Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Домийн Төмөртогоогийн дуртгал

Нэрт эрдэмтний туулж өнгөрүүлсэн урт амьдралын түүхийг дурсамж болгон хойч үедээ үлдээхгүй байхын аргагүй баялаг, арвин билээ. Тэрээр хүүхэд ахуйдаа мал хариулж, идэр залуудаа эрдэм номын мөр хөөсөн жирийн монгол сэхээтний амьдралаар замнасан хэдий ч дунд сургуулийн багшаас их сургуулийн профессор, жирийн судлаачаас академичийн эгнээнд хүрч чадсан туйлын хөдөлмөрч нэгэн юм. Түүний олон арван жилийн турш уншиж мэдсэн, үзэж дуулсан, явсан ирсэн, хийж бүтээсэн бүхнийг энэхүү дуртгалд өгүүлжээ. Наанадаж хоёр нийгмийг, цаанадаж хоёр зуун, хоёр мянганыг дамжин амьдарч, өрнө-дорно, өнгөрсөн-одоо, социализм-капитализм, баян-ядуугийн ялгааг биеэрээ үзэж туулсан түүний амьдрал бол түүхийн олон үйл явдлын гэрч болсон ажээ. 

Миний номын сан Миний бие оюутан байхаасаа ойр зуурын ном цуглуулсаар овоо хэдэн номтой болсон. Сургуулиа төгсөөд Өмнөговийн дунд сургуульд хуваарилагдаад явахдаа шуудангийн машины тэвш дээр хэдэн хайрцаг номоо аваад л явсан. Аваачсан хэдэн номоо гэрийнхээ баруун хаяаны шалнаас ханын толгой хүртэл хэдэн эгнээ өрчихсөн байдаг байж билээ. Тэр үед манай гэрээр орж гарч байсан багш, сурагчид одоо ч түүнийг дурсан ярьж байдаг. Өмнөговиос эргэж ирэхдээ мөн л нөгөө хэдэн номоо чирээд л ирсэн.Тэр үеийн миний номын санд монгол хэл бичиг, утга зохиолын талаар Монголд гарсан ном зонхилж, Зөвлөлтөд гарсан ном зохиолууд жилээс жилд нэмэгдсээр л байсан. Өрнө дахинд гарсан ном зохиол олох боломж тун бага, бас мэдээлэл хомс байсан учир хаана, ямар ном гарсныг мэдэх боломж ч хаалттай байсан. Зөвхөн зөвлөлтийн эрдэмтдийн ном зохиолд хавсаргасан эшлэл болон ном зүйгээс зарим мэдээлэл авдаг байлаа. Миний номын орж ирсэн өрнөдийн эрдэмтдийн бүтээлүүдийн хамгийн анхных нь польшийн монголч эрдэмтэн М.Левицкийн XIV зууны үед хятад үсгээр галигласан монгол хэлний дурсгал (La langue mongole des transcriptions chinoises du XIV siиcle) гэсэн ном билээ. Тэр номыг Варшавын их сургуулийн профессор, монголч эрдэмтэн С.Гожинский магистрант байх үедээ надад илгээснийг нь би 1961 оны 11-р сард хүлээн авч билээ. Учрыг нь ч мэдэхгүй тэр номыг би олон жил хадгалж байгаад хятад ханз үсгээр тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний үнэтэй чухал дурсгал гэдгийг нэлээд хожим ухаарч мэдээд, судалгаандаа ашигладаг болсон билээ. Миний номын санд яг жаран жил хадгалагдсан тэр ном одоо ч гэсэн миний хамгийн чухал гарын авлагын нэгэн болж, хамгийн ойрын хэрэглээний номын дотор байрласаар байгаа билээ. Улаанбаатарын номын дэлгүүрүүдэд зөвлөлтийн монгол судлаачдын орос хэлээр бичсэн ном бүтээлүүд нэлээд элбэг байсан тул хэрэгтэй гэсэн номуудаа боломжийнхоо хэрээр авдаг байлаа. Тэр үед миний цуглуулсан номуудын дотор байгаа хамгийн үнэтэй чухал ном бол академич Б. Владимирцовын дурсгалд зориулан 1958 онд гаргасан “Филология и история монгольских народов” хэмээх ном юм. Тухайн үедээ 1100-хан хувь хэвлэж, эдүгээ нэн ховордсон тус номд Ю.Рерих, А.Окладников, И.Златкин, Г.Санжеев, Т.Бертагаев, Н.Шастина, Ц.Цыдендамбаев, Г.Румянцев нарын зэрэг олон нэрт эрдэмтдийн бүтээл багтсан байдаг билээ. 1960-аад оны дундаас Ленинградын их сургуулийн залуу эрдэмтэн А.И.Таксубаев, Улаан-Үдийн залуу судлаач Э.Раднаев, Унгарын ШУА-ийн ажилтан Л.Бэшэ, Будапештын их сургуулийн багш Г.Кара нартай ном солилцдог боллоо. 1970 онд хуралдсан олон улсын монголч эрдэмтдийн хоёрдугаар их хурлын үеэр Бонн Их сургуулийн судлаач М.Халтод, Индиана их сургуулийн профессор Х.Гомбожав, Токио Гадаад их сургуулийн профессор Ш.Озава нартай танилцаж, ном зохиол солилцохоор болсон маань Баруун Герман, Америк, Японоос монгол хэл судлалын ном, өгүүлэл авах шинэ боломж нээгдсэн билээ. 

Цуглуулсан ном маань жилээс жилд нэмэгдсээр. Номоо байрлуулах савгүй болохоор ихэнхийг нь цаасан хайрцагт л хийнэ. Хааяа хэрэгтэй номоо гаргаж үзэх болохоор нөгөө хэдэн хайрцгаа уудлах гэж бөөн түвэг болдог сон. Миний зовлонг сайн мэддэг нэг танил маань шилэн хаалгатай, сайн модтой, сайхан шүүгээ байна гэсэн сураг гаргалаа. Сурагласаар яваад очсон чинь Монголын Хоршоодын төв Холбооны дарга Дэмчигсүрэн гэдэг хүний захиалгаар хийсэн хорхой хүрмээр сайхан шүүгээ байна, үнэ нь ч бас яггүй. Нэгэнт л хэрэгцээ шаардлага байгаа хойно өр зээл тавьж байгаад авчихлаа. Хайрцагт хавчигдан дарагдаж байсан хэдэн номын маань нуруу нь тэнийж, дуртай номоо дор сугалаад үзэх боломжтой болсондоо миний сэтгэл ч бас тэнийв ээ. Эдэлгээ, ур хийц сайтай тэр шүүгээг би олон жил хэрэглэсэн дээ. Яваандаа шүүгээ маань ч хуучирлаа, ном маань ч багтахаа болилоо. Тэгж байтал ашгүй, Румынаас жинхэнэ номын сангийн зориулалттай сайхан номын шүүгээ орж ирснээс хоёрыг авч, зэрэгцүүлэн тавиад номоо байрлуулаад сайхан боллоо. 

Өрнө дахинд монгол судлалын талаар гарсан ном өгүүллүүд болон дорно дахин судлалын сэтгүүлүүдийн тухай мэдээлэл цуглуулж, тусгай дэвтэр дээр ном зүй хөтөлдөг боллоо. Улсын номын сангийн хөмрөгт байсан Харвардын Азийн судлал (Harvard Journsal of Asiatic Journal), Унгарын дорно дахины сэтгүүл (Acta Orientalia Hungarica), Төв Ази судлалын сэтгүүл (Central Asiatic Journal) зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүдийг эргүүлж тойруулж, эрдэмтдийн судалгааны бүтээлд олонтоо эшлэгддэг зарим өгүүллийг унших гэж оролдоно. Нэг удаа профессор Л.Лигетинэгэн өгүүллийг эргүүлж байтал XIV, XV зууны үед араб үсгээр бичсэн монгол хэлний дурсгалууд байдаг тухай дурдаад, Афганистанаас араб үсгээр бичсэн монгол хэлний толь саяхан олдсоныг японы Ш.Ивамүра гэдэг эрдэмтэн судалж тусгай ном нийтлүүлсэн тухай мэдээлсэн байлаа. Тэр ном их сонирхолтой санагдаад Киото их сургуулийн номын санд гэсэн хаягаар товч захиа бичиж илгээлээ. Аз болоход, хэдхэн сарын дараа Киото их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны судалгааны Хүрээлэнгээс илгээсэн Зирни гар бичмэл толь: Перс-монгол толь, хэлзүй (Sh.Iwamura, The Zirni Manuscript. A Persian-Mongolian Glossary and Grammar) гэсэн номыг дагалдах захидлын хамт хүлээн авч, ихэд баярлаж билээ. Номын хамт ирүүлсэн захидалд: “In response to your letter of 31 October 1970, I have the pleasure to inform you that a copy of following publication is sending you under separate cover. Shinobu Iwamura, Zirni Manuscript. We hope that it will reach you safely in near future” гэж бичсэн байлаа. Профессор Ивамүрагийн нийтлүүлсэн тэр ном одоо ч гэсэн миний судалгааны хамгийн чухал гарын авлагын нэг болон хэрэглэгдсээр байгаа билээ. 

Хожим Энэтхэгт ажиллаж байхдаа Шинэ Дели хотноо нээгдсэн олон улсын номын яармаг дээрээс Н.Поппегийн Бурхан багшийн арван хоёр зохионгуй (The Twelve Deeds of Buddha), A.Грүнведелийн Түвэд, Монгол дахь буддын домог үлгэрүүд(Myphology of Buddhism in Tibet and Mongolia) зэрэг хэд хэдэн сонирхолтой ном олж авсан билээ. Далаад оны дундаас Токиод байхдаа олон улсын ном борлуулдаг “Библио” компанийн захирал Кавамүратай сайхан танилцаж, түүгээр дамжуулан Поппе, Хайссиг, Рамстедт, Лигети нарын нэлээд олон номыг Америк, Баруун Герман, Финланд, Унгараас захиалан авч байлаа. Ерээд оны эхээр Бонн хотод дөрвөн жил суухдаа Герман болон өрнө дахинд шинэ тутам гарсан монгол судлалын ном өгүүллүүдийг олдохын хэрээр цуглуулсны дээр хожим Блүүмингтон, Вашингтон, Нью Йорк, Тайпей, Берлин, Токио хотуудаас Монгол судлал болон хэл шинжлэлийн онолын холбогдолтой нэлээд ном өгүүлэл цуглуулсан билээ. 

Далаад оны дундаас олшруулан хувилах машин гэдэг буянтай сайхан эд бий бий болсны ачаар миний бие Токио, Бонн, Берлин, Блүүминтон, Тайпей хотын номын сангуудаас монголчуудын үсэг бичиг, хэл шинжлэл, бичгийн дурсгалын холбогдолтой олон зуун ном, өгүүллийг хувилан авах таатай завшаан олсон билээ. Гадаадад гарсан мэргэжлийн ном, өгүүлэл олж авах өөр нэг чухал суваг бол хувийн харилцаа, номын солилцоо. Миний хувьд Индиана их сургуулийн профессор Ж.Крюгер, Х.Гомбожав, Бонн Их сургуулийн профессор В.Хайссиг, Магадбүрэн, Будапештаас Л.Бэше, Токиогоос Ш.Озава, Х.Күрибаяши, Ё.Сайто, М.Шимизү, Москвагаас И.Грүнтов, Петербүргээс Д.Цэндина, П.Рыкин, Улаан-Үдээс Жаргал Бадгаров нартай олон жил найрсаг харилцаатай байж, тэднийхээ илгээсэн монгол судлалын холбогдолтой ном өгүүлэл авсаар ирлээ.

1950-аад оны сүүлчээс эхлээд жаран жилийн турш олон янзын арга замаар цуглуулсан ном, өгүүллүүд маань эдүгээ миний хамгийн үнэтэй өмч, хамгийн хүндтэй багш, бас хамгийн үнэнч туслагч, өдөр тутмын ажлын маань гарын авлага болж, ажлыг минь хөнгөвчилж, цагийг минь хэмнэдэг. Одоо надад байгаа ном өгүүллийн хамгийн эртнийх нь А.Бобровниковын Монгол-Халимаг хэлний зүй (1849), Г.Рамстедтийн Xалхын аялгууг монгол бичгийн хэлтэй харьцуулсан авиа зүй (1908) зэрэг ном болон XIX зууны үед нийтлэгдсэн А.Ремюзийн Монголын хаад францын вангуудтай улс төрийн харилцаатай байсан тухай тэмдэглэл (1824), M.Потьегийн Дөрвөлжин бичиг (1862), M.A.Вайлын Дөрвөлжин үсгээр бичсэн нэгэн бичээсний тухай (1862) зэрэг нэлээд эртний өгүүллүүд бий. Монгол хэл шинжлэлийн олон салбарын талаар францын нэрт монголч эрдэмтэн П.Пелльо, Америкийн алдарт монголч Н.Поппе, Ф.Кливез, финландын нэрт эрдэмтэн Г.Рамстедт, Германы эрдэмтэн Э.Хэниш, В.Хайссиг, Зөвлөлтийн нэрт монголч Б.Владимирцов, Унгарын нэрт монголч Л.Лигети нарын ихэнх бүтээлүүдээс аваад эдүгээ хүртэл монгол хэл шинжлэлийн талаар гадаад, дотоодод гарсан гол гол ном, өгүүлэл, толь бичгүүд бараг төлөв бий. Мөн Монголын түүх, соёл болон орчин үеийн хэл шинжлэлийн онолын номууд ч цөөнгүй бий. Учир нь, монголчуудын бичиг үсгийн түүх, эртний бичгийн дурсгалууд, монгол хэлний эртний шинжийг хадгалан үлдсэн зарим хэл аялгууны талаар судлахад Төв Азид оршин сууж байсан монгол угсаатны түүхээс аваад Юань гүрэн, Мин улс, Ил-хаант улсын түүхийн судалгаа нэн чухал байдаг. Эх хэлнийхээ түүхэн хувьслыг цуваа цагийн үүднээс судлахдаа хэлний элементүүдийн бүтэц, тогтолцоо хийгээд тэдгээрийн хувьсан хөгжих нийтлэг зүй тогтлын талаар бичсэн онолын бүтээлүүд нэн чухал болдог учраас тэр чиглэлийн ном зохиолыг бас боломжоороо цуглуулдаг. Хэдийгээр нэлээд ном цуглуулсан ч гэсэн олон номоор гэрээ дүүргэж, гоё номоор өрөөгөө чимэхийг зориогүй,харин ойр зуурын хэрэгцээтэй ном, зохиолыг өрөөлөөс суралгүй, өөрөөсөө эрж, өрөөнөөсөө олох боломжтой болсон гэж боддог. Одоо надад чухам хэдэн ном, хэчнээн өгүүлэл байгааг бүртгэж үзээгүй, тоо томшгүй олондоо ч биш, тоолж үзэх хэрэгцээ гараагүйдээ л тэр.