Баярхүү: XIII зуунд Хөлөг хааны цэрэг Ираны хэл, соёл, шашныг мөхлөөс аварсан
Ойрхи Дорнод, Дундад Дорнод, Ираныг тойроод өрнөж байгаа энэ үйл явдал бол зөвхөн АНУ, Ираны харилцаны асуудал биш. Энэ бол олон улсын маш том мөргөлдөөн салбарлаад явж байна гэж ойлгох хэрэгтэй.
АНУ, Иран хоёр улсын хооронд болж буй мөргөлдөөнтэй холбоотойгоор Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Иран Улсад 2012-2015 онд хавсран суусан Элчин сайд Д.Баярхүүтэй ярилцлаа. Тэрбээр Ойрхи Дорнодод болж буй энэ асуудлыг зөвхөн хоёр улсын хоорондын бус, олон улсын маш том мөргөлдөөний салбар хэмээн тодорхойлж байна – Bloomberg TV Mongolia, 2020.01.06; “Засгийн газрын мэдээ”, 2020.01.07
-АНУ-ын зүгээс баасан гарагт Ираны нутаг дэвсгэрт явуулсан ажиллагаа ямар зорилготой байв?
-Ойрхи Дорнод, Дундад Дорнод, Ираныг тойроод өрнөж байгаа энэ үйл явдал бол зөвхөн АНУ, Ираны харилцаны асуудал биш. Энэ бол олон улсын маш том мөргөлдөөн салбарлаад явж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ мөргөлдөөнд АНУ татагдан орсон. Тэгэхээс ч аргагүй байдалд хүрсэн.Дундад Дорнод, Ойрхи Дорнодын бүс нутагт “Арабын хавар” гэдэгтэй зэрэгцээд өнөөдрийг хүртэл шашин хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна. Суннит болон шиит шашинтнуудын хэн нь үнэнийг өмчлөх вэ гэдгийн төлөөх дайн үргэлжилсээр өнөөг хүрсэн. Израилийн Ерөнхий сайд Бенъямин Нетаньяху хэлэхдээ “Арабын дөрвөн нийслэлийг Тегеранаас хянаж байна” гэсэн. Тэр дөрөв нь Багдад, Дамаск, Бейрут, Сана. Ираны геополитикийн сонирхол хаа хол хүрснийг үүгээрээ нэрлэсэн хэрэг юм. “Арабын хавар” гэдэг нийгэм, улс төрийн том хөдөлгөөн тэмцэл явсаар шашны мөргөлдөөн болж даамжирсны цаадхи ганц хожигч нь Ираныг гэж үздэг. Иран зөвхөн өөрийн улсын нутаг дэвсгэрээс гадна арабын аль ч улсад ажиллах боломжтой болсон. Ираны талыг баримталсан, шиитийн үзэл санаа, итгэл үнэмшилтэй хуситууд өнөөдөр Йеменд яаж дураараа дургиж, тэр улсыг нураан унагаж байгааг бид харлаа. Түүний эсрэг Саудын Араб тэргүүтэй лалын суннит шашинт улс орнууд эвсэж дайн хийгээд үр дүнд хүрэхгүй байна. Йемений хуситуудын пуужингийн байн дор булангийн бүх монархи улсууд байна. Өнөөдөр Америкийг Ираны эсрэг байлдуулах сонирхол булангийн бүх улсад байгаа. Мөнгөөр тэтгэе гэж байна, бүр хатгаж ч байна. Булангийн орнуудаас зөвхөн Оман л Ирантай найрсаг харилцаатай, бусад нь бүгд шашнаасаа болоод дайсагнасан байдалтай байгаа.
-Ираны цэрэг, армийн чадавхи ямар вэ? Өнөөдрийн байдлаар уран баяжуулалтаа идэвхжүүлж, цөмийн пуужингуудаа булангийн орнууд руу чиглүүлсэн байдалтай байгаа.
-Би Иранд Элчин сайдаар хавсран сууж, итгэмжлэх жуух бичгээ барин, Ерөнхийлөгчтэй нь уулзаж байсан хүний хувьд тэр улсыг бага сага судалсан, гадарлана. Иран эдийн засгийн чадавхи, санхүү мөнгө, байгалийн нөөц баялаг, цэрэг армиараа Ойрхи Дорнод, Дундад Дорнодод хэнтэй ч эгнэшгүй. Зөвхөн Египет, Турктэй өрсөлдөхүйц бүс нутгийн том гүрэн болчихсон. Өнгөрсөн 40 жилд Иранд лалын хувьсгалт дэглэм тогтохдоо зөвхөн шашнаа бус нийгэм, эдийн засаг, цэрэг-улс төрөө зэрэг зэрэг хөгжүүлсэн. Дээрээс нь гадаадын улс орнуудаас зэвсэг худалдаж авч байна. 1980-1988 онд Иран, Ирак хоёр улс 8 жил байлдах үеэр Зөвлөлт, Хятадын зүгээс Ираныг бүрэн зэвсэглэсэн. Тэр үеийн зэвсгүүд одоо ч зэвсэглэлд нь байна. Харин яг ачир дээрээ АНУ-тай шууд сөрөх хэмжээнд зэвсэглэсэн эсэх нь эргэлзээтэй. Д.Трампын хамгийн сүүлийн мэдэгдлээс харахад АНУ, Ираныг зэвсэг, техникийн хувьд харьцуулаад дайнд оруулбал муур хулганы үлгэр, зааныг хулганатай харьцуулсан мэт болно. АНУ дэлхийд цэрэг, стратегийн нэгдүгээр глобал гүрэн хэвээрээ байна. Ямар ч тохиолдолд АНУ хуурай замаар цэрэг, танк оруулахгүйгээр зөвхөн агаараас цохилт өгсөөр байгаад Ираны бүх дэд бүтцийг устгачихаж чадна. Гэхдээ арай ч тийм дээрээ тулахгүй гэж бодож байна. Иранд хамгийн аймшигтай нь цөмийн технологийн судалгааны обьект, атомын цахилгаан станц бий. Хэрэв довтолгоонд өртвөл яах вэ? Иран АНУ-д заналхийлэх өөр нэг шалтгаан бол Израиль юм. Лалын хувьсгал ялснаас хойш Израилийг л газрын хөрснөөс арчина гэсэн мэдэгдэл хийсээр байгаа. Харин АНУ өөрийн холбоотны хувьд Израилийг хамгаалж байна.
-БНХАУ, ОХУ-ын хувьд ямар байр суурь илэрхийлэх бол?
-Иран бол ШХАБ-ын ажиглагч гишүүн. Тэр байгууллагын хамгийн эхний улс төрийн зорилт нь терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизмтэй тэмцэнэ гэж байгаа. Тиймээс ШХАБ-ын ажиглагч статустай орныг зүгээр хаячихгүй байх. Тухайлбал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээр ОХУ, БНХАУ-ын зүгээс Ираны эсрэг санал өгөхгүй болов уу. Ядаж төвийг сахих байх. Иран, АНУ-ын хооронд зуучлагч хийх хамгийн боломжит хувилбараар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг нэрлэсэн мэдээлэл гадаадын сайтуудад явж байна билээ. Ер нь дайн ёрлох хэрэггүй. Хүсэх юм биш. Бүх маргааныг яриа хэлэлцээний замаар шийдээсэй.
-Ираны газар нутаг дээр Монголын Ил хаант улсын үеийн дурсгалт зүйлүүд олон байдаг. Д.Трамп жиргэхдээ “Ираны 52 байршилд цохилт өгөхөөр онилсон, үүний дотор соёлын өвийн газрууд багтсан” гэсэн байсан. Монголтой холбоотой дурсгалт газрууд Ираны нутаг дэвсгэрт хэр их байдаг, тэрнь ямар үнэ цэнтэйд тооцогддог юм бэ?
-Монгол-Персийн харилцааны тухай түүхэн баримтуудаас эргэж сөхөж үзвэл 1237 онд анх монголчууд тэр орныг дайлаар мордож, сүүлд нь найрамдан энхийн гэрээ байгуулж байсан юм билээ. Дараахан нь Монголын хааны элчийг Персийн шах нь цаазалснаас үүдэн дахин дайтаж персүүд үхлээ өөртөө дуудсаны гайгаар эзлэгдэж тусгаар тогтнолоо алдаж байсан тухай ираны түүхч доктор Али Рахимпүр бичсэн нь бий. Түүний бичсэнээр бол, Хөлөг хаанаас түүчээлэн 1272-1377 онд 105 жил Монголын 17 хаан Персийг захирч байжээ. Тэднийг түүхнээ “Илхаад” хэмээн нэрлэдэг. Тэд бол Иранд засгийн эрх барьсан хаад. Хөлөг хааны ач, гуч болон тэдний удам угсаа. Тэд бүгд исламын шашныг авсан. XIII зуунд Хөлөг хааны цэрэг Ираны хэл соёл, шашныг мөхлөөс аварсан. Арабын суннит шашинт ассинчүүдийг нь дарж өгсөнд Ираны шашны дээд удирдагч Хаменеи хүртэл талархаж ярьсан байдаг. Миний мэдэж байгаагаар хамгийн том соёлын дурсгал нь Өлзийт хааны бунхан.Д.Трампын жиргээнд байгаа тэр соёлын дурсгалт газрууд гэдэг нь аяоталла Хомейнийн бунхан, Кум, Мешхед хотууд дахь шиитийн шашны төвүүд байж болно. Үндсэндээ Иран бол өөрөө шиитийн шашны хамгийн том төв гол улс гэж зарлаад буй. Гэхдээ онилсон обьектуудын ихэнхи нь Ираны цэрэг, армийн бааз, пуужингийн болон агаарын довтолгооноос хамгаалах систем, Ираны лалын хувьсгалыг хамгаалах корпусын байршил обьектууд байхыг үгүйсгэхгүй.
-АНУ-ын дотоод улс төрийг ажиглахад Ардчилсан намынхан Ойрхи Дорнодод авсан Д.Трампын шийдвэрийг буруутгаж байна.
-Энэ үйл явдлын өмнөхөн Америкийн амин чухал эрх ашгийг хөндсөн ямар хэрэг өдөөгдсөнийг бүгд мэдэж байгаа. Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яамыг айхтар довтолж, түйвээсэн. Би дээр Арабын дөрвөн орны нийслэлийг Иран хянаж байна гэсэн. Энэ нь Ойрхи Дорнодод, тэр дундаа Израильд бодит аюул нүүрлэчихээд байнаа гэсэн үг. Ирак Ираных болох нь байна хэмээн би сонинд бичиж байсан минь бодитой болчихлоо. Сири ба Иракт “Лалын улс” бүлэг үндсэндээ ялагдаад дуусч байна. Тэд удирдагчаа алуулсан, толгойгүй болсон, одоо тэдний орыг Ираны лалын хувьсгалыг хамгаалагчид авч байна. Иракт лалын шиит шашинтны сайн дурын хүчин хэтдээ захирч үлдэх төлөв бүрдчихлээ. Энэ бол “Ардын дайчилгааны цэрэг” нэртэй, Ираны цэрэгжсэн элит–Лалын хувьсгалыг хамгаалах корпусын салаа салбар нь болчихоод цаашаа төлөвшиж байгаа цэргийн томхон бүлэг юм. “Ардын дайчилгааны цэрэг” гэдэгт персүүд олуулаа байгаа нь америкчуудыг хилэгнүүлсэн нэг гол шалтгаан болно. Жихадистуудаас Иракийг хамгаалсан нь сайн хэрэг, гэхдээ л хожим үлэмж гай тарьж мэдэх шиитийн хүчирхэг бүлэглэл болж хувирсан нь Иран-Америкийн одоогийн зөрчил, ираны генералын үхэл, Америк агаараас “Ардын дайчилгааны цэрэг”-ийг үе үе довтолж хөнөөж байгаагаас харагдана. Хэдэн жилийн өмнө америкийн “The National Interest” сэтгүүлд бичсэнээр, 100 мянган шалгарсан цэрэг Иракт байлдаж байхад тэдний 80 хувь нь нь Ираны лалын хувьсгалыг хамгаалах корпусын эчнээ дайчид байсан. Ираны аюулаас суннит шашинт тэр хавийн бүх улс үндэстэн сүрдэн мэгдэж АНУ-д хандаж байна. Ийм нэгэн аюулыг гэтлэхийн тулд Д.Трамп дээрхи шийдвэрийг гаргасан гэдэгтэй дийлэнх америкчууд санал нийлэх байх. Түүнээс биш импийчменттэй холбогдох, эсвэл 2020 оны сонгуультай холбох арга байхгүй. АНУ дэлхийн стратегийн хамгийн том тоглогчийн хувьд гаргасан шийдвэр. Асуудал яагаад иймдээ тулдаа хурцдав гэдэгт ганц хариулт байна. Ираны лалын хувьсгалыг хамгаалах корпусын генерал захирагч нар өмнө нь Сири, Иракт “Лалын улс” бүлэгтэй тулалдаад алагддаг, эрсддэг л байсан. Харин энэ удаа америкийн пуужинд өртөж амиа алдсанд л гол асуудал оршиж байна.