Хятадын түүхийн атлас
ХЯТАДЫН ДӨРВӨН ИХ НЭЭЛТ Сүн улс хүчирхэг эдийн засагтай, шинжлэх ухааны тэргүүний хөгжилтэй улс байв. Энэ үед Хятадын дөрвөн их нээлт гэгддэг цаас, дарь, ном хэвлэл луужингийн технологид томоохон дэвшил гарч, арабуудаар дамжин Европ тивд дэлгэрсэн нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд асар том нөлөө үзүүлсэн билээ.
Хятадын түүхийн атлас
БНХАУ-ын хуучин дарга Ши Жиньпин шинээр сонгогдож, дахин таван жил төрөө жолоодох болов. Ши даргын шийдвэр Хятадаар зогсохгүй манай гаргийн ирээдүйд ч нөлөөлнө гэж олноороо ярьж байна. Энэхэн үес өмнөд хөршийн таван мянган жилийн явдлыг газрын зурагт тэмдэглэн харуулсан Хятадын түүхийн атлас хэвлэгдэн гарлаа. Балар эртний үеэс эхлэх эл ном Хятадын түүхийг наян нүүрэнд багтаан өнгөт зургаар хүүрнэжээ. Гарчиг бүр тухайн үеийн талаар суурь ойлголт өгөх товч текст; сэдэвт хамааралтай газрын зураг; түүхийн онцлох газар усны нэр, газарзүйн онцлог; овог аймаг, төрт улсуудын хил хязгаар; газар орны өнөөгийн болоод хуучин нэршил; түүхэн хүмүүсийн дүр ба товч танилцуулгыг багтаасны дээр гарчиг бүрт хамаарах гол үйл явдлын товчоонтой. Зураг үзээд л, газрын зураг уншаад л, Хятадын таван мянган жилийн түүхээр аялах энэ бүтээлийг зөвхөн хүүхэд багачуудад зориулагдсан гэж бодвол эндүүрэл болно. Эртнээс айл саахалт явсан, цаашид ч хаяа залгаа орших их гүрний түүхтэй товчхон танилцах хүсэлтэй уншигчид нэн тэргүүнд судлах ёстой цагаан толгой юм. БНХАУ-ын нэвтэрхий толиор дагнасан Encyclopedia of China Publishing House компанийн Хятадын түүхийн атлас-ыг Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
ХЯТАДЫН ДӨРВӨН ИХ НЭЭЛТ
Сүн улс хүчирхэг эдийн засагтай, шинжлэх ухааны тэргүүний хөгжилтэй улс байв. Энэ үед Хятадын дөрвөн их нээлт гэгддэг цаас, дарь, ном хэвлэл луужингийн технологид томоохон дэвшил гарч, арабуудаар дамжин Европ тивд дэлгэрсэн нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд асар том нөлөө үзүүлсэн билээ.
ЦААС ХИЙХ АРГА
Цаасны технологийн хөгжил Сүн гүрний үед хүмүүс аль хэдийн хулс, ороонго өвс, олс өвс, буудайн сүрэл зэрэг хямд төсөр материалыг ашиглаж цаас хийдэг болсон байлаа.
Цаас үйлдвэрлэх газар Сүн гүрний үед Сычуань, Аньхуй, Жэзян зэрэг газарт цаасыг голчлон үйлдвэрлэдэг байв. Сычуаний олсон цаас, хулсан цаас, Аньхуйн тунгалаг цаас, шар будааны цаас, Жэзяны ороонго цаас алдартай байлаа.
Цаас хийдэг хүмүүс олноор бий болов Умард Сүн гүрний үед цаасыг тусгайд нь судалсан бүтээлүүд гарч ирэв. Хамгийн анхны бүтээл нь Сү Ижяны бичсэн “Бичгийн гэрийн дөрвөн эрдэнэ”-д байдаг “Цаас эрдэнэ” хуйлмал хэмээх цаасны тухай зохиол юм. Уг бүтээлд, цаасны үүсэл гарал, нэршил, хийх арга, боловсруулах, хэрэглээ, онцлог зэргийг бичиж тэмдэглэжээ.
Цаасны ач холбогдол Цаас ийнхүү улам хямд төсөр болсон нь оюуны соёл тархан дэлгэрэх гол хөшүүрэг болжээ. Боловсролтой хүмүүс гэртээ хэдэн зуун цаасан ном хадгалж, номын сан үүсэв.
ХЭВЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ
Өнгөт барын хэвлэл Сүн гүрний үед хүмүүс хэвлэлийн хавтан дээр өнгө будаг нэмэн бичиг үсэг, зураг барлаж цаасан дээр өнгөт хэвлэл хийх болов.
Модон барын хэвлэл хөгжив Сүн гүрний үед модон барын хэвлэл оргилдоо хүрч, үүнийгээ даган сийлбэрийн урлаг дээд зэргээр хөгжив. Төрөл бүрийн хэвлэлийн гоёмсог дардсууд бий болжээ. Сийлбэрийн хавтанг ихэвчлэн лийрийн ба чавганы модоор хийдэг байв.
Өрмөл үсгийн хэвлэл Сүн улсын Рэнзун хааны үед Би Шэн шавар хэв ашиглан үсэг өрж хэвлэх аргыг сэджээ. Давирхай, лав, цаасны үнсийг холин биежүүлж, төмөр хавтан дээр тогтоосноор барлах ажиллагаа хийхэд бэлэн болно. Өрмөл үсгийн хэвлэл нь хэвлэлийн бүтээмжийг машид дээшлүүлэв.
ДАРЬ
Дарины найрлага сайжрав Сүн улсын үед умрын нүүдэлчдийн халдлагаас сэргийлэхийн тулд, дарины найрлагыг тасралтгүй сайжруулж байжээ.
Галт зэвсгийн төрөл нэмэгдэв Сүн улсын арми галт сум, галт жад, хуар пуужин галт буу, үхэр буу зэрэг галт зэвсэгтэй байв. Галт буу бол орчин үеийн бууны өвөг юм.
Галт зэвсгийн өргөн хэрэглээ Умард Сүн Ляо, Баруун Ся, Алтан улсын дайралтыг эсэргүүцэхэд галт зэвсгийг өргөнөөр хэрэглэжээ. Өмнөд Сүн гүрний эхэн үед Алтан улстай хийсэн дайнд дарь, галт зэвсэг чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Сүн улсын жанжид үхэр бууг ашиглан Алтан улсын цэргийг олонтоо ялсан билээ.
ЛУУЖИН
Луужингийн технологийн дэвшил Сүн улсын үед луужингийн технологи асар хурдацтай хөгжив. Хүмүүс газрын татах хүчны хазайлтыг илрүүлж, зохиомол таталцлын аргыг нээн “зүг чиг заагч загас”, “хуурай луужин”, “усан луужин” зэргийг зохион бүтээжээ.
Луужингийн хэрэглээ Луужингийн технологи өндөр хөгжсөн тул навигацид өргөн хэрэглэх болжээ. Тухайн үед далайд гардаг хөлөг онгоц болгонд луужин суулгаж өгдөг байсан бөгөөд далайчид усан луужин ашиглан зүг чигээ олдог байв.