Бидний сайн мэдэх “Төөрсөөр төрөлдөө “ киноны гол дүр Балт бол ноёнтойгоо тэрсэлдээд шилд гарсан сайн эрийн дүр бөгөөд ёстой төөрсөөр төрлөө олсон түүх билээ л…
 
 
Шилийн сайн эр гэдэг нь дундад зууны хоёрдугаар хагасаас 1930-аад он хүртэл орон гэргүй шилээр амьдрагч буюу хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг хулгайч эрсийг хэлдэг хэллэг байжээ.

Шилийн сайн эр гэсэн онцлог нь хятадын худалдаачид, баяд ноёдын адуу мал, эд хөрөнгийг дээрэмдэх эсвэл хулгайлж аваад ядуу хүн ардад тус болж хулгайлсанаа тарааж өгдөг хулгайч эрсийг хэлдэг байжээ. Харин хувиа бодож, хулгай дээрэм хийдэг байсан хулгайч нарыг хэлдээгүй байж.
    
Шилийн сайн эрс нь одоогийн Сүхбаатар аймгийн Шилийн богд ууланд гарч тангараг өргөдөг байсан түүхтэй гэдэг. Шилийн сайн эрсийн одоог болтол домог болсон эрс гэвэл Хулгар Нацаг, Тоорой Банди, Тогос Цүлтэм, Цахиур Төмөр, хангай Базар, Улаан Дамаа зэрэг хүмүүс байдаг. Эд нарын зарим нь Тунгалаг тамир, Газар шороо, Алтайд, Минжийн Хангай зэрэг уран зохиолуудад эерэг талын баатар болон мөнхөрсөн.
        
Зарим хүмүүс шилийн сайн эрс гэдэг бол зүгээр л “малын хулгайч” гэж үзэх бол ихэнх олон Тунгалаг тамирын  “Цахиур” Төмрөөр төсөөлөн бодно. Гэтэл 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үед маш олон “шилийн сайн эрчүүд” гарч ирсэн бөгөөд хоёр тэмээ дагуулж хойноос орж ирээд Ховдыг чөлөөлөх дайныг удирдаж Богдоос Үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагт, улбар шар жолоо нэмэн шагнаж, сайд талбиад басхүү Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагтын тамга    хүртсэн Дамбийжанцан ч жинхэнэ утгаараа  халимаг “шилийн сайн эр” байсан гэж болно. Мөн Өвөрмонголоос орж ирсэн Манлай баатар Дамдинсүрэн, харчин гүн Бавуужав гэх мэтээр олон сайн эрчүүдийг тэр үеийн түүхээс харж болох ажээ.

Жа лам нь манжийн дарлалыг эсэргүүцэгч, Баруун монголд дөрвөн ойрадын улсыг байгуулахын төлөө дэврүүн үзэлт(авантюрист), Ховдыг чөлөөлөх байлдааны нэг гол удирдагч, 1910-д онуудад монголын баруун хязгаарт зэвсэгт дээрэм хийж байсан Хасагийн дээрэмчидыг бут цохин устгасан гарамгай баатар, цэргийн чадварлаг удирдагч, хүмүүсийг сэтгэхүйн хувьд зэмдэн дагуулагч, хүнийг тамлан тарчлааж үйлдлээрээ таашаал авагч гээд хувь хүнийхээ хувьд таагдашгүй олон тал бүхий хүн бөгөөд Монголын түүхэнд ялангуяа Манжийн дарлалын сүүл үе, Богд хаант Монгол улсын түүхийн үе, Ардын хувьсгалын жилүүдийн түүхэнд шигтгээ болсон онцгой хувь хүн юм.

Саяхан нийтлэгдсэн Б.Ойдовын “Өвөрлөгч түмний шилийн сайн эрчүүд”  гэх нийтлэлд

…Харчин гүн Бавуужавын хувьд гэвэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үеэр Богд хаант Монгол улсад дагаар орж, улмаар Монголын Үндэсний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн хүн.
    
Богд хаант Монгол улс байгуулагдсаны дараа тэрбээр Дундад Иргэн Улсын түрэмгийллийн эсрэг хийсэн “Таван замын байлдаан”-д цэрэг удирдан гарамгай гавьяа байгуулсан авьяаслаг цэргийн жанжин билээ. (Манлай баатар Дамдинсүрэн бас энэ дайнд гол үүрэг гүйцэтгэсэн.)

Харчин гүн Бавуужав залуу зандан насандаа улс гүрэн дамнасан алдартай шилийн эр, тэр байтугай морьт дээрэмчдийн толгойлогч байсан тухай өвөрлөгч нар хүүрнэдэг юм.
 
Харин түүнийг шилийн эр явсанд нь болоод ч тэр үү, Хятадын болон Өвөр Монголын зарим түүхч нар “Муу хулгай”, “Морьт дээрэмчин”, “Урван тэрслэгч”, “Төрийн бөөс” гэх мэтээр цоллож ирсэн байх аж.
    
Жишээ нь түүхч Алтанша бичихдээ “...Бавуужавыг арван гурван настай байхад эцэг, эх нь уугуул нутаг Зостын чуулганы Түмэд зүүн хошуунаас нүүж Сүргийн хошуунд шилжин суурьшиж атар газар хагалбарлаж том газрын эзэн болсон ба Бавуужав хар багаасаа ажил хөдөлмөрт дургүй, залуу наснаасаа дээрэмчидтэй нөхөрлөж, морьт дээрмийн түрүү болсон үл бүтэх хүн байжээ.
 
Бас 1904 оны Орос, Японы дайны үед тэрбээр Японы талд хүчин зүтгэж морьт дээрэмчдээр бүрдүүлсэн цэргийн даргаар ажиллаж, Хаант Оросын цэргийн ар талыг самууруулж, хүнс хоол, зэр зэвсгийг нь олзолж, бараа таваар зөөвөрлөх, зам харилцаа таслах үүрэгтэй байжээ. Тэр үед Бавуужав төмөр зам дэлбэлж орос цэргийн замыг тасалж, япон цэргийн дарга нараас их хэмжээний буу зэвсэг, алт, мөнгөөр шагнуулжээ.

1911 онд Монгол улсыг тусгаар тогтнолоо сэргээмэгц Бавуужав гэр бүлээ авч, өөртөө элсүүлсэн цэргээ дагуулан оргож явах замын зуур цэрэг нэмэн элсүүлсээр 2000 гаруй хүнтэй цуг Нийслэл хүрээнд ирж улсын түшээ гүнээр өргөмжлөгдөн цэргийн даргаар томилогдсон ба 1913 оны зунаас 1914 оны 11-р сар хүртэл харъяат цэргээ захирч Өвөр Монголын Долнуур, Хишигтэн, Линьси зэрэг газарт дайран орж их хэмжээний адуу мал, эд хөрөнгийг уулгалан дээрэмдээд буцжээ.
    
Мөн Хаант Орос ч Бавуужавыг дэмжиж байсны үрээр түүний цэрэг 4000 болж дахин Өвөр Монголд цөмөрч, Шилийн голын өмнөд хэсгийг уулгалж Халх голын хөвөөнд хуарагнан сууж байсан ба тэр үед Хөлөнбойрын мэйрэнгийн занги Шенфү туслагч Бавуужавт адуу мал бэлэглэх зэргээр түүнийг дэмжиж байв” хэмээн өгүүлжээ.
 
Энэ бүгдээс харахад тэрээр хулгайч ч зангаа огт тавиагүй нэгэн байсан аж.
         
1911 оны үйл явдалд мөн л олон “сайн эрчүүд” ихэнх үүргийг гүйцэтгэсэн бөгөөд Богд хаан тэр цагт Барон Унгерен хэмээх орос “шилийн сайн эрийг” дуудаж гаминг хөөн гаргаад улмаар Сибирийн буриадууд, Өвөр Монгол болон баруун хойд Манжуурыг хамарсан Нармай Монголыг байгуулах ажлыг  эхлүүлсэн бөгөөд Японоос дэмжлэг хүсч байсан тухай  түүхэнд бичигдэж үлджээ.
    
1921 оны Монголын коммунист хувьсгалын удирдагч Сүхбаатар Цагаан Орос болон Японы дэмжлэгтэй Барон фон Унгерн-Штернберг нарын харгис дэглэмийн эсрэг тулаанд цэргүүдээ Цогт цагийн хүрдэнд гардаг калиюгаг төгсгөх дайны дүрслэлээр зоригжуулж байжээ. Сүхбаатар бол бас л шилийн сайн эрийн шинж бүрдсэн нэгэн байсан нь тодорхой юм.

Түүхийг хувь хүмүүс л бүтээдэг.

Харин бид хуучин тогтолцооны үед нийгмийн талаас нь аливааг харж дүгнэх гэж оролдохоос гадна социалист нүдээр харж түүхээ бичдэг байсан болохоор хувь хүн нь ямар араншинтай, ямар хүсэл бодолтой, ямар янзын хүмүүс байсныг таг орхигдуулсаар иржээ.

Энэ өнцгөөр харвал манайд эерэг утгаараа “шилийн сайн эрчүүд” сөрөг утгаараа “шилийн хулгайчид” маш их үүрэгтэй байсан шиг харагдах ажээ.

Оросоос тусламж гуйхаар Сүхбаатар явах гэж байхдаа замын зардлынхаа мөнгийг мөрийтэй тоглоомд алдчихаад гэрээ зарж хойшоо явсан тухай мэдээлэл байдаг. Энэ бол шилийн сайн эрийн л хийдэг ажил болохоос шилдэг хувьсгалт хүний ажил яав ч биш байлтай.

Дамбийжанцангийн тухайд бол ерөөсөө ч маргаан байхгүй. Барон ч ялгаагүй Орос Хятад Түвд бүр япон цэрэгтэй байсан морьт дээрэмчид шүү дээ.
    
Түүнийг дарж аваад манайд орж ирсэн улаан оросууд ч бүлэг дээрэмчид байсан гэх бөгөөд Осендовский тэргүүтнүүдийн бичиж үлдээснээр бол дээрэм тонуул алаан хядааныг тэд цагаан оросоосоо ч илүүтэйгээр  хийж байсан байдаг.
Харин одоо цагт шууд дээрэм хийх нь явцгүй тул далд аргаар хулгай хийхийг “шилийн эрчүүд” эрхэмлэнэ.
    
Хэдийгээр 1930 аад он хүртэл шилийн хулгайчууд байгаад одоо алга болсон  гэх боловч өнөөдөр сонгуулийн үед ард түмэн та нарт торго дурданг хуй хуйгаар нь  өгнө… хэмээн амлах болсон “хулгайчид нэр дэвшигчдийг” харахад  бас нэг шилийн эрсийн үг хэл аятай ажээ.

Бүр эрт ерөнхийлөгчөөс 90 саяыг хулгайлж чадсан Гансүх, Банкны Цолмонгийн хэрэг, Центпойнтын зохиомол хэрэг, Гаалийн Баатар, Төрийн өмчит МИАТ компанийн өмнөх удирдлагууд Дайны эрсдэлийн даатгалын сангийн мөнгийг гадаадын компанийн данс руу шилжүүлэн завшсан гэх хэрэг …гэх мэтээр хязгааргүй урт шилийн хулгайчуудын хэргийг дурдаж болох ч харин саяхан болж өнгөрсөн 200 мянгын үнэтэй нүүрсийг  80 мянгаар ард олонд тараагаад шүүхээр ял авсан Л.Гансүх бол харин ч шилийн сайн эрийн хэрэг утгаараа мөн  юм биш үү?

Шилийн сайн эр гэдэг нь дундад зууны хоёрдугаар хагасаас 1930-аад он хүртэл орон гэргүй шилээр амьдрагч буюу хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг хулгайч эрсийг хэлдэг хэллэг байжээ.

Шилийн сайн эр гэсэн онцлог нь хятадын худалдаачид, баяд ноёдын адуу мал, эд хөрөнгийг дээрэмдэх эсвэл хулгайлж аваад ядуу хүн ардад тус болж хулгайлснаа тарааж өгдөг хулгайч эрсийг хэлдэг байжээ.

Одоо ч бид хятад хийгээд гадаадын  худалдаачдыг л тонох аргаар хөрөнгөждөг ч ганц ч сайн эр ард түмэндээ тарааж өгөх талаар бодохгүй байгаа нь өнөөх хэл ам тасардаггүй Таван  толгой зэргээс илт харагдах ажээ.

Шинэ цагийн шилийн эрс хар амиа л боддогоороо өмнөхөөс өөр аж.
   
“Худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч” хэмээн эхэнд өгүүлсэн “Төөрсөөр төрөлдөө” кинонд хэлдэг дээ.

Тэгээд ч бид хар амиа бодох ардчилсан, зах зээлийн нийгэмд амьдарч буй болохоор “төөрсөөр төрөлдөө” л болж байх шиг…