БЭЛГЭВЧНИЙ РЕКЛАМ
тэр бэлгэвчний рекламыг мэдэхгүй хүн байхгүй байхаа
Дэлгүүр орсон чинь хүүхэд нь тэрийг авна гэж орилоод. Аав нь яаж ч аргадаад дийлдгүй нөгөөх нь тэрүүгээр нэг тийчилж унаж чарлаад аавын толгойд өөрийн эрхгүй бэлгэвч хэрэглэдэг байж гэсэн бодол төрнө. Бэлгэвчний л зоримог реклам л даа.
Манай монголчууд энэ чарлаж буй хүүхэд шиг юм. Хүүхэд учир юм ойлгохгүй, хүслээ гүйцээх гэж чарлан тэлчилнэ. Гэхдээ жинхэнэ хүүхдээс бид эцэг эхээ сонгодогоороо ялгаатай байна. Эцэг эхийн ажил нь ч учиргүй элбэг хоол хувцастай ажил тул дарга нар маань биднийгээ хүүхэд шиг хууран чарласан бүхнийг авч өгч дуугай болгосоор байна.
Зам дээр түгжирсэн заяа
Эзэн нь хичээгээд ч заяа нь хичээж чадахаа больсон. Хүн хотын хооронд, улсын хооронд зорчдог л юм. Гэтэл бид зүгээр ажил гэрийнхээ л хооронд зам дээр гурван цагаа алдаг. Гэр нь тэрүүхэн тэнчээ харагдаад байхад л. Ямар зуу наслах биш дээ.
Түгжрэлийн шалтгаанууд бишгүй л их байна:
- Машин тэрэг явчихаж болмоор газруудыг хаасан олон хашаанууд, ач холбогдол багатай гэрэл дохио болон явган хүний гарц марц. Эдгээрийг бол цэгцлээд байгаа бололтой байдаг юм. Гэхдээ үлгэн салган, тухайлбал өдөрт нэг см газрын хашаа янзалдаг юмуу гэмээр удаан. Тийм үл мэдэгдэм.
- Жижиг осол аваар, шинэковууд болон угаасаа ур чадваргүй жолооч нар хэзээ ч цэгцрэхгүй, тэд бол мөнхийн саад. Гэхдээ яах ч аргагүй, тэдэнтэйгээ байхаас өөр зам ч үгүй.
- Харин үндсэн асуудал бол зүгээр л автомашины илүүдэл. Зүгээр л бууж өгцгөө! Илүү гарсан хүмүүсийг хөөж явуулж чадахгүйгээс хойш. Тэр ихдээд байгаа машинуудыг хурааж аваад эвдэлж хог руу хаяхгүй л юм чинь.
Гэхдээ энэ нөхцөл байдал шийдвэр гаргагч нараас дорвитой, зоригтой, алсын хараатай шийдвэрүүдийг л хүлээж байна. Татаж унаад чарлаад хэвтчихдэг ард түмнээсээ айдаг дарга нар бидэнд хэрэггүй. Хүүхдийг эрхлүүлээд, хүслийг нь биелүүлээд байх тусам тэнэг мулгуу, амьдрах чадваргүй ирээдүйн эргүү иргэн болдог нь аксиом.
Бид асар их цаг, амьдрал, эрч хүчээ түгжрэл хэмээх мангаст залгиулж байна. Түгжрэлээс болоод олон арван бүтээмж, бүтээлч сэтгэлгээ, магадгүй гарах байсан бүтээлч санаанууд ч унтарч байгаа. Энэ бол та бидний хамтын зовлон, хамтдаа л шийдэх ёстой асуудал.
Балбаад өг
Балбаад өгмөөр байхымаа даргаа! Дарга нараа! Хулчиймааргүй байна, сонгуулиа бодмооргүй байна. Ингэж чадсан дарга угаасаа цаг хугацааны шүүлтүүрээр баатар болон гарч ирэх болно.
- Захуудыг албадан хотын зах руу нүүлгээд өгөөч. Захынхан л хэсэг орилно биз дээ. Аяндаа өөрснөө ч гэрээ тийш нь нүүлгэнэ. Төвлөрөл ингэж саарна. Зах орох гэж байгаа иргэд цаг гаргаж тийшээ зорин очдог болчихно. Гадны орнууд ч ийм л байдаг. Захынхан орлого алдахгүй. Зах бол хүний үүрдийн хэрэгцээ. Гэхдээ хүн хоол иддэг ч гэсэн гал тогоондоо амьдардаггүй. Тэд орилог.
- Төрийн захиргааныхан өөрснөө гарч яваач. Яамаа Налайх, Зуунмодод аваачиж барий. Тэндээ амьдры. Эсвэл ажиллах цагаа өглөөний 5-аас өдрийн 14 болгож сольж чадахгүй юу. Тэгээд хувийн унаа биш ажлынхаа автуусаар явцгаая. Та нарын авчраад өдөржин тавьчихдаг машинууд чинь хотын бүх зогсоолыг бөглөөд та нарыг тэжээдэг иргэд чинь багтах зайгүй болчоод байна. Та нар чинь бидний үйлчлэгч биз дээ? Эсвэл ноён нь гэж андуурсаар байна уу? Албан хаагчид чарлаж л байг.
- Их сургуулиудыг гаргаачээ. Тэндээ дотуур байрандаа амьдарцгаана биз, нэг л их машин унаж өглөө оройдоо бөглөөс болсон, тэрийгээ ч ухамсарлаж мэдэхгүй ирээдүйн сэхээтнүүд. Эсвэл одоохон бүх их сургуулийн ойролцоох машины зогсоолуудын үнийг нэмээд аль. Нэлээн огцом нэмэх тухай ярьж байна. Оюутнууд тийчлээд унаж л байг.
- Түгээлтийн машинуудыг шөнө явуулдаг болгонгуутаа яаж каал аваад буцаалаа даа. Тэгмээргүй байна. Иргэддээ сайн сурталчилбал эгнээгээ бэхжүүлж тэдэнтэй хамтран тэмцэх болно. Түгээлтийнхэн харааж зүхнэ л биз.
- Нийтийн тээвэр яасын болоо? Халбагагүй шөл, улгүй гутал санал болгож байгаам шиг машинаасаа буу гэх утгагүй байна. Нийтийн тээврийн бодит саналаа дэвшүүлж ил тод гаргаад тавьмаар байхын. Хүмүүс нь “та нар автуус гэж мэдэх үү” гэж уурласаар л байна.
- Эцсийн эцэст машины л тоо. Тэртэй тэргүй ихэдчээд багтахаа больцон юмыг яах ч аргагүй. Одоогоор дугаар хязгаарлах замаар нийт машины 20 хувийг хөдөлгөөнөөс гаргаж байна. Ядаж байхад бараг дэлбэрээд тарцан машинуудыг үнэгүй олж аваад оруулж ирээд засаад зараад байгааг болиулах юмсан. Хүн бүр л нэг сэг олж аваад зам дээр гарч зогсчихно. Машин гэр биш, халтуур ажил биш. Жинхэнэ ажил хөдөлмөрийн фронт чинь хүнгүйдчихлээ. Хүмүүс тас гэдрэг савж унаг л дээ. Тэгээ л босоод ирнэ.
Амьдрал гэдэг тэр чигээрээ дэг журам. Хүүхдэд “болохгүй” гэж хэлэхээс дэг журам эхэлдэг. Гал руу орох гээд байгаа хүүхдийг хүчээр болиулах нь насанд хүрэгчдийн үүрэг. “Ингэхгүй бол чи өөрөө хордоно, өвчлөнө, үхнэ” гэдгийг ойлгуулахаас амьдрал эхэлдэг. Дарга нь дарга шиг хүчтэй, зоригтой, зангарагтай баймаар байна.
Дээр хэлсэн бэлгэвчний рекламыг энд дарж үзээрэй
Зочин
утаат тархинцарууд
зочин
durem
Prius
Доо ёс от ма
санаа
үнэн үү
Зочин
Иргэн
Зочин
түгжирэл