Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийнэ гэдэг үг худал ажээ. Махаа өгөх Монгол бөхийж, мах авах Орос гэдийж байна. Орос баян орон болохоор Монголын махыг авахгүй байсан ч хотойхгүй. Харин ядуу Монгол 2 тэрбум орчим доллараараа Оросоос шатахуун, эрчим хүч импортолж, тарчиг сан хөмрөгөө гүвдэг тул жаахан махаа шавхаж өгөхөөр бөхийнө. Үүнд ямар ч тэнэг монгол Оросыг буруутгахгүй. Хөдөөд цахилгаангүй амьдарч чадахаа больсонтой адил нийт монголчууд уудам тал, хотын түгжрэлдээ машингүй алцганахаа больсон.     

Александр Тарасов (Забайкальское информационное агентство) “Чоныг хичнээн тэжээсэн ч ой руу хардаг” хэмээх эртний Оросын зүйр цэцэн үг байдаг шиг “Монголчуудыг хичнээн сайхан тэжээлээ ч тэд Америк руу л харах болно” гэж адилтгамаар байна гэж бичжээ. Бид үнэхээр чоно шиг хүйтэн санаатай гэж үү? ХХ зууныг Оросоос өөр улстай харилцах эрхгүй, түгжээтэй зооринд барснаа ХХI зуунд давтахгүй гэсэн минь ноён А.Тарасовт яагаад таалагдсангүй вэ. Энэ чинь улс болгонд, хүн бүрд байх наад захын хүсэл биш үү.  

Монгол улс махаа ОХУ-д экспортлохын тулд олон шалгуурыг давах болов. Эхлээд 9-р сард ОХУ-аас ажлын хэсэг гарч Монгол улсын мах экспортлох боломжтой үйлдвэрүүдийг аттестатчилахаар ажилласан. ОХУ-аас манай 12 үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хэр хангасныг шалгав. Монголын махны үйлдвэрүүд мах нийлүүлэх санаатай бол ийм тийм шалгуурыг ханга гэсэн болзол тулгалаа. Хамаг байдгаа харийн наймаачдад арчаагүйгээр дуугарч чадахгүй шалгуулна гэдэг уг нь гутамшиг. Тэнэг заваан бол тэгэхээс өөр яахав. Орос ахын тусламж ингэж түрэмгийлдгийг социализмын үеийн коммунист хөгшчүүд-бид сайн тэсвэрлэсэн. Харин эдүгээ хойч үе яадаг юм бол. Дэлхийн бөмбөрцгийг тойроод тоймгүй онгоц сүлжилдэн нисдэг. Тэдний дотор нэг компаний онгоц хамгийн өндөр үнэтэй шатахуунаар хооллодог. Тэр нь МИАТ. Ийм мал шиг арчаагүйдлийг хойч үе арилгаж чадна гэдэгт итгэнэм.  

Махаа экспортлохын наана олон ажил сэдэж, их хөрөнгө үрэх нь тодорлоо.  Монгол малыг эрүүлжүүлэх лабораториудын тоног төхөөрөмжийг сайжруулна. Манай малын эмч нарыг мэргэшүүлэх, шинээр хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг ОХУ-д сургах юм байна. Дараа нь 100 оюутныг ОХУ-д суралцуулах санал тавьж буй. Түүнчлэн Владимирын институтэд магистрантурт эрдэмтдийг бэлтгэнэ. Энэ бүх сургалтын төлбөр хатуу валютаар төлөгдөх нь мэдээж. Махаа орос ахдаа экспортлох гэсэн биш их өр үүсгэчихгүй л бол яамай сан. Үүний дараа тэгээд мах авах уу? Горьдов оо, болоогүй. ОХУ-ын гаалийн татвар квоттой бол 25-30 хувь, квотгүй бол 60 хувь. Манайх квотгүй. 60 хувийн татвар төлөөд мах гаргана гэвэл хар овоохойгоо шатаасантай адил болох биз. Орос мэргэжилтнүүд манай 12 махны үйлдвэрийг хамийслаад зөвхөн 2-ыг зөвшөөрчээ.     

ОХУ гадаад орны махны үйлдвэрүүдийг А,В,С,Д гэж ангилсан аж. Монголыг С ангилалд шиджээ. С ангиллын бүтээгдэхүүн утсан болон хагас боловсруулсан байх өндөр шаардлагатай. Монголоос утсан, хагас боловсруулсан мах авах хатуу болзолтой ОХУ Латин Америкаас түүхий мах авдаг. Монголчууд малын өвчингүй баруун бүсээсээ мах шууд худалдах боломж нээж өгөөч гэж хүсэж байгаа. Мөн гаалийнхаа өндөр татварыг тэглэж өгөөч гэж гуйж буй.

Баруун болон төвийн малын өвчин гардаггүй бүс нутагтаа “Мал амьтны эрүүл мэндийн байгуулага”-тай хамтран дэлхийн эрүүл бүсийн статус авахаар тодорхой шаардлагуудыг хангахаар ажиллаж байна. ОХУ шийдвэрээ гаргаад манай баруун аймгуудаас мах авъя гэвэл Монгол улс бэлэн. Оросууд манай мал сүргийг 70 жил суурь сууриар нь авч идэж асан түүх саяхных. Манай өвчтэй малын маханд хордож үхсэн орос ах өнгөрсөн зуунд дуулдаагүй. Чинээлэг хангалуун Орос орон цамаархаад монгол махыг тоохоо больжээ. Эрсдэлгүй хүнс сонгох нь тэдний эрх тул бид “манай махыг голлоо” гэж гоншигнох ичгэвтэр. Махаа дэлхийн стандартаар бэлтгэж даруй суръя. Энэ нь тийм хэцүү үйлдвэрлэл биш гэсэн.

Дэлхийд бэлчээрийн мал аж ахуйгаар Монгол гуравт жагсдаг. Дэлхийн зах зээлд зарагдаж буй бэлчээрийн малын махнаас стандартын шаардлага хангасан махаар өвөр Монголын хонины мах тэргүүлж, хамгийн өндөр үнээр борлогдож буй. Хонины мах хэрэглэдэг хүн амын дийлэнх дундад Азид амьдардаг. Дундад Азид өвөр Монголын нэг хурга 180-240 мянган төгрөг хүрч байна. Өвөр Монголоос дундад Азид мах экспортолдог үйлдвэрүүд Монголоос амьд мал авах сонирхолтой гэнэ. Тэр ч байтугай тухайн үйлдвэрүүд хил дээр 40 га газар гаргаад өгчих. Тэр газарт чинь хорио цээрийн дэглэм байгуулан авч байя гэдэг хүсэлт тавьдаг аж. Оросод өгөх өртөгнөөс дутахгүй бол энэ чинь хялбар наймаа бус уу.

“Стан”-ы орнуудын мал маллагааны арга манайхтай бараг ижилхэн. Суурин маллагааны малын махны амт чанараас бэлчээрийн малын махны амт чанар онцгойг дундад азийнхан, монголчууд мэддэг. Оросуудын авах дургүй хониныхоо махыг өвөрлөгч нарынхаа туршлагаар дундад азийнханд панзалбал ашиг олох юм биш үү. Махны үйлдвэрүүд овсгоотвол яасан юм бэ. Төр засаг саад хийхгүй бол аяндаа бүтэх бизнес шиг. Орос ахыгаа хонины маханд дургүйцээд байхад ид гэж шахах бүдүүлэг. Дургүй ламд дарж байж сахил хүртээв гэх шиг заавал ОХУ-д махаа хямд өгөх гэж царайчлах хэрэг юу байна? Орос ах найрамдал дружбагаа хүндэтгээд ядмаг дүүдээ “Танай махыг голж байна, авахгүй” гэж хэлэхээс зовоод, эвгүй байдалд ороод ч байж мэднэ. Тийм бол мах авах дуртай өөр улсуудад манайх махаа гаргавал ах нарт амар бус уу. Мах, хийн хоолой гэж далдагнах юм.   

ҮХААЯ-ны төрийн н\б дарга Х.Золжаргал өнгөрөгч намар баахан буудай дур мэдэн импортлож тариачдынхаа бизнесийг үнэгүйдүүлэх гэсэн шигээ ойлгомжгүй ярилцлага өгчээ. Тэр бээр “ОХУ-д мах экспортлох хүсэлтэй компаниудыг тус улсын (оросын) хяналтын байгууллагаас ирж шалгадаг. Энэ журмаар ОХУ-ын хяналтын байгууллагаас нь хүмүүс ирж 12 үйлдвэрийг шалгасан”. Япон ч Хятад ч шалгаж л таарна гэсэн атлаа залгуулаад “Хятадаас орж ирсэн худалдаачид өмнө нь маш их хэмжээний адуу, хонь, ямааны махыг шулаад гаргачихдаг байсан. Энэ нь ялангуяа хаврын тарчиг үед нийслэлийн махны үнэд нөлөөлдөг болсон” гэж ОХУ-д гологддог мах бузгай борлосонд дургүйцсэн ярилцлага өгчээ. Хятадууд зүгээр аваагүй л бол болоо биш үү. Х.Золжаргал Ю.Цэдэнбал гуай шиг Оросын хүргэн болчихсон хөөрхийс юм уу. Тэр цааш нь “БНХАУ, Вьетнам, Кувейт улсад мах экспортолж байгаа. Энэ оны хоёрдугаар улиралд 12 мянга 300 тонн мах экспортлох зөвшөөрөл олгосон. Харин энэ улиралд 37 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлт ирээд байна” гэжээ. Хүсэлт ирээд буйг бодоход монгол малын мах борлох зах зээлээр дутаагүй аж. Мах авах элдэв шалгуур яригдсангүй. Манай махны үйлдвэрүүд бие даагаад 37 мянган тонныг гаргачихвал асуудалгүй амар баймаар. Ийм маягаар нийт гаргах хэмжээг яг тогтоож, ноён Х.Золжаргал нар гаалиар хатуу хянавал дотоодод хомсдол үүсэхгүй. Яагаад заавал шалгууртай газраар өчнөөн зардалд унаж байж “Манай махыг аваач” гэж гуйна вэ.

Буянт малынхаа махыг бузар мэтээр адлуулаад эцэст нь хүүхдийн тоглоом-хаймран хонь ямаагаар солихдоо тулах вий. Экологийн органик махаа аль болох үнэ хүргэж зарах амин чухал. Ямар улсад экспортлох нь чухал биш. Зах зээлийн жам бол ашиг. Химийн хорт бордоо ороогүй зөвхөн нар борооны шимээр ургасан онгон дагшин ургамлаар хооллодог бэлчээрийн малынхаа махны давуу чанарыг сурталчлахын оронд өдөр болгон нь л энд тэнд шүлхий боом илэрлээ гэж шуугиулаад дараа нь “биш байжээ” гэж залруулдаг мэдээлэлдээ буйртай ханддаг болоосой. Ардчиллын буянд өөрсдийгөө овоо л гутаалаа. Нэр төрөө хорлож ханадаггүй л юм байх даа. Баялаг бүтээх сонирхолгүй залхуу атлаа сагуу, үрэлгэн, тэнэг зангаа л гутаа. Засарч юу магад.  

                                                                                                                   2014-11-14