Пак Жөнхый


“Нэгэн үеийнхний орших хугацаа нь хязгаартай ч нэгэн улс үндэстний орших хугацаа мөнх. Өнөөдөр бидний үеийнхний хөлсөө урсгаж бүтээн цогцлоохоор зорьж буй бүхэн зөвхөн өөрсдөө мөр бүтэн, гэдэс цатгалан явах гэсэнд бус, энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн өгч, улс үндэстнээ мөнхөд сэргээн мандуулахын төлөөх үйлс юм шүү.”

“Пак Жөнхый ерөнхийлөгчөөс Сөүлийн Их сургуулийн захиралд
бичсэн захидал”-аас



Хаврын хар өлсгөлөн ба эмэгтэй ажилчид

Эрт үеэс манай хэлэнд хаврын хар өлсгөлөн гэдэг үг байжээ. Хүний түүхэн дэх хамгийн “гашуун” үг мөнөөс мөн. “Идэх хоолгүйгээс болж өлсөнө” гэдгээс арай өөр юм. Хаврын хар өлсгөлөн гэдэг нь тариалангийн талбай багатайгаасаа болоод ам бүлийнхээ хэрэгцээт хэмжээнд ургац авч чадаагүй тариачны гэр бүлд голдуу тохиолдоно. Мэдээж тэдэнд үүнээс өөр орлого байхгүй. Хаврын хар өлсгөлөн хичнээн хүнд хэцүү болохыг өөрийн биеэр амсаагүй хүн бол ойлгохгүй.

Ядуу тариачин айл бол хавар болоход хүнс дуусна. Зөвхөн өнөөдөр идэх хоолоор барахгүй маргааш, нөгөөдөр гээд хэдэн сараар хоолгүй болно. Ганц томчуул өлдөх биш нялх үрс хоол нэхэн уйлж, хөхүүл эх дэмий хоосон хөхөө үлгүүлнэ. Бусад айл ч ялгаагүй хоосон болохоор хоол гуйх газар үгүй. Аргагүйн эрхэнд дөнгөж ургаж буй тутарганы түрүүг хуурч болгосны дараа нүдэж нунтаглаад өвсний үндэс, модны холтостой хамт чанаж зутан болгон иднэ. Нэг үгээр “Урамхай зутан” (энэ зутанг идсэний дараа өтгөн хатаж, хүндээр бие засахад хошногоны амсар урагддаг тул ийнхүү нэрлэжээ. Эрт дээр үеэр Солонгосчууд өлсгөлөн хоосны хүнд хэцүүг илэрхийлэхдээ “Урамхай зутан” хэмээх үгийг хэрэглэдэг байв.)-гаар голоо залгуулж, тарчиг хоосны туйлд хүрдэг байв. Тарьсан тутаргаа хурааж байж гэмээнэ сая өл залгах тул тэр хүртэл тэсч чадахгүй турж үхэцгээнэ. Тутаргаа хураалаа гээд асуудал дуусчихгүй. Дараа хавар, тэрний дараагийн хавар дахиад л энэ байдал давтагдана.

Хаврын хар өлсгөлөнгийн хамгийн хэцүү зүйл нь ганц хүн биш гэр бүл тэр чигтээ туйлдаж, дээрээс нь хэзээ ч шийдэх аргагүй болохоор цөхрөнгөө барсан асуудал байлаа. Тийм болохоор өлсөж туйлдсан ихэнх тариачин өрх ам бүлээ цөөлөхийн тулд арав ч хүрээгүй балчир хүүхдээ айлд өргүүлдэг байсан ба ихэвчлэн охин хүүхдээ өргүүлж, бусдын гэрийн ажилд туслуулах эсвэл хүүхдийг харуулахаар явуулдаг байсан нь бараг айлд зарцлуулснаас ялгаагүй хэрэг байв.

Хаврын хар өлсгөлөнг давах гэсэндээ хотод ирэвч ажил олдохгүй. Ачаа зөөж, хар бор ажил хийсэн ч идэх хоол олдохгүй болохоор ялгаагүй байв. Тэнгэр муухайрсан өдөр бол ажил ч олдохгүй өдөр болгон өлөн зэлмүүн өнгөрүүлнэ.

Энэхүү өлсөглөн зэлмүүн байдал 1977 он хүрч байж арайхийн эцэс болсон юм. Үүнийг мэдэхгүйгээр Солонгос орны 1960~70-аад оны үеийн нөхцөл байдлыг ойлгохын аргагүй юм.

Энэ үед манай хөрш Япон, бидэнтэй адил Японы колони байсан Тайвань ямар байсныг танилцуулая. Дайны дараах Япон аль ч талаасаа тэр Солонгосоос дээрдэх зүйлгүй байсан юм. Гэтэл хамгийн гайхмаар нь бараг “амь голтой” төдий байсан Японы эдийн засаг дороо сэргэж хөгжиж эхлэв. Бидэнтэй яг адилхан нөхцөлд байсан Тайвань хүртэл 1950 оны сүүлээр АНУ-аас авдаг тусламжаа зогсоон, эдийн засаг нь бүрэн бие даасан юм.

Харин манай улсын эдийн засаг улам дордсоор байв. Ийм байдал үргэлжлэх тусам ард иргэд маань өөртөө итгэх итгэлгүй болж, өөрсдийгөө дорд үзэх болов. Энэ үед “Гуулин зоосонд чадах юм байх уу”, “Варажи юугаар гийгүүлэхэв” гэдэг үг хэллэг моодонд орсон байв (“Варажи” гэдэг нь японоор сүрлэн шаахайг хэлнэ. Мэйжи үеэс хойш Японд үсээ богиносгон тайруулж, Европ хувцас гутал өмсөхийг шаардах болсон байна. Гэтэл ядуу ард үүнийг нь биелүүлэх аргагүй байжээ. Тиймээс тэднийг сүрлэн шаахайтан хэмээн нэрлэх болсон байна. Колоничлолын үед Япончууд сүрлэн шаахай өмссөн Солонгос хүнийг ч бас “Варажи” гэж дууддаг байв).

“Варажи”, “Гуулийн зоос” гэдэг хэлц нь Солонгос хүн өөрийгөө дорд үзсэн утгаар хэрэглэж байлаа. Эдгээр хэлц нь “Дэлхий ертөнц доллар хэрэглэдэг болчихоод байхад гуулин зоосны хэрэг гэж юу байхав”, “Бусад орны хүмүүс бүгдээрээ гутал өмсөж байхад бид сүрлэн шаахайтайгаа л таваргаж явах тавилантай хүмүүс” гэсэн утга агуулна. Энэ үеийн Солонгос хүний зориг зүрх дайнд ялагдаж, амьд үлдсэн цэргээс ялгаагүй байлаа. 5 сарын 16-нд гарч ирсэн Цэргийн Засгийн газар “Турж үхтлээ туйлдаж ядарсан ардын зовлон” гэж илэрхийлсэн нь тухайн үеийн жирийн иргэдийн бодит байдал байсан юм. Ийм нөхцөлд манай улс түүхэндээ анх удаа “Бие даасан эдийн засагтай болно” гэдэг зорилт дэвшүүллээ. Бие даасан эдийн засаг гэдэг нь АНУ-ын тусламжгүйгээр улс орноо авч явна гэсэн утгатай туйлын энгийн хүсэл байсан юм.


1.     Эдийн засгийн бие даасан байдал ба ажиллах хүч

1960~70 оны эхэн үе. Аж үйлдвэрийн салбар бараг түүхий шахуу байсан энэ үед манай улсын цор ганц баялаг нь “Солонгос хүн гэх ажиллах хүч” л байлаа. Гагцхүү энэ баялгийг ашиглаж байж л идэх хоолтойгоо залгаж, улс орноо өөд татах нь бидэнд оногдсон хувь тавилан байлаа. Харин тухайн үед “Солонгосын ажиллах хүч”-ний талаар мэддэг хүн бараг байхгүй, судалсан материал ч байдаггүй байв. Бүгд ерөнхий баримжаагаар таамаглах төдий байсан юм.

Тийм болохоор шинэ салбарын төлөвлөгөө боловсруулах болгонд “Солонгос хүн гэж чухам хэн бэ?” гэх асуулт намайг зовоож байлаа. Үүний хариултыг олохгүйгээр төлөвлөгөө гаргах ч аргагүй байсан юм.


2.    Ажиллах хүчний тоо хэмжээ

“Ажиллах хүч” гэдэг нь тоо болоод чанарын үзүүлэлтээс бүрдэх байх ба хамгийн суурь тоо хүртэл эргэлзээтэй байлаа. 1964 оны сүүлээр би “Аж үйлдвэрийг экспортод чиглүүлэх нь” гэдэг төсөлд бүхнээ зориулан ажиллаж байсан юм. Хөдөө тосгодоор хийх ажилгүй хоосон холхиж байгаа ажиллах хүчийг ашиглан бөс даавуу зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэн, экспортын бараа үйлдвэрлэх гэсэн төлөвлөгөө гаргав. Энэ салбар бол залуу эмэгтэй ажилчдын оролцоотойгоор босох ёстой байлаа. Үүний тулд нас, боловсрол тус бүрээр хөдөлмөр эрхлэх боломжтой эмэгтэйчүүдийн нийт тоог мэдэх хэрэгтэй байв. Харин тийм статистик мэдээллийг олох аргагүй байв. Статистик тоо бүрдүүлчих хэмжээний суурь судалгаа ч үгүй байсан юм.

Бодит жишээ ярья. Улс орны статистикт хамгийн чухал бөгөөд суурь баримт бол “Хүн амын статистик судалгаа” атал тэрэнд нь үнэмших аргагүй байв. Пак Жөнхыйгийн Засгийн газар ард түмэндээ “6 жилийн суурь боловсролыг заавал олгох болно” гэж сонгуулиар амласан юм. Тиймээс 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, түүнийхээ дагуу олон тооны сургууль барин анги танхимыг томсгон тохижуулав. Харин жил өнгөрөх тусам анги танхим дутагдах болж, байдал улам дордсоор гурван ээлжээр хичээллэдэг байсан нь бүр дөрвөн ээлж рүү шилжив. Цаасан төлөвлөгөөгөөр бол хэзээ ч байж боломгүй үзэгдэл л дээ.

Засгийн газар тэр даруй судалгааны баг бүрдүүлж, газар дээр нь очиж байдалтай танилцаад, төлөвлөгөө боловсруулахад ашигласан суурь мэдээлэл болох “Хүн амын статистик судалгаа” нь шал худал зүйл байсныг мэдсэн юм. 1960 оны эхэн үед итгээд үзчихээр статистик судалгаа ч үгүй байсан гэсэн үг. Арга мухардсандаа би өөрөө хэд хэдэн таамаглал дэвшүүлэн статистик баримт боловсруулж ажлаа явуулах боллоо. Бүдүүн тойм ч болов баримжаатай болохгүй бол дэвшүүлж гаргасан төлөвлөгөө маань талаар болох нь ойлгомжтой.

Ийнхүү боловсруулсан статистикаас үзвэл, 1965 оны хавар ажлын талбарт гарсан нийт эмэгтэйчүүдийн тоо 260 мянга (100%) байв. Тэдэн дотор бага сургууль ч төгсөөгүй хүний тоо 36 мянга (13.9%), бага сургууль төгссөн хүний тоо 166 мянга (64%) байв. Товчоор хэлбэл бага боловсролтой болоод боловсролгүй хүн нийт хүний 78 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Дунд сургууль төгссөн охидын тоо 21 мянга (8.2%) хүрэхтэй үгүйтэй, ахлах сургууль төгссөн охид бол тухайн үедээ чинээлэг айлын хүүхдүүд л байлаа. Эдгээр охидын хувьд өөрсдөө ч, эцэг эх нь ч тэднээр биеийн хүчний хөдөлмөр хийлгүүлэхийг хүсэхгүй болохоор үйлдвэрт ажиллах хүний тооноос хасах нь зөв байв. Ийнхүү тухайн үеийн эмэгтэй ажиллах хүчний тоог цэгцлэж гаргасан юм.

Дунд сургууль хүртэл албан боловсрол олгодог Япон, Тайваньтай өрсөлдөхийн тулд бид ч бас дунд сургууль төгсөгчид нийгэмд дийлэнх болох ёстой байв. Гэтэл энэ үед жилдээ дунд боловсрол олсон 21 мянган хүн л нийгэмд хөл тавьж байлаа. Тэдэн дундаас 30 хувийг нь экспортын салбарт авч ажиллуулна гэж бодоход дөнгөж зургаан мянга гаруй хүн л ноогдоно. Ийм цөөхөн ажиллах хүчээр бүхэл бүтэн улсын төлөвлөгөөг гүйцэтгэнэ гэдэг бүтэшгүй зүйл. Тэгэхээр бага сургууль төгссөн хүмүүсийг оролцуулахаас өөр аргагүй. Тэдний 30 хувийг нь ажиллуулна гэж бодоход (166 мянган хүн 30%) 50 мянган хүн байв.

Хамгийн гол нь тухайн үед манай хөдөө тосгоны охид бол 20 хүрэхээсээ өмнө хүнтэй гэрлэдэг байсан тул дээд тал нь 5 жил л хөдөлмөр эрхэлж чадна гэсэн үг байлаа. Нийт эмэгтэй ажиллах хүч 60 мянган хүнийг 5 жил ажиллана гэж бодоход нийт 300 мянган хүн ажиллана гэсэн үг юм. Нэмэгдүүлээд нэмэгдүүлээд дээд тал нь 500 мянган хүн байна гэсэн үг. Дээр нь боловсролын хувьд Япон, Тайваниас нэг шат доогуур бага сургууль л төгссөн хүмүүс дийлэнх нь байдаг. Эмэгтэй ажиллах хүчний хувьд байдал ийм байв.


Хойч үе маань одоогийн бидний үеийнхнээс улс үндэстнийхээ төлөө юу хийв ээ гэж асуух юм бол “Эх орноо орчин үеийн улс болгохоор эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөсөн” гэж бахархал дүүрэн хэлье.

Пак Жөнхый
1967.2.2

НЭПКО хэвлэлийн газар