Бид ямар нэгэн зүйлийг заахын тулд яаж хэлэх ёстойгоо олон давтаж байж сурдаг. Гэвч бодит амьдрал дээрх яриа нь ном дээр бичигдсэнээс хамаагүй урт болох тохиолдол олон. Ойлгоход нь туслах гэж бодит нөхцөл байдалд хүүхэдтэй ярилцсан тодорхой яриаг хүргэж байна.

Одоо 5 настай хүүхэд. Эцэг эх нь хүүхдээ үг сонсохгүй гонгиноод өөрийнх нь хүссэн юмыг хийж өгөхгүй бол шууд л уйлж, савж унаад байна гэж ирэв. Гэхдээ уулзаад үзтэл санаснаас гайгүй л хүүхэд байна. Ерөнхий биеийн өсөлт хөгжил сайн, хүний үг сайн сонсдог, үйлдлийг нь хязгаарласан ч хүчтэй эсэргүүцэхгүй байна. Тэглээ гээд бас амархан унжийн уйлж унжаад байх ч хүүхэд биш байв.
Би тэр хүүхэдтэй хангалттай цагийг өнгөрүүлсний дараа “За одоо 5 минут болоод тоглоомоо дуусгах ёстой шүү” гэж хэлэв. Хүүхэд надаас асуув. 

“Яагаад? Би дахиад жаахан тогломоор байна шүү дээ? Надад ёстой сонирхолтой байхад?”

“Эмч нь бас чамтай тоглоход зөндөө сонирхолтой байлаа. Хоёулаа ёстой гоё тоглолоо. Гэхдээ одоо ээж аав хоёртой нь ярилцах цаг болоод байна.” 

“Би энд тогломоор байна?”

“Аанхаа, чамайг ойлгож байна. Гэхдээ эмч нь ээж аав хоёрт нь зөвлөгөө өгөх цаг болчихсон байна. Тиймээс чи гадаа гараад хүлээж байх хэрэгтэй байна.” “Би энд чимээгүй байж байя.”

“Чимээгүй байх эсэх нь асуудал биш байхгүй юу. Чи чимээгүй байя гэдэг чинь сайн хэрэг л дээ. Гэхдээ одоо ээж аавтай нь ярилцах хэрэгтэй байна.” 

“Би чимээгүй байж чадна ш дээ.”

“Чи бид хоёрыг сая хамт байх хугацаанд ээж аав хоёр нь гадаа сайн хүлээсэн шүү дээ. Энэ удаад ээж аавтай нь ярилцах болохоор чиний гадаа хүлээх ээлж байхгүй юу. Хүлээж байхдаа их уйдаад байвал гадаа өөр эмч нар бас байгаа. Чамтай тоглох байх аа.”

Хүүхэд "Ойлголоо" гээд сандлаасаа босов. Энэ хэмжээнд бол нэг их эсэргүүцэл үзүүлэхгүй зааврыг сайн хүлээж авч байна гэж үзэж болно. Гарахад нь би “Ээж ааваа дуудчихаарай за. Наашаа эмчийнхээ өрөө рүү ороод ир гээрэй” гэж хэлэв. Хүүхэд ч “за” гэж хариулав. 


Тэгтэл ээж аав хоёр орж ирэхэд асуудал үүсэв. Хүүхэд нь ээж аав хоёрыгоо дагаад ороод ирэв. Тэгснээ ээж рүүгээ хараад “Би энд хамт байна” гэж хэлэв. Ээж нь хүүхдэд ингэж хэлж байна.

“00... аа, хурдан гар, хурдал. Ээж аавтай нь эмч ярилцах ёстой байна. Алив хурдал” “Би энд баймаар байна” 

“Түр зуур, түр гараад хүлээж бай.”

“Би чимээгүй байж байя.”

“Бид нар нууц юм ярих гээд байна. Гараад жаахан хүлээчих. Хурдал хурдал”

Хүүхэд нь бүр ээжийнхээ энгэрт наалдан “Ээж гаръя, гаръя гээд уурлаж эхлэв.” Энэ байдал тийм ч амар шийдэгдэх янзгүй, санаа нь зовсон аав нь оролцов. “Тэгвэл аавтайгаа гаръя.” Би аавд нь ингэж хэлэв. “Та сууж байгаарай. Бидний ярилцах цаг шүү дээ.” Аав нь суудлаасаа боссоноо дахиад суув. Би ээжид нь “Хүүхдэдээ гарч бай гээд тодорхой хэлж өгөөрэй” гэж хэлэв. Ээж нь дахиад “00... аа, гараад хүлээж байгаач, түр зуур, жаахан л хүлээчих, хурдал, хурдал” гэж хэлэв. Ээж нь байнга л ийм янзаар хэлээд байв. Би хүүхдэд ингэж хэлэв. “00... аа, бид нар нууц юм ярихгүй. Чамайг муулах ч үгүй. Эмч нь ’00-тэй ингэж харьцаарай. Завтай үедээ 00-тэй тоглож байгаарай’ ийм юм л ярих гэж байна. Чи ч гэсэн сая тэгье гэсэн шүү дээ.”

“Би чимээгүй л байна шүү дээ”

“Чимээгүй байх чинь сайн байна л даа. Бүх зүйлд дараалал гэж байдаг юм.” “Би дургүй байна?”

“Дургүй байгааг чинь мэдэж байна л даа. Дургүй байсан ч яах ч аргагүй зүйл байдаг юм. Энэ бол яах ч аргагүй зүйл болохоор гарах ёстой байхгүй юу” гэж хэлээд ч нэмэргүй гарахгүй гэж зөрүүдэлнэ. Тэгэхээр нь би хэллээ. “Чамайг гарахаар л яриагаа эхэлнэ. Нууц юм биш ч гэсэн том хүмүүс хоорондоо ярих яриа болохоор чамайг гарах хүртэл жаахан хүлээе дээ.”


Хүүхэд нь гарахгүй гүрийсээр л байлаа. Ээж нь яах учраа олохгүй ичин санаа нь зовж, гар утсаа гаргаж ирлээ. Би зүгээр байж байгаарай гэж хэлсэн. 5 минут орчим өнгөрөөд дахин хүүхдэд хэлсэн.

“ОО... аа, чи гараад байж байх хэрэгтэй байна аа. Тэгж байж бид нар яриагаа эхлүүлэх гээд байна. Чи гараад өгчихвөл сайн л байна, эмч нь ингээд хүлээгээд байж чадахгүй нь. Ард чинь бас өөр хүүхэд хүлээж байгаа. Одоо өөр эмч нар ч гэсэн ирнэ. Ирээд чамайг дагуулаад гарна. Тэр эмчтэй гарна шүү за.”

Тэгсний дараа өөр эмч орж ирээд хүүхдийг дагуулаад гарлаа. Хүүхэд нь гарахгүй гээд “Ааа!” гэж жаахан орилсноо удалгүй тэр эмчийг дагаад гарав.

Тэгээд эцэг эхтэй нь ярилцаж байх хойгуур янз бүр бололгүй гадаа сайн хүлээсэн. 

Бидэнд ийм нөхцөл байдал үнэхээр төвөгтэй санагддаг. Хүүхдэдээ үнэхээр хайртай боловч ийм нөхцөл байдал нь төвөгтэй санагдан үр дүнтэй зааврыг өгч чаддаггүй. Ийм байдалд үр дүнтэй заавар өгөхийн тулд өмнө хэлсэнтэй л адилхан хялбар. “Гараад хүлээж байгаарай.”

Гэхдээ ээж нар "хурдал" "жаахан л" гэдэг үгийг маш их хэрэглэсэн. Ийм нөхцөл байдалд "жаахан" "хурдан" гэх мэт үг бол хэрэггүй. Хамгийн гол нь хүүхэд гараад хүлээх юм. Ээж нь тэгж заасангүй. Ийм заавар бол хүүхдийг зовоож байгаа хэрэг биш. Олон хүнтэй хөл нийлүүлэн амьдаръя гэвэл хүүхэд заавал сурах ёстой "амьдралын дэг журам"-ыг нь зааж өгөх хэрэгтэй. Энэ зааврыг дуртайдаа дагаж, таалагдаж байгаа болохоор дагаж байгаа сонголт биш юм. Тэр өдөр сэтгэл санаа таагүй байсан ч тэр сонголт таалагдахгүй байсан ч дагах ёстой.

Гарахгүй гэж байгаа хүүхдэдээ тоглоом, смарт утсаа өгөн, зайрмаг авч өгье гэх мэт арга нь асуудлыг шийдэж байгаа хэрэг биш. Тийм байдлаар шийдэх юм бол хүүхдийн төлөө хэлэх гэсэн сургаал биеллээ олохгүй. 

Амьдралын дүрэм журмыг зааж сургах гэж байгаа бол хүүхдэд сонголт болон шийдвэрлэх эрхийг өгч болохгүй. Хүүхэд "дургүй байна" гэж байгаа нь энэ нөхцөл байдлыг өөрөө шийдмээр байна аа гэсэн утгатай. “За чимээгүй байна аа” гэдэг үг ч адилхан утгатай. Өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө арга барилаар энэ нөхцөл байдлыг шийдмээр байна гэсэн утгатай. Ийм хүүхдэд “Гараад хүлээж байх юм уу?” гэж асуух нь анхнаас нь хүүхдэд шийдвэрлэх эрхийг нь өгч байгаа гэсэн үг. Сонгох эрх болон шийдвэрлэх эрхийг өгөхгүй байгаа шалтгаан нь хүүхдийг дийлж авах гэсэн санаа биш. Зарим зүйлийг хүүхэд өөрөө шийдэж болдоггүй, зүгээр дагах ёстой юм байдаг гэдгийг сургахын төлөө юм. 

Ингээд хэлчихвэл эцэг эхчүүд арай сүртэй зааж, сургах гээд байх вий гэж санаа зовж байна. Дээрх байдлаас харахад би хүүхдийг гараад хүлээж бай гэхдээ орилж хашхираагүй. Нүдээ бүлтийлгэн удаан үглэж зогсоогүй. Үр дүнтэй заавар аймаар байж болохгүй. Айх юм бол ямар ч юманд суралцахгүй.

Хүүхдэдээ үр дүнтэй зааж сургахын тулд хоёр зүйлийг санах хэрэгтэй. Нэгдүгээрт, гол юмаа л богинохон хэлээрэй. Жишээнд дурдагдсан нөхцөл байдал дээр “Одоо ээж аав нь эмчтэй нь ярилцах цаг болчихлоо. Чи гадаа гараад хүлээж байгаарай” гэж хэлэхэд л болно. Өмнө хэлсэн арван үгийн зарчим гэдгийг санахад л болно. Энд "хурдал" "жаахан л" "алив" зэрэг үгс орж болохгүй. 

Хоёрдугаарт, хийж огт болохгүй үйлдлийн хязгаарыг давсан үед юу хийх ёстойг тодорхой зааж өгөөрэй. Ямар нэгэн юмыг зааж хэлсний дараа хүүхэд зөрүүдлэн уйлах үед зогстол нь хүлээх хэрэгтэй. Тайвшрах хүртэл нь 40 минут хүртэл ч хүлээж болно. Гэхдээ энэ хүүхэд бол өөр. Аль хэдийн байдлыг бүгдийг нь мэдчихсэн байгаа. Ийм тохиолдолд өөрөө шийдвэрлэж үйлдэл хийх цаг өгч, зааврын дагуу хийлгүүлэх хэрэгтэй. Өдөр тутмын амьдралд "хязгаар" гэдэг зүйл байдаг гэдгийг зааж өгнө л гэсэн үг.