Чихрийн шижин бол өвчин биш эмгэг юм
“Чихрийн шижин бол өвчин биш, эмгэг юм” гэдэг үгийг би анх 2024 оны 9-р сард А.Буяндэлгэр эмчээс сонсож билээ. А.Буяндэлгэр эмч бол АНУ-ын доктор Ричард Бернштейны чихрийн шижинг хэвийн хэмжээнд бууруулдаг аргыг Монголд нутагшуулсан сайн эмч юм билээ. А.Буяндэлгэр эмчийн тэр үг бол яахын аргагүй үнэн үг юм байна.
“Чихрийн шижин бол өвчин биш, эмгэг юм” гэдэг үгийг би анх 2024 оны 9-р сард А.Буяндэлгэр эмчээс сонсож билээ. А.Буяндэлгэр эмч бол АНУ-ын доктор Ричард Бернштейны чихрийн шижинг хэвийн хэмжээнд бууруулдаг аргыг Монголд нутагшуулсан сайн эмч юм билээ. А.Буяндэлгэр эмчийн тэр үг бол яахын аргагүй үнэн үг юм байна. Эхлээд би үнэмшээгүй. Чихрийн шижин бол анагаах ухаан эмчилж чаддаггүй өвчин гэсэн ойлголт надад бат бэх суусан байлаа. Би хориод жил чихрийн шижингийн эсрэг элдэв эм ууж инсулин тариа хийж өдий хүрчээ. Анх 2006 онд Баянзүрх дүүргийн дотоод шүүрлийн их эмчид үзүүлж сахартай гэдгээ мэдэж эмчийн өгсөн нэг эмийг ууж байснаа больж нэг хэсэг эмгүй явав. Заримдаа миний сахар 22 моль хүрч байлаа. Голдуу миний сахарын хэмжээ 10 моль байдаг,их багадаа 7 моль болдог байв. Гэтэл гэнэт би 2014 онд ажил дээрээ ухаан алдаж гуравдугаар нэгдсэн эмнэлгийн зүрхний шигдээсийн тасагт хүргэгдэж ачит эмч Батмягмар, Батбаатар, Ууганааа нараар мэс ажилбар хийлгэж амь аврагдаж билээ. Дараа нь 2019 он болон 2023 онд зүрхэндээ стенд тавиулж амьд үлдсэн. Энэ бүгд нөгөөх аюулт сахарын өвчний хүндрэлээс болж байлаа. Чихрийн шижинтэй сайтар тэмцэж хэвийн хэмжээнд сахараа барьж байхгүй бол ямар ч өвдөлт байхгүй зүгээр явж байгаад гэнэт л нэг өдөр хүндрэл болдог юм байна. Эмнэлэгт эмчлүүлж байхад нэг тасагт байсан зарим хүмүүс кола уусаар байгаад эсхүл сахартай зүйл идсээр байгаад сахар нь хүндэрч юм харахгүй болж бүр даамжраад бөөрний дутагдалд орж гемодиазд ордог болтлоо хүндэрсэн байв. Энэ өвчний шалтгаан нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал хоёроос болдог ажээ.
Монгол малчин монгол малын махаа идээд морио унаж малаа хариулж хэдэн мянган жил эко орчинд амьдрахдаа хэзээ ч чихрийн шижин гэдэг өвчин хүрч байгаагүй. Гэтэл монголчууд бид жараад оноос эхлэн суурин амьдралд шилжиж оросын маш их сахартай зунгааралдсан “молоко” хэмээх лаазалсан зүйл, сахартай печень, нарийн боов, торт, элдэв газтай ундаа, төрөл бүрийн архи, пиво уусаар байгаад ихэнхи нь чихрийн шижин өвчинтэй болж, ихэнхи эрчүүд элэгний рак өвчинтэй болжээ. Бид өдөр бүр сахартай хүнсний зүйл иддэгээс болж сахараа улам нэмэгдүүлсээр байгаад чихрийн шижинтэй болжээ. Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн талх, нарийн боов, чихэрлэг жимс, сүүн бүтээгдэхүүн идсээр байгаад хүмүүс сахартай болдог аж. Эртнээс монголчууд монгол малын мах, сүү цагаан идээ зооглож, малаа маллаж эрүүл чийрэг, хөдөлгөөнтэй эрүүл амьдардаг байжээ. Хорьдугаар зууны эхээр улаан хувьсгал Монголд болж улаантнууд ард түмнийхээ хамаг мал сүргийг нь хураан авч монгол малын мах, сүү ховор болж монголчуудын иддэг эко бүтээгдэхүүн нь оросын талх, төмс, сахар, чихэр болон хувирч байв. Оросын талх, төмс, хятадын мантуу бол эдгээр орны ядуу хүмүүсийн иддэг хоол юм. Соцын үеийн монгол хүүхдүүд ихэнхи нь шүд нь өвчтэй цоорхой, сүү уудаггүй тул кальцийн дутагдалд орчихсон,бие нь өсөлт муу, жижигхэн давжаа хүүхдүүд өсөж байлаа. Ингэж мал сүргээр баян, иддэг хүнс нь эко монголчуудын зоог нийгэм журмын үед ядуу, чанаргүй, эрүүл бус болсон ажээ. Орчин үеийн зоогийн газар ороход тэнд махан хоолондоо хүртэл элсэн чихэр, ногооны салатандаа хүртэл элсэн чихэр хийдэг болжээ. Салатны махаа чихэрлэг сүмсээр амталсан ч гэх шиг. Монгол хонины мах, хонины сүүлээ хүртэл холестрин ихсэнэ гээд идэхийг нь хорьдог болжээ. Энэ бол солиорол юм.
2024 оны 9-р сарын 1 нээс эхэлж би АНУ-ын доктор Ричард Бернштейны аргаар нүүр ус багатай хоол идэж гар, хөлийн булчингийн дасгал хийж эхэлсэн юм. Энэ аргыг анх надад мэдээлсэн хүн бол төмөр замын инженер Гинжболд гэдэг хүн байлаа. Сахарыг бууруулах бүх эм, тариагаа тэр өдрөөс эхлээд би шууд хаясан юм. Шинэ дэглэмийн анхны өдөр өглөө нь 2 өндөгийг шар тосонд хайрч,/эсхүл усанд чанаж болно/, огурцы, помидор, монгол ногоон сонгины салат хийж идээд, японы ногоон цай уув. Цайны хувьд би япон ногоон цай эсхүл монгол хөвсгөл цай уудаг юм. Давсны хувьд зөвхөн увс, завханы монгол бор давс хэрэглэдэг юм. Өдөр нь монгол малын хонь эсхүл үхрийн өөхтэй махтай, байцаатай шөл хийж иддэг болов. Монгол хонь бол 88 төрлийн эмийн ургамал иддэг цэвэр байгалийн эко амьтан юм. Өвлийн цагт адууны мах их зохимжтой байдаг. Хамгийн чухал ногоо бол байцаа. Төмс идэж болохгүй, гурил идэж болохгүй, сүүтэй цай, сүүтэй цагаан будаа, цагаан гурил идэж болохгүй.
Ер нь сахартай хүнд сахароз, лактоз, фруктоз гэдэг 3 зүйл хор болдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Лактоз нь сүүнд байдаг, фруктоз нь химийн аргаар хатаасан жимсэнд байдаг юм. Сахароз бол орчин үеийн бүх төрлийн гурилан бүтээгдэхүүүн болон кола, пепси зэрэг ундаанд их хэмжээгээр байдаг юм. Харин бүрсэн монгол тараг ууж болно. Орой би хоол иддэггүй. Хэрэв орой гол харлаад юм идмээр бол хонины жаахан сүүл, эсхүл сдүүжин жаахан идээд болдог юм. Өглөө, орой нь гарын булчингийн дасгал хийж гантил өргөж, хөлдөө резин хийж хөлний дасгал хийв. Маргааш өглөө нь сахарын хэмжээгээ үзэхэд 4.8 моль болж буурсан байв. Би мэл гайхаж ямар ч эм, тариагүйгээр сахараа буулгаж болохыг сайтар ойлгов. Яг ийм өдрийн дэглэм баримталж саяхан гурван сарын дараа сахарын дундажаа үзэхэд 5.6 моль болжээ. Сахарын дундаж 5.5 байх ёстой. Миний жин 2014 онд 92 кг байсан бол энэ жил 2025 онд 67 кг болжээ. Сүүлийн 4 сар би өдөр бүр сахараа 4.8 - 5.8 молийн хооронд бариад байв. Ер нь сахарыг өдөр бүр 3.8-5.2 моль хооронд барих ёстой. Харамсалтай нь сахартай хүмүүс сахар маань 6, 7, 8 моль хүртэл буурлаа хэмээн өөрийгөө хуураад баярлаад байдаг юм. Энэ бол том эндүүрэл. Хэрэв сахарны хэмжээ 5-8 - 6.8, эсхүл 7 байвал 10-аас дээш сахартай хүнтэй яг адилхан ямар ч үр дүн байхгүй, хэзээ нэгэн цагт гэнэт сахарын хүндрэл гардаг ажээ. Сахарын хүндрэл болвол зүрх рүү ордог, нүд рүү ордог, хөл рүү ордог, бөөр рүү ордог тун аюултай зүйл.
Хоёр жилийн өмнөби Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очлоо. Дотоод шүүрлийн эмч дээр очиход 20 жилийн өмнөх нөгөө эмч авгай яг хэвээрээ зөвхөн баахан эм тариа бичээд эм тариа хуваарилах л ажлаа хийгээд ямар ч зөвлөлгөө өгөхгүй, сахарыг эмчлэх ямар ч шинэлэг үр дүнтэй эмчилгээ байхгүй, арга барил нь огт өөрчлөгдөөгүй хуучин хэвээрээ сууж байх юм. Тэр эмч миний ямар ч шинжилгээ, эмчилгээтэй танилцаагүй байж надад “ Одоо та инсулинаа дозыг нь нэмж 10 байсныгаа 20 болгож нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв. Би гэнэт дургүй хүрч шууд л инсулин тариаг хаяж “Форсига” болон “Гальвус” гэдэг эм уудаг болж билээ. Дэлхий даяар чихрийн шижинг эмчлэх арга өөрчлөгдөж сайжраад байхад Монгол маань яг 20 жилийн өмнөх шигээ өвчтөнийг зөвхөн тариа, эмээр бөмбөгдөөд сууж байх юм. Саяхан би 2025 оны 2-р сарын дундуур Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очиж хуваарьт инсулин тариагаа авлаа. Төрөөс сахартай иргэддээ инсулин тариаг үнэгүй олгодог нь их тустай зөв арга хэмжээ юм. Сахар гэнэт ихдэхэд инсулин тариа шууд буулгаж чаддаг их тустай л даа. Сахартай хүн инсулин тариаг өөртөө бэлэн байлгах нь зөв. Би авсан “Mixtard 30”инсулины хугацааг нь хартал 2022 онд авч байсан инсулин яг хэвээрээ байлаа.Хугацаа нь 2025 оны 4-р сард дуусах ажээ. 4-р сараас хойш арай энэ хуучирсан тариагаа өгөх юм биш биз.Шинэ сайн тариа гараагүй л юм байх даа” гэсэн бодол төрөв.Саяхан би 3-р эмнэлэг дээр нэгэн чихрийн шижинтэй залуу “ Би сахартай 10 жил боллоо. Миний сахар 10-аасдоош буудаггүй. Турк улс явж сахарын хагалгаа хийлгэнэ. Туркд 40 сая төгрөгийн зардал гаргаж сахарын хагалгаа хийдэг гэнэ, Хагалгааны дараа сахар 6 молиос дээш гардаггүй гэнэ”хэмээн ярьж байгаатай таарлаа. Би түүнд шууд л “Чи Турк явж 40 сая төгрөгөө гарздаад хэрэггүй” гэж хэлээд Бернштейны аргыг ярьж өгөв. Тэр залуу ихэд гайхаж тэр аргын тухай фасебүүк дээр гарсан мэдээллийг үзэж энэ аргыг маргаашаас эхэлж хэрэглэнэ хэмээн надад талархаж билээ. “Монголын бүх эмнэлгүүд, монголын дотоод шүүрлийн бүх эмч нар яагаад Р.Бернштейны энэхүү аргаар сахарын өвчтэй хүмүүсийг эмчлэхгүй өдий хүрсэн юм бол” гэсэн бодол өөрийн эрхгүй надад төрөв.
Саяхан би нэгэн мэдээ уншлаа. “Дэлхийд эдүгээ чихрийн шижингээр өвчилсөн хүний тоо 800 саяд хүрсэн. Одоо дэлхийн 10 хүний нэг нь чихрийн шижинтэй аж. Нэг жилд 6.7 сая хүн энэ өвчнөөр нас барж байна. 10 секунд тутам 1 хүн энэ өвчнөөр нас барж байна. 2040 онд дэлхийд 1.2 тэрбум хүн чихрийн шижинтэй болно. Монголын хүн амын 11.2 хувь буюу 300 000 гаруй хүн чихрийн шижин өвчтэй байна” гэжээ. Энэ бол аймшигтай тоо шүү.
Төгсгөлд нь сахартай хүмүүст хэлэхэд “Та бүхэн минь эдүгээ 90 настай, сахарын өвчнөөс 70 настайдаа бүрэн салсан, АНУ-ын доктор Ричард Бернштейны аргаар чихрийн шижинг эрүүл хүн мэт хэвийн хэмжээнд / 3.8- 5.2 моль / барих боломж байдаг тул энэхүү аргыг хэрэглэх нь зөв шүү” хэмээн зөвлөе. Өнөөдөр өглөө би 04 цагт сэрж сахараа үзлээ. Сахарын хэмжээ 4.2 моль байна. Өчигдөр өдөр хоёрдугаар гурилаар хийсэн адууны махтай бууз идсэн. Ашгүй сахар нэмэгдээгүй хэвийн байна. Гэхдээ тайвширч болохгүй. Чихрийн шижин бол ямар ч өвдөлт байхгүй зүгээр юм шиг явж байгаад гэнэт нэг өдөр хүндрэл болж хүний амь насыг авч оддог чимээгүй тахал гэдгийг хором бүр санах хэрэгтэй.
Хамаг амьтан өвчин зовлонгүй, эрүүл энх, элэг бүтэн, амар амгалан болтугай.
Доржийн СҮХБААТАР 2025.02.20
Баяр