ҮНДЭСТНЭЭ ҮЛГЭРЛЭХ 33 ХУУЛЬ


Хэвлэгдсэн даруйдаа Sunday Times-ийн бэстсэллэрийн жагсаалтыг 23 долоо хоног тасралтгүй тэргүүлсэн Стивэн Бартлэттын бүтээлийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Зохиолч “Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл: Бизнес & Амьдралын 33 хууль” нэртэй подкастаа ном болгон хэвлүүлсэн нь энэ. Стивэн Бартлэтт подкастынхаа дугаар бүрт дэлхий дахинаа танигдсан олон CEO урьж бизнесийнх нь түүх, алдаж оносон туршлага, амьдралын алтан дүрмийг нь сонсоод, эцэст нь бүх ярилцлагыг эмхэтгэн өөрийнхөө туулсан амссанаар хачирлан бизнес хийгээд амьдралд баримтлах 33 дүрэм боловсруулан ном болгожээ.

Онлайн захиалга:

https://www.nepko.mn/product/6825c685c95591002759172a/slag

Нэпко хэвлэлийн газар эл бүтээлийг орчуулан гаргахын зэрэгцээ хэвлэгдсэн тооноос нь илүү олон хүнд хүргэх төсөл санаачилсан юм. Стивэн Бартлэттийн ном олон CEO нарын бүтээл юм бол, орчуулгыг нь ч бас хүн хүнээр хийлгэе, гэхдээ өнөөдөр бизнесийн талбарт зүтгэж яваа залуу монгол CEO нарт даалгая гэдэг санаа. Ингээд хамтран ажиллах санал тавьж, CEO залуус нэжгэээд хуулийг монгол хэлнээ буулгалаа. Энэ төсөлд оролцсон 33 CEO дунд таны хараахан танилцаагүй хүн ч бий, гол шалгуур нь салбартаа амжилттай яваагийн дээр англиас орчуулах чадвар басхүү хүсэл сонирхол юм.

Төсөл үүгээр дуусахгүй, дөнгөж эхэлж байгаа гэж ойлгоход болно. CEO нар одоо төслийн удаах шатанд оролцож өөрийн орчуулсан хуулиар тусгай подкастад оролцон ярилцах аваас олон олон хүнд, амар хялбараар хүрнэ хэмээн тооцсон юм. Мэргэшсэн орчуулагч бус, бизнес болоод амьдралын талбарт хал үзэж, халуун чулуу долоосон CEO нар орчуулсан хуультайгаа уялдах өөрийн туулсан зам, амжилт ололтоос гадна алдаа оноогоо ч сонсогчидтой чин сэтгэлээсээ харамгүй хуваалцана. Төслөө “Үндэстнээ үлгэрлэх” хэмээн нэрлэсний учир ч ийм буюу. Ташрамд дурдахад “Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл: Бизнес & Амьдралын 33 хууль” номыг MBook апплейкэншд байршуулсан буй. Номоо уншчихаад, танилцчихаад дараа нь орчуулсан CEO нар нь оролцох подкастыг сонсвол агуулга нь бидэнд ой тойнд шингэж, гүн ул мөр үлдээх билээ. 

Подкастаар тодорсон хүчирхэг брэнд, бизнес сартваахи, зохиолч, үлгэр дуурайлал Бартлэттийг уншихгүй өнгөрвөл алдас болох биз. Номд багтсан гурван хуулиар эшлэн агуулгыг савныхаа хэмжээгээр ойлгосноо хуваалцъю. 

Цагийн 100 мянган төгрөг төлөөд Стивэн Бартлэттын таван цагийн хичээлд суугаарай гэвэл танд ямар сонстож байна... Бартлэтт өөрт тохиолдсон хачин сонин явдлыг хүүрнэхийн сацуу аливаа асуудлыг шийдэхдээ хэрэглэдэг арга ухаанаа тодорхой яриад зогсохгүй амьдрал дээр яаж ашиглахыг нь ойлгохгүй хоцрохын аргагүй тайлбарлана. 

Нон-фикшн ангилалд багтдаг, зорилгодоо хүрэхэд тустай шинэ санаа оноо, бодит түүх, арга аргачлалаар арвин баялаг бичмэл бүтээлийг бизнес-ном гэдэг. Амжилтад хүрсэн хүмүүс уураг тархиндаа нэрсэн санаа, туулсан туршлага, ухаарал гэгээрэл, олж авсан арга барилыг бизнес-номоороо дэлгэрэнгүй хуваалцдаг. Уншигч тэр бүхнийг эргэцүүлэн тунгааж амьдрал ахуйдаа хэрэгжүүлж, өөрийн цоо шинэ жор гаргаж авдагт энэ төрлийн номын ач тус оршдог. 

Сүүлийн хэдхэн жилд Стивэн Бартлэтт гэнэт гарч ирээд Их Британийн олноо алдаршсан бизнесмэн болсон эр. Хэвлэгдсэн дороо “33 хууль” бэстсэллэрээр цолгорч, өдгөө монгол уншигч эх хэлээрээ танилцах боломж гарсан нь тунчиг таатай. Номын гарчиг амьдралын мөн чанарт нэвтрэх төчнөөн тооны хуулийг агуулсан бүтээл гэдгээ бэлээхэн хэлээд өгнө. Хууль болгон үүх түүх, санаа оноо, заавар сургамж, жишээ үлгэртэйн дээр гараар зурсан схем, диаграмаар чимсэн нь ойлгоход дөхөм болгожээ. Хуулиудад дагалдах эшлэлийг үндсэн текстээсээ илт ялгарах өөр шрифтээр оруулсан нь нүднээ шууд тусах бөгөөд ухаалаг, цэцэн зүйрлэл хүнд хялбархан бууна. 

Та номын 33 бүлгээс өөрт хэрэг болохуйц санаа оноо олох нь гарцаагүй энд гурван хуулийг хуваалцъя.


Хууль 19. Жижиг зүйлийг ч анхаарах ёстой

Бартлэттийнхаар бол бусдаас илүү сайн хөтлөгчтэй болоод подкаст нь амжилт олчихсон юм биш, харин тэдний баг жижиг сажиг зүйлд ч анхаарал тавьдаг байсанд хамаг учир бий гэжээ. Багийнхан нь сайн подкаст бэлтгэхийн тулд адаглаад өрөөнийхөө температурыг төгс тохируулахаас аваад зочноо орж ирэхэд дуртай дуу хөгжмийг нь тавьж сэтгэл санааг нь тайвшруулж, сандарч тэвдэхийг нь дардаг байжээ. 

Бартлэтт энэ бүлэгт дэлхийн хамгийн өндөр борлуулалттай Toyota брэндийг төрүүлсэн, тасралтгүй сайжруулах гэдэг утгатай “кайзен” хэмээх япон зарчмаар жишээ авсан буй. Гэнэтийн огцом үсрэлт хийх бус өдөр бүр, боломж гарах тоолонд жижиг сажиг гэлтгүй бага багаар сайжруулах нь кайзений гол утга учир ажээ. Инновацийг компанийн удирдлага, тодорхой алба хариуцахын оронд Toyota-ийн бүх ажилчдын санааг аар саар гэж голохгүй сонсоно. Жишээ нь, усны сав тавих суурийг үл ялиг гүнзгийрүүлэх, гарт улам ойртуулах, хянах самбарын үсгийг нэг нэгжээр томруулах гэх мэтийн “жижиг сажиг” санааг нь ч хэрэгжүүлнэ. Ингээд ирэхээр бүтээгдэхүүн бүрэн шинэчлэгдээгүй ч ганц хувийн өөрчлөлт бизнесийг нь улам дэвжээдэг гэнэ. Стандартаа ингэж тогтоодог юм байна. Өдөр өдрөөр үл ялиг сайжруулна. Хүн тэр бүр анзаарахгүй жижиг өөрчлөлт шинэчлэлийг тасралтгүй хийнэ.

Оффисын ширээний байрлал, хөлөөр хөглөрөх кабель гээд ажиллахад садаатай зүйлсийг засаж залруулъя гэхээр манайхан “сүртэй шд” гээд тоодоггүй. Том зургаараа төгс төгөлдөр харагддаг стандарт ийм л шалдар булдар юмсаас бүрддэг. Аахар шаахар гэлтгүй засаж янзлаад явбал амьдрал дээр анзаарагдахуйц үр дүнд гардаг аж. Энэ яах вэ гэж орхилгүй, өдөр тутам өчүүхэн ч атугай сайжруулаад явах нь амжилт ялалтын үндэс ажээ.


Хууль 21. Өрсөлдөгчөөсөө илүү их алдах хэрэгтэй

Их этгээд хууль байгаа биз? Хувь хүн, компани бэршлээлийг даван туулах шийдлээ олоод амжилтад хүрчихвэл хөгжил зогсоно гэж ойлгох нь бий. Тэгвэл энэ номыг заавал унших нэг шалтгаан нь Хууль 21. “Алдаа гаргах магадлалаа хэрхэн нэмэгдүүлэх вэ” гэдэг галзуу гэмээр гарчигтаа booking.com, amazon.com зэрэг цахим худалдааны компани аливаа шийдэл амьдрал дээр үйлчлэх эсэхийг зогсолтгүй туршиж, өөрчлөлт хийдгийг жишээ авсан буй.
Шинийг турших бол нөхцөл байдлаа сайжруулах цорын ганц зөв арга зам гэдгийг Стивэн Бартлэтт номын турш өгүүлсэн ба өөрийнх нь маркетингийн үндсэн арга барил гэжээ.

Байнга туршиж үзэх нь байж боломгүй санагдаж мэднэ. Бид нар нэгэнт болоод байгаа зүйлийг өөрчлөхийг хүсдэггүй эсвэл болгоомжилдог, тэгвэл энэ хууль илүү сайжруулж болно гэдэг итгэл үнэмшил төрүүлнө. Сайжруулах тусам таны орлого гарцаагүй нэмэгдэнэ гэдгийг үргэлж санах ёстой. Тэгэхээр бизнестээ шинийг туршиж, сорино гэдэг бол эрүүл ухаанаар хамгийн чухал процесс юм. Оролдож ноцолдсоор зөв тогтолцоо угсарчихвал амьдрал биднийг мялаах нь дамжиггүй. Хүн бүхэн өөрт төрсөн санаа оноог эмээлгүй туршиж, болж бүтвэл зохих шагналаа хүртдэг орчин бүрдүүлэх хэрэгтэй гэнэ.
Стивэн Бартлэтт энэ бүлэгт IBM-ийн Ж.Ватсоны “Хэрэв та их амжилтад хүрэх боломжоо нэмэгдүүлмээр байвал алдах нөхцөлөө хоёр дахин ихэсгэ” гэснийг эшлээд, Ж.Ватсоноос “600 мянган ам.долларын алдагдал учруулсан ажилтнаа халах уу” гэж асуухад “Үгүй ээ, би түүнд хичээл заахад 600 мянган ам.доллар зарцууллаа шүү дээ. Яагаад өөр хүн түүний энэ туршилтыг үнэгүй ашиглах ёстой юм” гэж хариулсныг эшилжээ. 

Та нарын бодож боловсруулсан сурталчилгаа, савлагаа, хэмжээ, шошго одоохондоо оновчтой санагдаж магадгүй. Гэтэл маш буруу ч байж мэднэ. Хууль 21 буруу шийдэл байж мэднэ гэдэгтэй эвлэрч тасралтгүй эрэл хайгуул хийж илүү сайжруул гэдэг агуулгатай.

Энд Жэфф Бэзосын “Ихэнх том байгууллага шинэ бүтээлийн санааг хүлээн зөвшөөрдөг атлаа түүнд хүрэхэд шаардлагатай олон удаагийн бүтэлгүйтлийг туулах хүсэлгүй байдаг” гэж хэлснийг оруулжээ.

Хууль 29. Шашны бүлгийн сэтгэхүйг хөгжүүл

Энэ бүлэгтээ Стивэн Бартлэтт шашны бүлэг буюу сектийн тухай бичээгүй, харин багаа, компаниа бүрдүүлэх соёлыг авч үзсэн. Жишээ нь, нэг итгэл үнэмшилтэй хүмүүс зөвхөн өөрсдөд нь л хэрэгтэй мэдээллийг хаанаас юм олоод мэдчихдэг. Нэгдмэл итгэл үнэмшлээрээ ямар ч саад бэрхшээлийг хамтдаа даван гарч амжилтад хүрдэг.

Таны анх ажилд авсан 10 хүний 10 хувь нь бизнестээ, компанидаа чин сүжигтэй орж ирдэг, тэднийг олж түших ёстой гэнэ. Энэ бүлэгтээ Стив Жобсын “Нэг албаны А ангиллын хүмүүс, нөгөө албаны А ангиллын хүмүүстэй маш сайн ойлголцдог” гэж хэлснийг эшилжээ. 


Байгууллага, хамт олондоо ийм соёл суулгах арга замыг заасан нь мэдээж. Гэхдээ энэ хууль танд хачин санагдаж ч магад. Шашны бүлгийн сэтгэхүй суулгах нь энэ номын нэг бүлэг биш тусдаа ном баймаар санагдсаныг нуух юун. Стивэн Бартлэтт багийнхнаа зангидсан гар шиг атгаж, хэрхэн нэгэн зүгт харааг нь чиглүүлж чадав гэдэг сонирхолтой. Нэг санаа бодол, үзэл баримтлалтай болчихсон хамт олон нэг хүн мэт болж төлөвшдөг ажээ. Багийн соёл бол бүх амжилтын үндэс. Хэчнээн мундагчуудаар баг бүрдүүллээ ч нэг оюун санаа суугаагүй бол алхам ч урагшлахгүй гэнэ шүү.