Засгийн газраас оруулж ирсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцэх эсэх асуудал дээр салбар хариуцсан шинэ, хуучин сайд нарын дунд нэлээд ширүүн маргаан өрнөсөн ч гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг “хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн билээ.

Уг нь бол УИХ Цагдаагийн албаны тухай шинэ хуулийг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны долоодугаар сард баталж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Нэг үгээр хэлбэл хуулийг хэрэгжүүлж эхлээд ердөө жил хагасын нүүр үзэж байна. Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав уг хуулийг шинэчлэх болсон шалтгаанаа “Хууль сахиулах ажиллагааны тухай болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх боломжгүй учраас цагдаагийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд авч байгаа арга хэмжээ” гэж тайлбарласан.

Ингэж бодсон нь үнэн ч байж магадгүй. Учир нь 10 бүлэг 98 зүйлтэй Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 6, 7, 8 дугаар бүлэг нь бүхэлдээ (нийтдээ 40 гаруй заалт) Хууль сахиулах ажиллагааны тухай болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиас шууд авсан байна. Бүр үг, өгүүлбэрийн зөрүүгүйгээр шүү.

Төслийн Зургадугаар бүлэг, 30-р зүйлээс хойш “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” гарчгийн дор хууль сахиулах ажиллагааны стандартыг, Наймдугаар бүлгийн 66-р зүйлээс хойш “Цагдаагийн албан хаагчдын эрх зүйн байдал” гарчгийн дор хууль сахиулагчдын эрх зүйн байдлыг бичсэн байна. Зөвхөн “хууль сахиулагч” гэдэг үгийг “цагдаагийн албан хаагч”, “хууль сахиулах ажиллагаа” гэдэг үгийг “цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” гэж өөрчилжээ. Нэг ёсондоо байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын тухай хуулинд албан хаагчдын үйл ажиллагааны стандарт, эрх зүйн байдал буюу эдийн засаг, нийгмийн баталгааг араас нь зүүгээд оруулчихаж байгаа юм.



Жич: Харьцуулалтыг Legal.info сайтад тавигдсан Цагдаагийн албаны тухай хууль болон УИХ-ын сайтад тавигдсан Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөс үзнэ үү.

Хуулийн төслүүдийн харьцуулалтыг бүрэн эхээр нь татаж авч үзэх бол ЭНД дарна уу.


Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар томилогдсон даруйдаа өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан Хууль сахиулах ажиллагааны тухай болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг татаж авсан, үүнээс хойш хагас жил өнгөрчихөөд байхад дахин оруулаагүй шалтгаанаа сая УИХ дээр “Нэр томъёоны хувьд маргаантай, Үндсэн хууль дээр очоод унах магадлалтай учраас” гэж тайлбарласан. Аягүй бол нөгөө эцэг хуульд нь “хууль сахиулагч”, “хууль сахиулах ажиллагаа” гэдэг нэр томъёо байхгүй байх л даа. Мундаг байна, ингээд энэ хууль Үндсэн хуулийн гацаанаас гарчихлаа. Д.Дорлигжав сайд үнэхээр нэг Цэцийн гишүүдийн дотор нь орсон юм шиг сэтгэж байгаа юм шүү.

Харин 10 бүлэг бичигдсэн шинэчилсэн найруулгын төслийн үлдсэн долоон бүлэг нь өмнө УИХ-аар баталсан Цагдаагийн албаны хууль. Тийм учраас “Цагдаагийн албаны хууль ёстой сайн хууль болсон байна” гэж шогшроод байгаа гишүүдийг гайхаж ядах юмгүй. Нөхдүүд хоёрхон жилийн өмнө баталсан хуулиа сөхөж хараа ч үгүй, харах ч үгүй нь тодорхой учраас тэр зэргийг гэнэн юм ярих бол энүүхэнд.
Нэгэнт хуулийн үндсэн концепцид өөрчлөлт ороогүй тохиолдолд шинээр нэмсэн гурван бүлгийг хуулийн нэмэлт өөрчлөлт хэлбэрээр оруулж болно л доо. Хэрвээ тэгсэн бол шинэ, хуучин хоёр сайдын дунд тэгтлээ хэрүүл тэмцэл үүсээд, “АН эрх зүйн шинэтгэлээсээ ухарлаа” гэж шүүмжлэгдээд байхгүй. Гэсэн ч шинээр томилогдсон Хууль зүйн сайдад Цагдаагийн албаны хуулийг яаж ийгээд шинээр батлуулах шаардлага байгаа бололтой. Тэр нь Х.Тэмүүжин гишүүний хэлээд байгаа цагдаагийн удирдлагыг дахин томилох явдал. Ингэж магадгүй гэдгийг нь ч эхнээс нь мэдээд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа ЦЕГ-ын даргыг шинээр томилсон биз. Хуучин дарга нь өргөдлөө өгч Хууль сахиулах их сургууль руу шилжээд, оронд нь Хууль сахиулах их сургуулийн захирал Р.Чингисийг түүний оронд тавьсан. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нь ЦЕГ-ын даргаа нэгэнт томилчихсон байхад Хууль зүйн сайдын хувьд одоо дахин энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах боломжгүй болчихож байгаа юм. Ганц арга нь хуульд гар хүрч байж “эрх зүйн орчин өөрчлөгдсөн” гэдэг шалтгаанаар томилгоог дахин хийж болно. Үүний тулд л Цагдаагийн албаны хуулийг “шинэчилсэн найруулга” хэлбэрээр дахин оруулж ирсэн хэрэг. Хэрвээ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар явбал өмнө баталсан хууль хүчин төгөлдөр үлдэх учраас ЦЕГ-ын даргад гар хүрэх боломжгүй юм.

Гэхдээ энэ хуулийн төсөлд өмнө баталсан Цагдаагийн албаны хуулийн “гайгүй” олон заалтыг уламжилж авсанаас гадна гай тарихуйц бас зарим өөрчлөлтийг ч бас хийгээд амжсан. Тухайлбал, ЦЕГ-ын бүтцэд байсан “Дотоод хяналт, аюулгүй байдлын” нэгж, түүний чиг уургийг хуулиас ор сох аваад хаячихсан. Өөрөөр хэлбэл цагдаагийн төв байгууллага нь албан хаагчдынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль зөрчсөн үйлдлүүд дээр нь шалгалт явуулах, хариуцлага тооцох боломжгүй болно гэсэн үг. Дээр нь цагдаагийн байгууллага иргэддээ хянагддаг байх, цагдаагийн байгууллагын эрх мэдлийг орон нутаг руу шилжүүлэх, орон нутгийн цагдаагийн байгууллага нь цагдаагийн бусад байгууллага болон Мөрдөх албанаас үүргээ гүйцэтгэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтарч ажиллах, албан хаагч, ажилтнуудын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль сахиулах бусад байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх гэх мэтчилэн одоо үйлчилж байгаа хуулийн олон чухал заалт хуулийн төслөөс ор тас хасагдсан байна. Энэ тухай Д.Дорлигжав сайд “Мөрдөх алба гэж хаана ч байхгүй юм хуулинд бичээд” гэж шүүмжилсэн. Гэхдээ одоо ч гэсэн цагдаагийн байгууллагын бүтэц дотор “Мөрдөн шалгах эрх бүхий байгууллага” гээд хуулиар хийчихсэн л байгаа шүү дээ.

Гэвч хүн гэдэг амьтан харъя гэснээ л хардаг, харахгүй гэснээ хардаггүй хойно. Хотын захирагч нь хотын цагдаагийн даргаа томилохдоо иргэдээсээ санал асуугаад томилж байгаад юу нь болохгүй болчихоод байгаа юм. Амьдрал дээр ямар хор уршиг тарьсан учраас заавал дээрээсээ томилдог болох ёстой юм. Гэх мэтчилэн хойшоо ухарсан олон өөрчлөлтийг хуулийн төсөлд хийчихээд байгаа.

Хамгийн хорлонтой нь хуулиар зурчихсан цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хуулиас гаргаж хаяад Хууль зүйн сайд дангаараа шийддэг, эсвэл аль нам засгийн эрхэнд гарна, тэр намд үйлчилдэг, намын захиалгаар гэмт хэрэг илрүүлдэг ийм бүтцийг цагдаад бий болгох гэж байгаа явдал. Тиймээс Хууль зүйн сайдын оруулж ирээд байгаа хуулийн төслийг “хулгай” гэж үзэх үү, хоцрогдол гэж нэрлэх үү?

Уг нь хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага нэгдсэн нэг стандарттай байя, хууль сахиулагчдынхаа эрх зүйн байдал буюу эдийн засаг, нийгмийн баталгааг ч гэсэн нэг хуулиар зохицуулаад явчихья. Тэгэхгүй бол байгууллага тус бүрийн хуулинд эрх зүйн байдлыг нь тус тусад нь хийчихээр ялгамжтай байдал бий болоод төсөв, санхүүгийн хувьд ч тооцоолоогүй хүндрэлүүд гардаг нь үнэн шүү дээ.