Үндэстэн ба баялаг
Үндэстэн ба баялаг
Эдийн засаг гэхээр манайхан нэгэн янзаар туйлшруулан ойлгох нь бий. Түүнийг энгийн хүн ойлгохын аргагүй нарийн мэдлэг бөгөөд их дээд сургуулийн багш, эрдэмтэн мэргэд л учрыг нь олдог, дор хаяж их дээд сургуулийг “эдийн засагч” мэргэжлээр төгссөн хүмүүс л баримжаалах хэмжээний эрдэм ухаан хэмээн сүрдэнгүй харах нь байдаг.
Үнэн хэрэгтээ эдийн засгийн ухааны ямар ч ном сургаалыг сөхөж үзээгүй сая сая, тэрбум тэрбум хүмүүс л эдийн засгийг бүтээж байдаг. Мянга мянган жилийн тэртээ, эдийн засгийн ном байтугай бичиг үсэг гараагүй, бичиг үсэг байтугай хэл яриа ч олигтой төлөвшөөгүй байсан үедээ ч хоол хүнсээ нөөцөлж, агнах олборлох төлөвлөгөө зохиож, хураасан зөөснөө зохистой хуваарилах зэргээр эдийн засгийн бичигдээгүй хуулинд захирагдан амьдарч иржээ.
Ийм учраас эдийн засаг нь оюун ухаант хүнтэй хамт бий болоод хөгжиж ирсэн шинжлэх ухаан гэж хэлж болох юм. Жирийн хүмүүс өөрийн зөн, мэдлэг, ур чадвараа дайчлан эдийн засгийн харилцаанд оролцож байдаг бол харин эдийн засагчид түүний тогтлыг ажиглан судалдаг бөгөөд судлахаар барахгүй түүнд нөлөөлөх, улмаар залуурдахыг хичээн оролддог билээ. “Эдийн засаг бол бурханы бүтээл, ийм учраас түүнийг зохион бүтээж болохгүй, харин танин мэдэж болно” гэсэн мэргэн үг ч байдаг. Энэ утгаараа эдийн засаг бол оюун ухаант хүмүүн бээр материаллаг ертөнцөд оршин тогтнох урлаг гэж хэлсэн ч болно.
Харин XVIII зуунд нэгэн гайхамшигтай үйл тохиосон нь аугаа эрдэмтэн Адам Смит Үндэсний баялаг зохиолоороо эдийн засгийн ухааны нарийн зүй тогтлыг хүн төрөлхтөнд нээж өгсөн явдал юм. Хүн бусдад хэрэгтэй зүйлийг хийж өөрийнхөө хэрэгцээг хангах, улмаар сайн сайхан амьдрах сонирхол, эрмэлзэл нь нийтээрээ хамгийн сайныг хэрэглэж, хамгийн сайхнаар амьдрах хөдөлгүүр болж байдгийг тэр олж харсан байна. Энэ нээлт бол эдийн засгийн утгаараа ч, хүмүүнлэгийн утгаараа ч гайхамшигтай байлаа. Учир нь хүн бүр аз жаргалтай элбэг хангалуун амьдрах гэж төрдөг ба хүн бүрийнийм эрмэлзэл нь нийлээд эцсийн дүндээ нийтээрээ аз жаргалтай амьдрах замд хөтөлдөг гэдгийг тэр олж харсан юм.
Маш энгийн жишээн дээр хэлэхэд, ам бүлээ тэжээх, ахиад жаахан хөрөнгө зоорь хураах гэсэн талхчин хүн бүтээгдэхүүнээ илүү олноор нь зарахын тулд бусадтайгаа өрсөлдөнө. Худалдан авагчийг татахын тулд талхандаа амт нэмж, хэмжээг томсгож, үнийг нь боломжоороо хөнгөлж, хүргэж өгөх, үргэлж шив шинээр нь зарах зэрэг түмэн нөхцөл санал болгодог. Үйлчлүүлэгчээ татах энэ уралдааны дүнд хэрэглэгч буюу нийгмийн бусад иргэд нь хожсоор байдаг тухай л юм. Нийгмийн гишүүд тодорхой хэрэгцээгээ харилцан хангах байнгын үйл ажиллагааг бүхэлд нь эдийн засаг гэж нэрийдэж болох бөгөөд энэ явцад үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн хооронд олон талт, хүний нүдэнд ил харагддаггүй, байнга өөрчлөгдөж байдаг харилцаа үүсдэг. Эдийн засгийг цаагуур нь ийм “үл үзэгдэх гар” зохицуулж байдаг.
Харин төр энэ үйл явцад оролцож, аль нэгэнд нь хөнгөлөлт, дэмжлэг гэх мэт давуутай байдал үзүүлээд эхэлбэл мөнөөх “үл үзэгдэх гар” хүлэгдэж, эдийн засаг эрүүл бус болон хямарч эхэлдэг ажээ. Төр засгийн хөндлөнгийн оролцоо хүмүүнлэг царайлж попрох бодит шийдэлгүй боловч нийтэд таалагдах санааг дэвшүүлэхийн хэрээр эдийн засгийн байгалиас заямал мөнөөх “гар”-ыг хугачин бэртээдэг аж. Үлгэрлэвээс, ард түмнээ илүү сайн хүнсээр хангахын тулд талхны мухлагт төрөөс татаас өгвөл тэрээр өрсөлдөн оршин тогтнох сонирхолгүй болох төдийгүй, бусад мухлагийн өрсөлдөн сайжрах эрмэлзлийг ч боомилно. Эцсийн дүндээ хэрэглэгчид талхны сонголтгүй болж олдсон ганцыг нь хүссэн хүсээгүй авахад тулна. Ийм нөхцөлд чанарын талаар мөрөөдөх ч хэрэггүй болно гэхчлэн. Алдарт бүтээлийн нэгээхэн хэсгийн булан төдийг тайлбарлахад иймэрхүү.
Ийм энгийн мөртлөө аугаа их нээлтийг хүн төрөлхтөнд бэлэглэсэн, Адам Смитийн Үндэсний баялаг бүтээл анх гарснаасаа гурван зууны дараа, монголчууд жам ёсны зах зээлийн замд орсноос гурван арваны дараа бүрэн эхээрээ, монгол хэлээр гарч байна.
Хүн л аливаа зүйлс, үзэгдлийг өөрийн, бусдын хэрэгцээг хангах хэрэгсэл болгон хувиргах мэдлэг, ур чадварыг бий болгож, эзэмшиж, бас түүнийгээ ашиглан баялаг бүтээдэг. Алтгүй, нүүрсгүй, зэсгүй боловч мэдлэгээрээ, нягт нямбай хичээнгүй хөдөлмөрөөрөө баялаг бүтээж, үр шимийг нь хүртэж байгаа өчнөөн олон улс, үндэстнүүд нь Адам Смитийн онолын амьдрах чадвартайг нотолж байна. Энэхүү онолыг эх хэлээрээ судлан эзэмшиж,эдийн засгийн ухаан, үндэстэн ба баялаг бүтээх зүй тогтлыг танин мэдэх шинэ боломж гарч байгаа нь том завшаан юм.
Зах зээлийг бид зохион бүтээхгүй, харин жам ёсыг танин дагаж хөгжинө. Хурдан зөв танин ухаарахын хэрээр бидний амьдрал дэгжин дээшилнэ. Учир нь бид бол үндэстэн, бид бол баялаг, бид “үл үзэгдэгч гар” өөрөө юм.
Залуу судлаачдыг дэмжих
Сангийн тэргүүн Д.Жаргалсайхан