-Нийслэлийн Ардчилсан намын даргын суудалд таныг санаархсанд үнэхээр их гайхсан. Юу таныг албан тушаалд амбицлахад хүргэв?

-Нийслэлийн Ардчилсан намын дарга гэхээр янз янзаар харж байгаа хүмүүс байх шиг л байна. Зарим хүмүүс эрх ашиг гэж харж байна. Бүлэг, фракц юм уу өөрийнхөө харьяалагддаг хэсгийн нам дотор байгаа байр суурь, нэр хүндийг Нийслэлийн Ардчилсан намын даргыг авснаар хангана гэж зарим хүн харж байна. Зарим хүн энэ бол хувь хүн, хувь улстөрчийг өөрийг нь Ардчилсан нам дотор хэр нөлөөтэйг илтгэх талбар гэж харж байна. Нийслэлийн Ардчилсан намын дарга гэдэг өөрөө намын удирдлагын нэг учраас хувь улстөрчийнхөө хувьд их том өндөр түвшний улстөрч байна гэдгийг харуулдаг байж магадгүй л дээ. Миний хувьд ямар нэг бүлэг, хэсэг  юм уу, хувь улстөрч гэдгийг харахаасаа илүүтэй 2012 оны сонгуулийг л бодож байна. Сонгууль пропорциональ системээр л болно гэж байна шүү дээ. Ерөнхийдөө 26:50 гээд. Нийт УИХ-ын маань талаас илүү хувь нь хувь тэнцүүлсэн сонгуулиар шийдэгдэнэ гэж байна. Сонгогчдын дийлэнх хэсэг хаана байна тэнд л зөв ажилласнаар нэг бол ялна, аль эсвэл ялагдана. Тийм учраас нийт сонгогчдын тал нь нийслэлд байгаад анхаарах хэрэгтэй. Нийслэл өөрөө илүү идэвхитэй, шинэлэг, дандаа залуу хүмүүсийн бодлогыг хүлээж байдаг. Энэ байдлыг олж  харсан МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад ялагдав гэдэгтээ дүн шинжилгээ хийгээд Ардчилсан намд санал өгч байгаа залуучуудыг илүү ихээр, хурдан өөрсөд рүүгээ татах хэрэгтэй гээд ажиллаж байна. Үүнийг сөрж манай нам олон хөтөлбөр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гэтэл манай нам унтаахай байгаа байхгүй юу. Тийм учраас энэ талбарт унтаж болохгүй, ажил хийх ёстой гэж бодож л  нэрээ дэвшүүлсэн. Түүнээс биш эрх мэдэлд дурласандаа юм уу, өөрийгөө улс төрийн орон зайгүй болчихлоо гэж бодсондоо дэвшүүлсэн юм биш л дээ.

-Л.Гантөмөр гишүүн та хоёрын нөгөө "Нэг Ардчилал" клуб нийслэлд дийлэнх хувь нь байдаг гэж сонссон. Энэ клубынхан магадгүй даргын суудлыг авснаар байр сууриа бэхжүүлэх эхний алхамаа хийх гэсэн юм болов уу?


-Нийслэлийн нам дотор "Нэг Ардчилал"-ын залуучууд бараг байхгүй шүү дээ. Үндсэндээ гарын арван хуруун дотор л байгаа байх. Үндсэн бүлэг бол МоАХ, "Алтан гадас", хуучин Нийслэлийн Ардчилсан намын даргын халаасны хүмүүс гэсэн ийм л гурван бүтэц байгаа. Тэгээд бусад фракцаас цөөн төлөөллүүд байгаа л даа. Яг надад бусад улстөрчдийн ярьдаг шиг халаасны санал байгаагүй. Зүгээр л надад  итгэвэл би ажлыг  нь хийе л гэж хэлсэн. Харамсалтай нь нэр дэвшилт нь хаагдсан байсан тул нэр дэвших боломжгүй гэсэн.

-Та ер нь Нийслэлийн Ардчилсан намын даргад санаатай байгаагаа өмнө нь илэрхийлж байсан юм уу?

- Яг даргад санаатай байгаагаа шууд илэрхийлээгүй л дээ. Нийслэл өөрөө 2012 оны Ардчилсан намын саналын дийлэнх хувь нь. Ялах, ялахгүйг шийдэх ганц цэг нь. Тийм  учраас энэ талбарт хүмүүс ажлаа хийхгүй бол ялалт байхгүй гэдгийг байнга давтан сануулж байсан. Нийслэлийн нам үндсэндээ унтчихсан шүү дээ. Намын дарга байсан хүн нь "Ардчилсан намын уураг тархи унтаж байна" гэж  хэлж байна лээ.  Ардчилсан намын уураг тархиас илүүтэйгээр яг сонгогчдынхоо цөм дээр байдаг тэр нам бараг байгаагаасаа байхгүй нь илүү хувьтай болчихсон байсан. Тэр байдлыг л өөрчилье гэж бодсон. Яахав өөрчлөлт ямар түвшинд  яаж явах юм мэдэхгүй. Ямар ч байсан  хувь хүн нь өөрчлөгдлөө. Бидний хүсэн хүлээж байгаа улс төрийн үйл ажиллагаа, тэр өөрчлөлт хийгдэх, Ардчилсан намын өөрийнх нь мөн чанар сэргэх, эсэх нь одоогоор мэдэгдэхгүй л байна.

-С.Эрдэнэ Хяналтын ерөнхий хороо хүртэл явна гэж байсан ч гурван хоногийн дараа үгнээсээ гэнэт буцаад  тэврэлдээд хадаг сүү барьж, тамга тэмдэгээ өгсөн.
Энэ яг юу болоод өнгөрчихөв өө гэдэг одоо болтол асуултын тэмдэгтэй хэвээрээ байна?


-Тэр хүмүүсээс өөрсдөөс  нь асуувал илүү их бодитой юм хэлэх байх.

-Тэгнэ л дээ. Гэхдээ  та  дотор нь байдаг юм чинь юу гэж таамаглаж байна?


-Яахав үндсэндээ бол ҮЗХ-д шинэ фракц байгуулагдлаа гэж зарлалаа. МоАХ-г Ардчилсан намын суурь гэж тооцдог нөхөд "Бид ардчилсан намын доторх нэг том фракц боллоо шүү" гэдгээ зарлаж байгаа хэрэг. Энэ фракц өөрийн харьяаллын хүмүүсийг улс төрд байна гэдгээ харуулахын тулд нийслэлийн нам дээр яаж ийж байгаад өөрийнхөө нэг хүнийг даргаар тавилаа. Үүнтэй зөрчилдөх сонирхол ямар байсныг би сайн мэдэхгүй байна. Асуудлыг ийм амархан шийдвэрлэхгүй гэж байсан ч маш хурдан өгчихлөө. Өгөхөөс ч өөр аргагүй гэж  би харж байсан юм.
Яагаад гэвэл дүрэм зөрчсөн гэх асууудал өөрөө утгагүй. Ардчилал өөрөө олонхиороо асуудлаа шийддэг гол зарчимтай. Дотоод ардчилалтай байгаа учраас намын дарга ажлаа хийж чадаж байгаа, эсэхэд итгэл үзүүлэх асуудлыг нь хэлэлцээд шийдчихэж байгаа нөхцөлд ардчиллын зарчмын эсрэг хичнээн дүрэм журам яриад хэрэггүй. Үндсэндээ дүрэм зөрчсөн гэж харагдахгүй байгаа. Ний нуугүй хэлэхэд Ардчилсан намын дүрмийг хамгийн ихээр нулимж, зөрчдөг хүн нь өөрөө гэнэт дүрмээ зөрччихлөө, дүрмээ мөрдүүлье гэж ярихаар хэн ч итгэхгүй байна шүү дээ. Тиймээс явуургүй санагдсан байлгүй дээ.

-С.Эрдэнэ гэдэг хүн Ардчилсан намын нэлээн том кадруудын нэг гэдэг дүр зураг байдаг. Тэр хүн тухайн мөчид хамтарсан Засгийн газар, Н.Алтанхуягийг шүүмжилснийхээ төлөө ийнхүү унаж байгааа юм биш үү?


-Тухайн хүний өөрийнх нь л тайлбар. Үнэндээ, би үүнийг ойлгохгүй л байгаа. Ойлгох ёстой ч юм уу би сайн мэдэхгүй байна. Нэгдүгээрт, намын олон нийт даргаа хийж чадахгүй байна огцруулж байхад "Үгүй ээ, би хүсэлтээрээ гарч байна" гэдгийг олйгох арга алга. Олон гишүүд нь "Чамайг намын дарга байлгамааргүй байна. Тиймээс өөрчлөөд өөр хүн тавьчихлаа" гэж байхад "Би өргөдлөө өгч гарахаар л дүрмийн дагуу гэж тооцогдоно" гээд байдаг. Үүнийг бодох л ёстой. Олон нийтийн саналд түшиглэхээс илүүтэйгээр өөрийнхөө хүслийг нэгдүгээрт хууль гэж үздэг ийм увайгүй жишиг улс төрд олон хүнд илэрээд байна. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Хоёрдугаарт, хамтарсан засгийг болон намын даргыг нам дотор маш олон хүн шүүмжилж байгаа шүү дээ. Нийслэлийн намын даргаас унасан байдлаа зөвхөн түүнээс боллоо гэж энхийн цагаан тагтаа мэт өөрийгөө цайруулж буух гэж оролдож байгаа нь амь тэмцсэн улстөрчийн хийдэг л нэг арга байх. Гоё үгний цаана өөрийгөө нуух гэсэн оролдлого. Болсон үйл явцыг гаднаас ажиглаж байхад МоАХ-ны эзэн нь хэн бэ гэдгийг харуулах тулаан боллоо. Ардчилсан хүчний холбоо гэсэн нэрний дор МоАХ-г хуваах ажиллагаа явагдлаа. Надад лав Ардчилсан нам доторх хамгийн том бүлгийн эзнийг хэн бэ гэдгийг тодорхойлох тулаан болсон. Хоёрт нь 2012 оны сонгуульд хүссэн хүсээгүй дахиад шинэ эрэмбэ тогтооно. Энэ шинэ эрэмбэ дээр нэг, хоёрдугаарт  хэн байх вэ гэдэг дээр гол өрсөлдөөн явж байгаа. Нийслэлийн нам бол жижиг зүйл. Энэ нь хэний хүү эхэлж нүүхийг харуулж байгаа шатрын эхний нүүдэл. Түүнээс биш С.Эрдэнийн ярьж байгаа шиг тийм том нүүдлийн хаялга биш шүү дээ.

-Хэн түрүүлж нүүдэл хийгээд байх шиг байна?

-Хаа хаанаа л байгаа.

-МоАХ-ны тухайд?

-Би МоАХ-г Ардчилсан намын маш том суурь гэж боддог байсан. Гэхдээ өнөөдөр "Алтангадас"-тай адил Ардчилсан нам доторх зүгээр нэг фракц болж хувирч дүрээ өөрчилж байна. Арай жаахан жижиг болж унаж байх шиг байна. Ингэх шаардлага байгаа эсэхийг мэдэх нь дотор нь түүнийг тодорхойлж шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн л асуудал.

-С.Эрдэнэ буулаа. Таньд Ш.Түвдэндорж боломж олгох болов уу?

-Надад боломж нээгдэх, эсэхийг мэдэхгүй. Би нээгээд өгөөч гэж гуйхгүй шүү дээ. Алба ч үгүй. Хэн нь 2012 оны сонгуулиар МАХН-ын бэлдэж байгаа жүжгийн эсрэг амжилттайгаар  асуудлыг ил гаргаж шийдэж чадах баг гаргах вэ. Тийм хэмжээний лидер мөн үү, тийм хэмжээний ажлыг аваад явах хүн мөн үү гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Жаахан эргэлзэж байна. С.Эрдэнэтэйгээ тулаад үзвэл адилхан тулх хүн. Үнэхээр С.Эрдэнээгийн хэмжээний улстөрч үү гэвэл улстөрч. Гэхдээ 2012 оны сонгуульд Ардчилсан нам ялахад 50 хувийг нь хийж чадах улстөрч мөн үү гэдгийг бол хэлж мэдэхгүй.

-Сая С.Эрдэнэ, Э.Бат-Үүл хоёр хэрэлдлээ?

-Нэгнийх нь үгээр бол Засгийн газрыг өмөөрөөд байгаа юм шиг үү. Би түрүүн хэлсэн. Зарим хүн гоё үгний ард нуугдаж юмаа нуудаг гэж. Э.Бат-Үүл бол ганц С.Эрдэнийг шүүмжлээгүй. С.Эрдэнээр төлөөлүүлж харагдаад байгаа Ардчилсан нам доторх балиар зарчмыг, бий болчихсон байдлыг л шүүмжилсэн. Идээ бээрийг нь шахаж гаргах гэсэн нүхээр эхэлж гарч байгаа нь л С.Эрдэнэ болохоос биш бусад нь харагдахгүй байна л даа.
 Намын эрх мэдлийг хувьчилж авдаг тэр эрх мэдэл намын олон нийтэд байж л намын үзэл санааг үйл хэрэг болго гэж хэлж байхад түүний эсрэг эрх мэдлийг яг хувийн компани шигээ өөрөө өөрийнхөө хувийн хэрэгцээнд зардаг, түүгээрээ түшиглэж нэг гараараа хувийн бизнес, нөгөө гараараа хувийн улс төрийн карьераа өсгөж байдаг ийм нэгэн идеал улс төрд бий болчихлоо. Үүнийг яаж өөрчлөх юм гэдгийг л шүүмжилж байгаа. Харин тэр шүүмжилж байгаа маргааныг нь хоёр хүний эсвэл түүнээс өөр маргаан болгож харагдуулах гэж байгаа асуудал явж л байна. Ер нь бол дарангуйлагчыг таньдаг хоёр арга байдаг гэдэг шүү дээ. Өөрөө очсон эрх мэдэл бүхнээ хувьчилж авахыг боддог, түүн дээрээ нэмж бусдын эрхийг хулгайлдаг. Тэгээд хамгийн гол нь нийгэмд юу хийх тухай ярихаас илүүтэй өөрөөс нь илүү эрх мэдэлтэй байгаа хүнийг унагаж өөрөө болох хүсэлтэй, би хүртээгүй бол бусад хүртэхгүй гэсэн бодолтой байдаг. Ажлаа зөв хийж байгаа бол миний урд явж болно гэж гэж хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Дарангуйлагчид би л биш бол хэнч биш гэдэг зарчмаараа ажил хийе гэж бодохоос илүүтэй урдаа байгаа хүнийг татаж, хажуугаар гарч байгааг хазаж, араас эрснийг дэгээдэж, түүнийгээ улс төр гэж андууран хор найруулдаг. Э.Бат-Үүлийн яриа бол ийм шудрага бус өрсөлдөөнийг л энэ улс төрөөс яаж ангид байлгах вэ гэдэг яриа.

-ҮЗХ-ны тань хуралдааны сураг байна уу?


-Мэдэхгүй. Би ҮЗХ-ны гишүүн биш шүү дээ.

-Гэхдээ УИХ гишүүн биз дээ?

-ҮЗХ-н дээр ороод суухаар үгийнхээ үзүүрт "ҮЗХ-ны гишүүн биш хүн гар зайл" гээд л хөөдөг юм.

-ҮЗХ-гоор Ардчилсан хүчний холбооныхон намын нэрийн өмнөөс улс төрийн суудал авсан хүмүүсийнхээ тайланг сонсоно гэсэн нэрийн доор хамтарсан Засгийн газарт байгаа "Алтангадас"-ынхантай тооцоо бодох төлөвлөгөөгөө боловсруулаад нэлээд олон хувийн гүйцэтгэлтэй явж байна гэх юм.

-Алтангадас, Ардчилсан хүчний холбоо гэсэн хоёр том фракц байгаа юм уу эсвэл Алтангадас, Ардчилсан хүчний холбоо, МоАХ, С.Эрдэнэ гэсэн фракц болон хувь хүмүүсийг дагасан бүлэглэлүүд байгаа юм уу гэдгийг би ялгаж харахгүй байна. Ялгаж харахгүй байгаа учраас тэр ярьж байгаа юмнуудын чинь утга учир ямар байгааг мэдэхгүй байна. Тэгээд Ардчилсан хүчний холбоо чинь Ардчилсан намын аль нэг фракц биш гэж өөрсдийгөө зарлаад зүгээр Төрийн бус байгууллага гээд байгаа. Тиймээс ҮЗХ-д Ардчилсан хүчний холбоо гэдгээрээ нэг уутанд орох ямар ч боломжгүй санагдаад байна шүү дээ. Одоо МоАХ чинь ҮЗХ-д 60-70 хүнтэй гээд байхаар Ардчилсан хүчний холбоонд хүн үлдэж байгаа юм уу. Хуучин Алтангадас, Ардчилсан хүчний холбоо гэж хуваагдахдаа л 60-70-аар хуваагдчихлаа гээд байсан биз дээ. Тэгээд энэ чинь өөрөө үл ойлгогдох байдлыг үүсгээд байгаа байхгүй юу. Тиймээс наад ярьж байгаа үгнүүдийг чинь хэр зэрэг бодитой вэ гэдэг дээр би эргэлээтэй байгаа.
Ер нь бол 2008 оны сонгогчдын хүлээлт юу байв, эргээд тэр сонгогчдын хүлээлт 2012 онд бидэнд буцаад итгэх үү, бид сонгогчдын хүлээлтээсээ өөр зүйл рүү явчихсан юм биш биз гээд өөрөө өөртөө асуулт тавиад харахаар бүх зүйлийг засагт хамтраад шийдвэрлэнэ гэж байхгүй санагдаж байна. Ийм нөхцөлд Ардчилсан нам 2012 онд ялалт байгуулахад  юу хийх ёстой вэ, Хувьсгалт намыг дагаад мөнгө тараагаад гүйгээд байх уу, эсвэл сонгогчиддоо үнэнээ хэлээд ахиад нухацтай ярилцах уу гэсэн маш олон асуудлууд байгаа. Эхний ээлжинд Ардчилсан нам яг ямар бодлого, зарчим дээр бүх фракцаараа нэгдэх юм вэ гэдгээ яримаар байна. Тэгэхгүй бол хэдэн тийшээ хараад суучихдаг, хуваагдаж тарах гээд байгаа мэт бусдад ойлгогддог болчихлоо. Сүүлдээ бүр АН-ыхан зөвхөн сандал ширээний маргаан л хийдэг юм шиг харагдчих гээд байна. Сандал ширээний юм шиг харагдаж байгаа маргаан нь эцсийн дүндээ олон хүнийг залхаадаг болохоос биш амжилтад хүрдэггүй. Яахав нэг хоёр хүн хэрүүл тэмцлийн үр дүнд зөөлөн суудалд очдог байх л даа. Гэхдээ энэ чинь үр дүндээ улс төрийн нам цаашид олон нийтийн итгэлийг тээж явна гэдэгт эргэлзээ үүсэгдэг асуудал. Тэр тухайгаа ярилцах ёстой л гэж бодож байгаа.

-Н.Алтанхуяг даргын тухайд та намаа авч явж чадаж байгаа хүн гэж боддог уу?

-Сонгогчдоос нь л асуух хэрэгтэй. Надаас асуугаад яах юм бэ. Аягүй бол Н.Алтанхуягт дургүй учраас ингэж хэлж байна гэсэн үгтэй л хоцорно. С.Эрдэнийг Ардчилсан намын олон нийт итгэхгүй байна гээд огцруулж байна. Энэ бол намын олон нийтийн эцсийн хариу. Түүнтэй адил Ардчилсан нам жирийн гишүүд Н.Алтанхуяг дарга засагт хамтарсан нь зөв үү, буруу гэдэгт хариу өгнө. Н.Алтанхуягт тодорхой давуу шинж чанарууд байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ өнөөдрийн цаг үед ийм лидер, ийм шинж чанартай хүн манай намыг толгойлж явах уу, үгүй юу гэдгийг шийдэх ёстой. Түүнээс биш түүнийг хөөх гэж байгаа асуудал биш. Биднийг энэ цаг үед хааш нь хэн дагуулах вэ гэдгийг шийдэж байгаа шийдвэр. Үүнийг намын олон нийт л шийднэ. Намын олон нийт гэдэг бол энэ намд итгэл үнэмшлээрээ нэгдээд бас санаа тавьдаг жирийн олон гишүүд. Тэднээс л асуух хэрэгтэй. Түүнээс биш С.Эрдэнэ шиг намын хороондоо эхнэр, хүүхэд, бие хамгаалагч, жолоооч гээд өөрсдийн хүмүүсээ оруулчихаад намын олон нийт гэж андуураад нисч байвал нэг их хол нисэхгүй тэгээд л унана.

-Ардчилсан намд сүүлийн үед "залуучууд" гэх тодотгол их гардаг боллоо.


-Нэг нь нэгний шахаж түлхэх нь асуудал биш л дээ. Энэ нам дотор янз бүрийн төлөөллүүд байгаа. Тэр төлөөллүүд өөр өөрсдийнхөө байр сууриар хүлээн зөвшөөрөгдөх тухай л ярьж байгаа юм. Тэгэхгүй дотор нь дайсан шиг үзээд биднийг шахах гэж байгаа юм байна гээд адгаад байвал асуудал мухардах тийшээ л явна л даа. Ний нуугүй хэлэхэд Ардчилсан нам хөгшрөх талруугаа хэлбийчихээд байна. Шийдвэр гаргалт, нүүр царай гээд олон юмаараа. Хуучин Ардчилсан намыг эрчтэй хүчтэй, Хувьсгалт намыг тэтгэвэртээ гарагсдын нам гэж ярьдаг байлаа шүү дээ. Одоо эргээд хараарай. Дүүргийн иргэдийн хурал, нийслэлийн иргэдийн хурал гээд бүх түвшинд харж байхад Хувьсгалт намын боловсон хүчнүүдийг залуучууд л бүрдүүлж байгаа байхгүй юу. Гэтэл Ардчилсан намын эрч хүчтэй залуу, боловсролтой гэдэг имиж хаачив. Одоо энэ имиж энэ дүр төрх хэнд нь илүү ойр, хэнд нь илүү хол сонсогдож байна гэдгийг харах хэрэгтэй.

Сэтгүүлч М.Мөнхчимэг