Уго Чавес ба түүний нөхөд
“Дөл бадарсан тив” хэмээх 1970-аад оны зөвлөлтийн нэгэн баримтат киног зарим хүмүүс санаж байж магад. Тэр нь Баруун Европ, Умард Америкаас тэс өмнөө хөгжлийн зам сонгон авсан социалист Кубын замаар замнаж яваа Латин Америкийг сурталчилсан кино байж билээ. Кинонд үзүүлснээр бол энэ тив Америкийн импиериализмын эсрэг эрх чөлөөний хувьсгалын галд шатаж байлаа.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд болох Баабар, Баярхүү нар “Манай зууны хөрөг” хэмээх хамтын бүтээлээ 1997 онд уншигчиддаа толилуулсан. Түүнээс хойш олон жил өнгөрч, шинэ зуун гарч, уг номд бичигдсэн улс төрийн зүтгэтнүүдийн үүх түүхийг баяжуулах үйл явдал дэлхийд чамгүй ихээр өрнөжээ. Олон улсын харилцааны агуулга, дүр төрх ч эрчтэй өөрчлөгдөж шинэчлэгдлээ. Шинэ зууны хөргийг бичилцэж буй улс төрчид ч олноороо төрөн гарч ирлээ. Иймд хоёр зохиогч маань хамтын бүтээлээ нэмж баяжуулан “Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид” хэмээх шинэ бүтээлээ туурьвиж дуусч байна. Шинэ номд орж буй нэг зүтгэлтнээр төлөөлүүлэн нэг хэсгийг нь уншигчиддаа урьдчилан танилцуулъя – baabar.mn
“Дөл бадарсан тив” хэмээх 1970-аад оны зөвлөлтийн нэгэн баримтат киног зарим хүмүүс санаж байж магад. Тэр нь Баруун Европ, Умард Америкаас тэс өмнөө хөгжлийн зам сонгон авсан социалист Кубын замаар замнаж яваа Латин Америкийг сурталчилсан кино байж билээ. Кинонд үзүүлснээр бол энэ тив Америкийн импиериализмын эсрэг эрх чөлөөний хувьсгалын галд шатаж байлаа. Гэм нь тэгсгээд Чилид Ардын нэгдлийн засгийн газар унаснаар тэр тэмцлийн сураг тасарсан даа. 1980, 1990-ээд онд тийм хувьсгалын гал дүрэлзэх нь бүү хэл, оч нь ч улалзаж харагдаагүй. “Хүйтэн дайн” дуусгавар болж, хоёр системийн тэмцэл арилснаар “Дөл бадарсан тив” жам ёсоороо нам жим болсон хэрэг.
Гэвч “Хүйтэн дайн”-ыг орлох өөр нэг тэмцэл мөргөлдөөнийг АНУ-аас прогноздов. АНУ хоёр системийн сөргөлдөөнд ялж үлдсэнээрээ олон дайсныг өөртөө авч үлдсэн, тэд нь сэргэж сэхээрээд өрнийнхний эсрэг иргэншил, соёл, шашны дайн хийх болно, тэр нь “Иргэншил хоорондын мөргөлдөөн” байх болно хэмээн XXI зууны хэтийн төлөвийг америкийн эрдэмтэн С.Хантингтон олж харж номлолоо. Түүний ажигласнаар бол Латин Америк нь бүхэлдээ Европын иргэншлээс эхтэй боловч Умард Америкт болон Европт байхгүй өөрийн гэх өвөрмөц соёлын элементүүдийг өөртөө агуулсан, тиймээс ч Европтой зарим талаар ойр, харин Умард Америктэй огт төсгүй аж. Латин Америкийн иргэншил нь тэндхийн уугуул хүн ардын соёлыг өөртөө уусгасан байдаг бол Европт тийм юм огт байхгүй, Хойд Америкт уугуул гэх юм бүр устсан. Тэгвэл Мексик, Төв Америк, Перу, Боливид уугуул соёлын нөлөө үлэмж хэмжээгээр үлдсэн, Аргентин, Чили, Венесуэлд янз бүрээр нөлөөлсөөр ирсэн аж.
Эрэгцүүлбээс тийм байх магадлал өндөр, үүнийг хаа сайгүй хүлээн зөвшөөрнө дөө. Чухам ийм ялгаа зөрүү нь, тодорхой хэлбэл онцгойрол нь Латин Америкийг ямагт АНУ-ын эсрэг байлгаж ирсэний үндсэн шалтгаан мөн гэх тайлбар шинэ зуун гараад хүчтэй цууриатах болжээ. “Хүйтэн дайн”-д ялж үлдсэн АНУ-ыг сөрөн зогсож буй бараг бүх улс орон энэ үзэл баримтлалыг хуваалцах аж. Яг ийм уур амьсгалын дунд Антиимпериалист нэгдсэн фронт байгуулж, бөмбөрцөгийн баруун хагаст түрэмгийчүүдийг эсэргүүцэх тухай Венесуэлын Ерөнхийлөгч Уго Чавесын цоо шинэ онол шинэ зууны эхээр гарч ирэх нь тэр. Тэр шинэ онол гэдэг нь угаасаа Симон Боливарын хувьсгалт үзэл санаа байсан ба түүнийг хуваалцах хань хамсаатнууд нь ч хөрш орнуудаас нь хурын дараахи мөөгний хүрээ шиг бөөнөөрөө төрөн гарч иржээ. Анхандаа энэ үзэл санааг Венесуэл–Кубын хүрээнд явцуухан сурталдаж байсан бол Боливид Эво Моралес гэгч нэг гоонь индиан эр төрийн эрхэнд гарч ирсэнээр томхон холбоотон нэгээр нэмэгдэв. Улс төрийн зүүний үзэл бодлыг илэрхийлэгч Моралес нь боливийн коки тариалагчдын “Кокалеро” хэмээх хөдөлгөөнийг толгойлон АНУ-ыг эсэргүүцэн тэмцэж явсан нутгийн индиан аж. Коки гэдэг нь кокаин хэмээх хар тамхины нэг төрөл ба тэрээр үүнийг хар тамхи гэж үздэггүй, тариачны хөдөлмөр шингэсэн газар тариалангийн аж ахуй гэж үздэгээрээ дэлхийг гайхшруулж яваа. Хүн төрөлхтөний хамгийн муу дайсан бол капитализм мөн гэсэн Моралесын үзэл Чавесынхтай утга нэгэн.
Чавесын дараагийн холбоотноор Никарагуа тодорсон. Олон жилийн дараа улс төрд эргэн ирж 2006 онд сонгуульд ялсан сандинист–марксист Даниэль Ортега, Эквадорын Рафаэль Корреа нар Чавесын үзэл санааг шууд хуваалцлаа. Бразил, Аргентины шинэ Ерөнхийлөгч хатагтай нар ч битүүхэндээ ойлгоод дэмжээд байх бололтой.
АНУ-ын албан ёсны үзэл сурталд “Муу муухайн тэнхлэг” гэдэг томъёоллоор харгис, дарангуйлагч дэглэмтэй Сири, Иран, Хойд Солонгос гэх мэт хэсэг улсыг нэрлэж харлуулж авч үздэг бол 2006 онд Венесуэл–Куба–Боливийн Холбоо (албан ёсны нэр нь “Бидний америкийн ард түмнүүдийн Боливарын альянс”) гэгчийг байгуулж, хэргээр “Сайн сайхны тэнхлэг” гэж АНУ-ыг сөргүүлж нэрлэжээ.
Чавес 2006 оны намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ АНУ-ын эзлэн түрэмгийлэх бодлого, даяаршлыг зад шүүмжлээд, АНУ-ын Ерөнхийлөгчиг “адтай чөтгөр” хэмээн хочлож оны онцлох хүнээр шалгарчээ. Он гараад Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг эх орондоо урьж аваачлаа. Зөвхөн Иранаар жишээлэлтгүй, өмнө нь америкийг эсэргүүцэгч Ирак, түүний Ерөнхийлөгч Саддам Хусейны дотны нөхөр байж, Иракийн эсрэг тавьсан эмбаргог эсэргүүцэж, 1990 онд Кувейтыг түрэмгийлснээсээ хойш олон улсын тавцанд бүрэн ганцаардаад байсан Саддамтай очиж уулзсан цорын ганц гадаадын дээд хэмжээний зочин нь Чавес болж таарсан юм. 2011 онд “Арабын хавар”-ын хувьсгал дэгдэхэд түлхэгдэн унаж буй Ливийн Муаммар Каддафи, Сирийн Башар аль-Асадын талд тууштай зогсож буй гол баатраар мань Чавес шалгараад байна.
АНУ-ын эсрэг онцгойрч буй Латин Америкийн бүлэг удирдагчдыг Чавесаар төлөөлүүлэн энд бичиж байгаа ба тэдний дотоод улс төрийн бодлого нь нэн төстэй, бүхэлдээ XXI зууны социализм энэ бүс нутгаар халдварлан тархаж эхлээд буй. Чавесын шавдуулан байж батлуулсан 1999 оны Венесуэлын Үндсэн хуулиар бол тэр орны нутгийн уугуул 300 мянган индианчууд улсын дотор өөртөө тусдаа хилтэй, газар өмчлөх дархан эрхтэй болсон. Индиан гаралтай Чавес арьс өнгө, гарал угсаа нэгт ахан дүүсээ Венесуэлдээ жаргуулж буй баримт ганц энэ биш. Халамжийн өдий төдий бодлого тэдэн рүү чиглсэн. Венесуэлын социалист байгуулалтад хувийг өмчийг нийгэмчлэх (улсчлах) явдал чухал байр эзэлсээр ирсэн. 2007 онд тус орны харилцаа холбоо–эрчим хүчний хамгийн том компанийг хувьчилсан. Цаад хөрөнгө оруулагч, хамтран эзэмшигч нь АНУ байж таараад Чавесын аазгайг бүр ч хөдөлгөж хөгжөөж өгчээ. Газрын тос олборлох, боловсруулах, худалдаалах талаар дэлхийд толгой цохидог Exxon Mobil, Chevron, Total, BP, Statoil, ConocoPhillips компаниудад нийгэмчлэгдэх аюул нүүрлээд байна. Энэчлэн эдийн засгийн гол чухал салбаруудыг нийгэмчлэх, гадаадын газрын тосны компаниудын хувьцааг төрөөс хянах, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг цуцлах, оюутнуудыг улсын тэтгэлгээр суралцуулах, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, гэмт хэрэг хүнд сурталтай тэмцэх зэрэг Боливарын хувьсгалын социалист шинжийг илтгэх алхмуудыг угсруулан хийсээр.
Чавесын холбоотон Моралес 2009 онд Боливийн Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдоод, түүндээ эрэмшин нийгэмчлэл гэдгийг ёстой үзүүлж өгч байна. Энэ 5 жилд Боливи орон социалист бүтээн байгуулалтаараа дагнана гэсэн уриатай. 2010 онд хувийн эрчим хүчний 4 гол компанийг нийгэмчилсэн. Ингэснээр эрчим хүчний зах зээлийн 80 хувийг төр мэдэлдээ авсан, тэр ч бүү хэл сөрөг хүчний нам, сөрөг хүчний лидерүүдийн нэр дээр байсан үйлдвэр, компаниудыг төрийн мэдэлд авах кампанит ажлыг өрнүүлээд байна.
Чавес нь “Бидэнд ганц л нам хэрэгтэй, олон намын цуглуулга хэрэггүй!” хэмээн ухуулж шахсаар байж өөрийн “Тавдугаар бүгд найрамдах улсын хөдөлгөөн” гэх намдаа коммунист намыг оролцуулан 20 гаруй гол намуудыг уусгаж нэгтгээд Венесуэлын нэгдмэл социалист нам гэдгийг байгуулаад авлаа. Олон намуудаас ганц намын системийг буй болгодог яг ийм туршилтыг Фидель Кастро 1960-аад онд Кубад амжилттай хийснийг (тэр үед Кубын социалист хувьсгалын нэгдмэл нам гэж байснаа хожим Кубын коммунист нам болсон) Чавес хуулбарлан хэрэгжүүллээ. Социализм байгуулахад Ерөнхийлөгчийн хоёр удаагийн сонгуулийн хугацаа хүрэлцэхгүй тул дахин сонгох эрхийг Үндсэн хуульдаа суулгана гэж шахсаар Үндсэн хуулиа өөрчлүүлэн дахинтаа хэд ч сонгогдох эрхтэй болж авлаа. Тэгвэл Моралес нь боливийн коки тариалагчдын “Кокалеро” хэмээх хөдөлгөөнөө социалист нам болгож чадсан, мөн дахин сонгогдох эрхээ хуульчлуулсан. Энэ мэт адил тал энэ хоёрт олон байна.
Чавес өөрийнхөө хүрээллийг зүүн социалист, коммунист, бүр түүхнээс арчигдчихсан троцкист этгээдүүдээр бүрдүүлсэн нь нэн сонин үзэгдэл болов уу. Түүний танхимд Хөдөлмөрийн сайд нь троцкист байх ба түүнийхээ нөлөөгөөр Чавес өөрөө троцкист болж Троцкийн үргэлжилсэн хувьсгалын онолоор ажиллаж байгаа аж. Ийнхүү 1920-иод оны сүүлчээс хойш түүхэндээ Троцкийн үзэл суртлыг хүлээн зөвшөөрсөн анхны төрийн зүтгэлтнээр Чавес шалгараад буй. Түүний тайлбарлаж байгаагаар бол Боливарын социализм нь марксизмтай холбогдох албагүй, Латин Америкийн онцлог бодит байдлыг тусгах ёстой, XXI зууны социализм нь ХХ зууныхаасаа ялгаатай, иймд заавал Ленин, Сталины замаар замнах хэрэггүй, Троцкийн замаар замнаж, даян дэлхийд нэлэнхүйд нь социализм ялтал үргэлжилсэн тасралтгүй хувьсгалыг хийх ёстой аж. Тэгснээ энэ үзлээсээ ухарсан уу, гэнэт Беларусийн хөгжлийн загвар нь Венесуэлын шинэ нийгмийн байгууллын үлгэр загвар байх мэтээр Беларусьт айлчлах үедээ ярьжээ.
Дэлхийн хамгийн их газрын тосны нөөцөн дээр суугаа Уго Чавес эрчим хүчний бодлогоороо дэлхийг захирах тухай элдэв амбицаа огт нуудаггүй. Учир нь АНУ-ын хувьд газрын тосны гол ханган нийлүүлэгч нь Венесуэл байсаар байгаа. Тиймдээ ч империализм, неолиберализмын эсрэг чиглэсэн “Бидний америкийн ард түмнүүдийн Боливарын альянс” гэгчээрээ дамжуулан гишүүн орнуудаа эрчим хүчний түүхий эдээр хангах, ингэнгээ Латин Америк, Карибын сав газарт Вашингтоны нөлөөг хумих тухай ярьж номлож байна.
Тэрээр 2012 оны намар дахин 6 жилээр сонгогдлоо. Энэ 6 жил түүний хувьд, хөршүүдийнх нь хувьд гэнэтийн, цочмог санал санаачилга, тулгалтаар дүүрэн байна гэсэн үг. Түүнийг дахин сонгогдсонд дэлхийн хамтын нийгэмлэг, түүний тэргүүн Бан Ги Мүн сэтгэл түгшиж байгаагаа нуугаагүй. Боливарын хувьсгал гэгчээ НҮБ-ын индэр дээрээс байнга номлож, гишүүн орнуудыг нь түүндээ татан элсүүлж, глобал тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Боливарын хувьсгал л ганц гол гарц нь байх болно хэмээн яриулж номлуулж суух нь таатай байв гэж үү. Тэрээр одоо Сири дэх Алеппо хотын төлөөх тулалдааныг зохицуулахад гол хөтөч байх юм шигээр яриад эхэллээ. Ерөөсөө Ойрхи Дорнодын хямралыг эцэслэн шийдүүлэх ганц хүн нь Арабын Лоуренс–Чавес байх юм гэнэ дээ!