-УЛС ТӨРИЙН ДРАМ-

Увсын хүүхэд, Улаанбаатарын хоёрын хэн нь хол жийхийг харнаа гэж олон жилийн өмнө Ц.Нямдорж хэлсэн байдаг юм. Хуучин МАХН гэдэг нэг тэрэгний адилхан дугуй  Н.Энхбаяр, Ц.Нямдорж гэдэг хоёр улс төрч толхилцох нь хэнд ч падгүй байхгүй юу. Гэтэл монголчууд бүгдээрээ үзүүр, түрүүний хоёр бөх барилдаж байгаа юм шиг үзэж байна. Тэр нь дийлнэ, энэ нь давна, Улаанбаатарын хүүхэд дийлнэ, Увсын хүүхэд унана аа гэж гонж гээд бараг бооцоо тавих нь холгүй юм болж байна. Телевиз, радио, сонин, хэвлэл мэдээлэл бүгд л энэ тухай шуугилдана. Н.Энхбаяр гэдэг хүн богинохоноор тодорхойлоход санасан бүхэндээ хүрч, сарвайсан бүхнийгээ авдаг увидастай бас туршлагатай, гаршсан нэгэн. 1997 онд анх их улс төрд орж ирсэн цагаас эхлэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар  улс төрөөс  гарах хүртэл 12 жилийн хугацаанд тэрээр нийгмийг бүхэлд нь зохицуулж байв. Ардчиллын 20 жилийн 12 жилд нь  тэрээр нийгмийг яг хөгжмийн удирдаач шиг дохиход бүгд л түүний хүссэн өнгөөр дуугарч байсан. Түүгээрээ ч МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд төвөггүй хүрч чадсан туршлагатай тоглогч. Улс төр судлаач, философич, ажиглагч хэн нэг нь зөвхөн Н.Энхбаяр судлалаар хөөцөлдөхөд хангалттай сонин баримт байдаг юм. Санасандаа хүрдэг сарвайснаа авдгийн тухайд бол хамгийн сүүлчийн жишээнээс эхэлье.

Н.Энхбаяр МАХН гэдэг нэрийг авна. Ингэж тоглоно гэдгийгээ бүүр МАХН-ыг Ардын нам болон хувирах үед л маш нарийн тооцсон байсан. Н.Энхбаяр намдаа юм уу, МАХН гэдэг үгэнд хайртайдаа биш зүгээр л энэ орон зайд би байх ёстой гэсэн жүжиг бодож олж, зохион байгуулж улс төрийн тайзнаа тавьж чадсан. МАХН гэдэг нэр хуулиар бол иргэн Н.Энхбаярт олдохгүй л байсан. Н.Энхбаяр авч чадсан л байхгүй юу. Нэгэн үе Монголын түүхийн сайн муу, бүгдтэй холбогдсон МАХН гэдэг улс төрийн бүлэглэл таалал төгсч, эргэж босч ирэхдээ иргэн Н.Энхбаярын хувийн нам болсон. Чадаж байгаа биз дээ. Тэр өөрийнхөө замд хөндөлдсөн чулууг томоос нь зайлуулдаг.

С.Баяр бол бөөн хар чулуу. С.Баярыг хөндөлдүүлэхгүй байхын тулд ховлох хэрэгтэй. Баярыг ховхлохын тулд тэрээр “долдугаар сарын 1-ний цуст хэрэг” явдлыг түүнд тохох сценарь зохиосон. Хоёр сар гаран С.Баярын тухай мэдээллийг “Долдугаар сарын 1”-тэй холбон өөрийгөө цэвэрлэж санасандаа хүрсэн, С.Баяр дахин өндөр өөд цоролзвол “Долдугаар сарын 1”-ний гол буруутан нь С.Баяр болсон. Уг нь долдугаар сарын 1-нд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан юм. Ерөнхийлөгч онц байдал тогтооно гэдэг чинь үнэндээ бол бидний сонгосон парламент бүх эрх мэдлээ шилжүүлж, Ерөнхий сайд хийх ажилгүй болж, улс орон дайн бүхий байдалд орж нэг хүн командлана гэсэн үг. Цэргүүд, цагдаа ч  тэгж ойлгосон.  Онц байдал тогтоож, бүх эрх мэдлийг гартаа аван удирдахдаа үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга, цагдаагийн дарга асан дотны хүнтэйгээ боловсруулсан зохиолоор бүх үйл явдал болж өнгөрсөн дөө. Долдугаар сарын 1-ний дараа тэр аргагүй л Ерөнхийлөгч шүүгч шиг ажилласан. Ж.Батзандан, О.Магнай нарт цаазын ял тулгаж, Б.Жаргалсайханыг өршөөв. Бүх шүүгч нэг стандартаар долдугаар сарын 1-ний ялыг оноов. Мянга шахам хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, 500 шахам хүнийг яллав. Н.Энхбаяр чадаж байгаа биз. Чадаж байгаа юманд аргагүй. Дараа нь Н.Энхбаяр, өөрийнхөө төрөлх намаа, намын  дарга Сү.Батболдыг эртний өстөн  Ардчилсан намтай давхар онилов. Гурав, дөрвөн давхар оноо авах энэ дайралтад Монгол Улсын Ерөнхийлөгчийг ховхлох зорилго байгаа. Сүүлийн хоёр гуравхан жилийн дотор олсон Монгол Улсын нэр хүнд, эдийн засгийн өсөлт хоёр   түүний эрхшээлдэх арван жилээс илүү гарсан зэрэг нь огт хамаагүйгээр барахгүй бүүр хор шар атаа жөтөөг нь хөдөлгөж байж болно. Тэр чадаж л байгаа биз дээ. Оюутолгойн гэрээнд сайн хийгээд муу юм бий. Гэхдээ л Оюутолгой төсөл бол Н.Энхбаярт өөртэйгээ эн тэнцэн өрсөлдөх улс төрчдийг хоёр намтай нь нам цохиж унагах сайхан муна болж байгаа юм. Оюу толгой төслийг тэр өөрөө эхлүүлж, 50 сая ам.доллар урьдчилан зээлж аваад Орос руу “их өр” тэглүүлнэ гээд явж байсныг  одоо хэн ч санахгүй. Ц.Нямдорж бас л өст МАН-ын том чулуу. Олны анхаарлыг хандуулахын тулд Ц.Нямдоржийг ээлжит дуэль/ирүүл/-д өөрийнх нь үгээр дуудав. Ингэхээр Ц.Нямдорж шазалзаад, өрвөлзөөд ирнэ. Тэгэхэд нь би сайхан тоглоно гэж тооцсон. Ц.Нямдорж ч тооцоо ёсоор болж шазалзаад ирлээ. Дараагийнх нь хэн бол. Магадгүй Д.Дорлигжав байж мэднэ. Түүнийг  Ц.Нямдоржтой нутаг ус, сум баг нэгтэй гэж холбоно. Ерөнхий прокурорыг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхдаа гээд баахан зохиол бичүүлснээ тараана аа. Хэвлэлийн хурал хийнэ. Сэтгүүлчдийг цуглуулна, гуйна. Тэгээд Ерөнхий прокурортой барьцан  Ерөнхийлөгч рүү өдөр бүр довтолжээ суух нь түүнд тоглоом, төрийн алба хашиж байгаа нөхдөд бол шоглоом. Зардал багатай, эх оронч дүртэй сайхан сурталчилгаа шоу. Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёр дарга, цэрэг явах сайхан цагт нэг ийм явдал болсон гэдэг. Н.Энхбаяр намынхаа томчуудын өмссөн зүүснээс авахуулаад суусан сууцыг хүртэл анхаардаг байв. МАХН-ын томчууд нэг удаа биллиард тоглож байгаад Ц.Нямдорж жаахан хожигдоод ирэхдээ шинэ костюм өмсчихсөн байж л дээ. Н.Энхбаяр тоглоомоор “Манай Ц.Нямдорж гангарчихаж бас костюмаа сольчихжээ” гэжээ. Тоглоом даахгүй Ц.Нямдорж сөрвөгнөж “Чи битгий доромжлоод байгаарай. Ядуу л хүн байгаа биз. Чиний баян тэндээ биз, Увсын хүүхэд, Улаанбаатарын хүүхэд хоёрын хэн нь хол жийхээ үзнээ” гэхэд Н.Энхбаярын царай хувираад явчихсан гэдэг. Түүнээс хойш Н.Энхбаяр МАХН-ын удирдлагуудынхаа ахуй амьдралд их анхаардаг болсон төдийгүй орон сууцыг чихэр шиг түгээж байв. Гаалийн дарга Х.Баатарыг дээрэлхэн орон сууц авч олон хүнд буян болсон. Гаальд ажилладаггүй ч өөрийнхөө төрсөн дүү Н.Энхтуяаг ч  гаалийн орон сууцны хуваарьт хавчуулахаа мартаагүй байдаг юм. Н.Энхбаяр өөрийгөө барих тавих гэлээ, Ц.Нямдорж тийм ийм байшинтай гэдэг жүжгийн үргэлжлэл явж байна. Ц.Нямдоржийн биш Н.Энхбаярын байшингуудын тухайд бол Төрийн ордны хажуу дахь том барилга, бас Өргөө зочид буудал, бас бус газар, том байшингуудын тухайд өнгөрсөн жил бараг тохиролцон эрүүгийн биш албан тушаалаа ашигласан гэж хэрэг үүсгэсэн. Тэгээд Өршөөлийн хуульд хамруулан хүчингүй болгож, АТГ-ын дарга өрөө төлсөн. Энэ тухай анх бичсэн болохоор үйлийн үртэй би дуудагдаж, байцаалт авах гэхээр нь “сэтгүүлч гэрч болдоггүй юм” та нар өөрсдөө тогтоо, би хэзээ ч гэрч болохгүй гээд очоогүй учраас мэдэж байгаа ухаантай. Зайлуул муу мөрдөн байцаагч,  прокурор нь хэргээ хаахад гарын үсэг зуруулах гэж очиход нь сүрчигнэж байхгүй юу. Нээрээ Увсын хүүхэд, Улаанбаатарын хүүхэд хоёрын хэн нь дийлэх болоо. Улс төрийн тайзан дээрх драм үргэлжилж байна. Н.Энхбаяр сайн талын  баатар, шударга, эх оронч, аймшиггүй чин зоригт. Харин дараагийн үзэгдлийн муу талын баатар, эх орноосоо урвагч, авлигач, цааш нь харуулбал зохих баатраар хэн тодрох бол. Н.Энхбаярыг М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн мэргэжлийн зохиолч гэдгийг бүү март.