Дээгүүрээ “орос ах” гэдэг ч доогуураа (жишээ нь манай Гашууны голынхон) “улаан орос” л гэдэг байв. Маханд хуу хамж тушаадаг иргэ сэрх шар агтаа “улаан оросын хоол” гэнэ. Ноос ноолуур арьс шир хөөвөр хялгас сүүнийхээ ногдлыг гүйцээж чадахгүй шүүхээс дуудагдвал “улаан орос чинь яасан ханаж цаддаггүй мангас вэ” гэж гэртээ томорно. Матчих хүн дэргэдээ байвал цуурна гэж хол. “Ам бат бол амь бат” гээд даравгараа цоожилж орхино. Үг унагахгүй. Унагавал юу гэнэ гээч: Хар шар феодал, эсэргүү, Японы тагнуулыг орос ах минь дарж өгөөгүй бол ядуу дорой бид ингээд социализмд жаргаж суухгүй, сөнөсөн гээд уйлна. Дургүй хүрэм бялдуучид-цөм ардын дайсны ар тал.

Улаан оросын “ал” гэснийг “үгүй” гэх зориг Чойбалсанд байгаагүй. Цэдэнбал оросуудыг өмөөрөөд зогссонгүй, хүргэн биеэ өөлсөн нөхдөө найрамдал-дружбад цав суулгалаа, Хятадын талыг баримталлаа хэмээн цөлдөг ял зохиов. Түүний үед оросод үг хэлэх огторгуйд шороо цацах ижил болсон. Бал дарга гоц илүүдээ нөхдөө атгасан бус ард нь залагч Кремль-байгалийн давшгүй хүч мэт аюултай. Тоглоомын этгээдээс жийрхсэн алба хаагчид улаан оросод хир халдаахгүйг онцгой чармайна. Одоо ч чармайдаг. Улаан оросыг өмөөрдгөөрөө бид уралдаж, хэлмэгдлийн эсрэг дархлаагаа хөгжүүлж явлаа. 

Улаан орос гэгч хэн бэ? Ленин бол суут улаан орос бөгөөд болъщевик улаантны загалмайлсан эцэг. Гэтэл суут багшийнхаа хөшөөг буулгаж хаяад улаан оросын мандуулсныг-улаантны гай гэж яллаа. Мань ойлгох аргагүй. Олон оронд сүндэрлэж асан хөшөөнүүд бараг арилав. Буриад Тува хоёрт л үлдэх шиг. Оросууд Лениний цуст мөрийг мөшгөж, төөрөгдлөө залруулав болтой. Харин бид буриад туватай ханьсаж ижилсээд дэлхийд гурвуул сондгойров. 

Октябрийнхаа хувьсгалыг оросууд “төрийн зэвсэгт эргэлт” гээд тэмдэглэхээ болчихоод байхад бид ардын хувьсгал гэгч төрийн эргэлтийн зохиомол халдвараа мандуулж, худал түүхээр үр хүүхдээ төөрүүлсээр. Хэн ингэж хорлоод байна вэ гэвэл миний чадан ядан шүүмжлээд буй хуучнаа хамгаалагчид. Тэгтэл Бат-Үүл нар Лениний хөшөөг буулгаад дайран дээр нь давс үрчихэв. Цочирдогсод ямар гээч лантуу буудаг бол гээд толгойгоо дарсан чинь манай коммунистууд ардчиллын зуунд номхорчээ янз нь. Яасан гээч? Далайсан гараа дагзанд буулгасангүй алга хавсарч залбирав уу яав, ямартай ч нигүүлсэнгүйгээр “Ленин багшийнхаа хөшөөг буулгаснаар монголчууд одоо ба ирээдүйдээ эдэлж баршгүй нүгэлд унав” гэж айлдлаа. Гэхдээ бас ч гэж дуугүй өнгөрсөнгүй Лениний хөшөөг буулгаагүй бол мега төслүүд хөдөлсөн, ОХУ шатахууныхаа үнийг зөвхөн Монголд нэмсэн нь суут багшаа доромжилсноос хариугаа хүртсэн гэсхийгээд намжив. 

Оросуудыг өмөөрөхдөө монголчууд галзуу. Яаж ч мэднэ. Тиймээс “Улаан орос” нийтлэлдээ би орос эрдэмтдийн судалгаа, орос алуурчдын тайлан, орос сонины зах цухаас эшэлбэл оросуудад үнэнч монголчууд тогтож хайрлаж юу магад агаад хал балгүй гэж болгоомжлов.

Оросууд юу гэж бичиж вэ: Оросын сүүлчийн эзэн хаан Николай II, түүний гэр бүлийнхнийг хэний тушаалаар цаазлав гэх хэрэг 1985 он хүртэл маш нууц, хааныхан өөрсдөө хор ууж үхсэн гэх ойлголтыг коммунистууд ард түмэнд өгч ирсэн. Батлан хамгаалах ардын комиссар Лев Тройцкий өдрийн тэмдэглэлдээ, Екатеринбургийн уналтын дараа би фронтоос ирээд Свердловтой ярилцахдаа “Николай хаан хаана байна” гэхэд тэр бээр “Гэр бүлийнхэн нь ч ялгаагүй болсон” гэв. Би “Бүгдийг үү” гэж гайхан асуухад “Тийм бүгдийг” гэж Свердлов хариуллаа. “Хэн тийм шийдвэр гаргасан юм бэ” гэхэд “Ленин энэ хэцүү нөхцөлд тэднээс амьд хүн үлдээж хэрхэвч болохгүй гэж үзсэн гээд таг дуугүй болов” гэжээ.

Энэхүү аймшигт аллага болсноос нэлээд хойно Оросын сүүлчийн хааны гэр бүлийнхнийг буудсан “үндэсний баатар”-уудын төлөө өрсөлдөгчид ил гарсан бөгөөд тэд хэн хэн бэ гэвэл Петр Захарович Ермаков, Павел Саританович Медведев, Яков Михайлович Юровский гэгчид тодорчээ. Октябрийн хувьсгалын 30 жилийн ойгоор эдгээр нөхөд шагналд тодорхойлуулах тайлангаа дэлгэрэнгүй бичиж өгсөн нь архивт үлдсэн аж. Шагнал горилогчдын баримтад үлдсэнээр “Николай хаан таван настай отгон охиноо элгэндээ тэвэрч байгаад буудуулсан. Буудахын өмнө Медведевт хандаж Юровский “Гадагш гар, тэнд хэн нэгэн байна уу үгүй юү. Буун дуу сонсогдох эсэхийг мэд” гэсэн. Түүнийг гармагц эмх замбараагүй буудах дуу сонсогдсон. 2-3 минутын дараа орж ирэхэд суманд сийчүүлсэн хааны гэр бүл бүгд шалаар тэрийж, цус нь нэлийтэл урсаж байв. Тэдний шарилыг түнэр харанхуйгаар алт олборлож байсан уурхайн дэргэд шатаасан” гэж бичжээ.

Эрдэмтэн С.М.Мельгунов дурсамждаа “1919 оны 3-р сард Астрахань хотод ажил хаялт болов. Тайван жагсаал цуглаанд оролцсон 10 мянган хүн өөрсдийн зовлонгоо ярьж байтал цэргүүд ажилчдыг тарахыг шаардахад тэд татгалзжээ. Тэгтэл цэргүүд пулемётоор шүршиж гранат шидсэн. 2000 хүн алагдаж, олон зуун хүн шархдаж, нэг хэсэг хот эзгүйрсэн” гэж бичжээ. 

Мөн “Революционная Россия” сонины сурвалжлагч Донын Ростов хотын большевик дэглэмийн тухай мэдээлэхдээ “Хөрөнгөтний гэр, дэлгүүр, агуулахыг илээр хайр найргүй дээрэмдэв. Гудамж байшинд цагааны офицеруудыг буудаж, цавчин хороолоо. Темерицк гудамжны булан дахь хүнд шархтануудын цэргийн эмнэлгийг галдан шатаав. 40 гаруй хүн шатаж үхсэн. Нэг шөнө буудуулсан хүний тоо 90 хүрсэн удаа бий” гэжээ. Крымийн хойгийг “Бүх Оросын оршуулгын газар” гэж нэрлэхдээ хүрэв.

“За народ” сонины №1-д 50 мянган хүн алагдсан тухай мэдээлсэн байхад доктор Шифиний гэрчилснээр 156 мянган хүн улаан хядлагад өртжээ. Керчь хотод “Кубаньд орсон десант” гэгч ажиллагаа зохиож, ухаангүй айсан эхчүүд хүүхнүүдийг ташуурдан далай руу шахаж, заримыг нь живүүлж, бөөнөөр нь буудаж байв. Еврейн оршуулгын дараа хөхүүл хүүхэдтэйгээ буудуулсан эхчүүд хүүхдээ тэврээд үхсэнийг зурагтай нь нийтэлжээ. Ялт, Севастополь хотуудад цэргийн эмнэлгээс хүнийг дамнуурган дээр гаргаад шууд буудна. Зөвхөн офицер ч бус цэргийн эмч, сувилагч нарыг ч хамтад нь буудсан байна. Нэгэн зэрэг 27 сувилагч хүүхнийг буудаж хороосон баримт үлджээ. Социалист үзэлтэн байсных нь төлөө “Южные ведомости” сонины сурвалжлагч А.Ф.Лурье, Плехановын нарийн бичгийн дарга социал демократ Любимов нарыг олны нүдэн дээр дүүжлэв. Генерал Деникиний комиссын материалаас үзэхэд Харьков, Полтав зэрэг олон хотод гаргүй толгойгүй, яс нь хэмхэрсэн хүний хүүр эр эм нь танигдахын аргагүй болсныг тэмдэглэжээ.

Пермь, Кунгур, Омск зэрэг газар хүүхнүүдийг хүчирхийлж, хүний ёсноос гадуур доромжилж байгаад бөөнөөр нь хороодог, нэг хүн хорооход 14-15 минут зардаг гэж бичжээ. 1920 онд Томск мужийн тариачдын бослогын үеэр таван мянга гаруй хүнийг буудан хороосон байна. Уфа мужид мөн тийм бослогыг дарахад 12 мянга, албан бус мэдээгээр 22 мянга гаруй тариачин алуулж, хот тосгон эзгүйрснийг сонинд мэдээлжээ. 1920 онд Белорусст тариачдын бослоготой тэмцэхдээ Люскович хошууг бараг тэр чигт нь нурам болгожээ. “Казань хотод 60 мянган хүнийг буудан алсныг эсэргүүцэж ажилчин, тариачдад гаргасан уриалгад “Майн баяр”-т оролцож буй коммунистууд Октябрийн хувьсгалаас хойш галзуурсан аллага үйлдэхдээ зөвхөн засгийн эрхийн төлөө хийсэн юм шүү” гэж өгүүлжээ.

У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулдах жүжиг зохиож засгийн эрх хууль бусаар авсан нь Ленин багш засгийн эрх хэрхэн булаасны хажууд тоглоом аж.

...Дээр дурдсан аймшиг бол засгийн эрх булаахаар Лениний эхлүүлсэн цуст тулааны ойцон цойцон хэсгүүд. Лениний шууд удирдлагаар ялсан октябрийн их хувьсгалын оч үсэрсэн “Харанхуй”-д ямаршуу алаан болсныг бид судлах, дурсах эрхтэй болж. Үнэнийг мэдэх эрхийг ардчилал өгсөн. Хуучинтайгаа зууралдаж ХХI зууны сэтгэлгээний үсрэлтийн араас шамдахгүй гөжвөл хойд Солонгостой хоёулхнаа хүн төрөлхтөний урсгалын эсрэг сөрж магад. Хугацаа нь дууссан бүхэн-гишигсэн мөр мэт хоцордог юм, хуучнаа өмөөрөгч анд минь. 

Би ардчиллыг өөгүй гэж сохроор шүтээгүй. Нэгдлийн ялтай сүрэг хариулсан эрх чөлөөгүй гишүүнээс, хэн ч үл халдах хувийн малтай, дуртай бизнесээрээ оролдож орлого олох бүрэн эрхтэй малчин жаргалтай юм уу даа л гэж багцаалдаг. Би АН-ын гишүүн биш. Би ардчиллын хүн. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр социализмээ муулдаг өөдгүй төгцөг гэж намайг зүхэгч цөөнгүй. Намайг социализм тэжээсэн юм уу, ард түмэн тэжээсэн юм уу хэлээд өгөөч. Насны эцэст хараалгаж байснаас бичихээ больдог ч юм билүү гэж эргэлзэх нь бий. Гэвч коммунизмын нурамнаас оч олж, түймэр асаах санаа өвөрлөгчдийг даган баясагч сүрэгт аазгай хөдөлсөндөө биччих юм. Хүн-сүрэг хөгжлийн чөдөр. Гол саад-чөдрөөсөө сал.

Хар толгойноос хол, улсын эрх ашгийн төлөө дуугарч явах дэврүү үзлийг хорь гаруй настай оюутан-надад орос багш нар Москвад шингээжээ. Коммунизмд дургүй орос багш, мөн тийм үзэлтэй орос найз зохиолч зураач нартай учирснаа би олз гэж боддог. Орос нөхдийн тэрс үзэл надад халдварлахад улаан оросод дургүй малчин аав ээжийн минь яриа-үзэл дэвсгэр болсон байх. 

Нэг намын дураараа дарангуйлагч алтан үеэ битүүхэн өмөөрч шүд зуугаад буйд би эмзэглэдэг. Өшөө авах хонзон үр хүүхдэд уламжлагдвал гай салахгүй. Залуу үеэ коммунист халдвар авчих вий гэсэндээ би бичдэг. Коммунист үзлээсээ салж чадахгүй-ардчилал чөлөөт зах зээлийг үзэн ядагчдын хяхуу мөд арилахгүй цартай. Ардчиллыг эхлүүлсэн залуус алдаа дутагдалд өртвөл дуу алдан баясна. Ардчиллыг зүхсээр хувьдаа байр, газар, малтай болсон. Хүүхдүүд нь барууныг үзэж нүд тайлсан ч эцэг эх нь коммунист удирдагчдын хожуулд мөргөсөөр. “Одооны байж буйг хар, урьд мөн ч гоё байж” гээд шүүрс алдана. Коммунизм эргээд ирвэл гуяа алгадан баясах хөгшин залуу бишгүй. Хувийн ямар ч өмчгүй, ямар ч эрх мэдэлгүй атлаа нийгмийн өмчийн төлөө шалдан нүцгэн зүтгэх ясны коммунист юм бол уу тэд. Эсвэл Монголдоо л тусгай хангамж гэхээр шальгүй давуу талаа алдсанд ардчилалд өширхөөд бууж өгөхгүй 30 жил хорсож явна уу.

Эрх чөлөөгүй нийгмийг туулж хаширсан хүний хувьд би буцаад нэг намын, нэг хүний дарангуйлалд үр хүүхдээ дарлууламгүй байна. Буцаад хувийн өмчгүй гуриатамгүй байна. Хуучин тогтолцоо сэргэхээр өндөлзөөд байдаг. Намайг хуучин нийгмээ мууллаа гэж давшлахын хамт-хуучнаа хүссэн өмхийрлөө зөв үү буруу юу-эргэцүүлээч. Бид даргаасаа их айдаг байв. Шалтгаан нь хамгийн наад захын, өөрөөр хэлбэл, миний даргаас эхлээд шат шатны дарга нарын оройд Цэдэнбал, Цэдэнбалын цаана Кремль. Тэмцэх гарц харагдана уу? Тийм нөхцөлд татаастай хурган дарга дийлдэшгүй тийрэнд хувирдаг. Зөвлөлтөөр сүрдүүлж, Цэдэнбалаар гул барьсан дураараа дургигчдын зуунд ганц олдсон амьдрал минь таарчээ.

Анд минь хуучин тогтолцоогоо ил далд хамгаалахаа чи хаячихвал миний өнгөрснөө шүүмжлэх санаа аяндаа унтарна. Би шүүмжлэхээ цэглэе, чи өмөөрөхөө цэглэ. Хоёул хэн нэгнээ “түрүүлж боль” гэх шударга бус тул ханиндаа зэрэг больж хойч үедээ түвэг удахаа таслан зогсооё. Зөв үү? Хүн төрөлхтөний замналаас арай дээр нь юм уу гээд сонгосныг саатуулагч-та нарыг би бичдэг болохоос сайн ч муу ч амьдарсан нийгмээ муучлахыг өмнөө барьдаггүй. 

Би “Тоншуул”-ын буянд бухимдлаа тайлж явлаа. Баримт нь тэр үед хэвлэгдсэн миний номнууд. Улаан Оросын хүчирхийлэл, социализмын засрашгүй гажгийг ёроолоор нь төнхөхийг санаархсан далд агуулгатай роман туужууд ч бий. Сонирхвол уншаад шүүгээрэй. Хөгшин төгцөг үхэж далд ор гэж хараахыг тоохоо больсон. Хөгширсөн минь миний буруу биш, үхэж далд орох хорвоогийн хууль. Хорвоогийн хуулийг Монголын хуультай адил зөрчих гээд үз л дээ ҮАБЗ-өө, УИХ-аа, ҮХЦ-ээ, ЗГ-аа, Шүүх Прокурор АТГ-аа. Ёстой хоншоор чинь дутна. 

Буруу номоор ташуурдаж явсан дарга нарыг би гоочилж явав. Харин одоо татвар төлөгчдийн мөнгийг гудрагч-увайгүй түшмэдийг бачимдуулах хоббитой. Тэд шүүхэдвэл шархыг нь олоод хөнджээ гээд урамш сэтгүүлчдээ. Шарх олдоггүй харалганыг тэд тоохгүй. Харин шархаа олж хөндөгчийг дайснаа гэдэг. Өөрийнхөө шархийг хөндсөн нийтлэлчийг ард түмний дайсан гэж тунхаглана. Дэндүү элэг барьж буй авир шүү. Ийм даварсан хогнуудыг гадарлах мэдрэмжгүй мангуу масс тэднийг оодруулдаг. Улаан орос үүсгэсэн дэглэмийг үгүйлэгчид ба өнгөрөгч зуунд нутгархаг үзлээр азрагалагчдын гарвалийг уурлуулбал зохиолч үүргээ биелүүлж буй нь тэр. Тиймээс тэдний зүхэл намайг урамшуулах учиртай-үнэлэмж юм.

Монгол Оросын хойч үе бидний найрамдал-дружба гэгч хоосон лоозонгоор бус оюуны ба эдийн ашгаар найзал. Тэгвээс нөхөрлөл-хоёр орны язгуураас тэлнэ. Том бага хөршийн иргэд бүрт өгөөжтэй, эрх тэгш, ил тод, шилэн харилцаанд үл ойлголцол үүсэхгүй гэж итгэ-орос монгол залуусаа. Хэт их гүрэн хэт жижгийг үл дээрэлхэх-даруугийн соёлыг дэлхийд үзүүлж, хэт жижиг нь тээр болж, тал алдахгүй, боломж чадлаа дайчлан хөгжиж, түшигтэй айлсагч болбол-улстөржсөн хуурамч найрамдлаас хүн ёсны түншлэлд хувирна. (2020)