Лениний гурвалсан дурлал
Октябрийн хувьсгалын их удирдагч, манай ахмад хижээл насныхны шүтээн болж явсан их Лениний тухай сонирхолтой, зарим талаар таагүй мэдээлэл энэ номоор дүүрэн буй. Авааль гэргийгээсээ гадна давхар нэг эхнэртэй, гурвуулаа ойр дотно үерхэж нөхөрлөж явсан тухай хэсгээс нь дор сийрүүлэв.
Оросын нэрт сэтгүүлч, зохиолч Леонид Млечиний Лениний улс төрийн хөрөг болох эл номыг НЭПКО хэвлэлийн газраас хөрвүүлэн хэвлэлтэд шилжүүллээ. Монгол хөрвүүлгийг манай ахмад орчуулагч Ц.Даваажав гүйцэтгэж, миний бие хянан тохиолдууллаа. Уг номыг Москвагаас яаралтай олж ирүүлсэн Элчин сайд Ш.Алтангэрэлд хэвлэлийн газраа төлөөлөн талархая.
Октябрийн хувьсгалын их удирдагч, манай ахмад хижээл насныхны шүтээн болж явсан их Лениний тухай сонирхолтой, зарим талаар таагүй мэдээлэл энэ номоор дүүрэн буй. Авааль гэргийгээсээ гадна давхар нэг эхнэртэй, гурвуулаа ойр дотно үерхэж нөхөрлөж явсан тухай хэсгээс нь дор сийрүүлэв.
Литвагийн Мариямполь хот дахь оршуулгын газар нойрсон буй Улаан армийн ахмад Андрей Армандын шарил руу сонинууд сурвалжлагчдаа илгээдэг. Фашист германы булаан эзлэгчидтэй хийсэн тулалдаанд баатрын ёсоор амь үрэгдэж, 1944 онд тэнд оршуулагдсан гвардийн ахмад бол Инесса Арманд, Владимир Ильич Ленин хоёрын нууц хүү хэмээн орон нутгийг судлаачид батлан тангаргалахын наагуур байдаг. Арманд, Ленин хоёр нууцаар бие биенээ хайрлан хүүхэд төрүүлсан боловч арга буюу салсан юм. Хувьсгалын үеийн хайр дурлалын хамгийн ер бусын явдлын хувилбар ийм ажгуу.
“Чи бид хоёр саллаа, хайрт минь, саллаа! Ингэх ямар хэцүү юм бэ? Чи хэзээ ч наашаа ирэхгүйг би мэдэж байна, би мэдэрч байна. Чи миний амьдралд ямар том зай эзэлснийг би танил газруудаа хараад хэзээ хэзээнийхээс илүү тод ойлгож мэдлээ. Тэгэхэд би чамд огт дурлаагүй байж, тэгэхдээ би чамд их хайртай болсон байлаа. Чамайгаа харж л байвал би одоо ч гэсэн үнсэлцэхгүй байж чадахсан, заримдаа чамтайгаа ярилцаж суувал баяр жаргал тэр байхсан, ингэлээ гээд хэн нэгэнд зовлон болохгүй. Яах гэж намайг энэ бүхнээс хагацаав даа? Салалт “хийсний” төлөө чамд уурлах уу гэж чи асуужээ. Үгүй ээ, чи үүнийг өөрийнхөө төлөө хийгээгүй гэж би бодож байна”.
Энэ бол Инесса Федоровна Армандаас Владимир Ильич Ленинд бичсэн хувийн захидлаас хадгалагдан үлдсэн цорын ганц захидал нь. Бусад захидлыг устгажээ. Ленин тэгэхийг хүссэн байна. Тэр намын удирдагч болчихсон, нэр сүрээ бодсон байна. Харин хатагтай Арманд Лениний тухай бодож, Ленинд дурласан хэвээр байв:
“Тэр үед би галнаас илүү чамаас айдаг байлаа. Чамайг харахыг хүсэвч чам дээр орсноос байран дээрээ үхсэн нь дээр мэт санагддаг байсан, харин чамайг яагаад ч юм бэ, Надежда Константиновна руу ороход би шууд сандран маанаг юм шиг болдог байв. Шууд чам дээр орж, чамтай ярилцдаг бусад хүмүүсийг би ямагт гайхан, тэдний зүрх зоригт атаархдаг байсансан. Зөвхөн хожим л орчуулга зэрэг бусад зүйлтэй холбоотойгоор би чамд жаахан дассан даа.
Чамайг ярьж байхад би чамайг сонсоод зогсохгүй чам руу харах мөн ч дуртай байсансан. Нэгдүгээрт, чиний царай тэгтлээ сэргээд явчихдаг, хоёрдугаарт, харахад эвтэйхэн байдаг, яагаад гэвэл энэ үеэр чи үүнийг анзаардаггүй...”
Ленин бол эрин үеийнхээ хамгийн алдарт хүмүүсийн нэг байлаа. Хүмүүс түүний төлөө үхэл рүү явж, уулыг эргүүлж, Засгийн газруудыг унагааж, түүнийг өрөөсөн нүдээрээ ч гэсэн харахын л тулд түлхэлцдэг байв. Тэр тэгтлэээ нэрд гарснаар эмэгтэйчүүдэд таалагддаг байсан биз. Гэхдээ тэдний дотроос ганцхан нь түүнд хайр сэтгэлээ маш хүчтэй, харамгүй өгч, бүх зүйл дээр түүнийг дагадаг байв. Тийм учраас ч амь үрэгджээ.
“За, хайрт минь, өнөөдрийн хувьд гүйцээ. Өчигдөр чамаас захиа ирээгүй! Миний захидал чамд очихгүй байгаа байх гэж би их айж байна, би чамд гурван захидал (энэ бол 4 дэх нь), бас цахилгаан утас илгээсэн. Чи тэдгээрийг аваагүй гэж үү? Энэ талаар толгойд хамгийн хачин бодол орж ирж байна. Чанга үнсэе. Би бас Надежда Константиновад бичсэн”.
Энэ бол уг захидлын хамгийн сонирхолтой хэсэг нь. Эхнэр Надежда Константиновна Крупская нь нөхрөө Армандтай хайр сэтгэлийн холбоотойг мэддэг байсан мөртлөө нөхрөөсөө төдийгүй бас түүнээс холбоогоо таслаагүй байсан болж таарч байна уу?
Лениний бүх амьдрал идэр залуугаасаа эхлээд хувьсгалд зориулагджээ. Хэрэв тэр хувьсгалын тухай 24 цагийн турш боддоггүй байсан бол Октябрийн хувьсгалыг хийхгүй байсан. Бүхнийг өөртөө шингээгч тийм нэгэн чиглэлийн зорилгын нөгөө тал нь эсрэг хүйстэнг сонирхох сонирхол бага, дур хүсэл сул байх явдал юм. Нэг л юман дээр төвлөрөхөд байгаль өөрөө түүнд туслаж байсан мэт. Энэ бол улс төрийн түүхэнд олон тохиолддог үзэгдэл юм.
Тэр эмэгтэйчүүтэй зууралдахтай манатай байжээ. Түүний хурц мэдрэмжийг сэрээхэд ер бусын хүчтэй түлхэлт шаардагддаг байв. Ганган, баяр баясгалантай, ер бусын залуу хувьсгалч эмэгтэй Инесса Арманд 1910 онд Парист иржээ.
“Түүний баахан хачирхалтай, хийрхүү, маш зоримог, гажууд мэт царай, ховсдогч хоёр том нүд үзсэн хүн бүхний ойд удтал үлддэг” гэж тэр үеийн хүн ярьжээ.
Тэр хувьсгал хийхийн хүслэн, амьдрахын хүслэн хоёрыг гайхамшигтайгаар хослуулсан байжээ. Чухам энэ нь Ленинийг өөртөө татжээ! Зүгээр л үзэсгэлэнт хатагтай нар түүний сэтгэлийг хөдөлгөдөггүй байв. Тэр найз нөхөдгүй байсан. Харин энэ учрал аянганд цохиулах мэт болгожээ. Ленин 39-тэй, Инесса 35-тай байв. Нүдээр үзсэн хүмүүс дурсахдаа:
“Ленин энэ жижигхэн франц бүсгүйгээс монголжуу нүдээ салгадаггүй байсан” гэжээ.
Франц эмэгтэй Инесса Федоровна Арманд Парист хорвоод мэндэлж, Элизабет Стеффен нэртэй байв. Түүнийг жаахан охин байхад нь Москвад авчирчээ. Тэр энд Александр Армандтай суужээ. Армандын удам судар бүр Наполеоны дайны жилүүдэд Орост очиж суурьшсан байв.
Тэд 3 хүүхэд төрүүлжээ. Гэвч удалгүй гэр бүл салжээ. Инесса нөхрийнхөө дүү, өөрөөс нь 11 дүү Владимир Армандад хайртай болов. Бусад зүйлээс гадна социалист үзэл санааг сонирхох болсноор Владимир Армандтай холбогджээ. Цэвэр пуритан байсан гэж бидэнд санагдсан тэр үед Инесса эхнэр, нөхрийн ариун журмыг зөрчихөөс огтхон ч ичсэнгүй. Өөрийгээ замбараагүй эмэгтэй гэж үзсэнгүй, аз жаргал эдлэх эрхтэй гэж тооцов.
Инесса нууц амрагаасаа ч хүүхэд төрүүлж, түүндээ Андрей гэдэг нэр өгчээ. Тэр бол Лениний хүүхэд гэж үздэг мөнөөх ирээдүйн ахмад Арманд юм. Бодит байдал дээр бол Инессаг Владимир Ильичтэй уулзах үеэр жаал хүү хэдийнэ 5 нас хүрсэн байв. Инессийн нөхөр ховорхон ач буянтай хүн байж, тэр хүүг өөрийн хүүгийн адилаар өөртөө авч, өөрийн овгийг өгсөн байж. Хайр сэтгэлийн холбоо удаан үргэлжилсэнгүй, Инессийн нууц амраг сүрьеэгээр өвчлөн нас баржээ.
Инесса Арманд хувийн эрх чөлөөнийхөө төлөө төдийгүй нийгмийн эрх чөлөөний төлөө санаа зовиногч нэгэн байв. Энэ бол Орост торны цаана суух хамгийн дөт зам юм. Инессаг 3 удаа шоронд суулгажээ. Архангельскт цөллөгт cууж байгаад дараа нь гадаадад оргон гарчээ. Тэнд л Ленинтэй танилцжээ. Крупская дурсахдаа:
“1912 оны 9 дүгээр сард баривчлагдсан Инесса эрүүл мэндийг нь ихэд муутгасан маш хүнд нөхцөлд бусдын паспортаар сууж байлаа. Тэр сүрьеэ өвчний шинж тэмдэгтэй, гэвч түүний эрч хүч саараагүй, тэр намын амьдралын бүх асуудалд улам бүр хичээнгүй хандаж байв. Түүнийг ирсэнд бид бүгдээрээ туйлын их баяртай байлаа… Тэр их цог золбоотой, гал халуун хүүхэн байж билээ. Инессаг ирэхэд илүү таатай, илүү хөгжилтэй болдогсон”.
Арманд хайртай хүнээ алдаад шинэ хайр дурлалд нээлттэй болсон байв. Тачаангүй, туршлагатай тэрбээр Ленинд жаргал цэнгэлийн шинэ ертөнцийг нээж өгөв. Энэ нь бараг л хувьсгалын ажил эрхлэхтэй адил сонирхолтой үйл хэрэг байв. Тэдний халуун янаг сэтгэлийн тухай Крупская сүүлд нь мэджээ:
“Ильич, Инесса бид гурав зугаалахаар их явдаг байлаа. Зиновьев, Каменев хоёр биднийг “зугаалагчдын нам” гэж хочилдогсон. Инесса хөгжим сайн тоглодог, бид бүхнийг Бетховений концертод очихыг ятгана. Өөрөө Бетховений хөгжмийг сайн тоглодог байв. Ильич “Цоглог сонатад” онцгой дуртай, түүнийг тоглож өгөхийг дандаа хүсдэг, тэр хөгжимд үнэхээр дуртай байлаа... Миний ээж Инессад их дассан, Инесса ярилцаж, хамт сууж тамхи татахаар түүн дээр орж ирдэг байлаа”.
Лениний хадам ээж хамгийн түрүүнд бүхнийг ойлгожээ. Надежда Константиновна хэд хэдэн удаа салж явах гэж зүтгэсэн боловч Ленин түүнийг тогтоож үлдээжээ.
Армандын дэргэд Крупская аймшигтай доройтжээ. Тэрээр эмэгтэй хүний дур булаам чанараа нэгэнт алдаж, таргалж бүдүүрэн, тэнэгдүү болсон байв. Нүд нь бүлтийж, хүмүүс түүнийг май загас гэж муухайгаар хочилдог болов...