа буюу 2024 онд дуусна.
В.Ганзориг: Арилжааны банкуудын нийт хөрөнгө Монголын эдийн засагтай тэнцдэг. Системийн хэмжээний банкууд богино хугацаанд олон нийтийнх болох ёстой байгаа. Ковид, мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн энэхүү хямралтай нөхцөлд IPO хийхэд хэр хүндрэл учрахаас байна вэ? ХААН банк өнөөдөр IPO хийхэд бэлэн байна уу?
Р.Мөнхтуяа: 2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр системийн таван банк олон нийтийн нээлттэй компани 2022 оны зургаан сарын 30-ны дотор болох ёстойг баталсан. Мөн 2022 оны 12 сарын 31 гэхэд нэг хувьцаа эзэмшигч болон түүнтэй холбоотой этгээдийн эзэмшил 20 хувиар хязгаарлагдах ёстой байгаа. Системийн бүх банкууд энэхүү өөрчлөлтийг дэмжээд IPO хийнэ гэдгээ олон нийтэд зарласан. Бид ажлын хэсгээ байгуулаад, хамтран ажиллах мэргэжлийн байгууллагуудаа сонгоод, IPO хийх төлөвлөгөөгөө Монголбанк, СЗХ-нд хүргүүлээд батлуулсан. ХААН банк хуулийн хугацаанд багтан олон нийтийн компани болоход бэлэн, бүх бэлтгэл ажил хангагдсан.
В.Ганзориг: Төр шатахууны үнийг чөлөөлөх ёстой юу?
Ж.Мөнхнаран: Шатахуун үнийн шок үүсгэдэг. Үүнээс үүдэх сөрөг нөлөө их. Иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлдөг. Энэ бүхэн Засгийн газрын хийж буй ажил, зорилтуудтай салшгүй холбоотой байдаг. Дунд хугацаанд Засгийн газрын оролцоо шатахууны үнийн хувьд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Засгийн газар оролцож байна гээд нэг литр шатахууны үнийг 1500 төгрөгт хүчээр барьж болохгүй. Шатахууны үнийг хянах, тогтвортой байлгах улс төр, нийгэм, эдийн засгийн шалтгаанууд байдаг. Харин үүний цаадах эдийн засгийн загвар зөв ажиллах ёстой. Валютын ханштай адилхан шатахууны гадаад үнийн огцом шокоос хамгаалах бодлого манай улсад байх ёстой болов уу. Тухайлбал, шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх бодит гэнэтийн нөхцөл үүсвэл нэг дор биш 200 төгрөгөөр таван сарын турш өсгөх гэдэг ч юм уу. Энэ хугацаанд үнэ буурвал дагаад бодлогоо өөрчлөх гэх мэт зохицуулалтууд байх ёстой.
В.Ганзориг: Манай улсын макро эдийн засгийн гол индикаторуудыг хүчтэй савлуулдаг гол хүчин зүйлс, шалтгаанууд нь юу байдаг вэ? Асуудлаа мэдэж байгаа бол яагаад засах арга хэмжээг хангалттай түвшинд авч хэрэгжүүлж чадахгүй байна вэ?
Б.Батдаваа: Макро эдийн засагт нөлөөлдөг гадаад, дотоод хоёр төрлийн хүчин зүйл бий. Гадаад талдаа төлбөрийн тэнцлийн алдагдал байдаг. Энэ дотроо урсгал дансны алдагдал ордог. Өнгөрсөн онд энэ дансандаа бид хоёр тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Сүүлийн арваад жил дунджаар 1.5-2 тэрбум ам.долларын алдагдалтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл бидний валютын орлогоос зардал нь энэ хэмжээгээр илүү явдаг гэсэн үг. Энэ зөрүүг гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, бонд, худалдааны санхүүжилтээр нөхдөг. Монгол Улсын орлого дөрөвхөн төрлийн түүхий эдээс шалтгаалдаг. Эдгээр бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унахад шууд шоконд ордог. Иймээс бид дотоодын хуримтлал, валютын нөөцөө бүрдүүлэх ажил дээр анхаарахаас өөр аргагүй.
Энэхүү нөөц, хуримтлалыг бүрдүүлэх нь дотоод асуудал буюу бидний санхүү, төсвийн сахилга батад тооцогдоно. Төсөв, мөнгө, хөрөнгө оруулалтын бодлогын хувьд бид үүнийг зайлшгүй анхаарах ёстой. Өмнө нь засаглалын асуудал байсан. Харин одоо төв банкны бие даасан байдал 2018 онд батлагдсан хуулиар баталгаажиж, бие даасан, хараат бус, мэргэжлийн баг төв банк дээр ажиллаж байгаа. Энэ багийн эдийн засагт хийж байгаа тохиргоонд хэн ч хөндлөнгөөс оролцож болохгүй. Өөрөөр хэлбэл, засаглалын зарчмаа баримталж, эдийн засагт шаардлагатай байгаа тохиргоонуудыг мэргэжлийн институтиуд нь хийхэд нь дэмжлэг үзүүлэх ёстой гэж онцолж хэлмээр байна.
В.Ганзориг: Хавар болж, бизнесийн орчил ид сэргэж байхад бодлогын хүүг огцом өсгөлөө гэдэг шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Ямар нөхцөл бүрдвэл Монголбанк бодлогын хүүгээ эргээд буулгах вэ?
Б.Лхагвасүрэн: Ковидын хүнд үед бид мөчлөг сөрөөд бодлогын хүүг маш бага буюу зургаан хувийн түүхэн доод түвшинд барьж ирсэн. Өнгөрсөн оны дундаас эхэлсэн АНУ ба Хятадын худалдааны дайн, ковидын хорио цээрийн дэглэмээс үүдэлтэй тээвэр, ложистикийн асуудал, боомтын гацалт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлаас үүдэлтэй инфляцийн дарамт манайд үүсч эхэлсэн. Бусад улсуудын төв банк энэ нөхцөл байдлынг түр зуурынх гэж тайлбарлаж байв. Тухайлбал, АНУ. Хугацаа өнгөрөх тусам энэ нөхцөл байдал түр зуурынх биш болж эхэлсэн. Энэ оны хоёр сараас эхэлсэн Орос, Украинтай холбоотой гео улс төрийн байдлаас болоод нөхцөл байдал улам муудсан. Улмаар инфляци дэлхийн бүх төв банкуудын тулгамдсан асуудал болж хувирлаа. Үүний улмаас бодлогын хүүгээ өсгөөд явж байна. Яг өнөөдөр Америк бодлогын хүүгээ өсгөхөөр хэлэлцүүлгээ эрчимтэй хийж байна. Төв банкны зүгээс ханшин дээр дарамт байсан учраас монгол төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, төгрөгийн баталгаа болгох үүднээс бодлогын хүүгээ өсгөсөн. Төлбөрийн тэнцлийн алдагдал, валютын нөөцийн хомсдол, төгрөг, гадаад валюын ханш дээр ирж буй дарамтыг бууруулах зорилгоор бодлогын хүүгээ өсгөсөн гэсэн үг.
Энэ арга хэмжээний зорилго ийм хэдий ч нөгөө талдаа бас төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Үүнийг дагаад зээлийн хүү өсдөг. Хэдийнэ 1.2-1.3 хувиар өсөөд эхэлсэн байна. Энэ нь зээл авч буй аж ахуйн нэгжүүдэд зардал болж санхүүгийн дарамт авч ирнэ. Улмаар зээл авах сонирхлыг бууруулдаг. Үүнийг дагаад үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бизнестээ хөрөнгө оруулалт хийхэд саад болж, эдийн засгийн өсөлтөнд дарамт болдог. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалттай томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд дарамт болно. Энэ утгаараа 2022 онд манай эдийн засгийн өсөлт 2.6 хувь байх болов уу гэдэг тооцоолол Монголбанк гаргасан. Уг шийдвэр эдийн засагт маш том зардал болж байгаа хэдий ч Монгол Улсын мөнгөн тэмдэгт дээр учирч буй дарамт алга болбол бодлогын хүүгээ тэр дор нь өөрчлөх боломжтой. Мөнгөний бодлогын хороо жилд дөрвөн удаа хуралдах ёстой. Яаралтай нөхцөлд ээлжит бус хурал зарлаж бодлогын хүү дээрээ шийдвэр гаргах боломжтой. Гадаад нөхцөл байдал сайжраад, манай дотоод нөхцөл байдал хэвийн болоход бодлогын хүүгээ бууруулна гэсэн үг.
Б.Жавхлан: Төсөв болон мөнгөний бодлого зөрөөд давхиад байна гэж битгий бодоорой. Төв банк өөрийн бие даасан, хараат бус статусаар энэ шийдвэрийг гаргасан. Үүнд нь бид хүндэтгэлтэй хандах ёстой. Ийм шийдвэр гаргах шаардлага сүүлийн хоёр жил хуримтлагдсаар байгаад яах аргагүй бодитой үүссэн байсан. Мөнгөний бодлогыг хатууруулах хязгаар хэдийнэ давсан байсан ч дэлхийн төв банкууд бодлогын хүүгээ өсгөөгүй. Учир нь ковидын үед хүнд уналтанд ороод маш өндөр өртөгтэйгээр дөнгөж өндийж буй эдийн засгаа бодлогын хүүгээр дамжуулж дахиж сөхрөөхийг хүсээгүй. Хэрэв ингэвэл дунд хугацаанд эдийн засгийн том хямрал руу орох эрсдэлтэй байв. Харин одоо үүсээд байгаа гео улс төрийн асуудлаас болоод мөнгөний хатуу бодлого руу гарцаагүй шилжихээс өөр аргагүй болсон. Энэ хатуу төлөв битгий удаан үргэлжлээсэй гэж хүсч байгаа. Гэхдээ энэ шийдвэр дор хаяж хоёр улирал үргэлжилнэ. Түүнээс наана бодлогын хүүгээ өөрчилж чадахгүй, үр дүн ч гарахгүй. Өөдрөг төсөөлж байсан төсвийн тэлэлтээр дамжуулж төрийн бүтээмжээ сайжруулах бодлогыг энэ шийдвэр боомилно. Эдгээр шийдвэрүүд хоорондоо уялдаж явахаас өөр арга байхгүй.
Сүүлийн үед төсвийн тодотгол хийх талаар багагүй ярих болсон. Үүнийг би буруу зүйл гэж харахгүй байгаа. Учир нь УИХ-ын гишүүд төсвийн орлого талдаа санаа зовоод эхэлсэн. Өмнө нь зардал нэмэх зорилгоор тодотгол хийдэг байсан бол зардлаа танах, алдагдлаа багасгах, орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаардаг болж буй нь зөв хандлага. Гэхдээ яарах хэрэггүй. Дахиад нэг улирал явж гаргасан шийдвэрийн үр дүнг нь харах хэрэгтэй байна. Мөнгөний хатуу бодлогыг удаан үргэлжлүүлэхгүйн тулд Засгийн газрын оролцоо маш чухал байгаа. Богино хугацааны валютын нөөцийн хомсдлоос гарахын тул ерөөсөө экспорт, экспорт, бас дахин экспорт. Богино хугацаанд гаднаас валют татах, алтны экспорт гээд хийж болох бүх зүйлийг Засгийн газар хийх ёстой.
Бид мэдээд нээдэг байсан бол урд хилийг аль хэдийнэ нээчих байсан. Гэхдээ Хятад хөршүүд дундаасаа манай улстай хамгийн их нээлттэй байгаа. Урд хил тас хаалттай биш, бага хэмжээтэй ч гэсэн экспорт явж байгаа. Нэг өдөрт 500 орчим нүүрсний машин хилээр гарч байна. Энэ тоо 100 хүртэл буурсан байсан. Бид өөрсдөөсөө шалтгаалах халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж ажиллахыг хичээж байгаа ч тохиолдлууд ганц нэг илрээд байгаа учраас хязгаарлалтанд ороод байгаа юм. Төмөр замаа сүүлийн 10 жилийн хугацаанд барьсан байсан бол экспорт ямар ч саадгүй явагдах байлаа. Энэ асуудлыг би улстөржүүлээгүй шүү. Оношоо тавихын тулд энэ асуудлыг заавал ярих ёстой. Иймээс боомтын сэргэлтийн бодлого ямар чухал гэдгийг өнөөдрийн шокноос бид мэдэрч байна.
Ж.Ганбаатар: Надад байгаа мэдээллээр бол Хятадтай хиллэж байгаа Вьетнам болон Владивостокын хил манайхаас илүү хөдөлж, эргэлттэй байгаа. Хятад руу явж уулзах, нөхцөл байдлаа тайлбарлах зэргээр Засгийн газар урд хөршийн хилийг нээлгэх тал дээр санаачилгатай ажиллах ёстой байна гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар сануулж хэлье. Машин болон тансаг хэрэглээний импортыг хязгаарлах гэдэг санал зөв. Ийм хязгаарлалтыг хийж байгаа. Үүнийг Монголбанкны ерөнхийлөгч хэлэх байх. Жишээ нь, сүүлийн нэг, хоёр сарын хугацаанд машины импорт дээр гадагшаа нэг их мөнгө гаргахгүй байгаа болов уу гэж бодож байна.
Б.Жавхлан: Хоёр, гурван сар битгий хэл сүүлийн хоёр гаруй жил Хятад улстай бид ярьж, гадаад худалдаагаа идэвхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа. Ковидын үед хүртэл өмнөх Ерөнхийлөгч айлчилсан. Үүний дараа нилээд удаан хүсэлт тавьсны эцэст Ерөнхий сайд айлчлал хийсэн. Дипломат харилцааны түвшинд бид БНХАУ-тай маш сайн ойлголцож байгаа. Гэвч яг хилийн бүст бидний хүссэн үр дүн гарч чадахгүй байна. Биднээс үл шалтгаалаад өмнөд хөршид бүртгэгдэж буй ковидын тоо, ялангуяа хойд бүс нутагт хамгийн дээд цэгтээ хүрээд байна.
В.Ганзориг: Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн төр, хувийн хэвшил, мэргэлжийн холбоодын төлөөлөл та бүхэнд баярлалаа!