Зуун мянган бадагт Буддын билиг барамидын хураангуй нь Очир огтлогч судар, түүний хураангуй нь Зүрхэн судар юм. Санскритээр Пражна парамита хридаяа, төвдөөр Ширнэн гэдэг. Пражна парамита-г уламжлалт орчуулгад билгийн чанадад хүрэхүй гэж үгийн дарааллаар нь буулгадаг ч уг утгаараа чанадад хүрэх билиг юм. Өөрөөр хэлбэл орон зай, цаг хугацаа, нэр дүрсэнд уягдсан сэтгэлийн тойргоос халих буюу чанадад хүрэх нь билгийн тодотгол болно.
   
Зүрхэн судрыг Будда гүн бясалгалын агаарт Аръяабал бодьсадын дүрээр Шарипутра шавьдаа айлдсан гэдэг. Хутагт билгийн мэлмийгээр тольдогч буюу Аръяа Авалокита–г монгол уламжлалд товчилж Аръяабал гэх болсон юм. Төвдөөр Жанрайсиг гэдэг. Тэрээр бүх Будда нарын энэрэл нигүүлслийн бэлгэ тэмдэг болдог. Хүн төрөлхтөнд Зүрхэн судрыг дахин нээж өгөх ч Аръяабалын нигүүлсэл биз ээ. Ошо багш 1977 онд Будда тэнхимд шавь нартаа Зүрхэн судрыг тайлбарлажээ.
   
“Энэ судрыг Дорнын олон ард түмэн зуун зууны турш амны уншлага болгож, өдөр тутам Гатэ гатэ пара гатэ парасам гатэ боди сваха гэж давтсаар ирсэн. Ухамсаргүй давтаад тус болохгүй. Уг утгыг нь ухаарч өөрийн оршихуй болгох учиртай. Нэр дүрснээс цааш, ижилсэл бүхнээс тэртээд, хязгаар бүхнээс халих зүгт яваад л бай, яваад л бай. Улам тэлээд, улам дэлгэрээд бай. Огторгуй ч чамайг хаших ёсгүй. Хоосон чанарт уусах нам гүмийн сэхээрэл дунд цаглашгүй их тавирлыг амсах мөч ирнэ.

Буддаг Ялгуусан багш Махагүрү гэдэг. Гүрү гэдэг үг диваажинг өөртөө тээсэн, амар амгалан, баяр баясгалангаар хөл хүнд болсон гэсэн утгатай. Ангаж цангагсдын дээрээс асгарахад бэлэн хурын үүл мэт...

Буддагийн илгээлт бол хүн төрөлхтөнд уламжилсан гэрээс бүхний дээд нь юм. Будда дөчин хоёр жил өдий төдий зүйлийг ярьсан. Тэр бүхний охь шим Зүрхэн судар билээ. Уг судрыг сонсож, бясалгаж байгаадаа чи азтай юм. Одоо улам илүү аз завшаанд тэмүүл. Өөрөө зүрхэн судар болоорой” гэж Ошо багш хэлжээ.

-    “Агнистын гэгээ” цуврал – “Зүрхэн судар” номын уялга үгээс