Тээглэсэн Улаанбаатар
Нийслэлийн иргэд алхах жам ёсны эрхээ эдэлж байна уу, зүгээр байгаа явган зам болон замын хашлагийг яагаад солиод байдаг, олон жил ургуулж тордсон мод, бут сүйтгээд буй шалтгаан, скүүтер, цахилгаан дугуйн зохицуулалт, иргэдийн аюулгүй байдал зэрэг сэдвийг 81 дэх дугаараар хөндлөө. Зочдоор Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, ТАСО ХХК, ТАСО Стөүнз ХХК үүсгэн байгуулагч Т.Отгонбаяр, нийгмийн сэтгэл зүйч Г.Уянгаа, хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир оролцлоо.

В.Ганзориг: Улаанбаатар хотын иргэд үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, хотын гудамжаар амар амгалан, айдасгүй алхах эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг энгийн мэт боловч тэнэгдүү асуултаар нэвтрүүлгээ эхэлье!
Г.Уянгаа: Иргэд явган явахын тулд бэрхшээлгүй, айдасгүй байх ёстой. Айдас мэдэрсэн хүн ухралт хийж эхэлдэг. Хүнийг сэтгэл зүйн түвшинд түгшүүртэй, тавгүй байдалд оруулж байгаа бол тэр хүн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг. Хүн жам ёсны эрхээ эдлэснийхээ төлөө аюулд өртөж, асуудалд орох ёсгүй. Гэтэл хотын архитектур энэ эрхийг хамгаалах түвшинд байж чадахгүй байна. Явган замын хувьд миний хувьд өмнө нь траншейны нүх хамгийн том асуудал байдаг байсан бол өнөөдөр цахилгаан скүүтер болсон. Авто замаа засч өргөтгөж байгаа боловч тэр чиглэл байсан явган хүний зам гэнэт алга болчихдог. Ийм жишээг би олныг хэлж чадна. Явган хүний ингэж багасч алга болохын хэрээр нөгөө нарийн зам, замгүй газраар явах хүний тоо улам олон болж, нэвтрэх чадвар багасдаг. Ийм явган зам дээр явж буй хүний цуваа дээр нэмэгдээд цахилгаан скүүтерүүд зорчоод эхэлсэн. Энэ чинь явган хүний зам шүү дээ гэж хэлэхээр скүүтертэй залуучууд бид тэгээд хаагуур явах юм гэдэг. Энэ цахилгаан тээврийн ард суусан хүн бол явган зорчигч биш жолооч юм. Үүнийгээ хаа хаанаа ер ойлгохгүй байна. Явган хүний зам дээр хурдтай явж буй скүүтерээс болоод хүмүүс айдаст автаж, явган алхах жам ёсны эрхээ эдэлж чадахгүй байгаа.
Ц.Лут-Очир: Хотын дэд бүтцэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Хот нэлээд мөнгө гаргаж ажлууд хийж байгааг би дэмжиж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтанд зарцуулдаг мөнгө, төсвийн зардал хоёр жилийн өмнө 2 ихнаяд төгрөг байсан бол одоо 5,9 ихнаяд төгрөгт хүрээд байна. Үүнээс 4,5 ихнаяд төгрөг нь хөрөнгө оруулалтын зардал. Мөн 500 сая ам.долларын бонд гаргаж орон сууц, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж буй. Хотын асуудлыг шийдэх нь зөв. Гэхдээ зөв шийдэж байна уу гэдгийг нь харахаар маш шүүмжлэлтэй байдаг. Дээрх 4,5 ихнаяд төгрөгийн хөрөнгө оруулалт, хэрхэн зөв зарцуулагдаж буйг бид ярих ёстой.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Явган хүний зам дээр цахилгаан скүүтер явуулдаг. Ийм төрлийн бизнес эрхэлдэг миний мэдэхийн гурван компани байна. Энэ бүхэн эрүүл, аюулгүй амьдрах хүний эрхэнд шууд халдаж байна. Дугуй болон скүүтерийн замыг яагаад тусад нь гаргаж болохгүй байгаа юм бэ? Явган замаасаа танаад хийж буй нь шийдэл биш. Хөгжилтэй оронд түвшинг нь зөрүүлж хийдэг. Улаанбаатар хотод үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Яагаад хальтардаг, хятадын өндөр үнэтэй хавтангаар явган хүний замыг шинэчилж буйд би шүүмжлэлтэй хандаж байна.
Т.Отгонбаяр: Иргэдийн аюулгүй орчин Улаанбаатар хотод хангагдахгүй байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа тул дахин яримааргүй байна. Гэхдээ энэ бол гэнэт үүссэн асуудал биш. Иймээс хэн нэгийг шууд буруутган, дайсан болгох ёсгүй. Би Ташкент хотод чулуун замын судалгаагаар явж байхад онгоцноос харахад эргэлзээтэй хот мэт боловч буугаад явахаар асар үзэсгэлэнтэй, зохион байгуулалттай байсан. Учир нь явган хүний зам, машин, мопедын зорчих хэсгээ социализмын үеийнхээр нь авч хадгалж үлдэж чадсан. Манайд хотын газрыг замбараагүй арилжсан. Энийг жаахан тэвчих ёстой байсан гэж боддог. Тэгсэн бол өнөөдрийн энэ асуудалтай тулахгүй байсан. Хотын асуудал иргэд нэг дор багширсан шууд холбоотой. Иймээс хотоос хэрэгжүүлж буй ажлуудыг зөв зүйтэй гэж дэмжиж байгаа. Би ХХБ-наас зээл авч Чех улсаас технологийг нь оруулж ирээд Ази тивдээ номер нэг шоо чулууны үйлдвэрийг Монголдоо байгуулсан. Ирээдүйд Улаанбаатартай адилхан хоёр том суурьшлын бүс үүсч байж монгол хүний амьдралын чанар сайжирна.
Т.Даваадалай: Би жилийн өмнө энэ ярилцлаганд орж байсан бол яг Лутаа, Уянгаа хоёрын ярьж буйтай адилхан өнцгөөс ярих байсан. Тэр үед би хувийн хэвшилд ажиллаж байсан. Би Нийслэлийн Засаг даргын орлогчийн ажлыг хүлээн аваад 11 сар болж байна. Хүн өөрөө тухайн ажил дээр очихоос нааш олон зүйлийг бүрэн ойлгодоггүй юм билээ. Ажлаа аваад өмнө нь харж чаддаггүй байсан асар олон асуудалтай тулсан. 1960-1985 оны хооронд Улаанбаатар хотын голлох том бүтээн байгуулалтууд явагдсан. ТЭЦ1, 2, 3, 4 болон 3,4-р хороолол гэх мэт. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш хотын суурь дэд бүтцийн ажил огт хийгдээгүй. Тийм учраас хотын төвийн явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн байсан хэсгүүдэд үе үеийн хотын удирдлагууд газар замбараагүй олгосон. Өөрөөр хэлбэл, суурь дэд бүтэц болох дулаан, цахилгаан, зам, шинэ нийтийн тээвэр, үерийн байгууламж хийхгүй атлаа газар олгоод дээр нь байшин бариад иржээ. 1985 оноос Улаанбаатар хотын суурь инженерийн дэд бүтэц хаягдсан. Агаарын бохирдол, замын түгжрэл хоёр хотын хамгийн том хоёр дайсан мэт боловч мөсөн уулын орой нь юм.
Би ажил авахад Улаанбаатар хотын бохирын асуудал хүндэрсэн, хот баасандаа живэхэд бэлэн болсон байсан. "Туул-1" коллекторын ажил 12 жил гацчихсан. Энэ жилээс нь ажил нь эхэлж байна. Нэмээд манай хот ундны усны асуудалд орж байсныг Мянганы сорилын сангийн төслөөр шийдээд дуусч байна. Үерийн усыг шийдэхээр сүүлийн дөрвөн жил эрчимтэй ажлууд хийгдэж байгаа. 1970-аад онд троллейбус орж ирснээс хойш нийтийн тээвэр олигтой шинэчлэл хийгдээгүй, шинэ замууд тавигдаагүй, дулаан, цахилгааны эх үүсвэр, түгээх шугам станцаа тэлээгүй явсаар өдий хүрсэн. Сүүлийн 40 жилд бид хотын суурь болсон зөв дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийгээгүй. Одоо үүнийг нуугаад байх хэрэггүй. Бүх тоо баримт, статистик нь бий. Улаанбаатар хот анх 470 мянган хүнтэй байхаар тооцож мастер төлөвлөгөө хийж, суурь дэд бүтцийг нь байгуулсан. Харин одоо албан тоогоор 1,6 сая хүн, албан бусаар 2 сая хүн нийслэл хотод амьдарч байна. Энгийнээр хэлбэл, нэг хүнд төлөвлөж хийсэн 00-ийн дэд бүтцийг өнөөдөр дөрвөн хүн ашиглаж байна гэсэн үг. Энэ бүх асуудлыг ойлгоод бид түүхэндээ анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн уртаар харж 2040 хэмээх мастер төлөвлөгөөг хийсэн. Үүн дээрээ суурилсан дунд болон богино хугацааны бодлогоо гаргасан. Улстөрчдийн алдаа бол дандаа богино хугацааны шийдлийг хардаг.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОХЫГ ХҮСВЭЛ ТА ЭНЭ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ!
Ц.Лут-Очир: Хот дээр 2020, 2030 гээд төлөвлөлтүүд өмнө нь байсан шүү дээ. Хотын дарга нар авлигаар газар олгон төлөвлөлтөө зөрчиж байсан болохоос биш төлөвлөлт байгаагүй биш байсан. Одоо жишээ нь энэ яармагийг хар л даа.
Т.Даваадалай: Тийм төлөвлөгөөнүүд байсан гэж ярьдаг ингэж хотын бүх зүйлийг хоорондоо нь уялдуулсан нэг ч төлөвлөгөө байгаагүй. Дулаан, цахилгаан, үерийн усны байгууламж, нийтийн тээвэр, бохир ус, усан хангамж зэрэг үндсэн долоон дэд бүтцийг хооронд нь уялдуулж, урт хугацааг харж хийсэн нэг ч төлөвлөгөө хот дээр байгаагүй шүү.
Ц.Лут-Очир: Төлөвлөгөөгөө биелүүлэхгүй байгаад л асуудал байгаа. Тэрнээс биш ямар нэгэн хэмжээгээр төлөвлөгөө, төлөвлөлт хот дээр байсан.
Т.Даваадалай: Урт хугацааны шийдлээс айгаад дандаа богино хугацаагаар буюу өнөөдрөөрөө аргалж явж ирсэн юм билээ. Шинэ станц, шинэ магистрал шугам барих, шинэ нийтийн тээвэр хөгжүүлэх, хотоо тэлж байж түгжрэл, утааг шийдэх байсан ч зориглож хийсэн хүн байгаагүй. Тодорхой хэмжээнд ажил эхлүүлж байсан хүмүүс бий. Нийслэлийн 2025 оны урсгал зардал 1,6 ихнаяд, хөрөнгө оруулалтын зардал 2,1 ихнаяд төгрөг байгаа. Дээрх асуудлуудыг цогцоор нь шийдэх зорилгоор нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслөөс 11-ийг эхлүүлсэн. Энэ бол түүхэндээ байхгүй том амжилт. Эдгээрийг ирэх 5 жилд дуусгаж чадвал Улаанбаатар хотын ирэх 60 жилийн суурь инженерийн дэд бүтэц шийдэгдэнэ.
Ц.Лут-Очир: Энэ 24 төслийн эдийн засгийн тооцоог нь би харж болох уу? Улаанбаатар хот өрх гэртэй яг адилхан өөрийн орлого, зардалтай бүтэц. Иймээс ямар мөнгөө юу зарцуулах ёстой вэ, эргэж мөнгөө хэрхэн олж авах вэ гэдгээ тооцох ёстой. Дандаа өр тавиад явж болохгүй шүү дээ. Жишээ нь, хот 500 сая ам.долларын бонд босгоод эргэж мөнгөө мөд олохгүй орон сууц, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлээд явж байна. Энэ бондын мөнгийг ямар эх үүсвэрээр хот эргэж төлөх тооцоо, судалгаа нь байна уу?
Т.Даваадалай: Тооцоо, судалгаа байгаа. Бүх төслүүд дээр ТЭЗҮ хийгдэж байгаа. ТЭЗҮ дээр эдийн засгийн бүх үзүүлэлт бийгээс гадна үр дүн, өгөөжүүдийг тооцож, германы мэргэжлийн програм хангамж ашиглан 12 жил хөгжүүлсэн хотынхоо дата, өгөгдлүүдийг оруулан симулаци тооцоолол хийдэг. Үүнд хотын ДНБ-ний өсөлт, төслүүдийн өгөөж, замын түгжрэл зэргийг бүгдийг тооцдог.
Ц.Лут-Очир: Хот татвар төлөгчдийн мөнгийг цуглуулан хөрөнгө оруулалт хийж байна. Гэтэл яагаад хувийн хэвшлийн хийх боломжтой төслүүдийг зэрэгцэж хийгээд байгаа юм бэ? Орон сууцны төсөл болох Сэлбэ төсөл дээр бүр зориулж бонд гаргалаа шүү дээ. Гүйцэтгэгч нь хятад компаниуд сонгогдоод явж байна. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт өөрсдийн хувийн хэвшлийг дэмжих ёстой биш үү?
Т.Даваадалай: Таны ярьсан хэд хэдэн ташаа мэдээллийг залруулъя. Нийслэлийн төсөв 4,5 ихнаяд төгрөг биш. 2025 оны урсгал зардал 1,6 ихнаяд, хөрөнгө оруулалтын 2,1 ихнаяд төгрөг байгаа. Нэг зүйлийг хариуцлагатай хэлье. Бид макро эдийн засаг мэддэггүй хүмүүс юм билээ. 2024 онд 2025 оны төсвийг хэлэлцэж байхад УИХ дээр алдагдалгүй төсөв яриад баярлаад байсан. Энэ бол хамгийн буруу зүйл. Хөгжилтэй орнуудад залуу гэр бүл тогтвортой ажилд ороод байрны зээл авдаг. Мөн машин, гар утсаа бүгдийг нь зээлээр авч, сар бүр төлөлтөө хийгээд явдаг. 1900 оны эхэн үед аж үйлдвэр дээр суурилан хөгжиж байсан Америк улсын кино байдаг. Моргэйжийн зээл бодож олсон нөхөр аливаа хүн насныхаа эцэст биш насныхаа эхэнд байр, үл хөдлөх хөрөнгөтэй болох систем зохиосон. Энэ зээл нэг талдаа иргэдээ тав тухай байранд амьдруулахаас гадна нөгөө талдаа эдийн засгийн өдөөгч болдог. Монгол Улс яг үүнтэй адилхан буюу залуу гэр бүл юм. Иймээс гадаадаас нэн хөнгөлөлттэй, урт хугацааны хөрөнгө оруулалт, зээлүүд авах хэрэгтэй. Урт хугацаанд, хямд нөхцөлтэйгээр манайд хөрөнгө оруулъя, зээл өгье гэсэн хүмүүс зөндөө байдаг. Жишээ нь, Америкийн төв банкны 4,3 хувийн хүүтэй адил нөхцлөөр, эсвэл AIIB 2 ам.тэрбум доллар өгье гэдэг ч манайх хуулиараа өөрсдийгөө хөгжүүлэхгүй хязгаарладаг. Макро эдийн засгийн түвшинд гаднаас санхүүжилт авч дэд бүтцийн төслүүддээ хөрөнгө оруулалт хийгээд, урт хугацаанд өрийн удирдлагаа сайн хийж ажиллах ёстой. Энэ хэрээр эдийн засгийн суурь бааз тэлнэ. Макро эдийн засаг дээр өртэй байх ёстой. Энэ бол хэвийн асуудал.
Сэлбэ төсөл дээр бид 500 сая ам.долларын бонд босгосон. Сэлбэ хотыг 45 багц, 2208 нэгж талбарт хувааж, 158 га дээр 3, 4-р хороолол шиг хоёр том хороолол бүхий хот босно. Энэ бол 1985 оноос хойшхи хамгийн том бүтээн байгуулалт болно. Үүний эхний 17 багц дээр бондны мөнгийг хэрэглэж байгаа. Дан орон сууц биш дагалдах суурь инженерийн долоон дэд бүтцийг цогцоор нь санхүүжүүлж байна. Энэ төслийг санхүүжүүлэхийн тулд бид ТЭЗҮ бичээд олон улсын 17 хөрөнгө оруулагчаас мөнгө босгосон. Дойче банк андеррайтар банкаар ажилласан. Сүүлд бидэнд Барилгын холбоо дотоодын компаниудаа оруулах шаардлага тавьсны дагуу хөрөнгө оруулагчдаасаа зөвшөөрөл авсны үндсэн дээр ажлуудаа хэсэгчлэн задалж жижиглэн тендер зарлаж шалгаруулсан. Тэнд жишээ нь дөрвөн монгол, нэг хятад компани шалгарсан байна лээ.
Тендер, худалдан авалт олон улсын дөрвөн зарчим дээр суурилдаг. Үүний нэг нь аль нэг улсын компанийг үл ялгаварлан гадуурхах байдаг. Ямар ч компани аль улсад хуулийн дагуу тэгш эрхтэй өрсөлдөх ёстой. Үнэлгээний хороонд би жишээ нь ордоггүй, харин төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хороог ахалдаг. Хараат бус гишүүд тендерийн хороонд орж үнэлгээ хийдэг. Манай хувийн хэвшлийн оролцоод, шалгараад явж байгаа төслүүд зөндөө бий. Өнгөрсөн долоо хоногт Ханын материалын 3000 айлын орон сууцны төсөл дээр монгол компани шалгарсан. Улаанбаатар хотыг дахин орон сууцжуулах төсөл дээр 40 гаруй, нийслэлийн орон сууцны корпорацийг оруулбал нийтдээ 60 гаруй байршил дээр манай хувийн хэвшлийн компаниуд шалгараад ажлаа хийгээд явж байгаа. Монголын барилгын салбар өнөөдөр ажлаа дийлэхгүй, ажиллах хүчний хомсдол орчихсон байгаа шүү.
Г.Уянгаа: Өөрийн чинь яриагаар ихэнх төслүүд макро руу орчихжээ. Аливаа зүйл зохистой байхын тулд макро, мезо микро удирдлага тэнцвэртэй явагдах ёстой. Сталин, Гитлер дан макро удирдлагын жишээ болдог. Үүнээс хойш хүний эрх гэдэг ямар чухал болохыг нийтээрээ ойлгосон. Хүний эрхийг дээдлэн, бүр үндсэн хуулийнхаа оройд залаад байдаг нь хүмүүс ухаантайдаа бус нийгэм тэрийг сайн ойлгодоггүй учраас ойлгуулж хэвшүүлэхийн тулд тунхаг болгож зогсолтгүй ажилладаг гэдгийг Германд байхдаа анзаарсан. Скүүтер микро асуудалдаа орох байх. Би бага насны хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдээ хөтлөөд гудамжаар явахаар скүүтерт дайруулаад байдаг. Зүгээр хөтлөөд явдаг байсан хүүхэд маань ээжээ та миний эндээс барьчих гээд айдастай алхдаг болсон. 1111 руу зөндөө залгаж хэлж, гомдол гаргаж, энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Өнөөдөр хүүхдээ сургуулиас нь аваад алхаж байхад миний хүүхэд би айгаад байна аа гээд уйлсан. Бүтэн жил энэ траумаг шингээж явжээ. Скүүтертэй хүн онхолдоод унавал хохь чинь гэж бодох хүртэл миний сэтгэлзүй гэмтсэн. Нийгэм тэр чигтээ ийм болж эвдэрч эхэлж байна.
Надад метрогоор явах хүсэл үнэхээр алга. Иргэд өөрсдийнхөө төлөө маш их хичээдэг. Намайг гоё амьдруулаад өгөөч гээд аймаар том юм хот, улсаас нэхээд байдаггүй. Хот дэд бүтцийн асуудлаа шийдэхээс гадна нийслэл өөрөө нийгмийн хэм хэмжээг зохицуулагчийн хувьд энэ ажлаа бас сайн хийх ёстой. Гэтэл одоо хүртэл цахилгаан скүүтерийн зохицуулалт алга. Хэдэн хүний амийг зольсоны дараа цахилгаан дугуй болон скүүтэрийн асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ? Одоогоор гурван хүн нас бараад байна шүү дээ. Мөн хотын төвд 1,3 км зам дундаа ямар ч явган хүний гарцгүй байдаг. Гүүрэн гарцаар настай, тэргэнцэртэй, тэрэгтэй хүүхэдтэй, хөл муутай хүмүүс гарч чаддаггүй. Хүмүүсийн эдгээр микро асуудлуудыг нь зохицуулаад өгөөч дээ. Байрны гадаах хогийг цэвэрлээд өгөөч гээд хороон дээр очиж хэлэхэд тэр байранд намайг түгжээд, биенд минь халдсан тохиолдол гарсан. Энэ гомдлоо гаргаад, асуудал дэвшүүлээд явахаар өөдөөс макро юм яриад ойлгодоггүй.
Т.Даваадалай: Гурван долоо хоногийн өмнө би бас Уянгаа шиг асуудалтай тулсан. Миний биед хүн халдаад, дуудлага өгөхөөр зөрчлийн хуулиар эрх бүхий албан тушаалтан ирдэг болохоос биш биед гэмтэл учруулж зодчихоогүй бол эрүүгийн цагдаа ирдэггүй юм билээ. Үүнтэй адилхан нийслэл маш олон асуудал хариуцдаг юм шиг атлаа цагдаа, онцгой байдал, боловсрол гээд салбарууд холбогдох яамдуудаас чиглэл авч ажилладаг. Нэмээд Нийслэл хууль өргөн барьдаг институц биш. Авто замын тухай хуулийг жишээ нь яам өөрчлөх боломжтой. Машины дугаар, хөдөлгөөн, мопедийн асуудлыг шийдэхээр Б.Саранчимэг гишүүн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Бид яаманд шаардлага тавихаас биш иргэдийн асуудлыг 100 хувь шийдэх байдлаар ажиллаж чаддаггүй. Нийслэл бүх асуудалд оролцдог хэрнээ асуудал шийдэх хуулийг нь өргөн барьдаггүй. Нийслэлд ИТХ-аар олгогдсон эрхүүд бий. Тухайлбал, нийслэлийн татвар, замын хураамж гэх мэт. Гэвч суурь өөрчлөлтийг зохицуулах хуулийн эрх мэдэл хотод биш яам, сайд нарт байдаг. Яам иргэдээс хол байгууллага.
Ц.Лут-Очир: Төр бүгдийг зохицуулах гэж оролдохоо болих хэрэгтэй. Улаанбаатарын нийтийн тээвэрт 340 тэрбум төгрөг зарцуулж буйгаас 280 тэрбум нь үнийн зөрүүнд татаас. Энэ дүнд оюутан, ахмад настны хөнгөлөлт ороогүй. Нийслэл өөрөө үнийн зохицуулалт хийчихэд л энэ мөнгө хэмнэгдэж, үйл ажиллагаа нь сайжрах боломжтой. Автобусны маш олон маршрут төв зам дээр давхцдаг. Энэ бол хуулийн биш менежментийн асуудал.
Г.Уянгаа: Нийтийн тээвэр бол нийгмийн зохицуулагч. Тэр утгаараа ашиг харж болдоггүй салбарууд байдаг. Нийтийн тээврээ ашиглаад аюулгүй, стрессгүй ажил дээрээ хүрээд ирвэл тухайн хүн илүү бүтээмжтэй ажиллана. Хүмүүсийн бүтээмж дээшлэхийн хэрээр улсад татвар илүү сайн цугларна. Энэ татвараа эргээд нийгэмдээ хөрөнгө болгон оруулна. Нийгмийн, явган хүний, замын зохицуулалт сайн хийгдэхгүй байгаагаас болж Улаанбаатар хотын иргэдийн стресс асар өндөр байгаа. Улмаар нийгмийн талцал үүсч байна. Скүүтерийн төлбөр цагаар хэмжигддэг учраас нэгэнт авсан хүн хурдан явахыг боддог. Түгжрэл ярихаар өөдөөс хурд яриад байдаг. Уг нь замын хөдөлгөөний аюулгүй байдал та бидний хамгийн чухал үндсэн зарчим байх ёстой.
В.Ганзориг: Яагаад зүгээр байгаа явган хүний замыг хуулаад байгаа юм бэ? Нийслэлд хөрөнгө оруулалт, зардлын эрэмбэ гэж бий юу? Яагаад жил бүр замын хашлага сольдог вэ? Заавал солих ёстой, иргэдийн мэддэггүй шаардлага, стандарт байдаг юм уу? Олон жил ургуулж арчилсанмод бутыг яагаад хайр найргүй хядаад байдаг юм бэ? Ядаж шилжүүлэн суулгаж болдоггүй юм уу? Иргэд, залуус амь насаа алдаад буй скүүтер болон цахилгаан дугуйн зохицуулалт дээр нийслэл хот ямар арга хэмжээ авах гэж байна гэсэн дөрвөн асуултын хариуг авмаар байна.
Т.Отгонбаяр: Чулуун зам монголчуудын хувьд яах аргагүй шинэлэг зүйл. Би бага тойрогт олон жил амьдарсан. 2000 оны хавьцаа манай тэр хавьд герман мэргэжилтэн шоо чулуугаар зам талбай тавьсан. Өвөл цастайд алхахад маш гоё байдаг. Би өөрөө одоо шоо чулуу үйлдвэрлэгч болсон.
В.Ганзориг: Энэ солигдоод байгаа явган хүний замын хавтан чулуунууд танай компанийн хийж байгаа ажил юм уу?
Т.Отгонбаяр: Гудамжинд солигдоод байгаа явган хүний замын чулуунууд бүгд манайх биш шүү. Явган хүний зам солих ажил дээр 10 гаруй өөр компанид ажиллаж байгаа. Долоон жилийн туршлагатай манай компани Саппорогоос 4 зам хүртэлх хэсгийг хариуцан өндөр чанартай суурилалтуудын технологи ашиглан хариуцлагатай, зарчимтай ажиллаж байна. Хугацаа өнгөрсөний дараа иргэд өөрсдөө замын компаниудын чанар, ажлын үр дүнг шүүх болно. Зам хальтирдаггүй байх ёстой. Гэмтлийн эмнэлэгт маш олон хүн хальтирч гэмтэж орж ирдэг. Энэ жил, ирэх жил явган хүний замын төслүүд хэрэгжээд дуусвал хотын төвд хальтирч унан бэртэх хүмүүсийн тоо нэлээд хувиар буурна гэдэгт итгэлтэй байна. Чулуун зам бол ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Чулуун зам хотын үзэмжинд мөн сайнаар нөлөөлдөг. Пакистан, Бангладеш улсуудад явж байхад явган хүний зам гэж авах юм байдаггүй. Үүгээрээ төрийн систем нь ажилладаггүй, авлигад идэгдсэн гэдэг нь мэдэгддэг. Улаанбаатар ч гэсэн бараг ялгаагүй. Сүүлд засагдсан жаахан хэсэг байгаа ч засагдаагүй хэсэг нь 80 бүр 90 хувь байгаа шүү.
Мэргэжлийн, чанартай гүйцэтгэл хийдэг компаниудаа ялгаж, шаардлагаа өндөр болгож чадвал хотын ажлын гүйцэтгэл сайн болохоос гадна хувийн хэвшилд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх чухал ач холбогдолтой. Одоо бол тендерийн, цүнхний компаниудаас болж бид маш их цаг, мөнгө, хүчээ алддаг. Сайн зам эрүүл мэнд, алхах эрх, замын түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Гадаадын өндөр хөгжилтэй иргэд аз жаргалтайгаар алхдаг. Учир нь нэгт, тэд хальтардаггүй байгалийн чулуун дээгүүр алхдаг. Хоёрт, хот нь ногоон байгууламж ихтэй. Гуравт, гудамжаар байрлах хоол унд сайтай үйлчилгээний газрууд. Дөрөвт, дэд бүтэц, замын тэмдэг, тэмдэглээ сайтай буюу бүх юм ойлгомжтой. Иймээс явган замын ач холбогдол чухал.
Ц.Лут-Очир: Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн Энхтайвны өргөн чөлөө, Бага болон Их тойрууг яриад байж болохгүй. Хөрөнгө оруулалт огт байхгүй дүүрэг, хороо, гэр хороолол зөндөө байна. 40 жилийн өмнө цагаан худгаас ус авдаг байсан иргэд өнөөдөр яг адилхан тэргээ түрээд л явж байгаа. Иргэд машинаасаа буухгүй байгаа нэг шалтгаан хүүхэд, хөгшид явган явах аргагүй буйтай холбоотой. Яагаад ийм газрууд руугаа хот хөрөнгө оруулалт хийдэггүй юм бэ?
Т.Отгонбаяр: Хотын төвд эхэлж хөрөнгө оруулалт хийж буй нь хүн амын төвлөрөлтэй холбоотой. Хамгийн их хөдөлгөөнтэй хотын төвд анхаарахаас өөр аргагүй. Энд л хальтирч унах, скүүтэрт дайруулах эрсдлүүд ихээр гардаг. Франц улсад жишээ нь скүүтерийг хориглосон байсан. Иймээс хотынхоо төвөөс эхлээд хотын зах руугаа явах нь зөв. Хуулж авч буй явган хүний замын блокуудыг маш хатуу хяналт дор дахин ашиглаж, хотын өөр байршлуудад суулгаж байгаа гэдгийг иргэдэд бас хэлэхийг хүсч байна.
Ц.Лут-Очир: Явган хүний зам хийж байгаа компаниудаас хэд нь чанаргүй хятад чулуу, хавтан ашиглаад байгаа юм бэ?
Т.Даваадалай: Бүх тооцоо, судалгаа, баримтууд нь байгаа. Энэ бүгдийг иргэдэд хүргэх мэдээллийн урсгалын асуудал байгаад байна. Та бүхний дурдсан бүх асуудлыг шийдэх гээд ямар ч амралтгүй ажиллаж байгаа. Нийслэл үндэсний чулууны үйлдвэрүүдээ дэмжих бодлого барьж байгаа. Х.Нямбаатар засаг дарга ажлаа авмагцаа дотоодын чулууны 11 компанийг хүлээн авч уулзсан. Бидэнд олгогдсон хуулийн хэмжээнд үндэсний компаниудаа дэмжих бодлогыг хангалттай барьж байгаа. Том төслүүд дээрээ дор хаяж 20 хувь нь дотоодын компаниуд байх ёстой гэдэг бодлого барьж явдаг. Тендер зарлахаар цүнхний компаниуд орж ирдэг. Яагаад гэвэл чанарын үзүүлэлт байдаггүй. Иймээс хамгийн хямд үнээр шалгаруулдаг шаардлагаа одоо болих ёстой. Хуульд өөрчлөлт оруулах энэхүү саналаа гаргаад явуулсан.
Хот ашиг олох гэж оршдоггүй, иргэдээ сайхан амьдруулах үүрэгтэй. Хотын инженерийн дэд бүтцийн мастер төлөвлөгөөтэй уялдуулан 200 гаруй мянган метр квадрат буюу 56 км явган хүний зам солих ажлыг 16 компани шалгараад хийж буйгаас гүйцэтгэл 40%-тай байна. Эдгээрийн 30% нь монголын чулуу үйлдвэрлэгчдээс материалаа авсан бөгөөд ажлын үр дүнд явган хүний замын хүртээмж 30%-иар нэмэгдэнэ. Зарим байршлууд дээр зөвшөөрөлгүй барьсан довжоо, өргөтгөлүүдийг нурааж байгаа. Бид тендер зарлахдаа явган хүний зам солино гэдэг болохоос чулууг нь тэндээс ав, тэрийг нь эндээс ав гэдэг шаардлага тавьдаггүй, тийм эрх ч байхгүй. Сайны дунд саар компаниуд ч байна. Урдаас чулуугаа авдаг, ажлаа муу хийдэг учраас гэрээ, ажлыг нь цуцлах хэмжээнд очсон хоёр компани гараад ирлээ. Бид чанарын шаардлага хангахгүй нэг ч ажлыг хүлээж авахгүй.
Манай улсын хуулийн систем хоцрогдож, хөгжил шинэчлэлээ гүйцэхээ больсон. 1980 оноос хойш манай хууль эрхзүйн орчны таван хувь нь л шинэчлэгдсэн байх. 95 хувь социализмын үеийнхээр үлдээд, орчин үеийн эдийн засагтайгаа таарахаа больсон. Жишээ нь, энэ тендер шалгаруулах процесс байна. Үүнийг шинэчлэх хэрэгтэй. Төрд сайн ажилтан байхгүй бол яаж сайн менежмент, зөв бодлого хэрэгжүүлэх юм бэ? Баруунд төгссөн, өндөр боловсролтой залуучууд төрд орж ажилламаар байна. Би гаднаас нь шүүмжилдэг байсан. Одоо дотор нь орж ирээд ажиллаж байна. Хувийн хэвшилдээ өндөр цалинтай ажиллах сонголт байсан. Гэтэл төрийн албан хаагчдын цалин маш муу, урамшуулал өгдөггүй.
Г.Уянгаа: Нийтийн орон зай тайван, аюулгүй байх тусам нийгэм дундын мэдлэг, ойлголт, үнэт зүйлс батжиж, бүлэг хоорондын мэдлэг, мэдээлэл солилцоо чөлөөтэй явагддаг. Улаанбаатарт энэ нөхцөл бүрдэхгүй байна. Эрх мэдэлтэй эсвэл царайлаг хүнд хүмүүс нейтрал ханддаггүй. Нэг бол маш муу, эсвэл маш сайн ханддаг. Иймээс эрх мэдэлд очсон нийслэлийн удирдлага энэ байр суурийг ойлгон, микро үйлдэл болгон үр дагавар авч ирдэг гэдгийг ухамсарлаж ажиллах ёстой. Жишээ нь, бордьюрын үндсэн үүрэг явган хүнийг машины замаас тусгаарлах, өндөрлөх, хамгаалах байдаг. Гэтэл зүүн гар талд байсан машин замтай зэрэгцээд явган хүний замын баруун талаар зам засаад цахилгаа, дугуй, скүүтер явуулаад эхэлсэн. Нөгөө явган хүнээ нэг талаас нь машинаар, нөгөө талаас нь скүүтерээр хавчаад, явган зорчигчоо бүр аюултай байдалд оруулчихсан. Нийслэл хот нийтийн орон зайг зохицуулах үндсэн менежерийн хувьд зөв ажлаа зөв хийх ёстой. Уг нь явган хүний зам нь машин замынхаа эсрэг хамгийн захад байдаг олон улсын стандарт бий шүү дээ.
Т.Даваадалай: Зүгээр байгаа явган хүний замд хүрэхгүй байгаа. Нэгт, гэмтэлтэйг нь сольж байгаа. 100 метр газрын голын хэсгийн 50 метр зүгээр боловч хоёр талын 45 метр нь гэмтэлтэй байдаг. Энэ нөхцөлд төв замыг нөхөх байдлаар сольдоггүй. Иймээс үнэлгээ хийж шалгаад 80 хувиас дээш гэмтэлтэй замуудыг сольж байгаа. Гэмтэлгүйг нь бүтнээр нь үлдээж байгаа. Иргэд зүгээр байгаа хэсэг замын зургийг авч сошиал дээр тавиад байна. Хоёрт, явган замын шинэчлэлийг бусад дэд бүтэцтэйгээ уялдуулж байгаа юм. Сүүлийн 20 жил хийгдээгүй Улаанбаатар хотын 21 төрлийн кабель утаснуудын сувагчлалын асуудал газар доогуур явдаг. 2005 оноос хойш нэг ч шинэ суваг, хоолой нэмэгдээгүй. Хэрэглээний даац нэмэгдээд шинэ утсуудыг агаараар татаад эхэлсэн. Нэмээд кабель утаснуудын насжилт хэтэрсэн. Нэмээд 16 км урт бороо, үерийн ус зайлуулах сувагчлал хийгдэж байна. Нэмээд авто замуудын уялдааг хангаж байна. Зүгээр байгаа замуудыг хуулж байгаа нь дор нь байгаа дэд бүтэц, сувагчлалын ажлуудыг хийгээд буцааж хучих нөхцөлтэй ажлууд ч бий шүү. Өөрөөр хэлбэл, 20 гаруй байгууллагын долоон суурь дэд бүтцийн ажлууд цогцоороо хийгдэж байгаа юм. Солигдож байгаа явган хүний замын чулуу, хавтангуудыг боломжтойг нь дахин ашиглаж, жишээ нь Баянгол дүүргийн 50, Чингэлтэй дүүргийн 43 байрлал дээр байшин болон гэр хорооллын замуудыг хийж дуусгасан. Одоогоор Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 105 байрлал дээр эдгээр чулуугаа дахин ашиглаад зам засаад байна.
Зам өргөтгөлтэй холбоотой мод, бутыг авах асуудал гардаг. Том моднуудыг насжилтаар нь авч байгаа, жижиг бутнуудыг шилжүүлэн суулгах үүрэг өгөх ажиллаж байна. Хүннү 2222 кэйс дээр дулааны шугам хоолойны дээр мод тарьсан байсан. Уг нь хуулиараа ингэж болохгүй. Ийм нөхцөлд мод доороо байгаа дулааны шугам хоолойд чийг өгсөөр байгаад гэмтэл гаргадаг. Хоолойны насжилт дуусаад шинээр солиход дээр нь байгаа моднуудыг яах аргагүй ухаж авах шаардлага үүссэн. Харин энэ хооронд Номин компани зөвшөөрөлгүйгээр хашаагаа гурван метр урагшаа татсан. Торгууль тавиад, хугацаатай үүрэг өгсөн. Бүхэл бүтэн гудамжны мод бутыг байхгүй болгосон энэ асуудал дээр өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд бүх шатанд тэмцэж байна.
1960-аад онд хоёр том үер Улаанбаатар хотод болсон. Том үерээр уулын усаар дамжин лаг шавар орж ирээд тогтдог. Өрөмдлөг хийгээд үзэхээр зарим газраар голын лаг шаврын түвшин 1960 онтой харьцуулахад 10 гаруй метр өндөр болсон. Хотын төвөөр гайгүй ч гурав, дөрвөн метрийн өндөр хүрсэн газрууд бий. Энэ газруудад бургас ургасан. Хотын төвд байдаг гол үерийн ус зайлуулдаг сувгийн үүрэг гүйцэтгэдэг. Тодорхой түвшинг нь тодорхойлсон эргийн хамгаалалттай, борооны ус зайлуулах сувгууд гол руугаа цутгадаг. Иймээс тодорхойлсон түвшингээс илүү гарсан лаг шавар зэргийг авдаг юм билээ. Аваагүй нөхцөлд гол нь хальж үерлэдэг. Ийм учраас бид Туул, Сэлбэ гол дээр байгаа сүүлийн 10 гаруй жил ургасан зарим бургас модыг авч, голыг гольдролыг нь сэргээнэ. Тэгж байж 1990 онд байсан Туул голын суурийн түвшинд хүргэхээр байгаа юм.
Бордьюр дээр стандарт байдаг. Замын компаниуд өөрсдийн стандартаа мөрдөж хийж байгаа болохоос хот энэ бордьюрын асуудалд оролцдоггүй. Авто замын чанар, арчилгаа үйлчилгээ бордьюрын чанараас шууд шалтгаалдаг. Энийг цааш ярьвал олон асуудал бий. Муу чанартай бордьюр хийдэг, бетоны марк нь тэнцдэггүй, үүнээсээ болоод даацаа авч чаддаггүй гэх мэт.
Зөвшөөрөлгүй өргөтгөл, довжоо барьж, явган хүний зам, нийтийн зүлэг, байгууламжийн зай талбайг хумсалсан хувийн хэвшилтэй нэлээд үзэж байна. Зарим газар бүр авто замтай тулгаж барьсан өргөтгөлүүд ч байна. Сүүлийн нэг жил манай байцаагч нар нэлээд ажиллаж байна. Гэвч зарим нь гэрчилгээ, газрын эрхээ авчихсан байдаг учраас асуудал шүүх дээр очдог. Шүүх дээр очсон маргааныг бид яаж ч чаддаггүй. Тэрнээс бид бизнесүүдийг боож хаая гэсэн ямар ч бодол байхгүй. Гэхдээ хотын стандарт, зохицуулалт гэж байх ёстой. ТҮЦ-ний хуучин стандарт гэж байсан. Үүнийг ярьсаар байгаад болиулж байгаа. Энэ бол зөв алхам. ТҮЦ-нийхэнд бид дөрвөн бодитой санал тавьсан ч намайг мушгиад байдаг. Улаанбаатар хотын 16 зах дээр оруулж өгөх, ажил эрхлэлтийг нь дэмжих, шаардлагатай бол хот хамтраад ТҮЦ гэдэг франчайз хийхэд нь туслах, хөнгөлөлт үзүүлэх саналуудыг тавьсан ч эдгээр боломжуудыг ашиглахгүй өөрсдөө хохирсон мэт яриад яваад байгаа.
Скүүтерийн хувьд УИХ дээр хуулийн ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Ангилалуудыг нь зөв болгож, мотор болон чадлаар нь эрэмбэлж тээврийн хэрэгсэлд тооцох, авто замаар зорчих гэх мэт зүйлсийг ярилцаж байна. Тэр хүртэл шууд хориглох эрх зүйн орчин бидэнд байхгүй.
Г.Уянгаа: Эрүүл, амьд, аюулгүй байх эсвэл бусдын бизнесийн эрх ашиг уу гэдэг эрэмбээ сонгох хэрэгтэй. Скүүтер бол ямба харин явган алхах бол хүний жам ёсны эрх. Хүн амиа алдаж байхад бид сонголт ярьж болохгүй. Скүүтерийн ард суугаа хүн явган зорчигч биш жолооч. Жолооч хүн тусгай зассан замаар явдаг шүү дээ.
Т.Даваадалай: Төрийн албан хаагчид нийтийн эрх ашгийг баримталдаг. Иргэдээс судалгаа, санал асуулга авдаг.
В.Ганзориг: Иргэн Ц.Лут-Очир гомдол гаргаж, Улаанбаатар хотын удирдлагыг АТГ, шүүх, цагдаад өгсөн. Тэр асуудал нь юу болж байна, ямар дүгнэлт гарсан бэ?
Ц.Лут-Очир: Нийслэлийн төсвийн зардал сүүлийн хоёр жилийн дотор гурав дахин нэмэгдлээ. Ноднин улсын төсөв батлагдаагүй байхад Нийслэл төсвөө баталсан. Энэ дээр хяналт, шалгалт тавих ёстой 45 төлөөлөгч ажлаа хийдэггүй. Төсвөө батлахдаа олон нийтийн хэлэлцүүлэг хийх ёстой байдаг ч энэ хуулиа баримталж ажиллахгүй байна. Энэ хүмүүсийн дийлэнх нийслэл дээр давхар албан тушаал авсан. Нийслэл дээр эрх мэдлийн хуваарилалт алдагдсан учраас би АТГ-д гомдол гаргаж, Засаг дарга Х.Нямбаатарын төсвийн зарлагын асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг 7-р сарын 7-нд өгсөн ч одоо хүртэл хариу аваагүй байна.
Мөн Нийслэл хот төсвийн болон тендерийн хуулиа баримталж байна уу гэдгийг мэдэх зорилгоор би нээлттэй өргөдөл гаргаж, нийслэлийн төсөв дээр УИХ-аас хяналт, шалгалт явуулах хүсэлт 8-р сарын 15-нд гаргасан. 70 мянган хүний санал бүрдвэл ажил хэрэг болдог боловч одоогоор 13 мянган хүн саналаа өгөөд байна. Иймээс олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байна.
В.Ганзориг: Энэ асуудал яаж шийдэгдэж байгаа талаар мэдээлэл байна уу?
Т.Даваадалай: Би энэ талаар мэдэхгүй, надтай шууд холбогдоогүй, явцынх нь талаар мэдээлэлгүй байна. Би төсөв дээр урьд нь яг Лут-Очиртой адилхан боддог байсан. Энэ ажлыг аваад ажиллаж байхад улсын том ажлууд оролцогч талуудын ур ухаан гэхээс илүү эв нэгдэл дээр суурилан бүтэж амжилттай хэрэгждэг гэдгийг анзаарсан. Стратегийн ач холбогдолтой том төсөл, нийгмийн өөрчлөлт хэзээ амжилттай хийгддэг вэ гэвэл талууд эв нэгдэлтэй байх үед бүтдэг.
Ц.Лут-Очир: Хуулиа л мөрдөх ёстой. Хууль зөрчиж болохгүй, хуулиа л биелүүлэх асуудлыг ярих ёстой шүү дээ.
Т.Даваадалай: Сул байгаа УИХ-ын гишүүд, улстөрчид голцуу попорч худлаа юм ярьдаг, тэр нь иргэдэд таалагддаг. Үнэн юм ярихаар хэн ч хүлээж авдаггүй. Нийслэлийн төсвийн хэмжээ нэмэгдэж буй нь маш сайн зүйл. Зам, автомашины татварыг дөрөв, тав дахин нэмэх хэрэгтэй. Нийслэлийн 45 төлөөлөгч хяналтаа сайн тавьж байгаа. Худалдан авалт хуульд заагдсаны дагуу олон нийтэд нээлттэй www.tender.mn дээр мэдээлэгдэж, жилийн төлөвлөгөө нь дүнтэйгээ жагсаалтаар тавигддаг. ИТХ-аар орж төлөвлөгөөнд өөрчлөлт орвол тухай бүрт нь мэдээлэл нь шинэчлэгдээд явдаг. Хуульд нийцүүлээд тэр сонсгол, хэлэлцүүлгээ хийж байгаа. Иргэд өөрсдөө оролцохгүй, мэдээллээ харахгүй явж байгаад гэнэт нэг өдөр надад хэлсэнгүй гээд уурлаж харддаг. Хүнд хардах эрх бий. Гэхдээ энэ нь хэтэрвэл ажил, амьдрал явахгүй. Залуус бид нар өмнөх үеийнхээ ах нар шиг яваад байвал хэзээ ч өөдлөхгүй. Босоо Ганбаатар гишүүний жишээ байна. Сайхан ярьдаг ч ямар ч мэдлэггүй. Поп яриа нь иргэдэд таалагддаг. Иймээс боловсролтой залуус нийгмээ сайхан болгохын тулд зарим зүйлийг өөрсдөө даван туулаад зөв ажлуудыг хийх хэрэгтэй болсон.
Улаанбаатар хотод хийж байгаа ажлуудын нэгийг ч санаанаасаа хоосон зохиож хийгээгүй. Бүгд цаанаа судалгаа дээр үндэслэсэн, дэлхийн бусад хотуудын өнгөрсөн 100 жилийн түүхийг судалсан мэргэжлийн багийн тооцоо байдаг. Бид гаднаас хөрөнгө оруулалт, зээл авах эрхээ нээж, боломжоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Алдалдалгүй төсөв гээд цуглуулсан татвараас илүү зарцуулж болохгүй гээд хуулиараа өөрсдийнхөө хөгжлийг боочихдог.
Австралид цахилгаан, ус, байрны түрээс нэлээд үнэтэй байдаг. Япон, Герман, Америк бүгд адилхан суурь дэд бүтэц, түүний хэрэглээ нь үнэтэй байдаг. Ийм учраас хүн хэмнэдэг. Үнэтэй учраас орж ирж буй төлбөр мөнгөөрөө салбар нь цаашаа хөгжиж, эрүүл, аюулгүй дэд бүтэцтэй нийгэм хот бий болдог. Манайд хэрэглээний ус тоолуургүй саяхныг хүртэл үнэгүй шахуу буюу тогтмол төлбөртэй байсан. Эрдэнэт хотын жишээ байдаг. Эрдэнэт хотын ариутгах татуургын байгууламж ачааллаа дийлэхээ байж, шинэ цэвэрлэх байгууламж барих тухай ярьж эхэлсэн. Усан дээрээ тоолуур тавьсны дараа нөгөө ачаалал 60 хувиар багассан. Манайд ус, цахилгаан, дулаан, хогны төлбөр бага учраас эдгээр салбарууд нь бараг бүгд дампуурлын байдалтай. Дулаан тоолуургүй учраас бараг үнэгүй хэвээр байна гэсэн үг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол шалтгаан дулаан үйлдвэрлэлтэй холбогдоно.
Өнөөдөр 500 аж ахуйн нэгж дулаанд холбогдох өргөдөл хүсэлт, техникийн нөхцлөө хотод өгчихөөд хүлээж байна. Харамсалтай нь эдгээр холбож нийлүүлэх дулааны эх үүсвэр Улаанбаатар хотод байхгүй. Гэтэл оффис, гэрүүд өвөл халууцаад цонхоо онгойлгоод суугаад байдаг. Дулааны хууль байх ёстой. Яг ус шиг дулааныг тоолуураар хэмждэг болж байж хүн хэрэглээгээ удирдаж хэмнэж хязгаарлана. Ингэж байж агаарын бохирдол буурахаас гадна Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрүүд суларна. Ингэж байж шинэ байшин, хорооллуудыг дулаанаар хангах боломжтой болно. ТЭЦ3 дээр шинэчлэл хийж чадахгүй байгаа суурь шалтгаан бол энэ шүү дээ. Багануур дээр би саяхан очиж үзсэн. 40 жил ажилласан станц дампуурах гээд энэ өвлийн яаж давах уу гээд галын байдалтай л ажиллаж байна лээ. Гэхдээ энэ бүх хөрөнгө оруулалтуудыг шийдэж болно. Монгол Улсад боломж байгаа. Иймээс хуулиа өөрчлөх ёстой. Сангийн яам биш Эдийн засгийн яам энэ дээр манлайлан ажиллах хэрэгтэй.
Г.Уянгаа: Энэ бодлогын том асуудлууд дээр нийслэлийг бусад яамдууд нь хэр дэмжиж байгаа вэ?
Т.Даваадалай: Уялдаад ажилладаг. Гэхдээ томоохон хуулиудын өөрчлөлтийг тэр болгон хүлээж авдаггүй. Би нэлээд олон хуулинд өөрчлөлт оруулах саналаа өгсөн ч одоо хүртэл өргөн баригдаагүй. Төрийн бүх албан хаагчдад компьютер авч өгч болохгүй гэдэг хэмнэлтийн хууль одоо хүртэл хүчинтэй хэвээр байна. Одоо үүнийгээ болиоч дээ. Ийм мангар хуулиа хамгаалж суугаа УИХ-ын гишүүд ичээч дээ! Энэ мэт найман хууль дээр өөрчлөлт оруулах санал хотоос өгсөн ч хэлэлцэхгүй байна. Хямд үнээр шалгаруулдаг тендерийн дампуу хуулиа өөрчилж, амьдралын чанар ярьдаг болмоор байна.
В.Ганзориг: Их хотын олон асуудлыг ярьж дуусахгүй нэвтрүүлгийн маань цаг нэлээд хэтэрлээ. Цаг гарган хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцаж, мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа!