The Wasabies
“Babu&Vinzo үнэ цэнийн эрэлд” видкаст анх удаа олон зочинтой дугаараа хийлээ. Энэ удаагийн зочноор охидын The Wasabies хамтлаг уригдав. Эд маань тун удахгүй өөрсдийн түүхээ өгүүлсэн комик цуврал номыг худалдаанд гаргах юм. Шинэ залуу үеийн үнэ цэнийн тухай ярилцсан сонирхолтой дугаарыг та бүхэн видео болон текст форматаар хүлээн авч үзэж уншаарай.
Бабу: Сайн байцгаана уу? Бабу&Винзо хоёр үнэ цэнийн эрэлд видкастын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочноор Leto Music компанийн продюсер хийдэг The Wasabies хамтлаг оролцож байна. Хүрэлцэн ирсэнд баярлалаа!
ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Винзо: Би өөрөө фэн нь болохоор яг уулзсан чинь сандраад асуулт асууж чадахгүй байна (Инээлдэв). Хамтлагийн нэрний утгаас эхэлж би асуултаа тавимаар байна.
Эни: Студид анхны цомгоо бичүүлж байхдаа нэрээ сонгох болсон. Тэр үед тоглоом шоглоомоор суши гэж ярьж байхад манай продюсер Васави гэсэн нь дээр гэж зөвлөсөн. Халуун ногооны нэрнээс ялгахын тулд The Wasabies гэж гэдэг нэрэн дээр тогтсон.
Бабу: Хоёр дахь цомгоо Time Machine гэж зарласан. Зах зээлд гарсан уу?
Анук: Бүх аудио бичлэг нь дууссан. Одоо дуугаа нэг нэгээр нь клипжүүлээд явж байна.
Бабу: Тик Ток дээр танай нэг дуу хүмүүсийг “ураад” хаясан байдаг. Клип нь 5 сая гаруй үзэлттэй байсан. Эхний болон хоёр дахь цомог дээрээ ажиллахад мэдэгдсэн өөрчлөлт мэдрэмж ямар байна вэ?
Анук: Хоёр дахь цомог дээрээ олон мэргэжлийн хүмүүстэй ажилласан тул өөрсдийгөө нэлээд хөгжүүлж чадсан.
Буяка: Хоёр цомог дээрээ нэлээд их цаг зарцуулсан. Эхний цомог дээр жишээ нь жил гаруй ажилласан. Хоёр дахь цомог дээрээ ч гэсэн нэг жил бүтэн ажиллалаа. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн энэ цомгийн продюсерээр Наранзун ах маань ажилласан. Бүх дууны үг, аяыг нь бичсэн. Энэ цомгийн ажлын үеэр бид хамтлагаараа зургаан сар хамт амьдарсан. Энэ хугацаанд зөвхөн дуулах, бүжиглэх гэдэг ур чадвараа сайжруулахаас гадна бидний харилцаан дээр хүртэл багагүй өөрчлөлт гарсан.
Винзо: Та хэд анх таван гишүүнтэй байсан. Нэг нь яасан билээ?
Мино: Манай Ангелино хүндэтгэх шалтгааны улмаас энэ цомгоос чөлөө авсан.
Анук: Эрүүл мэндийн шалтгаан байсан.
Винзо: Та нар бүгдээрээ сурдаг уу?
Эни: Буяка эгч сургуулиа төгссөн. Бид гурав оюутан. Хоёр дахь цомгийн ажлын улмаас бид гурав сая сургуулиасаа нэг жилийн чөлөөг түр аваад одоо энэ намраас хичээлдээ орно.
Винзо: Та нарын өдөр тутмын амьдралын хэмнэл хэрхэн явдаг вэ? Үе хоорондын зөрүүтэй тул сонирхолтой байна. Танай үеийнхэн ер нь ТВ үзэж байна уу?
Анук: ТВ-ээр хааяадаа нэг мэдээ үздэг.
Буяка: Зургаан сар хамт амьдарч байхад бид нарын амьдралын хэмнэл адилхан болсон. Тэр үед өглөө босоод хамтдаа өглөөний цайгаа хийж идээд шууд заал руугаа явж дуу, бүжгийн бэлтгэлээ хийдэг. Одоо бол гэр гэртээ ирсэн тул өөр өөрийн хэмнэлтэй байгаа байх.
Эни: Өглөө хэрхэн сэрэхээс миний тухайн өдөр хамаардаг. Сэтгэл өөдрөг сэрвэл өглөө шууд гараад гүйчихдэг. Гундуу сэрвэл цонх ширтээд суух ч юм уу.
Винзо: Бид нарын үед урлаг гэж ярихаар хичээл номдоо л шамд гээд хүүхдүүдээ дэмждэг аав, ээжүүд нэг их олон байгаагүй санагддаг. Аав, ээж нь та нарын хэр дэмждэг вэ?
Анук: Бид багаасаа урлагтай холбогдсон болохоор аав, ээжүүд маань илүү сайн ойлгодог гэж боддог. Манай ээж намайг өөрөө дөрөвдүгээр ангид байхад л дууны тэмцээнд оруулаад явж байсан.
Буяка: Манай гэр бүл ч гэсэн намайг дэмждэг. Бүжиглээд, анх тоглолтонд орж эхэлж байхад л аав хувцсыг маань үүрээд ард явдаг байсан.
Эни: Манай гэр бүл боловсрол нэгт байх ёстой гэж үздэг. Урлагаа боловсролтой хослуулж яваарай гэж захидаг.
Мино: Манай гэр бүл ч гэсэн адилхан намайг дэмждэг. Хамтлагт маань унаа тэрэг, хүн хүч хүрэлцэхгүй болох үед ээж маань надад байнга тусалдаг. Гэр бүлийн дэмжлэг нэлээд сайн гэж хэлж болно.
Бабу: Leto Music албан ёсоор продюсер хийж байгаатай энэ бүхэн холбоотой болов уу. Сая сонгуулийн үеэр инстаграм дээр нөлөөлөгч залуус багагүй ажиллах шиг болсон. Гэтэл сонгуулийн үр дүнг харахаар тэднийг GenZ нар нь бараг үздэггүй юм биш үү гэж ажиглагдсан. Танай хамтлагийн үндсэн сонсогчид, фэнүүд нь ямар үеийнхэн байна вэ?
Буяка: Бид хамтлагийнхаа YouTube сувгийн үзүүлэлт, статистикийг хардаг. 18-24 бас 24-35 насныхан өндөр үзүүлэлттэй байдаг. Гэхдээ The Wasabies та нарыг дэмждэг шүү гээд орилоод дэмждэг нь энэ насныхан биш байдаг. Энэ үеийнхэн чимээгүй биднийг үзэж дэмждэг нь мэдрэгддэг. Харин бага, дунд, ахлах ангийнхан биднийг үнэнчээр дэмжин, пост болгон дээр алгасалгүй коммент бичин, шэйр хийдэг.
Бабу: Хамгийн идэвхтэй хэсэг нь та нарын үе болон та нараас доошоо үеийнхэн, харин хамгийн их сонсоод байгаа нь танай дээд үеийнхэн гэж хэлж болох юм байна. Хобби сонирхлоороо дуулахаас гадна мэргэжлийн компанитай ажиллаад урлагийн салбарт хөдөлмөрлөж эхлэхээр та бүхэнд ямар мэдрэмж төрж байна вэ?
Эни: Ямар ч байсан бид хооронд асар ялгаатай гэдгээ мэдэрсэн. Мэргэжлийн лэбэл компанитай хамтрахаас өмнө бид хааяа хувиараа дуулаад чөлөөт уран бүтээлч маягтай явдаг байсан.
Винзо: Наадахыг чинь бид нар халтуурчин гэж хэлдэг юм (Инээлдэв).
Эни: Бараг л тиймэрхүү байсан. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулбал асар том ялгаа байгаа.
Буяка: Мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж байгаа гэдэг утгаараа өмнө нь дураараа явж байсан бид нар компанид харъяалагддаг болж, татвар төлдөг, хариуцлагатай, бусдад зөв үлгэр дууриал үзүүлэх ёстой хүмүүс болсон.
Бабу: Нэг цомог бүтээхийн тулд нэг жилийг зарцуулна гэдэг нь яг л олон улсын жишиг байна.
Винзо: Нэг жил арай л удаан биш үү? Танай продюсер жаахан “ажилгүй гар” байна уу, үгүй юу? (Инээлдэв)
Бабу: Винзо чи өөрөө үг бичээд, ая зохигоод, дуулаад, бүжиглээд, клип хийгээд үзээрэй. Тэгээд хэр удахаа хараарай.
Винзо: Мэргэжлийн хамтлаг болоод улсад татвар төлөөд явж байгааг сонсоход сайхан байна. Энэ бол урлагийн салбарт шинэ жишиг шүү. Ийм хамтлаг Монголд нэг их олон байхгүй.
Бабу: YouTube хандалтаараа Монголоос хэдэд жагсаж байгаа вэ?
Буяка: Subscribe хийсэн тоо нь 90 мянга хэдийнэ давсан байгаа. Удахгүй 100 мянга хүрээд Silver Button авчихна. Бидний уран бүтээлийн гол суваг бол YouTube.
Бабу: Жил гараны өмнө танай хамтлаг Азийн хит парадын жагсаалтанд нэлээд дээр бичигдэн, Турк, Тайваны хамтлагуудтай үзэж тарж явж байсныг санаж байна. Тэр ямар жагсаалт байсан бэ?
Буяка: Asian Entertainment-ийн гаргадаг Азийн уран бүтээлчдийн чарт байсан. Энэ чартыг бид өмнө нь мэддэггүй байсан. Хэн түрүүлж мэдсэн билээ?
Мино: Би түрүүлж харсан.
Анук: U-gui дуугаараа манай хамтлаг энэ жагсаалтын 18-т бичигдэж байсан.
Винзо: Та нарын хувийн хэрэглээндээ ашигладаг сошиал сувгууд юу вэ? Фэйсбүүк биш байх, тийм үү?
Анук: Фэйсбүүкийн эрин үе гэж байсан. Би бага ангиас дунд ангид орох мөчид энэ үе таарсан. Үүний дараа инстаграм гээд гоё апп гарч ирсэн. Анх хэрэглэж дадахгүй байж байгаад сураад хөгжүүлээд гоё болсон.
Бабу: Энэ хэд Тик Токоор ханз авдаг байхгүй юу даа.
Винзо: Тик Ток руу орохоос тэгвэл. Та нар твиттер хэрэглэдэг үү?
Эни: Мэднэ. Бидэнд сонин байдаг. Би идэвхтэй биш ч гэсэн хүмүүсийн жиргээг уншдаг.
Бабу: Бид хоёрын видкастыг зорилго үнэ цэнийн эрэл юм. Танай үеийн залуусын үнэ цэнэ юу вэ?
Эни: Манай үеийнхний авах юм нь хэр баргийн юманд итгээд, автаад, хуйлраад байдаггүй, өөрийн гэсэн бодолтой болсон. Энэ нь сайн бас муу талтай. Өөрийн гэсэн бодолтой хүн бодолдоо хэт үнэнч байдаг. Бидний үеийн залуусын мөрөөдөл, хүсэл зорилго дэлхий даяар адилхан болж буйгаас хамаараад манай үеийнхний хийж байгаа, бодож байгаа зүйлс бусад үеийнхэнд өөр харагддаг. Аав, ээжийнхээ үетэй харьцуулбал бидний үе технологийн дэвшлийг ашиглан хамаагүй өөр зүйлсийг өөр өнцгөөс олж хардаг. Иймээс өөрөөр сэтгэж, өөр зүйлийг хийн, илүү их бие даасан байдалтай болж байгаа. Бидний үнэ цэнэ юу вэ гэвэл бидний хийж байгаа ажлаас илүүтэй бид өөрсдөө гэж хэлнэ. Монгол хүн өөрөө үнэ цэнэтэй байхёстой.
Буяка: Бүх юм нээлттэй болсон тул сурах юмаа хаанаас л бол хаанаас сурч чадаж байгаа. Иймээс хувь хүн талаасаа хөгжихөд маш хялбар болсон. Нэмээд хэлэхэд, бидний үеийнхэн заавал хэлээр хоорондоо ойлголцоод байх шаардлагагүй болсон. Амьдралын хэв маяг, соёл зэрэг бүх зүйлээрээ хоорондоо бие биенээ ойлгох боломжтой болсон цаг үеийн хүүхдүүд гэж хэлмээр байна. Манай хамтлагийг жаахан хүүхдүүд үздэг гэж ярьдаг. Жаахандаа ч биш, тэр хүүхдүүд бага насандаа ийм боломжтой байж, шинэ гарч байгаа дурын контентоо үздэг болсон нь онцлог.
Бабу: Одоо та нарын ярьж байгааг ойлгохоо больж эхэлж байна шүү (Инээв). Хамтлагийнхаа алсын болон эрхэм зорилгыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
Эни: Бид сошиал орчинд, Ази тивдээ Монголынхоо нэрийг гаргах зорилготой. Гадаадад Монголын талаар янз бүрийн ойлголт байдаг. Огт мэддэггүй хүмүүс ч олон бий. Иймээс эхний ээлжинд Азидаа танигдах зорилготой. Манай хамтлагийн үнэ цэнэ бол бидний уран бүтээл. Монголд урлаг ойлгож, үнэлдэг хүмүүс цөөхөн байдаг. Поп урсгалыг шимтэн сонсдог хүмүүс манай үеийнхэн дунд цөөрсөн. Урлагийн салбарт нэг зураас хэдэн сая доллараар үнэлэгдэж болдог гэдэг үгийг би саяхан уншиж байсан юм. Үүнийг манайхан сайн ойлгоосой гэж боддог.
Винзо: Поп нь одоо моданаас гарч байгаа юм бол шинээр тренд болж буй нь ямар урсгал юм бэ?
Анук: Трап.
Винзо: Аан!
Бабу: Юу аан гэж. Винзо чи трап гэдгийг нь ойлгож байгаа юм уу? Хип хоп, трап гэж мэдэх үү?
Винзо: Хип хопийг нь нэг юм мэдээд байна аа.
Эни: Поп.
Бабу: Хамгийн их хөдөлмөр зарж, хөрөнгө оруулалт хийдэг төрөл. Хамтлаг болоод ирэхээр улам өртөгтэй болдог.
Буяка: Дуугаа хийхэд их цаг зарцуулдаг. Бид уран бүтээлээрээ ганц зуны тренд үүсгэхийг зорьдоггүй. Харин ч охидын хамтлагийн стандартыг гаргахыг хичээж байгаа. Энэ утгаараа урт цаг хугацааг туулах уран бүтээл гаргахыг хүсдэг. Үүний тулд цаг их ордог.
Бабу: Та хэдийг Азийн зах зээлд гарна гэдэгт итгэлтэй байна. YouTube-с Silver Button аваад хандалт өсөөд ирэхээр аяндаа жагсаалтанд дээшээ бичигдээд ирнэ. Охидын хамтлагийн жишигийг K-POP барьж байх шиг байна. Та хэдийн ялгарал юу вэ?
Буяка: Биднийг K-POP-той харьцуулсан шүүмжлэл их ирдэг. K-POP үнэхээр дэлхийд том стандарт тогтоож чадсан. Монголд ч гэсэн олон фэнүүд байдаг учраас биднийг тийм байхыг хүсээд байдаг. Бидний ялгарал мэдээж монгол хэлээрээ дуулахаас гадна урсгал, жанр К-POP-с өөр. Ази царайтай учраас яах аргагүй харьцуулагддаг. Хувцаслалтын хувьд тэр үеийн трендийг бүгдээрээ л өмсөх ёстой. Трендээс өөр байхын тулд бид заавал дээл өмсөх албагүй шүү дээ.
Анук: Бидний дуулалт, дуугаа хүмүүст хүргэж буй байдал Солонгос стандартаар явдаггүй. Бид K-POP биш.
Бабу: Хоёр дахь цомгийн анхны клип This Is Love дууг бас л K-POP гээд байна уу хүмүүс?
Буяка: Клипээ гаргахаас өмнө бид постер, тийсэрээ нийтэд цацсан. Тэр үед ийм шүүмжлэл их байсан. Харин клип гарсны дараа өөр юм байна шүү дээ, юун K-POP гээд биднийг өмөөрөх хүмүүс зөндөө байсан.
Бабу: Фэн клуб байгаа юу?
Эни: Байгаа.
Винзо: Фэн клубынхээ насны сегментэд хэр сэтгэл ханамжтай байдаг вэ? Дандаа жаахан хүүхдүүд байх нь зүгээр байна уу, эсвэл та нар өсвөр насны охидууд тул үеийнхэн, дээд үеийн хүмүүс рүү хандсан уран бүтээл хиймээр болж байна уу?
Анук: Хоёр дахь цомог маань өсвөр насныхан руу илүү чиглэсэн. Фэн клубынхээ хамгийн идэвхтэй бүлгийн хүрээг тэлэх зорилгоор мэргэжлийн багтай энэ цомог дээрээ тулж ажилласан.
Винзо: Наранзун продюсер язгуур урлаг их ярьдаг. Та бүхэнд орчин үеийг үндэсний өвтэй хослуулсан уран бүтээл хийх төлөвлөгөө байгаа юу? Voice дээр хөөмийлсэн, язгуур урлагийн номер үзүүлсэн залуус ард нийтээс орчин үеийн, англи хэл дээр дуулж байгаа залуусаас илүү их талархал хүлээж байгаа нь харагдсан.
Буяка: Сүүлийн цомог дээр ийм уран бүтээл оруулаагүй. Энэ хослолыг яавал гоё хийх вэ гэдэг дээр бид дотроо байнга ярилцаад л явж байгаа.
Эни: Бид ер нь уран бүтээлээ их нууцалдаг (Инээлдэв).
Винзо: Та нар хэнийг өрсөлдөгчөө гэж хардаг вэ?
Эни: Бид өөрсдийнхөө өмнө зорилго тавиад тэрэндээ хүрэхээр тэмүүлж байгаа болохоор өөрсөдтэйгээ өрсөлдөж байна гэж боддог.
Бабу: Та нарын ажлын цар хүрээг багагүй нүсэр сонсогдож байна. Аливаа ажил мөнгө, цаасгүй явдаггүй. Та нарыг Shark Tank-д орж 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгож байсныг санаж байна. Хамтлаг, уран бүтээл дээрээ гаргаж байгаа зардлаа хэрхэн олдог вэ?
Буяка: Хамтлагийн хувьд тоглолт, рекламнаас орлого олдог. Гаргаж байгаа бүх зардлаа энэ хоёр төрлийн орлогоор олох боломж Монголд хомс. Иймээс бид хоёр дахь цомгийнхоо зардлыг босгох зорилгоор Shark Tank-д хамтлагаараа орсон. 100 сая төгрөгөө тэндээс босгож чадсан. Төслийнхөө үе шатаар мөнгөө аваад явж байгаа.
Винзо: Та нар рекламанд хэдээр тоглодог вэ? (Инээлдэв)
Бабу: Энэ бол ёстой нууцын зэрэглэлийн асуулт байна аа. Үнэ цэнэ рүүгээ буцаад оръё. Ирээдүйн Монгол Улс, өөрсдийн оролцоогоо хэрхэн төсөөлдөг вэ?
Буяка: Урлагийг, шинэ залуу үеэ ойлгож, дэмждэг хүмүүс олон болоосой гэж хүсдэг. Дан ганц эдийн засаг, улс төрөөр дамжуулан Монголоо бусдад таниулахын сацуу урлагаа ашиглах ёстой. Үүний тод жишээ бол БНСУ. Монгол ч гэсэн урлагаа ашиглан дэлхийд танигдах бүрэн боломжтой. Иймээс урлагийн хөрөнгө оруулалт дээр хүмүүс их оролцоосой гэж боддог.
Анук: Дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж алхахын тулд хөдөлмөрлөж боловсрох ёстой. Эндээс л ирээдүйн үнэ цэнэ үүснэ. Ирээдүй бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй. Иймээс одооноос эхэлж өөрсөддөө хөрөнгө оруулах ёстой.
Эни: Залуучууд маань үүх түүхээ мэддэг, Монгол хүн гэдгээ мэдэрдэг байгаасай гэж боддог. Би ер нь үндэсхэрхэг үзэлтэй талдаа, наадам, цагаан сар болохоор огшоод л явчихдаг хүн. Зөвхөн үндэсний баяр ёслолоор, эсвэл хэн нэгэн олимпын аварга болохоор Монгол гэдгээрээ бахархдаг байж болохгүй.
Винзо: Монголоос анхны олимпын аварга төрөхөд Эни төрчихсөн байсан юм уу? (Инээлдэв)
Эни: Төрчихсөн байлгүй яах вэ. Ирээдүйд Монголдоо амьдрахад амгалан тайван байгаасай, Монгол хүн улам хөдөлмөрч, бас эртэч болоосой гэж хүсдэг.
Мино: Боловсрол, урлаг Монголд илүү сайн хөгжөөсэй гэж боддог. Манай үеийнхээ Монголдоо сурдаггүй. Ихэнх нь гадагшаа явж сурдаг. Учир нь Монголын боловсролын чанарыг муу гэж боддог. Үргэж битгий ийм байгаасай. Аль болох бага хүүхдүүд гадагшаа явж, Монголын боловсролын салбар сайжран хөгжөөсэй гэж их хүсдэг.
Винзо: Яаая, яг улстөрчид шиг хариулж байна шүү!
Бабу: Би бүр шоконд ороод сууж байна (Инээлдэв).
Винзо: Хамтлаг байгуулагдаад хэдэн жил болж байгаа билээ?
Анук: Хоёр жил хагас.
Винзо: Амжилтанд хүрсэн хүмүүс оддын өвчнөөр өвчлөх тохиолдол байдаг. Тийм мэдрэмж төрж байсан уу?
Анук: Тийм юм болоогүй ээ. Болох ч үгүй байх. Би бүр жаахан байхдаа нэг апп-аар дуу дуулаад, тэр бичлэгийг маань их олон хүн үзсэн. Тэр үед манай хамаатнууд энэ хар багаасаа олон хүнд танигдаад муухай их зантай болчих вий дээ гэж ярьдаг байсан. Энэ яриаг нь би тэр үед өөр дээрээ их сайн хүлээж авсан.
Винзо: Та нар олон дагагч, фэнтэй, бусдад нөлөөлөгч залуучууд болсон. Олны танил хүмүүст нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж байдаг. Жишээ нь, бусдад эерэгээр нөлөөлөх, ёс зүйтэй байж бусдад үлгэр дууриал үзүүлэх гэх мэт. НҮБ болон бусад олон улсын байгууллагуудад элч дуучин гэдэг статус байдаг. Сайн дурын, нийгмийн сайн сайхны төлөө ажлын тухай та нарт бодож төлөвлөж явдаг зүйл бий юу?
Буяка: Бид хамтлагаараа асрамжийн газрын хүүхдүүд дээр очиж цагийг хамтдаа өнгөрөөх тухай ярьдаг. Харин тус тусдаа хувиараа жижиг ажлуудыг хийж байсан. Эни ангийнхантай цуг асрамжийн газар очин хүүхдүүдэд нь бэлэг тараадаг. Мино гэрийнхэнтэй цуг дэлгүүр ороод хүүхдүүд баярлуулдаг. Хамтлагаараа ийм ажил хийхийг хүсдэг. Яг одоо төлөвлөөд ярилцаад явж байна.
Винзо: Тийм бол та нарт би санал тавъя. Би Монголын дауны холбоог тэргүүлж ажилладаг. Үүгээрээ дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, нийгэмшүүлэх, эрхийг нь хамгаалах ажлуудыг хийдэг. Хамтдаа энэ ажлыг хийж болно шүү.
Буяка: Баярлалаа! Ямар гоё юм бэ?
Винзо: Продюсертээ очоод хэлээрэй. Та нар бусадтай харьцахад үе хоорондын ялгаа, үнэ цэнийн зөрчил гарч байна уу?
Анук: Гардаг. Гэрийнхний гоё гэж хэлж байгаа зүйлс нь надад онц гойд санагддаггүй.
Буяка: Хувцсан дээр их гардаг. Энэ ёстой гоё гутал байна гэхээр чи чинь эмээгийнхээ үеийн гутал сонирхоод байна уу даа гэдэг. Хувцасны тренд өөр болсон. Өргөн өмд өмсөхөөр чи шуудай углаад яваад байна гэдэг ч юм уу. Үзэж харж байгаа юмнууд дээр ч гэсэн зөрчилддөг.
Бабу: Ер нь бол зөрчилдөнө шүү дээ. Чиний яг мэдэх гээд байгаа зүйл юу юм бэ?
Винзо: Намайг өсвөр настай байхад дээд, доод үе гээд ингэж их ярьдаггүй байсан юм аа.
Бабу: Үе хоорондын зөрчил бүх цаг үед л байсан байх. Та нар ч гэсэн хэсэг хугацааны дараа одооны энэ хүүхдүүд үү гээд л яриад явах болно. Хамгийн гол нь дээд, доод үеийнхэн бие биенээ, бусдынхаа үнэ цэнийг харилцан хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ хандлага манайд явж байгаа. Энэ утгаараа та нарын өмнө маш том боломж харагдаж байна. Монголыг богино хугацаанд дэлхийд таниулах салбар бол яах аргагүй урлаг, мөн бүтээлч салбар. Үүнийг нэг жишээ нь Хү хамтлаг болсон. Үүний тулд өөрсөддөө маш их хөрөнгө оруулах ёстой. Би та нараар маш их бахархаж байна. Үнэ цэнийн тухай асуултанд хариулсан хариултуудыг чинь сонсоод гадаа бороо орж байгаа ч миний дотор шууд гэгээ татаж, нар мандсан.
Винзо: Нууц биш бол өнөөдрийг хүртэл та бүхэн хэр их хэмжээний хөрөнгө оруулалтыг хамтлагтаа хийгээд байгаа вэ?
Эни: Нэг клип 20-25 сая төгрөгийн өртгөөр бүтдэг.
Буяка: Аудио продакшнийн хувьд дуу зохионо, хөгжмийн найруулга, микс мастер гээд дор хаяж 10 сая төгрөг болдог. Микс мастер дандаа гадаадад хийгддэг. Клип хийлгэхэд дөрвөн эмэгтэйн хувцас, нүүр будалт, гоё чимэглэл гээд явж өгнө. Бид боломжоороо өөрсдийнхөө үс, гутлыг будаад болгоод явдаг.
Винзо: Танай хамтлагийн хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал юу вэ?
Буяка: Бид хамтлаг болж, нэгнээ ойлгодог болсон. Мэргэжлийн хамт олонтой ажиллаж, чанартай уран бүтээл гаргаж байна. Асуудал гэвэл яах аргагүй хөрөнгө оруулалт л юм даа.
Винзо: Та хэд сонгуулиа өгсөн биз дээ?
Эни: Энэ жил анхны сонгуулиа өгсөн.
Винзо: Ер нь танай үеийнхэн сонгууль, улс төрийг хэр сонирхдог вэ?
Буяка: Манай үеийнхэн бүгд сонирхдог гэж хэлэхгүй. Сайдуудын нэрийг нь ч мэддэггүй залуус байдаг.
Эни: Бүр огт сонирхдоггүй, мэддэггүй хэсэг ч бий. Бид арай тийм биш ээ.
Винзо: Урлагийн салбартай адилхан бидний ажиллаж байгаа бүтээлч үйлдвэрлэлийн салбарын гол асуудал үнэлэмж байдаг. Үнэлэмж муугаас болоод дараа дараагийн сайхан уран бүтээл, том төслүүдийг хийх хугацаа уртасдаг. Иймээс спонсор, хувийн хэвшлийнхэнтэй харилцан ашигтай хамтран ажиллах, нийгэмд нөлөөлөх үр ашигтай хамтын ажиллагааг бид цугтаа хийх ёстой гэж харж байна.
Бабу: Үнэлэмжийн асуудлыг бид хангалттай ярьлаа. Олон улсын хэмжээнд гарах төслүүд дээр яах аргагүй хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ёстой. The Wasabies хамтлаг энэ тал дээр аль хэдийн зүгээ олж, компани болоод мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилладаг юм байна.
Винзо: Миний хувьд маш сонирхолтой ярилцлага боллоо. Залуу үеийнхээ үнэ цэнийн тухай олж мэдэх сайхан байлаа. Урлагийн стандартыг дээшлүүлж, компанийн бүтцэд ороод, улсдаа татвар төлөөд явж байгаа та нараар бахархаж байна.
Буяка: Бид бүр компаниараа шилдэг татвар төлөгч болсон.
Винзо: Мундаг байна. Урлагийн ажилд нь амжилд хүсье. Жилийн чөлөөгөө дуусгаад хичээлдээ буцаж ороорой. Сургуулиа битгий хаяарай гэж захимаар байна.
Бабу: The Wasabies хамтлагтаа баярлалаа!
Аз
zochin
Amjilt husey.