ОЧИР БҮТЭЭГЧ хэмээх үзэгдэл
Энэхүү багахан мөхөс бичвэрийг Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Цэндийн Доржготовын уран бүтээлд зориулав. ДОРЖГОТОВ-Төвдөөр дорж, санкритаар базар, монголоор очир хэмээн дуудагддаг энэхүү нэр нь хамгийн сайн чанарын чулуу, чулууны дээд буюу алмааз эрдэнэ агаад готов нь бүтээгч гэсэн үг. Тэгэхээр Доржготов гэдэг нэр нь монголоор очир бүтээгч хэмээн буумой.
Ц.Доржготов гуайн 80 наснаар “эрдэм шинжилгээний” хурал,
“утгын чимэг” богино өгүүллэгийн уралдаан зохиохоор төлөвлөсөн ч ковидоос болоод биелсэнгүй.
Зохиолчдын залуу үе-шинжээч-эрдэмтэд цаг, зав, зүтгэл чамгүй гаргасанд талархахын ялдамд 2020 оны босгон дээр энд
Доржготов гуайн уншигчдад зориулж дорх бүтээлийг байршуулав.
Зохиолч залуу-фенүүд нь. 2020-12-р сарын 28.
Уран зохиол шинжээч Г.БАТСУУРЬ /Ph.D/МУБИС
Энэхүү багахан мөхөс бичвэрийг Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Цэндийн Доржготовын уран бүтээлд зориулав. ДОРЖГОТОВ-Төвдөөр дорж, санкритаар базар, монголоор очир хэмээн дуудагддаг энэхүү нэр нь хамгийн сайн чанарын чулуу, чулууны дээд буюу алмааз эрдэнэ агаад готов нь бүтээгч гэсэн үг. Тэгэхээр Доржготов гэдэг нэр нь монголоор очир бүтээгч хэмээн буумой.
Уран зохиол шинжлэлийн олон дэг сургуулийн нэг нь феноменологи шинжлэл. Мөнхүү чиг хандлага нь ХХ зуунд нэлээд хөгжсөн феноменологи философийн үзэлд суурилна. Эх газрын философи нь аналитик философидолтыг бодвол урлаг, уран зохиолд хандах оюун ухааны өргөн хандлагыг илэрхийлдгээрээ онцлогтой. Тэдгээрийн дотроос ХХ зууны сэтгэлгээнд хамгийн тод ул мөрөө үлдээсэн нь феноменологи юм. Феномен гэдэг нь үзэгдэж буй зүйл гэсэн утга бүхий Грек үгээс үүсэлтэй бөгөөд үзэгдлийн тухай сургаал гэдэг утгаар И.Кант, Ф.Гегель нарын үеэс хэрэглэгдэж байжээ. Сүүл үедээ ухамсар сэтгэхүйн гоц үзэгдэл гэсэн шиг утга илтгэх болсон ба угтаа феноменуудын тухай сургаал юм. Уг философидолт нь Германы философич Э.Хуссерлийн үзэл онолд суурилсан байна. Феноменологийн аргыг оруулж ирснээрээ философийг ихээхэн хэцүү адармаатай болгосон гэж Э.Хуссерлийг үздэг ч залгамжлагчид нь түүний үзлийг хөгжүүлэн ёс зүй, нийгмийн судлал, хууль зүй, сэтгэл судлал, гоо зүй, утга зохиол судлалд нэвтрүүлэн ихээхэн амжилт олсон бий.
«ХХ зууны хоёрдугаар хагасын уран зохиол судлалд феноменологи сургаал олон нийтийн анхаарлыг багагүй татаж 1970-80-аад оны урлаг, уран сайхны практикт томоохон үзэгдэл болон гарч иржээ. Феноменологи орчин үеийн экзистенциализмтай хүйн холбоотой байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үеийн баруун европын соёлын тэргүүлэх чиглэл Э.Гуссерлийн феноменологи, Кьеркегерын философийн үзэл санаанд тулгуурласан байна. Гуссерль өөрийн феноменологийг өнгөрсөн зууны төгсгөл үеийн гүн ухаан, туршиц сэтгэл судлалын бааз суурь дээр нээсэн билээ. Тэр өөрийн феноменологийг бүх шинжлэх ухааныг хянан шалгах бүтээлч арга зүй, юмс үзэгдлийг танин мэдэхүйн мөн чанарт нэвтрэх гол түлхүүр гэж үзэж байсан төдийгүй ертөнцийг үзэгдлийн, мөн чанарын гэж хуваагаагүй юм. Харин хийсвэр сэтгэхүй хийгээд түүний мөн чанарыг нэгэн цагт зэрэг судлахыг хичээсэн бөгөөд бодит байдлыг “гадаад”, “дотоод” мөн чанартай гэж хоёрдмол үзлийн үүднээс тайлбарлах гэж ч оролдсонгүй»[1]. Харин объект бол өөрийн ухамсрын идэвхт чанартай, энэхүү чанарын хэлбэрүүд нь зорилготой үйл явц, зорилгот шинж чанар. Зорилгот шинж чанар бол феноменологийн үзэл санааны гол түлхүүр, ухамсрын объектийг бүрдүүлэгч гэж үзсэн бий.
Мөн чанартаа философит феномен гэдэг нэр томьёогоор мэдрэхүйн туршлагад тусан хүртэгдэж байгаа үзэгдлийг заадаг бол Э.Хуссерлийн хувьд феномен гэж ухамсарт үүсч буй оногдохууны утга юм. Ингэж үзэх болсноор ухамсар бол хүмүүний аж төрөхүйн төв бөгөөд түүний өвөрмөц онцлогийг тодорхойлж байдаг гэж үзэхэд хүрэв. Байгалтай хүний оюун ухааныг сөргүүлэн тавьж хүн бол байгалийн амьтан төдийгөөр хязгаарлагдахгүй, тэр бол (хүн) цорын ганц ухамсарт амьтан учир хорвоо ертөнцийн төв агаад бүх юманд нэр өгч ертөнцийг утга учиртай болгодог. Ертөнц бол утга учрын систем бөгөөд түүнийг туурвигч нь зөвхөн хүн гэж үзэх болсноор бурхан тэнгэрийн тухай яриа ч үгүйсгэгдэх болсон гэдэг. Ингэж хүний ухамсарт бүхий л анхаарал хандах болжээ. Өөрөөр хэлбэл феноменологи нь хүний хандлага, үйлийг жинхэнэ объект гэж үздэг. Хүн юмыг хүлээн авна гэдэг нь тухайн юм оршин байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран оюун ухаанд бодогдож байгаа юмаа буюу ухамсран объект уруугаа чиглэдэг. Энэ тухай «Жишээ: Хэрэв би бялуу яг идэхийг завдаж байвал биет объект (бялуу бодитойгоор) байна гэсэн үг. Тэгвэл би бялуу байсан, байгаагүйгээс үл хамааран, зөвхөн бялуу идэхийг хүсч байна. Энд зөвхөн бялууны тухай санаан объект байна»[2] гэсэн байдаг. Мөнхүү ухамсран объектыг Э.Хуссерль философийн судлагдахуун гэж үзсэн бөгөөд объект нь утга авсан үедээ л ухамсран объект болдог. Харин түүнийг утгажуулагч нь хүн, түүний ухамсар. Тийм ч учраас жинхэнэ ахуй бол хүний ухамсарт буй тэр ахуй бөгөөд түүнийг илэрхийлэгч нь хэл учраас, хэл ньахуйн орон сууц юм. Чухам ийм л учраас феноменологи философи уран зохиол шинжлэлд нэн шадар холбогдох бөлгөө. Гэх мэтээр үздэг бөгөөд үүнийг зохиолч Цэндийн Доржготовын туурвил дээр буулган үзвээс түүний уран бүтээлүүд хэд хэдэн үзэгдэлд (феноменд) хуваагдах билээ.
Очир бүтээгчийн эхний үзэгдэл
Зохиолч Ц.Доржготовын өөрийн ухамсарт үүтгэн хүний ухамсарт шилжүүлсэн олон оногдохууны утгын эхний феномен нь шог хошин зохиол. ОХУ-ын (хуучнаар ЗСБНХУ-ын) Москва хотын хэвлэлийн дээд сургууль төгссөн тэрбээр “Тоншуул” сэтгүүлд ажиллах болсноор түүний аливааг хошигнолоор түнших авьяасыг улам өнгөлсөн байдаг. Тэрбээр “Автобусанд орох арга” (1970-2003), “Долгор нааштай болов” (1972), “Зүүднээс салдаггүй алаг нүд” (1972), “Хөөе, дарга хахлаа” (1972), “Доголон чөтгөр” (1973), “Дутагдлаа засаж яах гээв?” (1974), “Би зөвхөн өөрийгөө л шүүмжилдэг хүн” (1974), “Сайн эр ба тарлан шар” (1974), “Эрэгчин сар” (1977), “Цэнхэр бинтүүт” (1978), “ШБОС-ын Бадрах” (1985), “Хоёр толгойтой найман хөлтэй үхэр” (1989), “Өвчин худалдаж авна” (1991), “Хойноос минь нулимс унагаарай” (1992), “Эвлэршгүй өвгөд” (2000), “Боловсон хүчний бодлого” (1977-2010), “Шог зохиолч хулгай хийхээр гарлаа” (1992-2015), “Малчны календарь” (2008) гээд олон шог зохиол туурвижээ.
Мөнхүү уран бүтээлчийг“Тоншуул”-д байх үед манай уран зохиолд албан ба албан бус хэд хэдэн бүлэг, бүлгэмүүд байснаас дурдвал “Зохиолчдын хорооныхон”, “Их сургуулийнхан”, “Багшийн дээдийнхэн”, “Хөдөө орон нутгийнхан”, “Тоншуулынхан” гэх мэт. Эдгээрийн нэг болох “Тоншуулынхан” тухайн үеийн нийгмийн болохгүй, бүтэхгүй алив дутагдлыг шоглон шүүмжлэх үүрэгтэйгээр утга зохиол туурвилын хоёрдугаар эгнээнд байсан агаад социализмын магтан дуулагч нэгдүгээр эгнээнийхэнд хүч хавсрах байдалтайгаар уран бүтээлээ туурвиж ирсэн байдаг. Энэ нь тэдний үндсэн давуу тал нь ба шоглон шүүмжлэхдээ тухайн нийгмийн суурь асуудалд хандах, шүүмжлэх, дайруулах зэрэг харьцангуй чөлөөт байдлаар уран бүтээлээ туурвих бололцоотой байсан ажээ. Ингэснээр уран бүтээлдээ хоёрдмол далд утга шингээж гашуун инээд, хоржоонтой наргиагаар үндсэн агуулгаа дагнааслан туурвих болсон. Чухам ийм өнгө аясаар уран бүтээлээ туурвиж ирсэн хамгийн тодорхой төлөөлөгч нь өгүүлэн буй зохиолч Ц.Доржготов.
1970-аад онд бичсэн бүтээлүүдээ өнөөдөр ямар нэгэн засваргүйгээр дахин хэвлүүлдэг зохиолч олон биш, ялангуяа тухайн үеийн нийгмийн гишүүдийг шүүмжилсэн, нийгмийн үйл амьдралыг дүгнэж цэгнэсэн бүтээлүүдийн хувьд ийн хэвлүүлэх бараг боломжгүй. Учир нь тухайн үед буюу социализмын оргил үед манай нийт уран бүтээлчид гагцхүү социализмыг магтан дуулагчид байсан нь нууц биш билээ. Гэтэл зохиолч Ц.Доржготовын мөн үед бичсэн зохиолууд өнөөгийн нийгэмд ч үл хоцрогдох шинжтэй байгаа нь энэ уран бүтээлчийн царааг бэлхнээ илтгэх юм. Мөн зохиолууд нь уран зохиолын мөнхийн сэдэв хэмээн нэрлэгддэг хайр сэтгэл, эх орон, нутаг ус, эцэг эхийн элбэрэл журмын сэдвүүдийн алинд ч хамаарахгүй агаад нийтийн дунд цаг үеийн сэдэв хэмээн үнэлэгддэг сэдэв хамаарч байгаа нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөний мөнхийн сэдвүүдээр бичигдсэн бүтээл ийнхүү он дамжин үлдэх нь ердийн зүй тогтолт үзэгдэл, харин цаг үеийн сэдвээр бичигдсэн зохиол тэр тусмаа эсрэг тэсрэг хоёр нийгмийн үед бичигдсэн атлаа өнөөдөр үнэ цэнэ нь буураагүй байна гэдэг нь тухайн зохиолчийн туурвил зүйн чансааг аргагүй л тодорхойлно.
Үүнийг ганцхан жишээгээр буюу 1979 онд бичсэн “Будааны хүүхэд” өгүүллэгийг 2010 онд бичсэн “Боловсон хүчний бодлого” өгүүллэгтэй харьцуулан тодруулж болно. “Будааны хүүхэд” өгүүллэгт “Салбарын дарга Рэгдэн рүү яамны нэг муу “Будааны хүүхэд” утасдан 103-р захиалгыг яагаад таслав хэмээн тулгахад Рэгдэн ихэд мэгдэн ажил дээрээ ганцаар үлдсэн байсан нябо Даржааг буруутган үг хэлэхийн завгүй дүрэмдэн загнаж маргааш яамны коллегийн хуралд танилцуулах илтгэх хуудас бичихийг үүрэгдэнэ. Гэтэл нөгөөх “Будааны хүүхэд” андуурсан болж таарах ба Рэгдэн нябогоо дэмий буруутгаснаа мэдэн уучлалт гуйн, худал дүр эсгэж үнсэх гэж дайрах ба өөрөө ямар ажил, юу хариуцдагаа огт мэдэхгүй Рэгдэн өөртэйгээ ижил юу ч мэдэхгүй яамны будааны хүүхдийг буруутган шогшрох агаад өөрөө яг л адилхан будааны хүүхэд, нябо нь мөн л будааны хүүхэд, ерөөсөө энэ нийгмийн гишүүд бүгд л будааны хүүхдүүд гэдгийг Ийм будааны хүүхдүүд ганцхан над дээр шавчихав уу?эсвэл Монгол улсыг бүрхчихэв үү?” хэмээн тодотгон өгүүлсэн бий. Энэ зохиол нь социализмын оргил үед буюу 1979 онд бичигдсэн, гэтэл 1990 оны ардчилсан хувьсгалаар нийгэм бүрэн солигдчихоод байхад буюу 2010 онд мөнхүү будааны хүүхдүүдийн будлиан дуусаагүй бүр ч төгөлдөржин үргэлжилсээр байгааг “Боловсон хүчний бодлого” өгүүллэгтээдүрсэлжээ. Мөн зохиолд “Бас нэгэн жижиг байгууллагын дарга будааны хүүхэд буюу орчин цагийн хэллэгээр бол цүнх баригч Барвий мөн будааны хүүхэд болох боловсон хүчний эрхлэгч Лодойг дуудан өөрийн байгууллагад шинээр ажилд орсон нэрийг нь олохгүй байгаа нэгэн ажилтны цалинг нэмэх талаар ярина, Лодой эргэлзэж эргэлзэж Батаа хэмээх юу ч хийдэггүй гангамсаг шалиг будааны хүүхдийг нэрлэвээс Барвий будилагчийн дүрээсээ үл гаран түүний туршилтын хугацаа дуусчихаад байхад яагаад цалинг нь нэмэхгүй байна, манай намд ингээд л боловсон хүчний бодлого алдагдаад байна гэхэд Лодой гарч, Батааг дуудан оруулж ирээд би чиний цалинг нэмэх гээд Барвий дарга нэмж өгдөггүй түүнтэй би муудалцан зүтгэж байж цалинг чинь нэмэхээр боллоо хэмээн гавьяа байгуулсан мэтээр өгүүлэхэд Батаа ярианы сиймхийгээр нь энэ муу Барвий чинь миний хүргэн ах, манай нагац ах энэ ажилд нь тавьсан юм хэмээн мөн уурлан дүрэмдсээр гарч одоход Лодой хий ангалзан хоцроод боловсон хүчний бодлого гэж аргагүй л нарийн ухаан шаардсан ажил шүү” хэмээн үлдэх аж. 1979 онд будааны хүүхдүүд монгол улсыг бүрхэж байсан бол өнөөдөр цүнх баригчид бүрхжээ. Хэдийгээр нийгмийн үзэл санаа сууриараа өөрчлөгдсөн ч хүмүүсийн амиа бодсон бэртэгчин зан, танил тал, ах дүүгийн холбоо хэлхээгээрээ ажил орж албан тушаал ахидаг, арчаагүй байдал улам бүр боловсронгуй болон хөгжиж улс орныг дотроос нь идсээр байгаа нь ер өөрчлөгдсөнгүй бүр ч гаарчээ гэдгийг ийн үзүүлсэн байна. Энэ мэтээр нийгмийн амьдралын гэм дутагдал хийгээд хүмүүсийн харилцааны ээдрээт талуудыг үзүүлсэн олон шог хошин зохиолууд нь манай уран зохиолын энэ чиглэлийн хөгжлийн түвшинг тодорхойлсоор байдаг билээ. Өөрөөр хэлбэл чухамдаа Тоншуулынхны үед л манай шог хошин зохиол урбан буюу хотын уран зохиолын шинжид илүүтэй зохирон, эрийн цээнд хүрч манай утга зохиолын нэгэн үзэгдэл болж ирснийг зохиолч Ц.Доржготовын уран бүтээлээр төлөөлүүлэн үзэж болохоор юм.
Очир бүтээгчийн удаах үзэгдэл
Зохиолч Ц.Доржготов шог хошин зохиол бичихийн зэрэгцээгээр үргэлжилсэн үгийн богино хэлбэрийн нэлээд бүтээлүүд туурвисан. Тэдгээрээс дурдвал “Шүүхийн дарга Дунгармаа” (1977), “Галын бурхан” (1978), “Үнэ цэнэ” (1979), “Би юу эрээд байна аа” (1980), “Нохой гэрт хүн урдаггүй” (1980), “Азаргагүй гүүнүүд” (1980), “Итгэлийн гал жаргасангүй” (1981), “Баба” (1983), “Цүнхтэй хүн” (1984), “Усны үнэр” (1985), “Говийн ганц гэр” (1987), “Бурхан ба депутат” (1991), “Цувдай” (1992), “Амгай зуузай” (1993), “Амьтан” (1994), “Цагаан өнгө” (1997), “Муурын хонзон” (1998), “Хуруун чинээ лааны гэрэл” (1998-1999), “Хэнхэг лүд” (2002), “Зулын гэрэл” (2005), “Тоодог Базар” (2008), “Сүнсэнд шингэсэн гэмшил” (2008), “Сонсгоод” (2009-2015), “Эмгэнт” (2010), “Цасны бэлэг” (2012), “Гичий чонын гиншээ” (2014), “Цав цагаан” (2015).., гээд олон бүтээлүүд бий. 1980-аад бичсэн “Би юу эрээд байна аа”, “Нохой гэрт хүн урдаггүй”, “Баба” зэрэг бүтээлүүд нь тухайн үедээ манай уран зохиолд цоо шинэ зүйл байсныг эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байдаг. Шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд байр эзэлсэн “Сүнсэнд шингэсэн гэмшил” гэх нэгэн сонирхолтой бүтээл байдаг. Өгүүллэгт “Өтөл болсон өвгөн Сэдваанчиг сумын төвд байж чадахгүй хэмээн хүүгийндээ, хөдөө өвлийг өнгөрөөх аж. Нэгэн удаа хоёр ач нь өвөөгөө дамшиглан үхрийн сээрийг төмрийн хөрөөгөөр сэм хөрөөдөн ор гаргаад тавьчихжээ, өвгөн нөгөө сээрийг хуга шааж орхиод баахан эрэмшин хөөрнө. Хавар болж эмгэн Сэрээдэнэ нь хөдөөлөн хоёул дөрвөн ханатдаа орж амар жимэр сууж байгаад санаандгүйгээр муудалцан хэрэлдэхэд эмгэн нь өвгөнөө давах гээд нөгөөх сээрний тухай үнэнийг хэлж орхижээ. Өвгөн түүнийг сонсмогцоо ганц үг дуугарахгүй байсаар насан зүг болно. Эмгэн өөрийгөө зэмлэн толгой өөд татахгүй уйлсаар байх бөгөөд “Эр хүнийг эр чадлаар нь басамжилна гэдэг ийм аюултай ажээ” гэх эмгэний гэмшил энэ насанд нь дуусдаг болов уу, хойд насанд нь буухиалдаг болов уу” хэмээн өгүүлдэг. Өвгөний сээр хугалаад хөөрөн хэнхэлзэж буй хийгээд ерөнхий дүрслэл нь инээдтэй мэт боловч зохиолын төгсгөл нь гашуун гуниг, харамсал дүүрэн. Зохиолч Ц.Доржготовын олон бүтээлүүд нь энэ мэт инээд нулимсыг сүлжин өгүүлж урлаг гоо зүйн үндсэн категорууд болох инээдэм, эмгэнэл хоёр нэн зохиролтойгоор сүлэн дүрсэлсэн байдаг онцлогтой. Энэхүү өвөрмөц феномен нь түүний уран бүтээлийн үндсэн онцлог.
Энэ онцлог нь Тоншуулд ажиллаж байх үеэс нь улбаалсан. Ер нь Тоншуулынхны уран бүтээл хэд хэдэн онцлогтой. Учир нь Тоншуулынхан хошин шог мөртөө шүүмжилсэн санааг гаргах шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээж байв. Үүнийг илэрхийлэх хамгийн оновчтой дүрслэлийн шийдэл нь утга далдлах арга байсан юм билээ. Мөн школд хамаарч байсан зохиолч Ж.Барамсай, Ц.Доржготов нарын зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүдээс энэ мөн чанар харагддаг. Гэхдээ зохиолч Ц.Доржготов эдгээр шинж дээр яльгүй харуусалт уянга нэмдэг онцлогтой. Үүнийг нь дээр өгүүлсэн “Сүнсэнд шингэсэн гэмшил” бүтээлээс төвөггүй үзэж болно. Сэдваанчиг өвгөн хөгшин цээжээ хэнхэлзүүлэн хөөрцөглөж хүүхэд нохойн тоглоом болж байгаа нь нэг талаас инээдтэй, төгсгөл нь эмгэнэлтэй байгаагийн зэрэгцээгээр насны хярд гарсан өвгөний дурсамж, эмгэнээ хаяа санах, хүүхдүүдээ өхөөрдөн хайрлах, эмгэний өвгөнтэйгээ учран тайвшрах, тогоо шанагаа нийлүүлэх, тэгээд төгсгөлд нь би юунд тэгж хэлэв дээ хэмээн ганцаар уйлан суух зэрэг нь уянгатай дүрслэлүүд. Тэгэхээр инээдмийг эмгэнэлт болгохдоо уянгаар хучиж байна. Ингэснээр эмгэнэлт инээдмийн жанрын шимшрэм дүрслэл тодорч байгаа нь манай өгүүллэгийн туурвилд гарсан бас нэгэн сод үзэгдэл билээ. Хэдийгээр дурдсан өгүүллэг нүүдэлчдийн реализмд хамаарах ч гэлээ түүний урбан шинжтэй нэлээд бүтээлүүдэд тухайлбал “Хөгшид хөгжөөнтэй” өгүүллэгт дээрх мэт санаа мөн л явж байдаг. Зохиолч Ц.Доржготовын үргэлжилсэн үгийн богино хэлбэрийн зохиолууд нь хошин, эмгэнэлт инээдмийн гэсэн хоёр үндсэн чиг шугамтай агаад тэдгээрийн аль алинд нь сэтгэл зүйн уянгалаг мөн чанар нэвт шингэсэн байдаг онцлогтой. Энд дурдах ёстой бас нэгэн зүйл бол феноменологийн сургаалд байдаг “Хэл бол ахуйн сууц” хэмээх тодорхойлолтод яв цав тохирдог мөн чанар.
Зохиолчийн хэлний чадлыг ганцхан жишээгээр тодруулбал “Алсран бүдгэрэх бурхад” (2008) өгүүллэг. Энэ өгүүлэг бол нүүдэлч амьдралын нэгэн өдрийн бүрэн зураглал юм. Үүнд байгалийн зураглалыг «Жаргах нарны хурц шаргал туяанд алтаар дүрэлзсэн Хөгнө хан уулын час улаан оргилууд дөл мэт эрвийж сэрвийсээр тэнгэрт хөхрөн бүдгэрлээ. Нар шингэмэгц Гашууны голын дагуух ногоон дэнжүүд гэнэт яав ийв гэлтэй сэрүү татуулав»[3] гэх буюу «...Өвгөн халуун наранд шарагдан хониныхоо дэргэд сууна. Хонь нь түүнээс үргэнэ гэж байхгүй. Аль л амттай ногоог сорчлон хазалсаар нов ногоон довон дээр суусан өвгөнийг нөмөрлөө»[4] зэрэг дүрслэлүүдээс зун цагийн хөдөөх байгалийн дүр зураг бүрэн тодорч мөнхүү дүрслэлийн хэлээр монгол нутгийн байгалийн ахуй байдлыг сууцлан бүтээж байна. Тэгвэл хүмүүний зураглалыг «Эмгэн өвгөн хоёр нүүр нүүрээ сайн харахгүй агаад чих хатуутайгаас чанга чанга ярина»[5], «Харанхуйд аягатай тараг шор шор оочиж суусан өвгөн Банди, -Ойрдоо шөнө нойр хүрэхээ болилоо гэхэд эмгэн Жагдал аман дахь ааруул өрмөө хүлхэнгээ, -Хэний яанаагүй шөнө нойр сэрвэлзээд байдаг боллоо. Та бид хоёр хэдэн сар мах амсалгүй дан цагаан идээгээр зуслаа шүү дээ. Сэрүүдэж байгаа юм байлгүй гэв»[6], «Банди нэг мэдэхнээ ийм хэцүү даагаварт тохогдсоноо сая ухаарч эмгэндээ дургүй нь хүрэв. Энэ мөчид хэдэн хонины нь амь малын амь бус хүний амь мэт айдас төрүүлсэн ухаарал хамаг биеийг нь эзэмдлээ. Үнэндээ хүн малын амь ялгаа юу билээ. Алуулж буй хонь, алуулж буй хүн шиг л зовно. Чухамдаа амь тасрах аймшигт агшин хүн малд ижил байх учиртай»[7], «Бахираа Цадмид урт нударга савчуулан хоёр богинохон хөлөө сөхөртөл нөгөө хонийг элдэв. Элдэж элдэж арай гэж нэг юм барьж аваад гэрийн зүг амьсгаадан чиртэл эмгэн гүйж ирээд уруулы нь сөхөж шүдий нь үзсэнээ, -Шүд нь сийх яагаа ч үгүй цэл залуугаараа хонь байна. Наадхыгаа тавь! Өөр ахимаг хонь олъё гэв»[8] гэх мэтээр дүрслэн өгүүлж нүүдэлчин монгол хүний дүр байдал, сэтгэл, сэтгэлгээ, хүн хоорондын харилцаа, амьдралын хэв загвар, учир бэлгэдэл, үнэт зүйл хийгээд монгол хүний мөн чанарыг бүрнээ зураглан илэрхийлсэн байна. Мөн ахуй соёлын зураглалыг «Үдшийн бүрийд ганц бор гэрийг олон хонь битүү бүрхсэн нь бүдэг бадаг. Багшран хотолсон хонин сүрэг дундаас өөвгөр гэрийн зөвхөн тооно яндан цухуйжээ. Ааг шимтэй хурц исгэлэн, говийн гэлтэй нарийн ногоо гэдсээ түнхийтэл чихсэн хонин сүрэг яая даа байз гэсэн байртай хэвтэртээ тарвалзана. Хэнз хурга ишиг гэр тойрч тонгочин тоглох нь өхөөрдөм агаад зарим дүрсгүй нь бүр гэр дээр гарчээ. Хойморт анивалзан мандах зулын гэрэлд үл ялим мишээсэн юм уу даа гэмээр бурхны дүр бүрэнхий гэрт гагцаар туяаран гийнэ»[9], «Банди хутга билүүднэ. Зөөлөн билүүгээр хутгаа нэлээд үрээд хутганд наалдсан билүүны баасыг арилгав. Чингээд ирий нь хурууныхаа өндгөөр болгоомжтой тэмтэрч шалгаад толгой сэжилснээ дахин билүүдлээ. Жагдал маань гүвтнэн том цөгцөнд зул хийнэ. Банди хутгаа билүүдэж билүүдэж, тулганы захын адсаганы сэжүүр дөнгөж сөхөөд ирлэсэн хутгаа нуув»[10] гэх мэтээр зураглан дүрсэлж ухамсран объект болгон утгажуулж, хүний сэтгэхүйд бөхлөн нэгэн өдрийн дүрслэлээр нүүдэлчин монгол хэмээх өвөрмөц онцлог бүхий феноменийг дархлан бүтээж байгаа юм.
Очир бүтээгчийн гутгаар үзэгдэл
Зохиолч Ц.Доржготов үргэлжилсэн үгийн богино хэлбэрийн төдийгүй дунд хийгээд том хэлбэрийн бүтээлүүд туурвисан. Тухайлбал “Цагийн өнгө” (1978), “Төөрсөн авьяас” (1982), “Тэнгэр дуугарахын өмнө” (1988), “90 хоногийн оргодол” (1995), “Нөгөө нэг явдал” (2001) зэрэг туужууд болон “Шим мандал” (1981-1982), “Улаан орхимжны давалгаа” (1991) зэрэг романууд бий. Эдгээрээс хамгийн алдартай нь “Тэнгэр дуугарахын өмнө” (1988) тууж, “Улаан орхимжны давалгаа” (1991) роман. 1980-аад оны дунд үе гэхэд социализмын хямрал гүнзгийрсэн нь нийгмийн сэхээлэг хэсэгт хэрхэн мэдрэгдэж байсан нь “Тэнгэр дуугарахын өмнө” туужаас харагддаг. Мөн үеэс яригдаж эхэлсэн өөрчлөн байгуулалт өнгөц хийгдэх боломжгүй болохыг зохиолч Ц.Доржготов мэдэрч байснаа мөнхүү тууждаа үзүүлсэн бөгөөд энэхүү урбанист тууж нь социалист монголын нийгэм сууриараа хэрхэн ялзарсан болохыг нээснээрээ сонирхолтой.
Зохиолд социализмын үед нэн түгээмэл байсан нэгэн албан газрын ажилтан Самбуу, Басан нарын амьдралаар нийгмийн амьдралын дүр зургийг үзүүлсэн. Оюутан цагаас л хамт суралцаж ирсэн Самбуу, Басан нар нэгэн байгууллагат хамт ажиллаж эхлэх бөгөөд яг амьдрал дээр гартал угийн толгой муутай хичээлдээ тааруу Басан албан тушаал дэвшиж, хичээлдээ сайн байсан ажилдаа гаргуун Самбуу Басангийнхаа боол зарц мэт болж хувирна. Оюутан байхдаа Самбуугаас ямагт будаа идэн амь тээж явсан Басан хурган дарга болчихоод Самбууд элдвээр дүрэмдэхээр барахгүй өөрөө дахин дэвшинэ, тэгээд чамайг өөрийнхөө оронд дарга болгоно хэмээн шалтаглан гэр орноор нь байнга очин архидаж, Самбууг элдэвлэн дарамталж зарсаар байна. Самбуу Басангийн доор явах болсондоо эргэлзэн гайхах боловч яаж ч чадалгүй, нойр хоолгүй зарагдсаар эцэстээ эрүүл бие нь өвчинд баригдаж өрөөл татанхай амьтан болж хувирдаг. Самбуу нутгийн өвгөн Манжгайн итгэж үлдээсэн мөнгийг хүртэл үрэн таран хийж, хүн чанараа алдахаас аргагүйд хүрнэ.
Зохиолын дүрүүдийн нэршил ч учиртай агаад улсын өмчийг элдвээр үрэн таран хийгч Үрээнхэй, ажилдаа муу хэрнээ худал дүр эсгэгч Магуужин болон Ойрад нэрт Басан нар хэдийгээр тэрхэн цагт дураар дургин эзэн хаад мэт аашилж байвч сууриараа ховхорч буйг нь «Тэгтэл түүний болгоомжлол гэнэт айдас болж хувирлаа. Юу вэ гэвэл дөч гаруй жил нам, төрийг эзэгнэсэн Цэдэнбал даргыг нь намрын нэгэн сайхан өдөр хамаг тушаалаас нь оросууд аваад хаячихав. Хэзээ ч хөдлөшгүй гэж итгэж явсан суваргын орой мултран унаж, Басангийн хувьд гэрэлт наран гэгээн өдрөөр бөхөж, харанхуй шөнө түүнийг сэм нөмөрлөө. Эрх мэдэл эрчим хүчиндээ улайдаж асан Басангийн бүх бие залгуурыг нь салгачихсан цахилгаан индүү адил аажуухан хөрж эхэлжээ. Ажил амьдралын атираа нугачааг хүндэтгэн дагаж бэдрэх ёстой жамыг уландаа гишгэн үл тоомсорлож, бүхнийг сүр далайлган дарангуйлж явсныгаа Басан хэрхэн бухаж, цэвэр цэмцгэр үлдэхээ тунгаан хэд хоног даруухан даргамсахыг хичээв. Муусайн юмнуудын өмнө биеэ барьж явах түүнд ямар гутамшигтай байсан гээч. Гэвч Басан яваандаа зүсээ хувиргаж, шинэ байдалд дасахын төлөө чармайхаар эрс шийджээ. Гагцхүү түүний чадал ухаан хүрдэг болов уу яадаг бол»[11] хэмээн өгүүлсэн байдаг. Үүгээрээ хуучин нийгмийн үеийн дарангуйлагч Ю.Цэдэнбал гэгчийн орон нутгийн харьяаллаар буюу Увс аймгийн харьяат хэн нэгнийг бүх л байгууллагуудын ямар нэгэн томоохон албан тушаалд зориуд байршуулан халхуудыг дарж байсан үнэн байдлыг шүүмжилсэн байдаг. Зохиолын эцэст хэдийгээр Самбуу дийлдэн өвчинд баригдсан мэт боловч мөн чанартаа Басан сууриараа ховхорч өрөөл татанхай болсон нийгмийн төлөөлөл дүр болохын хувьд нэгэн удаа тэнгэр дуугарахад л замхрах нь тодордог.
Зохиолч Ц.Доржготовын ухамсарт бүрэлдсэн дараагийн томоохон үзэгдэл болох “Улаан орхимжны давалгаа” романд 1937 оны их хэлмэгдүүлэлтэд төв халхын номын их орон суурин Эрдэнэзуу хийд хэрхэн өртөж, лам нарыг ньулаан оросууд, ойворгон монголчуудыг ашиглан аймшигтайгаар хэлмэгдүүлэн үгүй хийсэн гунигт түүхийг хүүрнэнэ. Зохиолын гол дүр Агваан гавж тухайн үеийн эрдэмт лам нарын жишгээр цагийн жамыг дуугүй хүлцэн дагах бөгөөд хүний ёсыг уландаа гишгэсэн угийн залхуу, ядуу гуйранчид төрийн эрхэнд гараад нэгэн жаранд үл дийлдэх юм гэнэ лээ, тэгэхээр Зуугийн багштаны хэлсэн ёсоор дуугүй хүлцэнэ хэмээгээд буудуулах боловч галзуу Лувсанбалдан мэтийн алуурчдыг мөн чанараараа дийлэх аж. Хэлмэгдүүлэгчид өөр өөрсдийгөө эсэргүү хэмээн гүтгэн бариулах агаад монголчууд хэрхэн бие биеэ барьж идэж түр атугай гол зогоож байгаа нь шимшрэм агаад түүнийг нь оросууд ашиглан үндэстнийг хоморголон устгаж байгааг дүрсэлжээ.
Роман эсээлэг шинжтэй. Уран сайхны дүрслэлийг зэрэгцээгээр Орос оронд мөн хэлмэгдүүлэлт хэрхэн өрнөсөн, Чойбалсангийн бодлого, тухайн үеийн нам, засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг тайлан хүүрнэсэн байгаа нь уг зохиолыг эсээ хэлбэрийн роман хэмээн дүгнэх боломжийг олгож байдаг. Энэ бол зохиолчийн мөнөөхөн Тогшуул сэтгүүлд ажиллаж нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж байсны үр дүн.
Зохиолд Агваан, Сономпэл нарын хайр сэтгэл, Туваан, Банзар нарын хямдхан нөхөрлөл, Лувсанбалдан, Гүрсэд нарын явуургүй харгислал, Громов, Арсланов нарын зэрэг оросуудын үнэн дүр төрх.., гээд тухайн үеийн нийгмийн гишүүдийн амьдрал хувь заяаг тухайн цаг үеийн үзэгдэл болохынх нь хувьд хуудуугүй дүрсэлсэн байгаа ба эдгээрийг өөдгүй бэртэгчин Тувааны дүрд уян үзүүлсэн нь нэн оновчтой зохиомжийн шийдэл юм. Хувьсгалын эхэн үед Булган уулын энгэр дэх бурхны хөргийн нүдийг сохолж явсан Туваан амьдралынхаа эцэст мөнөөхөн бурхныхаа дэргэд ургасан далийн цэцгэнд сууж амь амьдралаа уртасгахаар тэмцэн явааг дүрсэлжээ. Туваан хотод намын сургуульд очоод мөнөөхөн “Тэнгэр дуугарахын өмнө” туужид гардагчлан бас л баруун аймгийн Нүрзээ хэмээх туйлын ядуу гуйлгачин гарвалт, дагавар хүүхэдтэй, баяд хүүхэнтэй гэрлэжээ. Тийм эхнэртэйн хувь хишгийг хүртэн амь тээсээр тэтгэвэртээ гарсан Тувааны дагавар охин түүний нөхөр нар мөн л нутгийн татаасаар төрийн өндөр албанд очсон байгааг үзүүлсэн бий. Эдгээр баримтууд нь уг романд зөвхөн хэлмэгдүүлэлт төдийгүй тайван цагийн нийгмийн амьдралын гажуудлыг ч харуулсан онцлогтой болохыг илтгэнэ. Мөнхүү дүрслээд байгаа баруун аймгийн эхнэр авах, баруун аймгийн хүнийг дарга болгож төв халхуудыг даруулах зэрэг нь оросуудын бодлого байсныг нийтлэлч Баабар «Монгол үндэстэн гэдэг нэлээд өргөн ойлголт. Даян хааны үед төлөвшин буй болсон орчин цагийн шинэ монгол үндэстэн цагийн явцад Орост буриад, халимаг гэсэн, Хятадад барга, цахар, дагуур, харчин гэх мэт нэлээд олон Монголд халх, ойрд гэхчилэн ястнаар хуваагдана. Ийм ангиллаар Цэдэнбал ястны хувьд зөвлөлтүүдийн сонголтод угаасаа таарч байсан бололтой. Чингисийн үед дэлхийг захирч чадах үндэстэн гэдгээ ертөнцөд таниулсан монголчууд их удирдагчаасаа хойших бүхий л үеийн турш хоорондоо хэзээ ч эвээ олж чадахгүй нөхөд гэдгээ харуулсаар иржээ. Ялангуяа 1911-1921 оны хооронд болсон үйл явдлууд угаасаа монголчуудын талаар боломжийн судалгаатай зөвлөлтийнхний ойлголтыг бататгалаа. Хоорондоо түнжин муутай энэ ард түмний олонхийг цөөнхийн төлөөлөгчөөр удирдуулбал асуудлыг намжаана гэдгийг тэд харсан бололтой»[12] гэсэн байдаг билээ.
Феноменологи шинжлэлд уран зохиолыг задлал хүлээж байдаг амьгүй текст биш гэж үздэг ба феноменологичдийн тунхагладгаар өөрөө өөрийгөө илрүүлэгч зүйл буюу харилцааны үйлдэлт шинж бүхий биеэ даасан хүний илэрхийлэл гэдэг. Тухайн бүтээл хэрхэн бичигдсэн нь чухал биш, ер нь уран зохиолыг үнэлэх ямар нэгэн объектив үнэлэлт ч гэж байх ёсгүй агаад хамгийн гол нь зохиолчийн ухамсрын элементүүдийг хэрхэн хуримтлуулсан байгаагаар нь зохиолыг дүгнэнэ. Уран зохиол нь уншигчийг ч мөн тийм хэмжээний ухамсрын үйлдэл хийхэд хүргэх ёстой. Учир нь уран зохиол бол угтаа цэвэр субъектив зүйл, тухайн хүний ертөнцийг хэрхэн хүлээн авч буйн илрэл хэмээн үзэх билээ. Ийн үзвээс зохиолч Ц.Доржготов өөрийн үеийн ертөнц, нийгмийн амьдралын бүхий л үзэгдэл үйл явцуудыг өөрийнхөөрөө тунгаан өвөрмөц онцлог бүхий феноменийг бүтээсэн юм. Түүний феномен трагикомеди шинжтэй, уянгын аястай, эсээ нийтлэлийн өнгө бүхий урбан төрхтэй. Ялангуяа хошин шог бүтээлүүд нь хөдөөгийн реализмд үл хамаарна.
Очир бүтээгчийн дөтгөөр үзэгдэл
Зохиолч Ц.Доржготовын уран бүтээлд эхнээсээ ажиглагдсан нэгэн онцлог шинж нь эсээ нийтлэлийн өнгө төрх байсан. Энэ нь мэдээж “Тоншуул” сэтгүүлийн нийтлэлийн бодлоготой холбоотой. Мөн сэтгүүл нь нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж шүүмжлэх үүрэг хүлээж асан бөгөөд тэрхүү үүргийг ихээхэн зөв ашиглаж чадсан цөөхөн уран бүтээлчдийн нэг нь өгүүлэн зохиолч. Ц.Доржготов бээр “Бид хэн бэ” нийтлэлийн ном гаргасан ба уг номд “Ам бат бол амь бат”, “Орос ах хэмээх залбирал”, “Нүүдэлчдийн коммунизм”, “Ардчиллын харгуй”, “Маниусын байж буй царай”, “Хүзүүн дээр тохсон хүнд гар”, “Есөн түрлэг үглэл”, “Шог зохиолч бол нийгмийн бохирын слесарь”, “Гишгэсэн мөр зохиомол ч гэрэлт ирээдүй заяамал” гэсэн 9 бүлэгтэй, 100-аад нийтлэл орсон байна. Түүний нийтлэлийн өнгө төрх нь улс орны хөгжлийн хандлага, гажуудал, түүнийг засан залруулах боломж, монгол хүний мөн чанарын талаар байдаг ба ингэхдээ мөнөөхөн хошин егөө өнгө аясаар хүүрнэн өгүүлж шоглон шүүмжилдэг.
2020 онд 80 насны сүүдэр зэрэгцэж буй хэдий ч дэлхий дахины хөгжлийн хандлага, улс хоорондын геополитик хийгээд өөрийн орны гадаад бодлого, уул уурхайн асуудал, түүнийг дагасан гадаадын хөрөнгө оруулалтын асуудал, монгол хүний заяамал араншин түүний муу, сайн чанаруудын талаар егөөдөн эргэцүүлж бичсэн байдгаас нь үзвэл манай зарим албан ёсны мангуу сэхээтэн нэртнүүд хийгээд хоцрогдлын туйл болсон зарим их хурлын гишүүд болон цаашлаад хар массын мэдлэг боловсролд ихээхэн тустай нийтлэлүүдийг бичдэг. Залуудаа социализмыг егөөдөн шоолсон өгүүллэг, тууж бичиж, шилжилтийн үед ч мөн л нийгмийн амьдралын гажуудлыг ёгтлон шүүмжилж, хэлмэгдүүлэлтийн сэдвээр роман туурвиж асан зохиолч маань өнөөдөр 80 нас хүрчихээд хам цагийн сэдвээр буюу нийгмийн амьдралын халуун цэгт өрнөж буй үйл явдлын талаар маш зөв логиктой дэлхийн жишгийг дагасан нийтлэл бичиж сууна гэдэг юутай бахархам хувь заяа, хүндлэн дээдлэм мэдлэг, туршлага, ухаан бэ.
Гэтэл гадаад харилцааны, хуулийн, эдийн засгийн мэргэжилтэй ид насны сэхээтнүүд дотор ч дэлхий нийтийн хөгжлийн хандлагыг буруу ойлгочихсон, гадаадын хөрөнгө оруулалт бол эх орноо худалдаж буй явдал, монгол шиг тэнгэрлэг улс үгүй, монгол ухаан бол дэлхийд байхгүй.., энэ тэр гээд элий балай юм яриад, бичээд сууж байдаг мянга мянган харанхуйчууд байсаар л байна. Түүнийгээ мэдэхгүй өвгөн зохиолчийг элдвээр хэлсний хариуд зохиолч «Зөнөг гэгдэх тэнэг гэгдсэнээс арай дээр. Учир нь зөнөг бол насных, тэнэг бол төрөлхийнх»[13] гэж тохирсон хариуг нь өгсөн бий. Зохиолч Ц.Доржготовын энэ үлгэрлэл бол манай уран зохиолд цоо шинэ зүйл. Манай ихэнх ахмад зохиолчид жаахан насжаад ирэхээрээ өөрийнхөө бичсэнээс өөр юу ч уншихаа больж, өөрийгөө нэр төр, элдэв шагналаар тултал нь ачаалж аваад залуу насандаа бичсэн ганц нэг гайгүй бүтээлийнхээ талаар хөөс захартал худал бурж, хуурай хоосон сургаал айлдан, зурагтын суваг болгоноор уншигчдыг залхтал дэмий донгосч, болж өгвөл өөрийнхөө хөшөө дурсгалыг босгуулахын хичээн лобби хийж явдаг нь түмэнд ил, тогтсон жишиг. Гэтэл зохиолч Ц.Доржготов энэ жишгийг үл хайхран, цаг үеэсээ хоцрогдох нь бүү хэл түрүүлэн харж улс орныхоо ирээдүйг аврахын төлөөнөө нийтлэл бичиж, ард түмнээ соён гэгээрүүлж сууна. Энэ бол жинхэнэ сэхээтэн, жинхэнэ зохиолчийн мөн чанар. Ийм гоц чанарт сэтгэхүйн үзэгдэл монголын уран зохиолд олон байгаасай!
Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ц.Доржготовын уран бүтээлүүд нь:
Трагикомедия буюу эмгэнэлт инээдмийн,
Хошин егөөдөл, шүүмжлэлт утга, уянгын аястай,
Яруу тансаг хэл найруулгатай,
Урбанист буюу хотын уран зохиолын шинжтэй зэрэг үндсэн онцлогуудтай.
ХYIII зууны үеийн соён гэгээрүүлэгчид болох М.Монтень, Ж.Ж.Руссо, Д.Дидро, Д.Аламбер, К.А.Гельвеций, П.А.Гольбах, Вольтер нарын үзэл санаа, гүн ухааны туужууд, улс төрийн сэдэвт трактатууд зэрэг уран сайхны бүтээлүүд нь тэрхүү нийгмийнхээ үзэл санаанд гүнзгий нөлөө үзүүлэн хүн төрөлхтөний түүхийн аугаа их хувьсгал болох 1789-1793 оны хөрөнгөтний хувьсгалд олон түмнийг үзэл санааны хувьд бэлтгэж өгсөн байдаг, ингэснээрээ хүний түүхийн цоо шинэ үеийг эхлүүлсэн гавьяатай. Эдгээрийн дотроос Францын суут зохиолч Вольтер (Франсуа Мари Аруэ)-ийг 100 жил амьдарсан уран бүтээлч, соён гэгээрүүлэгч хэмээн үнэлдэг. Учир нь Вольтер 1694-1778 оны хооронд буюу 84 жил амьдарсан, хамгийн гол нь 5 настайгаа эхлээд бүхий л амьдралынхаа туршид уран бүтээлээ туурвин, ард түмнээ соён гэгээрүүлж байсан учир түүнийг ийн үнэлдэг билээ. Энэ мэтээр уран зохиолын туурвилаар нийгмийн үзэл санааг хувьсгалд бэлтгэн боловсруулах явдал байдаг бөгөөд манай орны хувьд 1990 оны ардчилсан хувьсгалд яг дээрх мэтээр бэлтгэж өгсөн өдрийн од шиг цөөхөн уран бүтээлчид байдгийн хамгийн тод төлөөлөгч нь зохиолч Ц.Доржготов билээ.
Зохиолч Ц.Доржготовыг Францын суутан Вольтертэй жишин үзвээс тэрээр уран бүтээлүүдээрээ ХХ зууны сүүлийн хагасаас ХХI зууны эхний хагасын 100 орчим жилийн хугацаанд монголын оюун санааны ертөнцийг гэгээрүүлэн, эсрэг тэсрэг үзэл санаа бүхий хоёр нийгмийн алинд ч үл хоцрогдох шинж бүхий өвөрмөц дүрүүдийг бүтээн цогцлоож, диссидент үзлийнхээ үүднээс нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийн, гаргалгааг тодорхойлж, уншигчдыг соён гэгээрүүлсэн оюунт сэтгэхүйн сод үзэгдлүүдийг бүтээж чадсан юм. Цэндийн Доржготов буюу Очирбүтээгч хэмээх нэрт энэхүү уран бүтээлчийн бүтээн туурвисан ухамсрын үзэгдэл буюу феноменийг тоймлон үзвэл дээрх мэт дөрвөн чиглэлтэй байна. Аль ч нийгмийн үед үл хоцрогдох шинжтэй, амьдлаг бүтэц, тэрслүү үзэл санаа бүхий тэдгээр үзэгдлүүдийг бүтээн туурвисныхаа хувьд зохиолч Цэндийн ДОРЖГОТОВ нь өөрөө манай уран зохиолын хоёр зууныг дамнан бий болсон нэгэн томоохон гоц үзэгдэл мөн. 2020 онд 80 насных нь ой тохиож буй эрхэм уран бүтээлч Танд дахин 20 жил уран бүтээлээ туурвин 100 наслахын ерөөл дэвшүүлье!
[1]Галбаатар. Д. Галбаяр. Г. “Уран зохиол шинжлэлийн удиртгал, ерөнхий онол” УБ. 2009. х135
[2]Мэл Томпсон. “Философи” УБ. 2001. х216-217
[3]Доржготов.Ц. “Усны үнэр” NEPKO. УБ. 2020. 310
[4]Мөн тэнд 314
[5]Мөн тэнд 310
[6]Мөн тэнд
[7]Мөн тэнд 311
[8]Мөн тэнд 312
[9]Мөн тэнд 310
[10]Мөн тэнд 311
[11]Доржготов.Ц. “Тэнгэр дуугарахын өмнө” NEPKO. УБ. 2020. 220
[12]Баабар “Юмжаагийн Цэдэнбал” NEPKO. УБ. 2016. 95-96
[13]Доржготов.Ц. “Бид хэн бэ” NEPKO. УБ. 2020. 335
dffd
Зочин
БАБА
Уншигч
зочин
GANAA
Өвгөн
111
ушигч
Сүхбаатар
onom
Зочин
Зочин
Zochin