МОНГОЛ 11 ҮГЭЭР НОМ /МӨӨМӨӨ УНЖУУЛСАН ФЕМИНИЗМ/
Энэ бол Монголын тухай ном. Хорвоогийн олон үндэстэн дотроос Монголчуудыг л хамгийн их мэдэх юм. Учир нь би тэдний нэг билээ. Тэгэхээр миний ч тухай ном.
Хэрвээ, та 1930-аад оны руу буцаж очоод монгол наадам үзэх юм бол том том хөхөө савчуулсан, хагас нүцгэн хүүхнүүд ноцолдож, морьтой явган олон хүн тэднийг тойрон хүрээлснийг харна. Энэ бол малчдын сприптиз, согтуу саальчдын зодоон огтоос биш ээ. Харин тал нутагт феминизм нэвтрэн гайхшируулж байгаа нь тэр ээ.
Эрийн гурван наадам хэмээх цэрэг-спортын тэмцээнд хүүхнүүдийг оруулснаар эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөн үүссэн түүхтэй. Угаасаа, хурдан морьдыг охид уралдуулж болдог байсан тул нэг их шинэчлэл орсонгүй. Эмэгтэйчүүд сур харвахад ч тэр мэтчилэн. Харин тэднийг барилдуулах амаргүй байжээ. Эмэгтэйчүүд барилдаж чадахгүйдээ биш юм.
Үндэсний бөхийн өмсгөлийн цээж задгай байх ба домогт өгүүлснээр зүсээ хувиргасан эмэгтэйчүүд барилдахаас сэргийлсэн дизайн ажгуу. Иймээс, хүүхнүүд хөхөө ил гарган, их зохисгүй байдлаар барилдаж эхэлсэн гэдэг ээ.
Феминист бөх бол санаатай гуйвуулга, төөрөгдлийн алин ч биш юм. Эхийн эрхт ёсны үлдэгдэл маш хүчтэй, эхнэр талаа татаж нутагладаг уламжлалтай Монголчуудын дунд эмэгтэйчүүдийг дорд үзсэн гэхээр юм бага байлаа. Монголын түүх баатарлаг эмэгтэйчүүд, удирдагч бүсгүй, мэргэн зөвлөх ээжийн нэрсээр дүүрэн. Мандухай хатан гэхэд л тарж бутарсан монгол аймгуудыг нэгтгэж, нэгдсэн монгол улсыг сэргээж байлаа
Гэрийн доторх эрх мэдэл гал тогооноос эхэлнэ. Орой ямар хоол гэрийнхэндээ идүүлэхийг айлын эзэгтэй л шийднэ. Эндээсээ хоол хүнсний эх булаг болсон малын ашиг шим авгайн хяналтад очно. Цагаан идээг боловсруулах, хадгалах, хуваарилах нь гэргийн ажил. Цаашлаад сүү цагаан идээний гол үүсгэвэр болсон сааль их өгдөг үнээ, эм малыг авгай нь хянана. Эр хүнд хэдэн адуу л үлдэж байгаа биз дээ. Гүү сааж, айраг исгэнэ гэвэл буцаад л авгайнхаа гарыг харна.
Аажмаар, хадмын хоол ундыг ч айлын эзэгтэй хуваарилах ба яваандаа хэрхэн асрахыг ч шийдэх тул бэрдээ тал олохыг бүгд л хичээнэ. Эр нөхөр бол адуунаас бусад мал ба аав ээжийнхээ хувь заяаг хүртэл атгуулчихаад хаашаа ч тонгочих билээ!
Хөвүүдээ гэрлүүлж айл болгоод хажуудаа нутаглуулснаар шинэ айлын замнал эхлэх боловч нэг л мэдэхэд хүүхний ээж аавын хотонд нийлнэ. Ийм учраас ураг төрлийн хэлхээнд эхийн тал илүү нөлөөтэй явсаар иржээ.
Улс төрийн болон сонгох сонгогдох эрх, улсын ажил албанд эрх тэгш томилогдох гэхчлэнгийн феминизмийн чухал зүйлс эмэгтэйчүүдэд байтугай эрчүүдэд байсангүй. Ийм байтал, төр засгаас эмэгтэйчүүдийг эрх тэгш болгосон ямар нэг үйлдэл хийхийг шаардаад байлаа. Ингээд, арга ядахдаа тэдний мөөмийг гарган барилдуулжээ.
Монгол хүүхэд төрийн хар хүний замаар явах бол бахархан дуурайдаг хүн нь аугаа их Чингис хаан. Харин Чингис хааны түүхэнд Өүлэн эх чухал байр эзлэх бөгөөд түүний хайр халамж, хүмүүжлийн арга нь Тэмүжин хөвүүнийг Монголын их гүрний эзэн болгосныг тэндээс харна. Лам болж гэрээс гарахыг хүссэн зарим нь “Хамаг амьтныг төрсөн ганц үрээ хайрлах эх лүгээ адил энэрэх”-ийн номд суралцана. Жирийн сүсэгнүүдийн хувьд Бурхны шашны сурах бичиг болсон “Молон тойн эхийн ач хариулсан” хэмээх үлгэр сударт ээжийнхээ төлөө бүхнээ зориулах үзэл санааг сурталчилна.
Өнөөгийн нийтийн дууны далаас доошгүй хувь нь эхийн ачийг дурдан сануулдаг. Хэрвээ, багадаа дурлаж байгаагаа мэдээгүй орхисон “багын жаахан” охидын сэдвийг нэмбэл бараг л бүх дуунд бүсгүйчүүл гарна даа. Худлаа гэвэл, радиогоор явж байгаа дуунуудын үгийг тогтоон чагнаад үзээрэй!
Хаанаас нь ч харсан эрчүүдийн баатарлалын цаад сурвалж, энэрэн хайрлах ёс, шашин номын утга болсон “эхийн хайр” бол тул нутгийн хүнлэг үзэл санааны суурь бөлгөө. Ийм хүмүүст “одооноос эхэлж эмэгтэйчүүдийг хүндлэх хэрэгтэй” гэвэл гайхаж таарна.
Нийгэм даяараа эмэгтэйчүүдийн саналыг хүндэтгэн үздэг. Эрчүүдийн тангараг, тохиролцоог ч тэдний санал эргүүлэн өөрчлөх хүчтэй. “Нууц товчоо”-нд гардгаар бол Тэмүжин, Жамуха хоёр хар багаасаа үүрдийн анд болохоор тангараг тавьж, бүсээ солилцдог. Ирээдүйн Чингис хааны булаагдсан эхнэрийг авчрахад гол гавьяа байгуулсан хүний нэг ч Жамуха мөн. Гэтэл нэг өглөө орондоо хэвтэж байсан Бөртэ хатан нь, Жамухынхаас салж нүүхийг ятгачихаж байгаа юм даа. Эл түүхийг хэн ч гайхахгүй, бас эгдүүцэхгүй. Ухаант мэргэн хатны цагаа олсон зөвлөгөө болгон түүхлээд цаашаа явна даа.
Өнөөгийн монгол эрчүүд хийсэн наймаагаа буцах, чухал тохирооноосоо няцахдаа эхнэрийнхээ нэрийг барьсаар байна.
- За хөгшөөн уучлаарай. Авгай уурлаад байна гэхэд хэн ч гайхахгүй. Амнаасаа буцдаг өөдгүй эр гэхгүй. Уг нь хэлснээрээ байхыг хүссэн боловч эхнэр нь зөвшөөрөхгүй байна гэж ойлгоно.
- Орой хэдүүлээ нийлж жаахан балгана гэчихээд “авгай уурлана” гээд салаад явахад хэн ч түүнийг аймхай хулчгараар нь дуудахгүй.
Эхнэрийн байр суурь бол давагдашгүй хүчин зүйл мөн.