ТӨР БУЛААГЧИД БА ХУУРАМЧ ХААД
Үр дүнд нь хаан эрхэд суух шинэ “болзол, нөхцөл” бий болсноор “хуучин үндэслэл, нотолгоотой зөрчилдөж заримдаа бүр жигтэй нөхцөл байдал ч үүсэж байсан байдаг. Түрэг-Монгол төрт ёсны уламжлалын дагуу хууль ёсоор хаан суусан нэгнийг (Чингисийн угсааны хуралдайгаар тодорсон сурвалжит язгууртан) хэрэв харь гүрний хаан баталгаажуулаагүй бол шууд төр булаагч болж хувирдаг байв. Ийм тохиолдол төрийн эргэлт, овог, отог хоорондын дайн, гадаадын түрэмгийлэл, өшөө авалтад зэрэгт хүргэсэн байдаг билээ.
Түрэг-монгол угсааны улсуудад янз бүрийн цаг үед хоорондоо шууд уялдаа холбоогүй хэдий ч хаан ширээнд горилогчид ижил, эсхүл ихэд төстэй үндэслэл нөхцөл гаргаж байсан. Энэ нь түүхийн туршид “талын нүүдэлчдийн эзэн гүрэн” оршиж ирсэн Евразийн өргөн уудам нутагт төрт ёсны нэгдмэл соёл уламжлал байсныг харуулж буй хэрэг юм.
Монголын эзэнт гүрэн болон Чингисийн угсааныхны захирсан эзэнт гүрний өв улс орнуудаас тодрон ялгарсан (Алтан Орд, Цагаадайн улс, Хятад дахь Юань гүрэн, Иран дахь Илхаадын улс) улсын дээд эрхэд горилогсод өөрийн угсаа гарал, нас, хувь хүний авьяас чадвар, бахархал болон Монголын эзэнт гүрний төрт ёсонд (өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлах үзэгдэл тийм ч ховор бус) тулгуурласан байдаг. Хаанд тодрохын тулд хэд хэдэн албан ёсны болзол нөхцөл хангаж, үндэслэл нотолгоо гаргах ёстой гэдгийг тооцон үзвээс Чингисийн угсааныхан өөрсдийн гарал угсааг өөрийн талд тайлбарлахын хажуугаар бусад үндэслэл нотолгоонд суурилан хаан эрхэнд өрсөлдсөн хүмүүсийг төр булаагчид гэж буруутгадаг байжээ. Үр дүнд нь Чингисийн өв улс орон бүрд төрийн эрхийн төлөөх тэмцэл зогсолтгүй өрнөжээ.
Төр барьж буй Чингисийн угсааныхны удам тасрах, эрх мэдэл нь сулран доройтох нь асуудал дагуулж, олон тоотой болж өсөж үржсэн Алтан ургийнхан дотроос зөвхөн салбар ургийнхан нь төдийгүй Их хааны дүү нарынх нь үр хойчис, ураг барилдаж саданссан язгууртны хойч үе зэрэг албан ёсоор төр барих эрхгүй, Чингис хаантай шууд хамааралгүй угсаа гаралтай хүмүүс хаан ширээнд санаархжээ. Энэ нөхцөлд дээр дурдсан хаан ор залгах үндэслэл нотолгоон дээр шинэ шинэ болзол нэмэгдэх болжээ.
Эрх мэдэлд санаархагчид Чингисийн өв улсуудад ашиглаж байснаас өөр болзол шаардлага гаргаж ирэх нь улс төрийн шинэ нөхцөл байдалтай холбоотой. Түрэгийн талын улс оронд исламын шашин, Монголд буддын шашин албан ёсны шашин шүтлэг болсноор хаан эрхэд горилогч Чингисийн төрт ёсны уламжлалын дагуу хаан суух эрхгүй этгээд шашны дээд тушаалтнаас хаан цол хүртэх зэргээр дэмжлэг авч, шашны зан заншлыг овжноор ашиглах болжээ.
Ингээд XVI-XIX зууны үед түрэг-монгол угсааны улс орнууд бүгд харийн хаад- Османы султан, Персийн шаг, Оросын болон Хятадын эзэн хаадын эрхшээлд оржээ. Шинэхэн эзэд өөрийн хяналтыг вассал эзэмшилдээ улам батжуулахын тулд өөрийн дураар хаад, эздийг томилон суулгах болсон ба заримдаа эрх барьж буй угсаанаас (Чингисийн болон бусад), заримдаа өмнө эрхшээж байсан ургийг халж, өөрсдийнх нь дэмжлэг, туслалцаанаас илүү хамааралтай язгууртнаар сольж байжээ.
Үр дүнд нь хаан эрхэд суух шинэ “болзол, нөхцөл” бий болсноор “хуучин үндэслэл, нотолгоотой зөрчилдөж заримдаа бүр жигтэй нөхцөл байдал ч үүсэж байсан байдаг. Түрэг-Монгол төрт ёсны уламжлалын дагуу хууль ёсоор хаан суусан нэгнийг (Чингисийн угсааны хуралдайгаар тодорсон сурвалжит язгууртан) хэрэв харь гүрний хаан баталгаажуулаагүй бол шууд төр булаагч болж хувирдаг байв. Ийм тохиолдол төрийн эргэлт, овог, отог хоорондын дайн, гадаадын түрэмгийлэл, өшөө авалтад зэрэгт хүргэсэн байдаг билээ.
Түрэг-монгол угсааны улсуудад хуурамч хаад, хулхи этгээд хаанаар тодрох хачирхалтай хэрэг явдал багагүй гарсан байдаг. Европын улс орны түүхтэй харьцуулахад энэ хэрэг цөөвтөр боловч хуурамч, хулхи этгээдүүд бодит түүхэн язгууртны дүрд тоглох төдийгүй бүр огт байгаагүй хийсвэр хүн болж жүжиглэж байсан. Тэдний санаархал эзэнт гүрний хэмжээнд, эсхүл тухайлсан бүс нутагт эзэн суух хэмжээний далайцтай байсан бол зарим нь хаан ширээнд суух санаа огт агуулаагүй юм.
Дундад зууны үед түрэг-монгол угсааны улсад дээд эрхэд горилох үндэслэл нотолгоо, болзол нөхцөлийг шинэ цагт ч идэвхтэй ашиглан, заримыг нь XX зууны эхэн хүртэл мөрдөж байжээ. Энэ нь эдгээр улс орон, ард түмний төрт ёсны уламжлал ямархуу урт удаан хугацаанд оршин тогтнож чадсаны нотолгоо бөгөөд гүнзгийрүүлэн судлах аваас Евразийн бүс нутагт орчин цагт өрнөж буй улс төрийн үйл явцыг сайтар ойлгоход туслах юм.