Цэндийн Нямдорж, Батын Хурц. Нэг нь 1981 оноос хуулийн салбар, нөгөөх нь 2000 оноос Тангуулын ерөнхий газартай ажил, амьдралаа холбосон хоёр. Энэ хугацаанд Ц.Нямдорж 13 жил сайдын албын хашсан бол Б.Хурц Тагнуулын дарга болоод зогсохгүй хошууч генерал болж алтан мөрдэс зүүжээ. Туршлагын тухайд хуулийн салбартаа ч, хүчний байгууллагын үйл ажиллагаанд жин дарах нэр нүүр, орон зайтай, бас нөлөөтэй явсан уу? гэвэл тийм. Ц.Нямдорж сайд байхад Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга болон АТГ-ын орлогч явсан бол сул гишүүний статуст шилжихэд нь Тагнуулын ерөнхий газрын бодлого зангидах, залуурдах нэгдүгээр хүн болтлоо дэвшсэн түүхтэй. Эсрэгээрээ Ц.Нямдорж У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хуулийн сайдаар эргэн ирсэн даруйдаа “Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газраас явуулна” хэмээж байсан нэгэн. Тэр нь ёсоор болсон, Б.Хурц ажлаа хүлээлгэж өгөөд тагнуулаас явсан юм.

Монголын Төрд зүтгэсэн он жилүүд, эзэмшсэн мэргэжил, эрхэлж асан албан тушаалын эрэмбээр аль, аль нь хүрч болох оргил цэгтээ хүрсэн ч чухамдаа энэ хоёр хүний хооронд хувийн ямар асуудал байгаад хэзээнээс ажлын талбарт ч, амьдрал дээр ч нэмэх, хасах цэнэг адил хэзээ ч нийлэхгүйгээр харшилж явдаг нь хачирхам. Лав Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн учиг тойрсон улс төр, нийгмийн хардлагын цаана энэ хоёр хүний нэр хэлхээтэй юм шиг хэлж, ярьж, бичиж, бас явдаг нь олон нийтийн тархинд хадагдаж үлдсэн ой санамж. Залгуулаад “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалаас үүдсэн тэдний зөрчлийн зүг чиг “сахал” хочит Д.Эрдэнэбилэг гэсэн хувь хүн рүү заасаар хэдэн оныг үдэв.

Сонирхолтой ч гэх үү? тохуутай нь хагарсан шаазан шиг эсрэг, тэсрэг явдаг Ц.Нямдорж, Б.Хурц нарын байр суурь ганцхан зүйлд нэгдсэн байдаг юм. Тэр нь С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг биш. “Эрдэнэт”-ийн 49 хувь бүр ч биш. Харин Т.Бадамжунайгийн тухай тодорхойлолт. “Т.Бадамжунайгаар дамжсан энэ бүлэглэл тав, арван жилээр шийддэг” гэж Ц.Нямдорж Хуулийн сайдын хувиар МАН-ын Бага хурлын гишүүдэд хандан зүгээр ч нэг хэлээгүй. Д.Эрдэнэбилэг тэргүүтэй Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж, “Эрдэнэт”, “Хөтөл”, Дарханы төмөрлөг. “Монросцветмет”-ээр дамжуулж Алтай Таван Богдоос Бор-Өндөр хүртэл өнгөт металлийн 50 гаруй буюу бүх тусгай зөвшөөрлийг цөлмөснийг дэргэдээс нь олон жил харж суусан сайд хүний эгдүүцэл.

“Т.Бадамжунай гэдэг хүн том босс байсан. МАН болон МАХН-ын хоорон дахь олон асуудлыг шийдсэн. Бодитой үнэн. Юу үнэн гэвэл тэр хүн сайн менежер. МАН-ын зовлон, жаргалын менежер байхгүй юу. Түүнийг нь би сайн гадарлаж байна” гэдгийг ч хошууч генерал Б.Хурц АН-ын гишүүний хувиар хэлсэн нь оргүй ч үг биш юм. Ерөөсөө л 1992 оноос хойш Монголын Төрд болж өрнөсөн улс төрийн үйл явдлыг он, сар, өдөртэй нь цээжээрээ хэлдэг, хашир туршлагатай Ц.Нямдорж, хуулийн байгууллагаар дамжиж явсаар хамгийн дээд цолонд хүрсэн Б.Хурц нар санал нэгтэйгээр Т.Бадамжунайг үнэхээр “Том” байсныг хоёулаа хүлээн зөвшөөрнө гэж хэн санах вэ?

Гэхдээ л Т.Бадамжунай жирийн нэгэн жижиг гарын тоглогч биш улс орны асуудлыг тав, арван жилээр нь шийдэх хэмжээний эртэй, бяртай байсныг Ц.Нямдорж эгдүүцэн байж намынхандаа учирласан бол Б.Хурцын хэлдгээр МАН-ын зовлон, жаргалын менежер явсан нь ч маргашгүй үнэн юм. Н.Энхбаярыг Ерөнхий сайдаас УИХ-ын дарга болж дэвшсэн 2004-2005 онд “Эх орон-Ардчилал” эвслээс сонгогдсон 26 гишүүн МАН-ын хаяаг түшсэнээр мэндэлсэн “62”-ын бүлгийн “эх баригч”, холбон тоглогч нь анх удаагаа УИХ-ын гишүүний халдашгүй эрх ямбанд хүрсэн Т.Бадамжунай гэдэг л юм. “62”-ын бүлгээр дамжуулсан МАН, АН-ын хамтрал тийм ч удаан үргэлжлээгүй ч Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрын хувь заяа хугацаанаасаа өмнө хутганы ирэн дээр дэнчигнэж эхэлсэн нь мөн л шалтгаантай. Намынхаа санхүүжилтийг босгох үүрэг хүлээсэн гэгддэг Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарт холбогдох хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, шуугиан тарьж асан Сөрөх тагнуулын газрын дарга Б.Хурцын дараагийн “бай” нь нийслэл Улаанбаатар байлаа. Хот дахь эрх мэдлийн хуваарилалт нь өөрөө М.Энхболд, Т.Бадамжунай нараас бүрэн хамааралтай байсан цаг үе.

Нийслэлд газар эзэмшүүлж, өмчлүүлэх ажлыг гардан зохион байгуулсан хотын мээр М.Энхболд, ерөнхий менежер явсан УИХ-ын гишүүн Т.Бадамжунай нар тагнуулч Б.Хурцын хараанд өртөх нь эрсдэлтэй бөгөөд Х.Баатарын араас орж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлснээр түрүүлж хөдлөхөөс өөр арга байсангүй. УИХ дахь намын бүлгээрээ дамжуулж Ц.Элбэгдоржийг огцруулах тогтоолын төслийг санаачилж, тэгж явсаар санасандаа хүрсэн. М.Энхболд ч хотын даргаас Засгийн тэргүүний сэнтийд бууриа зассан юм. Намын төлөөний хүнийг аль нэг агентлагт, гол нь мөнгөний эх үүсвэр нь том газарт томилж, томилуулах замаар намын санхүүжилт босгох нь “Гааль”-ийн гэдгээрээ олноо алдаршсан Х.Баатартай адилхан хувь заяаг давтахгүй гэсэн баталгаагүй. Тийм учраас л халдашгүй дархан эрхийн ард нуухад хамгийн тохирох дүр нь хотын менежер байх үеэсээ бусдын арга эвийг олчихдог, заримдаа тэднээс төө илүү ухаан сийлэх хүн Т.Бадамжунайгаас өөр байсангүй.

Ийм үзүүлэлт, улс төрийн давхар нүүдэл хийдгээрээ тэр нэг л мэдэхэд намын дарга, генсектэйгээ дүйх хэмжээний эрх мэдэл, ашиг сонирхлыг өөртөө нэгтгэж, төвлөрүүлж чадсан. Хажуугаар нь тагнуул, цагдаа, шүүх, улс төрийн нам, бүр шашин хэрсэн том сүлжээний гол менежер нь болсон байлаа. Энэ бүгдийн холбож ирсэн нэг сэжим нь өнө эртнээс улбаатай мөрийтэй тоглоомын сүлжээ байж  мэдэх.  

Санаж байгаа бол 2007 онд Т.Бадамжунай “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын хамт мөрийтэй тоглосныг шалгаж, тогтоосноо Улсын ерөнхий прокурор нь өөрөө УИХ-д өргөн мэдүүлж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан ч тусыг олоогүй. Банкны нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнд шүүхээс ял ногдуулснаар энэ хэрэг тэгсхийгээд намжиж мартагдсан. Болж өнгөрсөн процесс, улс төрд дэглэсэн сценари нь яг л “Гааль”-ийн Х.Баатарынхтай агаар нэг.

МАН дахь эрх мэдлийн дахин хуваарилалтаар М.Энхболдыг түлхэн унагааж С.Баяр Ерөнхий сайд, намын даргын хувиар сонгуульд оролцож, ялалт байгуулсан ч АН-тай хамтарсан Стандарт бус Засгийн газартаа “Хадгаламж” банкны хэрэг нь хуучраагүй явсан Т.Бадамжунайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилсон нь шалтгаантай. Аман дээрээ “Атрын III” аяныг гардан хэрэгжүүлэх чухал үүргийг түүнд хариуцуулсан ч ачир дээрээ аль ч талд нь нүүртэй, гал алдахааргүй хүн С.Баярт хэрэгтэй байсан нь л тэр байв. Том төсөл, том эрх ашиг, том мөнгөний дүн ярихад Ерөнхий сайдын бяр, хүч парламентад дутах учраас л Т.Бадамжунай шиг менежер С.Баярын бат ар тал болсон хэрэг. 

Гэж явсаар МАН ялагдал хүлээв. Үргэлжлүүлээд Ерөнхийлөгчийн сонгуульд уналаа. Ө.Энхтүвшин хариуцлага хүлээж М.Энхболд МАН-ын даргаар хоёр дахиа ирснээс “Хотын фракц”-ын сэргэн мандалтын үе эхэллээ. Төдийгөөс өдий хүртэл М.Энхболдтой хөтөлгөө морь шиг явсан Т.Бадамжунай “Монголын Үнэн” сонины эрхлэгчээс өөр цол гуншингүй яруу найрагч Ж.Мөнхбатыг намынхаа санхүүжилтийг атгах генсекийн албанд төвөггүйхэн томилуулж чадлаа. Тэр өөрөө ил гараагүй ч өөрийн оролцоотой бүтээсэн тогтолцооныхоо эсрэг сөрөг хүчин нэрийн дор Ж.Мөнхбатыг сайн ч тэмцүүлсэн, бас жагсаасан. Нэжгээд боодол нэгтийн дэвсгэртийг ам.доллартай харьцуулахаас эхлээд улс төрийн агуулгаа ч баяжуулж, төгөлдөршүүлэх нь энүүхэнд явсаар сонгуультай золголоо.

М.Энхболдын удирдсан МАН үнэмлэхүй олонхийн суудал авч ялснаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад дэвшүүлж, УИХ-аар ёсчлов. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг эмхлэхэд намын дарга М.Энхболд биш Т.Бадамжунай хувийн оффистоо сууж байгаад нэг бүрчлэн нэр цохож сайд нарын жагсаалтыг гаргаж асан нь хэр хэмжээний “зангараг”-тай явсныг илтгэнэ. Яг үнэндээ Т.Бадамжунайгүй бол томилгоо хийдэггүй, санхүүжилт олддоггүй тийм л цаг үе МАН-д байлаа, 2018 оныг хүртэл. Ардын Нам 100 жилийн түүхтэй, Монгол дахь улс төрийн хамгийн том институц гэж өөрсдийгөө тодотгодог бол түүнийх нь тавны нэгтэй тэнцэх хугацаанд “МАН доторх МАН”-ыг байгуулж албан бус дарга, генсекийн албан тушаалыг хавсран гүйцэтгэгч нь ганц Т.Бадамжунай л байв. Нэгэн зууны түүхтэй улс төрийн ууган хүчин гэхэд бүх талаараа нэг хүнээс хэт хамааралтай явсан нь факт мөн үү? мэдээж мөн.

Гагцхүү өчигдөрхөн МАН-ын ашиг сонирхлын луужин явсан тэрбээр өнөөдөр прокурорын дүгнэлттэй яллагдагчийн хувиар шүүхийн өмнө очлоо. Холбогдсон хэргийг хэрхэн дэнслэх нь шүүхийн, шүүгчид хамаарах, хуулиар олгосон бүрэн эрхийнх нь асуудал ч МАН өөрийн бүтээсэн “Бадамжунай” гэсэн тусдаа, “тусгаар улс” болтлоо өргөжиж, бэхэжсэн тогтолцоотойгоо хийж буй тэмцлийн үнэхээр бодит үр дүнд хүрэх үү? гэдэг нь хүлээлт үүсгэх гол шалтгаан. Тэгэхгүйгээр МАН-д, Монголын улс төрд 100 Бадамжунай байсаар л байна. Улс төрийн авлига, хулгай явсаар л байна. Уг үндэстэй нь хуулийн аргаар тэмцэхээс өөр сонголт байхгүй гэсэн үг. Ганц үнэн гэвэл өнгөрсөнд, өнөөдөр ч бурхан, чөтгөрийн дүрээр хэн нэгнээ үгүйсгэж, буруутгаж яваа Ц.Нямдорж, Б.Хурц нарын хэлсэн шиг Т.Бадамжунай бол XXI зууны МАН-ын бас Монголын зовлон, жаргалын хамгийн том менежер юм!

UZEG.INFO