Б.Чимид: Энэ бүгдийг хэлэх цаг нь болжээ
Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимидтэй ярилцлаа. Түүнтэй ярилцах санал тавихад “Юуны өмнө шинэ сонин эрхэлж эхэлсэн танай хамт олонд баяр хүргэе.
-Өнөөдөр УИХ, Засгийн газрын төвшинд бужигнаан гацаа үүсч, үүнийг төрийн дампуурал, эрх баригчдын дампуурал, Үндсэн хуулийн хямрал гэж янз бүрээр тайлбарлаж байна. Та энэ үйл явцыг юу гэж харж, дүгнэж байна вэ?
-Сүүлийн өдрүүдэд болж байгаа улстөрийн хэрэг явдлын талаар би бараг мэдээлэлгүйтэй адил байна л даа. Хөдөө гадаа явж, хотод ирээд сургууль байгуулна гэж хөөцөлдөөд онц анхаарсангүй. Ойрмогхон нам, хөдөлгөөний тоо л өсч байх шиг. Хоёр ч нам байгуулагдаад орхив уу, үгүй юү. Бас дөрвөн сайдын хувь заяаны асуудал яригдаж байх шиг байна. Энэхэн хүрээнд яривал Үндсэн хуулийн хямрал гэх ямар ч үндэслэлгүй юм. Үндсэн хууль оршин байгаа, бий болох гэж буй нийгмийнхээ үндсийн үндэс болсон суурь зарчмуудыг хамгаалж чадахгүй болохыг л Үндсэн хуулийн хямрал гэж хэлнэ. Түүнээс биш, хуулийг элдвээр гуйвуулаад байгаа улстөрчид, улс төрийн хүчнүүдийн бусармаг, балмад явдлыг Үндсэн хуулийн хямрал гэхгүй. Одоо болж буй үйл явцыг улстөрийн, түүн дотроо Засгийн газрын хямрал гэвэл илүү ойртоно.
-Энэ хямрал юунаас болоод байна вэ, эх үүсэл нь гэвэл?
-Надаас давсан асуулт байна даа. Үндсэн хуулиа гүнзгий ухаарч ягштал дагаж биелүүлэх улстөрийн байр суурь, хуучны хэллэгээр бол улстөрийн ухамсар сахилга дорой, тэвчээр дутуугаас л үүсэлтэй. Ялангуяа, манай төрийн байгууллагын тогтолцооны талаархи Үндсэн хуулийн гол үзэл баримтлалыг 2000 онд өөрчилж, хуучин тогтолцоо руу нь шууд эргүүлж оруулсан явдалтай ихээхэн холбоотой.
УИХ, Засгийн газрыг тойрсон бужигнаан бол өөрөө өөртэйгөө орооцолдсон нэг л юмны ялзрал, доройтлын илрэл, УИХ дотор л болж байгаа үзэгдэл. Яагаад гэвэл, Засгийн газар бараг бүхэлдээ УИХ-ын гишүүдээс, УИХ нь Засгийн газрын гишүүдээс бүрддэг болсон. Ингэж эрх мэдэл хуваарилах, хариуцлага, хяналтыг зааглах Үндсэн хуулийн зарчмыг үгүйсгэсэнд харамсавч барахгүй. Өмнөх Засгийн газрын арав гаруй, одоогийн 17 сайд бүгд УИХ-ын гишүүн байгаа. Нэг харвал Засгийн газрын гишүүн, нөгөө харвал парламентын гишүүн.
Төрийн эрх мэдлийг ингэж хутгаснаас болж парламентаас Засгийн газарт тавих хяналт зэрэглээ төдий болсон. Засгийн газрын гишүүдийн эрхэлсэн ажлын талаар ноцтой баримтууд хэвлэлээр гардаг, түүний мөрөөр хянаад шийдэж байгаа юм өнөөдөр парламентад алга. Жишээ нь, Засгийн газрын нэлээд гишүүн төсвийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь хэтрүүлсэн баримтыг аудит гаргаад ирсэн. Гэтэл түүнийг ултай судлаад ард түмэнд хариу өгсөнгүй. Бид сайд байхдаа ажилтнууддаа томилолтын найман төгрөг илүү өгчихөөд цалингаараа төлж, төсвийн сахилгыг “төмөр” мэт сахиж байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ их мөнгийг бие бие рүүгээ чихээд сууж байгаа нь тэвчишгүй. Энэ мэтийн жишээ олныг хэлж болно. Ингээд үзэхээр шалтаг, шалтгаан бол асуудал бүр дээр байгаа. Гэхдээ л хямралын цаад эх нь Үндсэн хуульд хийсэн 2000 оны өөрчлөлт мөн шүү.