УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлагыг бий болгоно
Парламентын хүч нь улс төрийн намууд. Улс төрийн намууд хүчтэй, хариуцлага өндөртэй байж парламент хүчтэй байдаг. Тиймээс нэр дэвшүүлсэн гишүүнээ эргүүлэн татах эрх нь улс төрийн намд, сонгосон тойргийн гишүүнээ эргүүлэн татах эрх нь сонгогч иргэнд байх ёстой.
Үргэлжлэл... Өмнөх бичвэрийг Энд-ээс үзнэ үү.
“УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” буюу УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч даваа гаригт /2026.03.09/ УИХ-д өргөн барьжээ. Хоёр хоногийн дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, NTV телевизийн эфирийг бүтэн зургаан цаг эзэгнэв.
Өөрийнх нь хэлснээр бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс болж студид ирэхэд хүрсэн, Ерөнхийлөгч дарангуйлал тогтоох гэж байгаа учраас парламентын ардчиллаа хамгаална гэв. Үүндээ парламентад суудалтай улс төрийн намууд, ялангуяа хамтарсан Засгийн газарт ажилласан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 126 суудалтай парламентыг бий болгоход хүчин зүтгэсэн АН, ХҮН-ын дарга нарыг татан оруулахаар шахалт үзүүлэх маягтай үг хэлнэ лээ. Хэрвээ нь бүтэхгүй бол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ шүү, 2019 онд Сүхбаатарын талбайг дүүргэж чадсан хүн шүү... гэх сүрдүүлгийг ч нэг бус удаа хэлсэн.
Ерөнхий сайд асны энэ ярилцлагын тухай улс төр судлаач Ц.Чинбат “Ярианых нь 70-80% нь 'субьектив' байсан. Субьектив гэдэг нь хувь хүн рүү хандахыг хэлдэг юм. Мөн 'обьектив' гэж их ярьсан. Харамсалтай нь 5 цаг гаруйн ярилцлагад ганц ч обьектив буюу том бодлого, асуудал руугаа хандсан зүйл байсангүй” хэмээн бичжээ. Тодорхой хэлбэл, Ерөнхий сайд асны УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгч байгаа үнэлгээ ч бас хэт субьектив хандлагатай байв. Энэ хууль батлагдвал өөрөө хамгийн түрүүнд бүрэн эрхээсээ салах вий гэдэг айдас нэн тэргүүнд байсан байх. Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд гомдсон, өс санасан ч байх. Түүнээс биш МАН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа бол “парламентын дархлаа” энэ тэрийн талаар огтхон ч санаа зовж яваагүй л хүн. Чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуулгад хариулах гэж орж ирчихээд асуултанд хариулахын оронд загнаж зандраад гардаг байлаа. Ямар сайндаа УИХ-ын гишүүд “парламент гэдэг Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо” гэж халаглаж суух вэ.
Тийм болохоор энэ бүх субьектив үнэлэлт, дүгнэлтийг орхиод баримт буюу хуулийн үндэслэл рүүгээ орцгооё.
Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн З-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан.
Гэвч УИХ-ын тухай хуульд “гэмт хэрэгт холбогдсон бол түдгэлзүүлэх”, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол гишүүнээс эгүүлэн татах” тухай процессийг бичсэн боловч Үндсэн хууль зөрсөн тохиолдолд эгүүлэн татах тухай нь огт бичээгүй. Энэ шалтгаанаар “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг Цэцийн дүгнэлттэй УИХ-ын гишүүн өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа. УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан боловч үүний араас хийх ёстой ажлаа хийгээгүй гэсэн үг. Шалтгааныг нь “УИХ-ын дэд даргаас нь огцруулчихсан шүү дээ, хариуцлагыг давхардуулахгүй” гэх утгатай зүйл ярьцгаадаг. Гэтэл Үндсэн хуульд “хариуцлага тооцох, албан тушаалаас нь огцруулах” тухай биш, харин “эгүүлэн татна” гээд тов тодорхой биччихсэн. Энэ бол эхний шаардлага. Тиймээс “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн 66.2.3 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн УИХ-ын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргаж УИХ-д танилцуулсан" тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг УИХ-ын тухай хуульд оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Хоёр дахь нь, хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд нэр дэвшүүлсэн нам, эвслийн төлөөлөх байгууллага нь эгүүлэн татах саналаа УИХ-д оруулж, УИХ нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж шийдвэрлэх,
Гуравдугаарт, гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан буюу:
-Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй;
-Хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу УИХ-ын ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;
-Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн асуудлаар иргэний гаргасан гомдлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл Дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураа олонхын саналаар шийдвэрлэх.
Ийм гурван үндэслэлээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн бариад байна. Хуулийн төсөл Засгийн газраас “виз” аваад УИХ-д өргөн баригдчихсан. Хэлэлцэх асуудлыг хурдавчилна гэдгээ УИХ-ын дарга хэлчихсэн. Эсэргүүцэж байгаа нь УИХ-ын гишүүд.
Эсэргүүцэх болсон шалтгаанаа “парламентын дархлаа, эв нэгдлийг сулруулна” гэж тайлбарлаж байгаа боловч үнэн хэрэгтээ “Хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэдгээс хамгийн их болгоомжилж байгаа юм билээ. Дам сонсоход УИХ-ын зарим гишүүд мөн адил утгатай төсөл боловсруулаад явж байсан. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг 2028 оны сонгуулийн дараа эхлүүлэхээр төлөвлөж байсан юм байна. Харин Ерөнхийлөгч хэрэгжих хугацааг нь наашлуулчихсан. Ийм л шалтгаанаар парламент, Ерөнхийлөгч хоёрын дунд зөрчил үүсээд байна даа. Гэхдээ хуулийг батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрх. Ямартай ч хуулийн төсөл хэлэлцүүлэг орж ирнэ, парламент дээр нээлттэй ярилцана. Тэр цагт манай парламент ямар гаргалгаа гаргаж ирэхийг харж л байя.
Улс төр судлаач Ц.Чинбат “Парламентад, Ерөнхий сайд, Засгийн газарт ч ёс зүйн код гэж байдаг. Тэрийг нь хувь хүний мораль буюу ёс суртахуун авч явдаг. Ёс зүйн кодтой байдаг учраас гаднын орнуудад "ёс зүйн хариуцлага" гэж хүлээдэг, хувь хүн өөрөө зүй бус алдаа хийснийхээ төлөө өөрөө уучлалт гуйгаад огцордог. Ингэж байж парламент, Засгийн газар өөрөө ёс зүйн дархлаатай болдог. Тэгж байж иргэд нь ёс зүй шаардах эрхтэй байдаг” гэсэн байна лээ. Манайхан ч гэсэн дуурайгаад "Ёс зүйг хуульчилдаггүй" гэж ярьцгаадаг. Гэвч манайхны ёс зүй, гадныхны ёс зүй хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа байна аа. Хариуцлагын систем нь ч гэсэн тэс ондоо. Хамгийн сүүлд Японы парламентын нэг гишүүн “Манайх цагаан будаа худалдаж авдаггүй учраас үнийг нь мэдэхгүй” гэж хэлснийхээ төлөө уучлал гуйгаад огцорч сонсогдсон. Харин манайд бол талхны үнэ мэдэхгүй байх нь бараг улс төрийн “соёл” болчихсон. УИХ-ын тогтоолоор баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд 3 төрлийн хариуцлагыг бичсэн байдаг. Сануулга өгөх, уулчлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалинг 6 хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах. Хамгийн сүүлд Мөнхтөрийн Нарантуяа гишүүн нийгмийн сүлжээгээр бараан бутээгдэхүүн сурталчилсныхаа төлөө сануулга авсан. Сануулга аваад шал дордов гэдэг болоод явж байгаа. Өмнөх парламентын нэг нөхөн цалингаа хасуулсан.
Япон нөхөр өөрөө аягүй мундаг ёс зүйтэй хүн байгаад саналаараа огцроогүй л байх. Ард нь тэр ёс зүйг нь кодолж байгаа хариуцлагын маш хүчтэй механизм ажиллаж байна аа гэсэн үг. Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь. Парламентын хүч нь улс төрийн намууд. Улс төрийн намууд хүчтэй, хариуцлага өндөртэй байж парламент хүчтэй байдаг. Тиймээс нэр дэвшүүлсэн гишүүнээ эргүүлэн татах эрх нь улс төрийн намд, сонгосон тойргийн гишүүнээ эргүүлэн татах эрх нь сонгогч иргэнд байх ёстой.

