Цагаансуварга
Бүтээн байгуулалтын ажлын тухай бодит мэдээлэл дутаж байгаа учраас мэдээлэл, мэдлэгээр хомс төрийн түшээ зарим хүн Цагаансуваргын ордыг Монголын Алт Компани хууль бусаар авч өмчилсөн мэт, төрийн өмчид хурааж авах ёстой гэсэн яриа гаргаж, түүнийг нь зарим ойворгон хүн “өгч болсон юм, хурааж авах хэрэгтэй“ гэж дэвэргэж байна. Ийм хийрхэлийг засахгүй бол олон түмнийг төөрөгдүүлэх, ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг саатуулах, улмаар үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх төрийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэх аюултай юм.
Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Цагаансуваргын зэс молибденийн ордыг ашиглах эсэх, яаж ашиглах гэж байгаа, мөн ордын нөөц, олборлох үйлдвэр ямар өртгөөр босох, үр өгөөж нь улс нийгмийн хөгжилд яаж нөлөөлөх талаар иргэд бодит мэдээлэлтэй байх ёстой.
Гэтэл Ордын хайгуул ашиглалтын ажлыг Монголын Алт Компанид хариуцуулахаар Монгол улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрүүд, уг шийдвэрийн дагуу Монголын Алт Компанийн хийсэн нарийвчилсан хайгуулын ажил, түүний үр дүн, Ордыг ашиглах талаар зохиож байгаа ажил, Олборлох баяжуулах үйлдвэр байгуулснаар бий болох эдийн засгийн үр ашгийн тооцооны тухай тодорхой мэдээлэлийг ард иргэдэд хүргэх ажил хоцрогдож байна.
Бүтээн байгуулалтын ажлын тухай бодит мэдээлэл дутаж байгаа учраас мэдээлэл, мэдлэгээр хомс төрийн түшээ зарим хүн Цагаансуваргын ордыг Монголын Алт Компани хууль бусаар авч өмчилсөн мэт, төрийн өмчид хурааж авах ёстой гэсэн яриа гаргаж, түүнийг нь зарим ойворгон хүн “өгч болсон юм, хурааж авах хэрэгтэй“ гэж дэвэргэж байна. Ийм хийрхэлийг засахгүй бол олон түмнийг төөрөгдүүлэх, ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг саатуулах, улмаар үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх төрийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэх аюултай юм.
Английн Ерөнхий сайд М. Тетчер “…төрд өмч байхаар улс төрчдийн өмч болчих гээд байдаг” гэж хэлсэн үг байдаг. Үүгээр улс төрчдийг өмчөөс хол байлгахгүй бол төрийн нэрийг ашиглаж баяжсан улс төрч бий болж, төрийг цэвэр тунгалаг байлгахад хор хүргэдэгийг анхааруулсан байдаг.
Манайхан олигархи гэж их ярих боллоо. Бизнесийн, аж ахуйн, баялаг бүтээх ажил эрхэлж олсон орлогогүй, зөвхөн төрийн байгууллагад ажилласан мөртлөө олон тэрбум төгрөг болон валютын хадгаламжтай,өндөр үнийн байр сууц, машин техник, олон малтай боловч ямар эх үүсвэрээр бүрдүүлснээ үндэслэж чаддаггүй төрийн ажилтныг л төрөөс төрсөн олигархи гэж үзэж шүүмжлэлтэй хандах ёстой байх. Харин үйлдвэрлэл хөгжүүлж баялаг бүтээж байдаг цөөн хүмүүсээ олигархи гэж цоллож үзэн ядаж болохгүй.
Ийм учраас би Цагаансуваргын зэс молибденийн ордын хайгуул олборлолтоор Монголыг Алт Компанийн зүгээс зохиож байгаа ажлын талаар өөрийн мэдэх зүйлээр иргэдэд бодит мэдээлэл өгөх, ордыг үр ашигтай ашиглах асуудлаар өөрийн санал бодлыг хэлэх шаардлагатай болжээ гэж үзлээ.
Ордод хайгуул хийх зөвшөөрөл Монголын Алт Компанид хэрхэн олгогдсон:
Уул уурхай эрхэлсэн яамны шийдвэрээр Цагаансуваргын ордод хайгуул хийх зөвшөөрөл 1994 онд Австрали улсын Молопо хэмээх компанид 5 жилийн хугацаатай олгогдсон. Молопо компани зөвшөөрөл авсан хугацаандаа ордод хайгуулын ямарч ажил хийгээгүй, өөр компанид худалдсан байсан учраас уг компанид олгогдоод байсан хайгуулын зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг Монголын зохих яам, шүүхийн байгууллага гаргасаны дараа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар уг ордод хайгуул хийх шинэ зөвшөөрлийг Монголын Алт Компанид 1999 оны 12 дугаар сард олгосон байна.
Цагаансуваргын зэс молибений ордод хайгуул хийх зөвшөөрөлийг гаднын компани аваад наймаалцаж байсаныг зогсоож Монголын үндэсний компанид олгогдсон нь зөв болсон.
Ордод социализмын үед хийгдэж байсан эрэл хайгуулын ажил, түүний үр дүн:
Цагаансуваргын ордод 1965-1967 онд эрэл үнэлгэний ажил, 1977-1978 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуул улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн. Арван долоон жил тасалдан байж хийсэн эрэл хайгуулын ажлын үр дүнг 1984 онд Улсын нөөцийн комисс авч хэлэлцээд ордын нөөцийг батлаагүй, дахин тооц гэсэн шийдвэр гаргасан байна.
Улсын нөөцийн комиссын шийдвэрт ордын нөөцийг батлаагүй дараах шалтгаанууд бичигдсэн:
- Хүдрийн биетийн дундаж агуулга, зузааныг буруу тооцсон,
- хэт өндөр агуулгыг хязгаарлаагүй,
- зарим нөөцийг орхигдуулсан,
- нөөцийг түр кондицэд үндэслэж тооцсон.
Хайгуулын ажлын чанар болон нөөц тооцсон аргачлалын дээр дурьдсан дутагдлуудаас гадна нарийвчилсан хайгуулын явцад гарч байсан өрмийн \керн\ чөмөг байхгүй болсон, түүнээс болж ордын ямар цэгт хэдий гүнд ямар агуулгатай хүдэр байгааг мэдэж олборлолт явуулах бололцоогүй болгосон байсан нь илэрсэн.
Энэ бүхэн Цагаансуваргын ордод урьд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнг үндэслэж олборлолтын ажил явуулах боломжгүй болгосон байсан. Тэр үед геолог хайгуулын ажлыг хариуцаж байсан нөхдийн мэргэжил чадвар, ажлын чанарт тавих шаардлага сул байсантай холбоотой.
Монголын Алт Компанийн хийсэн хайгуулын ажил, түүний үр дүн:
МАК компани Цагаансуваргын ордод хайгуул хийх зөвшөөрөл аваад мэдээлэл материал олох судлах ажил явуулаад 2001-2008 онд уг орд дээр нарийвчилсан хайгуулын ажлыг шинээр хийсэн. Олон улсын стандартын дагуу хоорондын зайг нь 46 метр хүртэл ойртуулсан 280 цооногт, нийтдээ 41 мянга гаруй тууш метр өрөмдлөг хийсэн бөгөөд өрмийн кернийг бүрэн авч хадгалсан, исэлдсэн хүдрийг судалсан, алт мөнгө, рени зэрэг бусад элементийн агуулга нөөцийг үнэлсэн, ордын дээж сорьцод шинжилгээ хийсэн. Хайгуулын ажлыг орчин үеийн стандартаар давтан шинээр хийх энэ их ажилд 8 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Үүнээс гадна урьд улсын төсвөөс эрэл хайгуулын ажилд зарцуулсан мөнгийг улсын төсөвт 100 хувь төлсөн.
Эдгээр ажлын үр дүнг Эрдэс баялгийн зөвлөлд авч үзээд ордын нөөцийг 2009 онд баталж бүртгэлд авсан. Уг орд Сульфидын хүдэр 250 сая тонн, Зэс 1,6 сая тонн, Молибден 66 мянган тонн, Алт 10 орчим тонн нөөцтэйг тогтоосон. Оюутолгой, Эрдэнэттэй зэрэгцүүлэхэд жижиг орд, арав орчим жилд ашиглагдана гэж үздэг.
МАК компанид хайгуулын ажлын зөвшөөрөл олгогдсоноор компанийн удирдлага, өндөр мэрэгжлийн залуучуудын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд Цагаансуваргын зэс молибденийн ордод нарийвчилсан хайгуулын ажил олон улсад мөрддөг стандартын дагуу шинээр хийгдсэн, Ордын нөөц баталгаатай тогтоогдсон, Ордыг үр ашигтай ашиглах техник эдийн засгийн үндэслэл боловсрогдсон, Ашиглалтын буюу бүтээн байгуулалтын ажлыг эхлэх нөхцөл бүрдсэн.
Цагаансуваргын ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн гол үзүүлэлт:
- Олборлох баяжуулах үйлдвэрт 1100 хүн ажиллана.
- Жилд 14 орчим сая тонн хүдэр олборлон, жилд 320 мянган тонн зэсийн баяжмал, 5000 тонн молибден үйлдвэрлэнэ.
- Монгол улсын экспортын орлогыг 400-600 сая ам доллароор нэмэгдүүлнэ.
- Улс орон нутгийн төсөвт жилд180 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж оруулах тооцоо байгаа.
- Нөөц ашигласны төлбөрийн орлогыг 100 хувь улсын төсөвт, Хайгуул ашиглалтын зөвшөөрлийн төлбөрийн 70 хувийг улсын төсөв, 20 хувийг орон нутгийн төсөвт,10 хувийг сумын төсөвт төлж байх болно.
- Орд ашиглалтаас гарах нийт өгөөжийн 57-60 хувь татвар хураамжаар улс орон нутгийн төсөвт орж, үлдэх 40-43 хувь МАК компанийн мэдэлд үлдэж уг ордыг ашиглах бүтээн байгуулалтад зориулсан тэрбум гаруй ам долларын зээл, түүний хүү болон үйлдвэрийн ашиглалтын зардлыг нөхөхөд зориулагдана.
- Цагаансуваргын ордыг ашигласны үр өгөөжөөөс улс орон нутгийн төсөвт төлөгдсөн татвар хураамж, ордыг ашиглахад зориулж авсан зээлийн төлбөрийн дараа МАК компанид үлдэх цэвэр ашиг хэдий хэмжээнд байхыг Ордыг ашиглах ажлын үргэлжлэх хугацаа, өөрийн өртөг, тухайн үеийн зах зээлийн нөхцөл зэргийг бодолцож тодотгох шаардлагатай.
Бүтээн байгуулалтын ажлын явц.
Цагаансуваргын ордыг үр ашигтай ашиглах, олох үр өгөөжөөс хөрөнгө оруулалтын болоод ашиглалтын зардлыг нөхөх, улс орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлж гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулахад тус болох үүргийг хариуцана гэж үзэж МАК компани ордыг ашиглах ажлыг хариуцах “Эрдэнэс Цагаансуварга ХХК“-ийг харьяандаа 2014 онд байгуулаад ажиллаж байгаа.
Ил уурхайд шаардлагатай техникийг бүрэн авч угсран хөрс хуулах ажлыг эхлүүлсэн, Барилга угсралтын ажил эхэлж Техникийн засвар үйлчилгээний төв баригдсан, Баяжуулах үйлдвэрийн зураг төсөв гарсан, Баяжуулах үйлдвэрт угсрагдах тоног төхөөрөмжийн захиалга хийгдсэн төдийгүй үйлдвэрлэгдсэн хэсгийг Цагаансуварга руу тээвэрлэж эхэлсэн, Ихэнх тоног төхөөрөмжийн суурийг цутгасан.
Оюутолгойгоос Цагаансуварга хүртэл 160 орчим км зайд 220 –ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцын хамт байгуулсан. Энэ ажлын явцад Мандах, Хатанбулаг сумыг цахилгаанжуулсанаар Монголын бүх сумыг төвийн эрчим хүчинд холбох зорилт хэрэгжсэн.
Усан хангамж шийдэгдсэн. Үйлдвэрт ажиллах ажилчдын тосгон баригдсанаар ажилчдын байр сууц, эмнэлэг амралтын төв,оффис, нийтийн хоолны газар, үүрэн холбоо интернет, холбооны дотоод сүлжээ бий болсон.
Энэ бүх ажилд 400 орчим сая ам долларын санхүүжилт хийгдсэн.
Миний барагцаа тооцоогоор Баяжуулах үйлдвэрийг барьж тоноглож ашиглалтад оруулахад 600 орчим сая долларын нэмэлт санжүүжүүлэлт шаардлагатай. Түүнийг бүрдүүлэх ажлын явц ямар байгааг мэдэхгүй.
Би МАК-д ажиллахаа болиод 6 жил болж байгаа болохоор мэдээлэлээс холджээ.
Мэдээлэлийн төгсгөлд миний хэлэх зүйл.
Цагаансуваргын зэс молибденийн ордыг хууль журмын дагуу нарийн судалсан, боловсрогдсон техник эдийн засгийн үндэслэлийн дагуу үр ашигтай ашиглах чадвартай, шаардлагатай мэдээлэл хүний нөөцийг бүрдүүлж чадсан үндэсний компани бол Монголын Алт Компани.
Монголын үндэсний компани гаднын оролцоогүйгээр уг ордыг олон улсын стандартын түвшинд судалж, нөөцийг нь үр ашигтай олборлох төслийг амжилттай хэрэгжүүлснээр МАК төдийгүй Монгол улсын нэр хүнд өснө, монголын залуучууд боловсрол чадвартайг харуулна.
Одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд зааснаар үйлдвэрийг ашиглалтад оруулах үед түүний 10 –аас доошгүй хувийн хувьцааг ард иргэдэд өгнө. Ингэснээр “Эрдэнэс Цагаансуварга“ ХХК олон нийтийн нээлттэй компани болох юм.
Манай улсын эдийн засаг нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж “Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан Цагаансуваргын зэс молибденийн ордыг ашиглах ажил зөвхөн МАК компанид хариуцуулсан нөхцөлд амжилттай хэрэгжих болно.
Бидний ахмад үеийнхэн хорь дугаар зууны далаад жилд феодализмаас капитализмыг алгасч социализмд шилжих туршилт хийж байх үедээ баян байхыг ёс суртахуунд нийцэхгүй гэсэн үзлээр тэр үедээ байсан хөрөнгөлөг ухаалаг иргэдийг ад үзэж хэлмэгдүүлж байсан гашуун үнэн бий.Бүгдийг ижил тэгш болгох гэж оролдсон социализмын үзлийг ирээдүйгүй гэж үзсэн орчин үеийн бид нар капитализмд шилжих үзэл санаагаар хорин нэг дүгээр зууны эхний гучаад жил амьдарлаа. Капитализмын үзэл санааг сонгосон энэ үедээ баялаг бүтээх, капиталист болохыг хичээж байгаа цөөн хэсгээ баяжиж байна гэх атаархлаар ад үзэж ажилд нь саад хийдэг нүгэл үйлдэхээс болгоомжлох ёстой. Энэ бодлоор би саяхан капитализмын онолч хэмээгч Адам Смитийн сургаалийн гол зүйлийг сануулахыг хичээж бичсэн юм бий.
Түүх, ажил, амьдралыг судалж суралцаж, хөгжлийн сонгосон замынхаа үзэл санаанд нэгдэн ажиллаж хөгжихсөн.
Монгол улсын 14 дэх Ерөнхий сайд Алтан Чой овогт Думаагийн Содном
2020 – 07 – 08