“Цусан” ба “сүнсэн” ургийн тулаан


Б.Цэнддоо “Г.Бадамдорж: Шар хүний “хар” түүх” ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийн хамтран бүтээж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг”(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм.Удахгүй хэвлэлтээс гарах уг номын ““Цусан ба сүнсэн ургийн тулаан” бүлгээс толилуулж байна.


Нэг.“Эрхэндээ хатсан” алтан ураг

Арай гэж нэгдэн улсаа тунхагласан монголчууд ердөө маргаашаас нь л мянганы уламжлалт аюул болох дотоодын хагарал нүүрлэв. Гадаад монголын тусгаар тогтнол нь хоёр зуугаад жилийн тэртээ унтарсан, Чингис хааны залгамжлагчийн төлөөх хан нарын тэмцээнийг сэрээжээ. Монголчууд тусгаар тогтнолоо сэргээхдээ оюун санааны удирдагчаа тойрон хүрээлж, Жавзандамба хутагтыг хаанаар өргөмжилсөн нь хаан ширээний төлөөх хан нарын тэмцлийг тойрсон ухаалаг алхам байлаа. Гэвч ухаалаг алхмын араас ухаалаг гишгэдэл дагалдсангүй.

  Богд Жавзандамба нь Чингисийн удмынхны гэр бүлд Г.Занабазарт хувилан анх мэндэлж,цаашдаа сүнс шилжиж, эргэн төрөх байдлаар найман үе дамжижээ. Хэдийгээр төвд мах цустай боловч Ламайзмын утгаараа “алтан ургийн сүнс”-тэн ажгуу.Дээр нь Жавзандамба болон бусад хутагтын хойд дүрийг язгууртны гэрээс тодруулахгүй байхаар журамласан Манжийн хааны зарлиг ёсоор “харц гаралтан, хар ястан” болж таарч байв. 

 Харин эзэн Чингис хааны алтан ургийн хан нар бол тэнгэрээс заяат эрх баригч нар байв. Гэтэл эхэндээ төрийн тэргүүний ч, ерөнхий сайдын ч суудал ногдсонгүй. (1912 онд Сайн ноён хан гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон юм) Анхнаасаа л Түшээт хан Дашнямаас эхлээд, алтан ургийн хамгийн ахмад ханы хувьд өөрийгээ тусгаар монголын төрийг тэргүүлэх үүрэгтэй хэмээн үзэгсэд байжээ.

    Алтан ургийнхан төр барих амбицтай төдийгүй, сайн үүлдэр угсааны тэтгэлэг мялаалгад амташсан бүлэг болчихсон байв. Цаашдаа, Монгол улс тусгаар тогтнон өөрийгээ санхүүжүүлэхийн зэрэгцээ тэдгээр ван, гүнгүүдийг өндөр албанд томилж, цалин пүнлүүгээр таслахгүй байх учиртай ажээ. Манжууд Гадаад монголыг тогтоон барихдаа үлдээсэн хорлонт өв бол дээрхи “эрхийн тэнэг” хүүхэд шиг болчихсон дээд ангийнхан байсан бололтой. Тэдний сор болсон хэсэг нь хувийн ашиг сонирхол, амь биеэ үл хайхран тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэж явсан ч нэлэнхүй хэсэг нь цалин пүнлүүгээ хүртээд зүгээр хэвтэж явсан “Чингийн үеийн сайхан байдал” юугаа сэм мөрөөдөгсөд байсан шиг байна.

     Тийм дээ ч Халхын дөрвөн ханы өмнөөс 1911 онд Оросын хаанд илгээсэн захидалд сүүлийн хэдэн жил цалин өгөөгүй Бээжинд гомдлоо илэрхийлж байх билээ.Улмаар, Дилов хутагт Жамсранжавын дурсснаар бол Автономийн үед зөвхөн төрийн яамдад алба хашсан язгууртнуудад цалин өгөөд бусдыг нь орхисонд маш гомдож “Автономийг байгуулснаас Яамны албан хаагч бус ноёдын цалин тасалдсан зэргээс...таарамжгүй” үлдэж автономийг устгахад харамсахааргүй болж. Болсон төдийгүй Бээжин явсан ноёдод маш их бэлэг өгсөнд санаа нь ихээхэн хувьсч “Сайн ноён хан(Намнансүрэн), Дайчин жонон ван(Цогбадрах), Сартуул цэцэн ван(Жалчингомбодорж) нараас бусад нь хятадад их бишрэлтэй”[i] болоод эхэлжээ. 

   1911 онд тусгаар тогтнолоо эргэн сэргээснээр тал нутгийн улс төрийн нөхцөл байдал тэртээ хоёр зууны урьд, Манжийн Вассал болохоос өмнөх үетэй төстэй байдалд орлоо. Монголчууд нийтээрээ шарын шашинд орохоос өмнөх үеийн уур амьсгал эргэн сэргэсэн мэт. Сэргэсэн мэт гэж юу хэлэх гээд байна гэхээр, тал нутгийн хаан ширээний төлөө тэмцэлд жинхэнэ болон хуурамч хан нар “орондоо унтах завгүй” үзэж таржбайсан цаг үеийн мэдрэмжэргэн ирснийг хэлж байна. 

  Тал нутагтаа оройлохын төлөө ус буцалж ирсэн Чингисийн удмынхны цөс хэзээ хөөрч болох вэ гэхээр, монголчуудын аархлыг базаж байсан харийнхны хяналт алдагдаж,хааны ширээ эзгүйрсэн үетэй давхцаж таарна. 

 Ийм тэмцэлд татагдсан тал нутгийн баатрууд ёс ярьдаггүй, ёс суртахуун баримталдаггүй. Ван хаан “булган дах”-гүй чичирсээр,Жамух “алтан бүс”-гүй нөмгөлсөөр нэгэн цагт зүйрлэшгүй ачилсан хүнийхээ гараар орж, орон зайгаа тавьж өгснийг “Нууц товчоо” нууж хаалгүй сургасаар ирсэн 

   Гадаад монголын язгууртнуудын өмнө Хутагт хувилгаадын намын өрсөлдөгч нараас гадна, Өвөрмонголоос ирэгсэд хөндөлдөн зогсож байлаа. Хайсан гүн, Манлайбаатар Дамдинсүрэн нараас эхлээд Монголын тусгаар тогтнолыг мандуулах үйлсийг санаачлагчид .Хэдийгээр тэд сүнс талаасаа ч, бие махбод талаасаа ч алтан урагт хамаарах юмгүй боловч дутуу үнэлэх аргагүй. Алтан ургийн сүнснүүдийг нэмж тодруулаад эхэлбэл яах вэ?

  Манлай баатар Дамдинсүрэнгийн хамтаар Ховдыг чөлөөлсөн Хатанбаатар Магсаржаваас нэг айлтгал Богдод өргөж зарлиг гаргуулахыг хүссэн нь тэднийг бүр илүү сандаргаж, сэжиг тааврыг батлах мэт. 

  Хатанбаатар Магсаржаваас Ховдын тулаанд шалгарсан 5 хүнийг алтан урагт зэрэг дэвшүүлж, тайж цол олгох санал гаргажээ.Энэ бол газар дэлхийд хүний биеийг ож төрсөн Будда болох Богд Жавзандамба хутагтын шийдлээр цоо шинэ “алтан ураг” төрж эхлэх гарц байлаа. Хойд дүр тодрох үзэгдэл шашны салбараас халиад төр лүү орж ирэх оролдлого. 

 Элдэв шид үзүүлэх чадамжтай төрөх нь хутагтхувилгаадын хойт дүрийг батлах шинж болдог. Тэгвэл, монголын төрийн төлөө онцгойлон зүтгэж гавъяа байгуулах нь Чингис хааны удмынхны хойд дүрийн шинж байж яагаад болохгүй билээ. Хатанбаатар Магсаржав ийм үндэслэл гаргаж, монгол төрийн шинэ маягийн элит анги төрүүлэн гаргахаар бодсон ч байж магадгүй. 

  Ван гүн нарын хувьд энэ нь тэвчишгүй зүйл байлаа. Алтан ураг“сүнс”-ээр дамжсан төрөл болох Өндөр гэгээний хойт дүрүүдээр өргөжиж явснаа бүр больчихоод одоо “зарлигаар төрдөг”болох нь байна. Эрх сүр, ургийн хэлхээгээлам нартай тэсээд хуваалцаж ирсэн Чингисийн удмынхны хувьд энэ бол тэсэхэд бэрх зүйл байлаа. Тэрч байтугаа Чингисийн дүү Хасарын удмынхныг “төрөл тайж” гэхчлэнгээр ялгаварлаж, “ерөнхийдээ сайн үүлдрийнх боловч элит бус” хэмээн гадуурсаар ирсэн байхад. 

  Ингээд толгойд нь түймэр ассан монголын ван гүнгүүдийнхээ эв эеийг бодон, тэдний саналыг нь хүндэтгэсэн зарлигийг Богд хаан гаргажээ. Уг зарлигаар “...Тайж гэдэг нь Чингисийн угсааны нэр болох ба Сэргэлэнгийн зэргийн таван цэрэг бол угаас харц хуягийн ард мөн тул...зохиолдохгүй” гэдгийг тайлбарлаад,цаашдаа харц хүнд тайж гэдэг нэр өхийг “цаазлан хориглосон”[ii] байна.

Хоёр.Шашин дагасан сэхээтний давхрага.

   Богдоор удирдуулсан шарын шашны бүлэглэлийг зөвхөн эрх мэдэлд дурласан хуврагуудын нийтлэг байдлаар харах нь учир дутагдалтай. Тэдний ихэнх нь жирийн ардын дундаас хичээл зүтгэл,шашны боловсролынхоо чадвараар карьер хөөсөн хүмүүс байлаа.Шашны зүтгэлтнүүд нь хувь заяаны буянаар язгууртны гэрт төрөөд эрхлэн ямбалж өссөн, өөрийгээ төрөлхийн дээд зиндааных гэж үнэмшсэналтан ургийн салаа мөчрүүдээс эрс ялгаатай. Тэрийгээ ч мэддэг байв.

    Да лам Цэрэнчимэд Эрдэнэ шанзавын яамны бичээчээс эхлэн дэвшсэн бол Бадамдорж шанзав ч ядуу ардын гэр бүлээс өөрийн эрдэм чадлаар өндөрлөгт гарсан нэгэн аж .Язгууртны гэр бүлд төрөөд эрх танхи өссөн, удам угсаандаа найдан өсч өндийсэн ван, гүнгүүдийг бодвол ламын намынхан өөрөө өөрийгөө хүмүүжүүлж босгосон “Self-Made Mаn” хэмээн бардамнах үндэстэй.Шарын талын лидерүүд өөрсдийнхээ хувь заяаг эзэгнэн босгож чадсан шигээ улс үндэстнийхээ хувь заяаг үүрэх үүрэгт бэлэн гэж үзэж байлаа. 

   Ийнхүү монголын “шашны нам” болон тусгаар тогтнолын хэрэгт оролцсон элит лам нар өөртөө нэн итгэлтэй төдийгүй, “эрхэндээ хатсан” алтан ургийнхнаас ч илүү монголын оюун санааны удирдагчид болсон гэдэгтээ эргэлзэхгүй байсан бололтой. Анх шарын шашныг залахдаа, юуны өмнө хаан ширээний төлөөх алтан ургийнхны дуусашгүй тэмцлийг цэглэх, улмаар нийт монгол үндэстний үнэт зүйлийн нийтлэг үүсгэхийг зорьж байсан гээд бодохоор тэднийг бас буруутгах аргагүй юм. Анхдугаар дүрийн Богд Өндөр гэгээнээс хойш наймдугаар Богдыг хүртэлх шашны тэргүүнүүд хаана, хэний гэрт төрснөөсөө үл хамааран Гадаад монголын оюуны удирдагч байж ирсэн түүх ч тэднийг зоригжуулсан байх.

  Түүнийгээ ажил хэргээр ч баталгаажуулж, зөвхөн хан нарт олддог байсан цолүүдийг харц гаралтай лам нартаа олгох болов. Ван гүнгүүд буюу алтан ургийнхан багтдаг эгнээг лам нараар тэлж, Да лам Цэрэнчимэдэд Чин ван, Да лам Дашзэвэгт гүн цол гэхчлэнгээр эхэллээ. 

  Олон улсын хууль эрх зүй ба Орос-японы нууц тохиролцооны талаар ямарч ойлголтгүй, хоёр том хөрштэйгээ тусгаар тогтнолын хөзөр тоглох гээд харин ч өөрөө тэдний тэдний тоглоомын хөзөр болчихсон үед ламын талынхны хурц ухаан, логик дүгнэлтүүд онцгой ялгарч байв.

   1911 оны сүүлчээр Оросын бодлого империализмын шинжтэй байгааг анх олж харж, яриа үүсгэсэн төдийгүй Хааны элчин Коростовичийн эгдүүг хөдөлгөсөн этгээд бол Да лам Цэрэнчимид[iii] байлаа. Тэрээр, Хаант орос улс Ар өвөр монголыг нийлүүлэн Монгол улс байгуулахын эсрэг төдийгүй, Халхыг ч дангаар нь тусгаар тогтнуулах сонирхолгүй болохыг анхлан олж харсан юм. Хаант оросын төлөөнийхний нэг сонин чанар бол өөрийнх нь хүсснээр гэнэн хонгор байгаагүй явдалд ихээхэн эгдүүцдэг зан юм. Да лам Цэрэнчимидийнхэрсүү занд эгдүүцсэн Коростович 1912 оны Орос-монголын гэрээний төслийг урж шидэх зэргээр авирлаж байв. 

  Улмаар, юмыг логикоор нь хөөж ойлгох гээд байдаг Да лам улс төрийн тавцангаас зайлуулагдан баруун хязгаарт томилолтоор явж байгаад учир битүүлгээр нас барсан юм. Энэ явдал, Богд хаант монгол улсын тусгаар тогтнолыг татан буулгаж, хятадын автономи болгосон 1915 оны “Гурван этгээдийн гэрээ”-ний өмнөх болжээ. Лам нарын төлөөлөл болох Да лам Дашжав ч “Гурван этгээдийн гэрээ”-нд Монголын талыг тэргүүлэн оролцож эхэлсэн боловч Орос-Хятадын ашиг сонирхлын нэгдлийг хэтэрхий анзаарч байснаас болоод эргүүлэн татагджээ.

   Шашны сэхээтнүүдийн логиктой хурц сэтгэлгээ жирийн маргаан, хэрүүл дундаас ч гоц ялгарч харагдаж байв. Дилов хутагтын дурсснаар, Жалханз хутагт бээр Бээжин явж ирээд Сю Шүжаныг Богдод муулсан хэрэгт холбогджээ. Түүнийг Сийлэнбуугийн яамнаа дуудан учрыг лавлахад, миний бие дуулсан бүгдээ сайн мууг ялгалгүй Богдод айлтгах үүрэгтэй. Түүнийгээ л биелүүлсэн. Харин уламжилсан сайн мэдээг дараад, зөвхөн мууг нь дамжуулсан. Гэтэл миний ярианаас сайныг нь хасаад мууг дамжуулсан этгээдтэй танай яаман дээр нүүрэлдэе хэмээн зөрүүлж тонгороод хэргээс эвтэйхэн мултарсан байх юм. 

 Хаант оросын дипломатчид ч гэсэн ухаалаг хэрсүү лам нартай зууралдахын оронд арай гэнэн цайлган ван гүнгүүдтэй харилцахыг дээрд тооцсон бололтой. Энэ талаархи тайлангаа консул Любагаас Гадаад яамандаа илгээхдээ,

             “миний бие засаг төрийн төвд ард иргэдэд ойр байгаа Халхын ван гүнг тавимаар байна гэсэн манай улсын Засгийн газрын хүсэл               эрмэлзлийг хутагтад уламжилж, хутагт нь түүнийг зөвшөөрснөө илэрхийлэв”[iv] гэжээ

   Эрмэлзээд зогсохгүй ламын талын төлөөлөлт оролцсон бол цаашдаа яриа хэлцээ хийхгүй гэдгээ ойлгуулах болжээ. Японы эрдэмтэн Тачибана Макатогийн үзснээр, Монголчуудтайшууд хэлэлцээнд орохын өмнө Да ламын оронд “оросын итгэл найдварыг хүлээх ван гүн бэлтгэж” хэлэлцээрийг үр ашигтай явуулах бэлтгэлийг хангаж байсан хэмээн таамаглагдахаар байна”[v]

   Сүүлдээ лам нар ба ван гүнгүүдийн энэ ялгарал нь монголын хамгийн сул цэг болохыг хол ойргүй анзаарсан бололтой. Хятадууд төдийгүй Нармай монголыг байгуулагсад хүртэл энэ зөрчил ялгаан дээр тоглолт хийхийг санаархах аж. Хүрээнд сууж байсан Хятадын төлөөлөгч Чен И-гээс төвдөө явуулсан мэдээлэлд “Семеновчууд хар, шар феодалуудын дотоод зөрчлийг ашиглан Богд гэгээнийг түлхэн унагаад засгийн эрхийг ван гүнгүүдэд шилжүүлэх өгөх санаа”[vi]-тай байгааг дурьдснаас харахад. 

    Шарын талынхан ч өөрсдийгээ бэхжүүлэхэд хэтэрхий анхаарч ирсэн нь монголын өрийг удирдах ангийн дотор үүссэн ангалыг уламж өргөсгөжээ. Тэд татвар төлөгч энгийн ардууд, тайж нараас ялангуяа чинээлэг баян этгээдүүдийг хэтэрхий олноор нь, бүр дургүй хүрмээр ихээр нь шавьд элсүүлэн авчээ. Тухайлбал,

     “...шавь ардын тоо 1909 он ба Чин улсынсүүлчийн Хэвт ёсны тэргүүн онд хүрээний сайдад мэдүүлэхэд таван түм таван мянга дөрвөн зуун далан ес (55479) байсан бол автномит засгийн 11 онд(1921?) тоолсон Их шавийн тоонд...найман түм есөн мянга гурван зуун ер (89390)хэмээсэн лүгээ нийлүүлэн үзвээс даруй гурван түмэн (30.000)хүн ам нэмэгдэж”[vii]

татвараас чөлөөт бүсийг зузаалжээ.

Нөгөө талд байсан алтан ургийнхан буюу ван, гүн нар нь Чингис хааны үеэс уламжлалтай алтан ургийнхны ноёрхол дээр л монголын тусгаар тогтнол оршино гэсэн бат үнэмшилтэй хэвээрээ ажгуу.


[i] Дилов хутагт Жамсранжав. Ар монголын улс төрийн дуртгал. 1949. Завхан судлал. VIII. Завхан судлал төв ТББ.2018. тал 74.

[ii]Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. УХ. 1955. Улаанбаатар. Тал 113.

[iii] Баабар. Монгол түүх. Дэд боть. Нэпко. 2017. Тал 371. 

[iv] . 1912.6.7 нд Оросын ГХсайд С.Д.Сазановт Өргөөгийн консул В.Ф.Любагаас явуулсан илтгэлээс. Тачибана Макато. Монголын мартагдсан түүх. Богд хаант Засгийн газар.УБ 2011. тал71.

[v] Тачибана Макато. Монголын мартагдсан түүх. Богд хаант Засгийн газар.УБ 2011. тал 75.

[vi]Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. УХ. 1955. Улаанбаатар. Тал 172.

[vii] Г.Наваанннамжил. Автономитийн үеийн гадаад монгол улсын түүх.Г.Навааннамжилийн бүтээлийн дээжис. Улаанбаатар. 2011. Тал 129