Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан ҮЗХ-ны хурал улс төрийн амьдралд хийгээд, олон нийтийн дунд ч нэгэн том шуугианыг дэгдээлээ. Зарим ажиглагч уг хурлыг зарчмын хувьд бахархал дагуулсан сонгодог жишээ боллоо хэмээн үзэж байгаа бол зарим нь бүлэглэлүүд үнэхээр ягштал сайн ажиллаж чадлаа, жинхэнэ хуйвалдааны гайхамшгийг үзүүлсэн хурал хэмээн дүгнэж байна.
Аливаа юм хоёр байтугай олон талтай. Тэр үүднээс бол дээрх дүгнэлтүүд хоёулаа айхтар үнэмшилтэй дүгнэлтүүд юм. Ялангуяа хоёр дахь нь. Учир нь үүнийг батлах мэт араас нь цацагдсан Эрдэнийн Бат-Үүлийн эмзэглэл шингэсэн нэгэн өгүүлэл дуулиан тарьж байна.
Өгүүллийн эхний өгүүлбэрээс эхлэн дуустал хамт зангирч, хамт хорсож, хамт жигшиж, хамт шархирав. Индэр дээр үгээ бижрүүтүүлэн, хоолойгоо зангируулан зогсч байсан Э.Бат-Үүлыг бид буруу мэдрээгүй л юм байна. Тэрэнд тохиолдох бүх юм урд шөнө нь л тодорхой болчихсон байсан ч тэр урьдийнхаараа итгэсээр сэржээ. Сэрээд харин нүдэндээ итгэсэнгүй. Алга урвуулах шиг эргэчихсэн хуурамч агаараар амьсгалж ядан бүгчимдэхдээ бархирмаар санагджээ. Гэвч сэтгэлтэйгээ ноцолдсоор барьж гарч ирээд, бичгийн ширээнийхээ ард суугаад чангаар цурхирсан байна. Уг нь баахан хор балгаж муужран унаад сэрэхэд үлэмжийн гайхамшигт амьдрал муу муухайгаа ч угааж амжаагүй нүүрээ харуулан ичгүүргүйгээр инээмсэглэж угтдаг нь бараг жам шахуу зүйл шүү дээ. Гэвч түүний сэтгэл тэсэхүйеэ бэрх өвдсөн байна. Яг л арван долоотой жаалхүүгийнх шиг.
Итгэл, сэтгэл, нөгөө муу элдвийг үзсэн зүрхээ өөрөө эхлээд л өгчихдөг. Итгэлээ алдаж, сэтгэлээ гутаалгаж, зүрх рүүгээ харвуулан унан тусаад ахиад л халуун цээжээ дэлгэн өгч суудаг өөрийнх нь буруу ч юм шиг. Гэвч хатуу хэлэхэд “хохь” нь болжээ. Халаглах ганцхан зүйл байна. Хайран боломж. Хувь заяаны өмнө гайхамшигт боломжийн хаалга нэг их олон онгойдоггүй тухай надад Э.Бат-Үүлтэй баруун солгойгүй хорин жил хамт явж ирсэн нэг анд нь нэгэнтэй хэлж байсан юм. Тэр эрхэм бол онгойсон хаалга болгоноор орж байсан. Онгойхооргүй нөхцөлд ч өөрөө хөшиж, цоож цуургыг нь сэт татаж хаяад орж явчихаж байсан хоншоортой аавын хүү л дээ. Тийм ч учраас өөрийг нь огт дэмжээгүй, хүсээгүй орчинд ч өөрийн ялгуусан улс төрийг хийж хаалт болгоныг сэт татан гарч ирж явсан байх. Үүл харин өөрийнхөө өмнө онгойсон хаалгыг хаагдахад өөрөө ч өндөр хувь нэмэр оруулчих шиг. Нөгөө цөстэй, зоригтой эрхэм юунд энэ удаа ингэтэл зүрх алдан гуйвж, гуйж гувшиж, нулимс унагаж, дараа нь бархирч байгаа хэрэг вэ. Энэ тэрний араншин мөн ч юм шиг, биш ч юм шиг.
Улс төрийн лидер хүн ийм нөхцөлд гар дахь сэлмээ алдаж унагах нь битгий хэл тас чавчилдан үзэлцэж, өөрийнхөө өмнөх хана хэрмийг нурааж, дайтан дагуулж гарах ёстой юм биш үү. Улс төрд эр хүнийг онолоос илүү, бараг зарчмаас илүү зориг, зүрх хоёр нь авч явдаг юм шиг санагддаг. Ийм улстөрч олон. Гэвч энэ удаа бүгдийн хайртай буурал Э.Бат-Үүл нэг л хачин бүдэрчихлээ.
Түүний өгүүллийн эхний хэсэг тэр чигээрээ сэтгэл дотор нь болж буй дотоод дайныг гайхамшигтай дэлгэн гаргасан бол дундаасаа хойш айлын авгай хүүхэдтэй ноцолдон шалчийтлаа унасан нь хачин. Э.Бат-Үүлийн гэх өнгө төрхтэй улс төр бий. Гэхдээ энэ мөн гэж үү.
Сэтгэл хөдлөл уг эзнээ ямар л бол ямар байдал руу авч давхичих гээд байдаг хэцүү үзэгдэл. Эргээд энэ үйлдлийнхээ араас харамсаж байж ч болох юм.
Э.Бат-Үүлд энэ удаа гадны дэмжлэг асар их байлаа. МАХН-аас ч, ардчиллын төлөөх бусад хүчнүүдээс ч. Тэр энэ дэмжлэгт хэт найдсан байж болох. Үүнийг батлах мэт үгс өнөөдөр чих дэлсэж л байна. Жишээ нь МоАХ-ныхон гэхэд түүнд туниж байна гэнэ. Тэдний амнаас “ Үүл тэгээд яагаад МоАХ-той ирээд уулзчихаагүй юм бэ. МоАХ өөрөө очиж тэрэнтэй уулзах юм уу” гэсэн хилэнтэй үг унаж байгаа сурагтай. Бас л бодох зүйлийн нэг мөн. Ардчилсан намын лидерүүдэд нэг том алдаа байдаг. Намынхаа масс-тай нүүр тулж өгдөггүй. Бүх тохироог бүлэглэлийн толгойлогч ганц нэг нөхөдтэй хийх гээд байдаг. Зарим нь тэгж ажиллаад үр дүнд ч хүрдэг. Гэхдээ Үүлийн хувьд тэр аль ч бүлэг дээр (Зүүн хойд азийнхныг эс тооцвол) очдоггүй. Энэ удаа очих ёстой байсан байж мэдэх юм.
Өнөөдоийн байдлаар Э.Бат-Үүлийн бичсэн өгүүлэлд буй нэгэн өгүүлбэрийг тойрсон аман улс төр ид өрнөж эхэлжээ. “….Ерээд онд гар гараасаа барин тэмцэж явсан андуудын маань нэг нь Ерөнхийлөгч Н.Энхбаярын TV 9 телевизэд гүйж очоод Э.Бат-Үүл Зоригийн хэрэгт холбоотой хэвээрээ байгаа гэсэн бичлэгтэй хуурцаг тавиулж байгааг мэдсэн сэтгэл минь өвдөлтөндөө яаж тэсэх билээ” гэсэн энэ өгүүлбэр ихээхэн анхаарал татаж байгаа юм. Үнэхээр ч санал хураалтын урд орой уг телевизээр дээрх бохир ажиллагаа явчихаж.
Э.Бат-Үүлийн итгэснээр бол энэ ажлыг өөрийнх нь бөөрнөөс хийчихсэн юм байх. Тэгсэн бол даан ч адгийн явдал гэхээс өөр хэлэх үг алга.
Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар энэ ажлыг Ц.Элбэгдорж хийчихсэн гэх мэдээлэл, нэлээн итгэл үнэмшил төрөхүйц гаргалгааны хамт Э.Бат-Үүлийн баруун чихэнд иржээ. Ахиад хэлье. Хэрэв үнэн бол муухай хэрэг. Гэхдээ хэн нотолсон юм бэ. Нөгөө л гайтай хов жив болж таарч байна. Зарим нь Ерөнхийлөгчийг сэрдэж, “ээ наадах чинь Энхбаярын л хийсэн ажил ш дээ. Гараан дээрээсээ л хоорондоо алалцаж байна гэж харагдуулахын тулд Элбэгээг хийсэн гэж тарааж байгаа юм” гэж намынхнаа тайтгаруулж байгаа юм байх. Ийм улс төрийг бохир заваан гэхээс өөрөөр оношлох арга алга. Ц.Элбэгдорж ч, Н.Энхбаяр ч хэн хэн нь ийм жижиг юмаар тоглохгүй болов уу. Би хувьдаа манай PR -чдын л хийчихсэн ажил гэж харж байна. Хөндлөнгөөс иймэрхүү заваан юм хийхдээ сүрхий гаршсан нөхдүүд олон шүү дээ. Тэдний тарьсан балаг андгайг эвдэж, андыг хагалж, хавь ойрыг хардлага сэрдлэгээр булж байдаг нь бараг зуршил болтол хөгжчихлөө. Одоо үүнийг нөгөө цэвэр улс төрийг санал болгоод байгаа намууд өөрсдөө таслан зогсоох цаг ирэв бололтой. Гарц нь хялбархан. Тийм мэргэжлийн бус, зарчмын бус тоглолтуудыг санхүүжүүлж байдгаа л больчих. Ердөө л энэ.
Э.Бат-Үүлд санал хураалтын үеэр нөлөөлсөн бас нэгэн таагүй PR түүнийг урд шөнө нь ордны хажуугийн нэгэн ресторанд С.Баяртай нууцаар уулзсан гэх цуу яриа байжээ. Санал хураалтын үеэр танхим даяар энэ мэдээллийг чихнээс чихний хооронд нисгэсэн гэнэ. Олиггүй энэ хов хаанаас эхтэй, юу болохыг бүү мэд. Үнэн хэрэгтээ тэдний нууц уулзалтыг хэн нүдээрээ харсан юм бэ. Ийм хоёрыг хутгаж, хотлыг самарсан бохир ажиллагаанууд улс төрийг улам төвөгтэй болгож байна. Ийм зүйлд ач холбогдол өгөхөө болих, ийм ажиллагаануудын явдаг замуудыг хаах, үнэгүйдүүлэх ажлыг намууд өөрсдөө санаачлан хийх хэрэгтэй болсны нэгэн том дохио энэ болж байна. Гүжир гүтгэлэг, эв эвдсэн элдэв бохир ажиллагаануудыг үл тоосон ихэмсэг, эрхэмсэг сонгууль болоосой гэж олон түмэн ч хүсч байна. Нийгмийн энэ сэтгэл зүйг хаа хаанаа анзаарч ажиллах цаг үнэхээр иржээ гэсэн үгээрээ энэхүү нийтлэлээ өндөрлөе.
…Элдэв бүлэг фракцууд Түгжил мэт хавирга сүвээ рүү дахин дахин бүлсэн чинь андгай тангарагтнууд хээв нэг урвачихаад “ичсэн хүн хүн ална” гэгчээр эргэж бас элдэвлэн дайрсан чинь, угаас мунхаг харанхуй учраас адал балмад авиртайгаа лут ухаан гэж хөөрөн тэнэглэх нөхрөө харсан чинь, элдэв амлалт гоё үгэнд хууртаж хашрахгүй тоглуулж явдаг хөнгөн сэтгэлтнүүдийг өрөвдсөн чинь, лангууны ард зогсож байгаа худалдагч шиг дандаа аваа өгөө ярьж байдаг фракцын гишүүн эрхэмтэй ярилцсан чинь, тал талаасаа бүчүүлсэн балбуулах хөөрхий муу сэтгэл гээч маань өвдөхдөө байдгаараа орилсон юм…гэж шархиран хашгирсан цогтой лидерийн дуу сэтгэл сэмлэнэ. Сэтгэл сэмрээд уйлмаар болно…Түүнийг бархирч байна гэж бодохоор….Бат-Үүлийн хашгираан надад ийм л эмзэглэл үлдээлээ. Харин танд…?