Туган чоно асар майхнаас гарч ирлээ. Сар мандаж, орчин тойрныг сүүмэн гэрлээр гийгүүлнэ. Одот тэнгэр хужиртай сайр мэт харагдана. Ийм сайртай газраар тэр нэг биш удаа явж байсан шүү дээ. Газар хатуу тул агтны мөр гарахгүй. Эрт үеийн далай тэнгисийн ёроол байсан энэ газарт хаа нэг овоорсон давсан дээр л туурайн мөр үзэгдэнэ. Давс гэдэг амьтай, амьгүй бүхнийг иддэг гэмтэй эд билээ. Энэ нутагт ясаа тавьсан адуу, тэмээний хавирганы хэрзийсэн яс хүртэл харлаж энэ тэрүүгээрээ хагарчээ. Газарт юугаа ч юм бэ бэхлэгдсэн эдгэр яс эрт цагт аж төрж асан аварга биет хүмүүсийн орхиод явсан хөгжмийн зэмсэг лугаа адил үзэгдэх агаад хүн төрөлхтөн үүсэхээс өмнө тэд энэ орчинд хуран чуулж, энэ зэмсгээ уйлуулж дуулуулж явсан болов уу гэсэн бодол эрхгүй төрүүлнэ. Салхи исгэрэхэд энэ хавиас жигтэй дуу хадах тул үүгээр явж өнгөрөх хүмүүс төрөл бүрийн аймшигт түүх бодож олоод, анх удаа аянд явж буй нэгэндээ ярьж зүрхийг нь үхүүлнэ. Хүчтэйхэн салхи дэгдвэл өгөршсөн яснууд тас тасхийтэл хугарч унаад газраар нэг тарна. Үүнийг харсан аянчин хорвоод мөнхийн юм үгүй гэдгийг ухаарах шиг болно.

Үнэнч Хишиг асрын үүдэнд түүдэг асаасан нь өдгөө бөхөж байлаа. Шатаж харласан хоёр модны завсраар бяцхан цог улалзаж, шөнийн сэрүүг хөөх аядна. Хиад залуу эмээлээ дэрлээд, дээлээ нөмрөөд унтах аж. Туган чоно явган суугаад гараа хатсан модны үндэс завсраар хөх утаа суунаглуулах галын цогт ээв. Буудалласан цэрэг нь түүнд Хятадаас зугтахдаа туулж өнгөрсөн элсэн манхныг санагдууллаа. Цэрэг эрс энэ мэт аялахдаа зорьсон зорилготой байдаг атал тэдэнд зорих газар байсангүй. Элсэн цөлд түмт, зуутын захиргааны гудам гэж үгүй. Мянгатын захирагчийн асрын үүдэнд босгодог хар сүлд, сүүлчийн асар дээр дардаг овгийн тамга ч байсангүй. Элсэн цөл болбоос шинэхэн цаастай төстэй юм. Дээр нь юу ч бичсэн дорхноо арилж үгүй болно. Байгаль дэлхий ингэж л өөрийгөө онгон хэвээр нь хадгалан үлддэг биз ээ. Хятадаас зугтах ахуйд өдгөө хаа сайгүй асар майхан хүрээлж буусантай л ижил эргэн тойрон элсэн манхан үргэлжилж байсансан. Элсэн манхан дундуур хөндлөн гулд туулахад жинчин л тэдэнд зам заажээ. Тэд өдрийн халуунаас хоргодож, шөнө дөлөөр сарны гэрэлд оддоор зүг гарган урагшлав. Одот тэнгэр өөрийн гэсэн замтай. Энгийн цэрэг, ард иргэд үүнийг сайн мэдэх учиртай юм. Үгүй бол төөрч үйлээ эдлэн хорвоог орхино шүү дээ.

Бага байхад нь Огуль-Каби хээр талд зүг чигээ олон арга зааж билээ. Ээрэм талд аж төрдөг хүн зүг чигээ олж сурахгүй аваас хэзээд үхлийн аюултай байдаг тул эмээ нь түүнд энэ эрдмийг хичээнгүйлэн заасансан. Тэр хүүг шөнө дөл болсон хойно хээр тлд аваачаад тэнгэр өөд зааж, долоон бурхан одыг олуулж, чиг заагч хоёр одыг нь заалгана. Шанага долоогийн бариул нь хаашаа харж байгаагаар цаг төдийгүй өвөл, зун ирж буйг мэдэх бололцоотой. Долоон бурхны од болгон Эвэр, Булан, Тэнгэрийн үүд, Лууны гэдэс, Түлхүүр, Хаалгач, татвар, Жин, Тэнгэрийн дөрвөн агт гэх өөр өөрийн нэршилтэй. Тэнгэрийн дөрвөн агт хаа харагдана тэр зүгт нар мандана. 

Бэлтрэг минь, зүг чигээ ол доо гэж хэлэх эмээ нь Туган чоныг өхөөрдөж буй нь тэр юмсанжээ. 

Туган чоно ч Тэнгэрийн дөрвөн агтаар баримжаалан зүгээ сайн олж сурчээ. Тэр угаас хэл сурахдаа авьяастайн ижил эрдэм мэдлэг тогтоохдоо гаргуун сайн аж. Морио гэрийн зүг эргүүлэхэд эмээ нь “Ай, баярлаж байна шүү. Сайн сайн” гээж магтана. 

Туган чоно шөнө болмогц тэнгэр өөд ширтээд Огуль-Каби эмээгээ санан дурсана. Үрчлээ ихтэй нүүрэн дээр нь суусан цог шиг хоёр нүд нь хэнбугайг ч, тэр байтугай сурвалжит ноёдыг ч өөртөө итгэлтэй эм хүний харцаар төөнөнө.

Харцаа бууруулж сураагүй энэ эмэгтэйг эр зоригтой, зөв санаатай тул хэн хүнгүй л хүндэлнэ. Залуу насандаа түүнийг сайхан бүсгүй явсан тухай нь хиадууд өдгөө ч хууч хөөрөх дуртай. Нум сум агсаад морин дээр цээж тэнэгэр давхихад нь өтгөн хар үс нь эмээл шүргэж улам үзэсгэлэнтэй харагддаг байсан тухай магтан дуулсан дуу хүртэл бий. Цэрэг эрс тэр дууг түүдгийн дэргэд дуулж суух нь олонтаа. Эмээ нь мэргэн харвадаг байжээ. Нэгэнтээ дөчин гүү тууж ирсэн нь Дорж-Улааны цэргүүдтэй цэц мэргэнээ сориод өөрийн болгосон олз байлаа. 

Залуудаа мал маллаж, овгийнхоо эрчүүдтэй эн зэрэгцэн ан хийж явсан бүсгүйг Туганы өвөө гуйж эхнэрээ болгосон аж. Эмээ нь найман хүү, гурван охин төрүүлжээ. Хамгийн бага зээ нь Туган чоно. Туганы ээж уйгар худалдаачдын дайж ирсэн тахлаар өвчилж бие барахад эмээ нь түүнийг хүн болгожээ. Улмаар зээ хүүгээ аваад урагш нүүж Хятадад ирсэн түүхтэй. Үр ач нар нь өөр хоорондоо тэрсэлдэж, эрх мэдлээ булаалдаж байхад ч Туганыг орхисонгүй, дэргэдээ байлгасаар өдий зэрэгтэй өсгөж торниулав. 

Эмээ нь түүний аминд оржээ. 

Хоёр нагац нь Туганы толгойг хулсан шонд зоож улсын нийслэлд авч ир хэмээн зарлиг буулган цэрэг илгээжээ. Тэр цагт хаан ширээг булуулдах дөрвөн хүн үлдсэн байлаа. Гэхдээ дөрөв дэх нь ухаан муу, морь унаж сураагүй тул бусад нь түүнийг хүн гэж тоож харсангүй. Тэгэхэд эмээ нь ирсэн цэрэгт “Туган оторт явсан” гэж хэлээд чулуу хөөлгөж, зээ хүүгийнхээ жаал жуул юмыг баглаж боогоод, Крымийн Магомет султанд захиа бичиж, хүүтэйгээ салах ёс хийгээд тийш нь илгээв. Хиад овгийн ноён, Алтан Ордыг тухайн үед барагтай бол эзэгнэж байсан тэр хүн Огуль-Кабигийн холын хамаатан аж.

Туган чоно гурван сарын турш тал хээр, элсэн цөл, уул усны захаар зайдан давхилаа. Ууланд ургасан зуу зуун настай сахлаг моддын сүүдэрт ус чийг хуримтлагдах тул тэнд өвс ногоо элбэг. Тэртээд зурайх уулын жимээр хаа нэг бодон үзэгдэж, түүгээр яваа цэрэг эрсийг жижигхэн нүдээрээ цоо ширтсээр үднэ. Туган үлгэрт гардаг Эргүнэ гүнгийн аж төрөн төрөн суудаг өтгөн өндөр өвстэй тал хээрээр ч дайрч өнгөрчээ. Ногоон далай тэнгэрийн хаяа хүртэл дайвалзан байлаа. Чингээд Крымийн Солхатын ханлигт хүрэхэд далай тэнгисийн давстай ус аанай л өвсөн далай мэт хязгааргүй үргэлжилж буй дүр зураг угтав.

Энд ирээд хүний бараа харлаа. Наранд харласан герег хөгшин түүнд хоног төөрүүлэх газар гаргаж, өглөө зам заагаад, сүү, сүүлний тосонд шарсан давстай амтат бин, усан үзмээр дайлав. Нар жаргахад Туган чоно цавчим хадны доогуур зурайх нарийхан жимээр орлоо. Жим хаа нэг тасрах бөгөөд хайрга нь морины хөлд гишгэгдэн доош өнхөрнө. Доош харвал ёроолгүй гүн ангал байх аж. Морь нь хайрга чулу, царсны самраар хучигдсан, урьд өмнө явж үзээгүй энэ жимээр аажуухан урагшлав. Он цагийн эргэлтэнд элэгдэж гөлгөр болсон байц хадан дээр давжаа биетэй царс мод олноороо ургажээ. Зам өргөссөнд Туган чоно түр амсхийгээд хоног төөрүүлсэн хээр тал руу эргэж харлаа. Алим, чангаазны мод, үсан үзэмний бут битүү ургасан талд буудай тариалсан оог цоог хэсэг шарлан үзэгдэнэ. Усан үзмийн бут налуу газар ч ургах агаад ногоон далай дунд хааяадаа шавран дээвэртэй сууц тааралдах ажээ. Энэ нутгийн ард иргэд дайн дажин гээчийг мэдэхгүй. Ургацынхаа аравны нэгийг өргөл болгон барих тул эртээс нааш амар жимэр аж төрсөөр иржээ. Сууцны эргэн тойронд сарнай цэцэг улайрах нь бүхий л дүр зургийг гоёмсог хээтэй хивс мэт болгоно. Сарнай цэцэгс эл нутгийн хүмүүний мэндлэхээс эхлээд амьсгаа хураах хүртэл нь нүд баясган ургана.

Нар уулын цаагуур суухад хээр тал ноцож буй цог мэт үзэгдэнэ. Энэ тэндгүй улбар туяа татаж, Туган чонод ертөнцийн захад ирэв үү гэлтэй жигтэй бодол эргэлдэнэ. Тэртээд элин халих харцага, хулгана зурам барихаар зэхэж буй бололтой, шүгэлдэсхийх ажээ. Доохно талд нь хоёр хар хэрээ далаваа дэвэн ниссээр үдшийн бүрий унахыг хүлээнэ. Өмнө нь зурайн жимээр урагшилбал давааны цаана уужим хөндий цэлийх нь тэр. Хөндий дундуур тнамуухан урсгалт гол урсан өнгөрөх агаад энд хүн зон олноороо суурьшсан нь хараажийн илэрхий. Хэдийн бүрий болжээ. Энэ хөндийд Солхат хот байрлана. Хотыг тойруулаад шохойн чулуун хана босгожээ. Алсын хараатай Магомет султан-бек хотоо цайз хэрэм мэт бэхэлсэн нь тухайн үедээ шинэ содон зүйл байлаа. Монголчууд өөр газар оронд цайз барьж байсангүй. Харьяат албатаа ч хэрэм босгож, эзэмшил нутгаа тусгаарлахыг хориглоно. Орост ирсэн хойноо Туган чоно орон байраа хамгаалсан өндөр шороон овоолго, мөнгөлөг төмрөөр дээвэрлэсэн дөрвөлжин цамхагтай царсан хана хэрэм, гуу татаж, усаар дүүргэсэн хамгаалалттай цайз байдгийг олж харсан ч тухайн үед тийм бэхлэлт байдгийг мэдэхгүй явлаа.


НЭПКО хэвлэлийн газар