Өөрийгөө товч танилцуулна уу! Хэзээнээс эхлэн монголчуудтай хамтран ажиллаж байна вэ?

Би аялал жуулчлалын мэргэжлээр 2014 онд их сургуулиа төгссөнөөс хойш энэ салбарт ажиллаж байна. Гэртээ суусан мэргэнээс гадагшаа явсан мунхаг дээр гэж ярьдаг. Хол явж юм үзэх тусам хорвоо дэлхийтэй танилцдаг учраас энэ мэргэжлийг сонгосон. Эхний үед хятад хүмүүстэй хамтарч байгаад 2018 оноос эхлэн Хайнан арал дээр төвлөрч ажиллаж байна. 2019 оноос монголчууд Хайнан арал руу зочилж эхэлсэн. Гэхдээ тэр үед шууд нислэг байгаагүй учраас цөөн тоогоор ирдэг байв. Удалгүй цар тахал эхлээд нам жим болсон. 2023 оны 10 сараас эргээд монголчуудын Хайнаны арлыг зорих аялал эрчимжсэн. 

Мэргэжлийн хүний хувьд аялал жуучлал гэдгийг юу гэж тодорхойлох нь сонин байна. Хүн яагаад заавал аялах ёстой юм бол?

Үзэсгэлэнт байгалиас гадна бусад улс орны хотууд хэрхэн хөгжиж буйг харахаас гадна ялгаатай хэл, соёл, заншилтай хүмүүстэй танилцаж, тэдний амьдралын хэв маягийг мэдрэх нь сонирхолтой санагддаг. Хүн өөрийнхөө бодлоор мөнхөд амьдарч, зөвхөн өөрийн нийгэмдээ вакуумд орж болохгүй. Хятадад ийм зүйр үг байдаг юм. Газар түшиж амьдардаг тариачин хүмүүс хүртэл тэнгэртэй ярьдаг. Учир нь бороо орохгүй бол тариагаа хурааж чадахгүй. Түүнтэй адилхан наймаа арилжаа хийдэг худалдаачид хүмүүстэй харьцаж ярихгүй бол мөнгө олж чадахгүй. Би аяллын хөтөч учраас өдөр болгон шинэ хүмүүстэй танилцдаг. Ажлаа хийж байхдаа өөрийн улс орны соёлыг бусдад танилцуулахаас гадна аялагч, жуулчдаас тэдгээр улсын соёл, ёс заншлыг илүү их сурдаг.

Хүүхдээ заавал сургуульд заавал сургаж боловсрол эзэмшүүлэх ёстой гэдэг шиг Хятадад сүүлийн үед дан ганц бичиг үсэг сурах нь хангалтгүй тул аялах, өөр улс оронтой заавал танилцах, сайн дурын ажилд заавал оролцох ёстой гэдэг тренд хүчтэй гарсан.

Өөрөөр хэлбэл, номон дээр үзсэн зүйлсээ өөрөө аялаж очиж биеэрээ мэдрэх ёстой гэж ярьдаг болсон.

Хятадын аялал жуулчлалын салбар хүчтэй хөгжиж, дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаар байранд орж буй мэдээллийг интернэтээр харсан. Энэ хөгжлийн нууц нь юу байна вэ?

Хятад 1.4 тэрбум хүн амтай. Аялал жуулчлалын салбарын гол хөдөлгөгч хүч нь дотоодын аялал жуучлал байдаг. Гэхдээ нөгөө талаас хүний хөл хүрч чадах бүхий л газар явж үзэх хүсэл хятадуудад бий. Гадны зах зээл гэвэл хятадууд Зүүн Өмнөд Азийн улсуудыг ихэвчлэн сонгодог. Дайны гашуун дурсамжаас болоод Японтой, соёлын заримын асуудлаас болоод Солонгостой зөрчилддөг ч эдгээр улсууд руу багагүй жуулчид явдаг. Монголын үзэсгэлэнт байгаль, онгон дагшин хөдөө хээр хятад жуулчдын сонирхлыг татдаг. Гэхдээ арай л удаан хөгжөөд байгаа биш үү, хурдан хөгжиж өндөр хөгжилтэй орон болоосой гэж боддог. Улаанбаатарын түгжрэлд дургүй. 

“Нью Жуулчин Турс” компанитай анх хэрхэн холбогдсон бэ, хэр удаан хамтарч ажиллаж байна?

"Мөрөөдлийг тань дурсамж болгоё" уриатай ажилладаг Нью Жуулчин Турс ХХК 2024 оны 12 сарын 11-нээс БНХАУ-ын Juneyao Air-тай хамтын ажиллагааг эхлүүлж, Улаанбаатар ба Хайнан арлын хооронд шууд нислэг эхлэснээс хойш бид хамтран ажиллаж байна.Тус хамтын ажиллагааны хүрээнд бид онгоцны тийз борлуулалт, хөтөлбөртэй болон чөлөөт аялал, зочид буудлын захиалга зэрэг иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө “Нью Жуулчин Турс” компанийн удирдлага, менежерүүд бөөндөө ирж, арлаа бүтэн тойрч судлан, Хайнан арлын өөр хот, арлууд руу аяллын хөтөлбөрөө улам гоё болгож шинэчлэхээр ажилласан. Хайнан чиглэлийн шууд нислэгүүд аялагчдад хямд өртөгтэй, шууд нислэгийн шинэ боломжийг олгож байгаа. Бидний байгаа Саняа хотод монголчууд голцуу ирдэг. 

Хайнан арлын түүхийг товч ярьж өгнө үү.

1992 оноос эхлэн Хайнан арлыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж байна. 1988 оноос өмнө Гуандун мужийн нэг дүүрэгт харъяалагдаж байсан бол үүнээс хойш аялал жуучлалын тусгай статустай бүс болсон. 2002 оноос эхлэн бүх хүнд болон хөнгөн үйлдвэрүүдээ Хайнан арлаас гаргасан. Улмаар 2010 онд албан ёсоор олон улсын аялал жуучлалын арал болж чадсан. 2018 онд Хайнан арал аялал жуулчлалын 30 жилийн ойн баяр, амжилтаа тэмдэглэж, Хайнан арлыг татваргүй буюу эдийн засгийн чөлөөт бүс болгон зарласан. Албан ёсны дэлгүүрүүд нь 30-аас 45 хувийн татваргүй гэсэн үг. Нийтдээ 20 гаруй томоохон татваргүй барааны дэлгүүр энэ арал дээр бий. Энэхүү татваргүй чөлөөт бүсийн давуу талыг ашиглан монголоос мах импортлон оруулж ирэхээр хэдэн бизнесмен судлаад явж байгаа талаар дуулсан. Хайнан өөрөө хар ямааны махаараа алдартай.

Хайнан арал нэг хэсэг Вьетнам улсад харъяалагдаж байсан. 1321 онд Тогоонтөмөр хаан Хайнан арал дээр ирж таван жил суурьшсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, хаан болохоосоо өмнө Монголоос цөлөгдөн энэ арал дээр ирж байсан гэж ярьдаг. Хайнан арал анхандаа цөллөгийн газар байсан. Зөвхөн усан онгоц, завиар ирэх боломжтой ширэнгэн ойтой, хортой могой, шавьж амьтнаар дүүрэн арал байсан учир гэмт хэрэгтнүүд, эсэргүү хүмүүсийг энэ арал руу цөлж явуулан шийтгэдэг байв. Сүн, Тан гүрний үед хүртэл ийм байдалтай байжээ. Нийт 17 удаа цөлөгдөж байсан хятадын нэгэн яруу найрагч хамгийн сүүлд Хайнанд цөлөгдөж байсан бөгөөд энэ хугацаанд Хайнан арал дээр хамгийн анхны сургуулийг байгуулж, энэхүү арлын үзэсгэлэн гоог “Далайн цэцэгт арал” хэмээх бичсэн байдаг. 

Хайнан арлын уугуул хүмүүсийг Ли үндэстэн гэж хэлдэг. Эдгээр хүмүүсийг Хятадын Шар хаан буюу Янь Дигийн хойчис гэж ярьдаг. Энэ хааны үед Хятадад дайн болж, ялагдсан гурван бүлэг нь Хайнан арал дээр зугтан ирснээр Ли үндэстэн бүрэлдсэн гэж үздэг. Личүүд анх арлын ууулархаг хэсэгт нь ан гөрөө хийж амьдарч байгаад сүүлдээ далайгаа түшин завин дээр Дан үндэстэн гэж амьдрах болжээ. Ли үндэстэн ээжийнхээ овгийг дагадаг, шивээс хийлгэн онцгойрдог байв. Япончуудын түрэмгийллийн үед шивээсийнхээ ачаар эмэгтэйчүүд нь хүчирхийлэлд бага өртсөн гэж ярьдаг. Өдгөө Хайнан арал дээр 1,5 сая орчин Ли үндэстэн хүмүүс амьдарч байна. Хятадын 56 үндэстний нэг бөгөөд үндэсний цөөнх гэж явдаг. Тэр утгаараа бага багаар соёлоо алдаж байгаа гэж үздэг. Өвөрмонголд монгол бичгийг бага, дунд сургуульд заахыг зогсоолоо гэсэн боловч тийм зүйл болоогүй. Одоог хүртэл цэцэрлэг, сургуулиудад босоо монгол бичгийг заасан хэвээр буй. Намайг сургуульд сурч байхад нэг дэх өдөр болгон болдог сургуулийн хурал дээрээ заавал үндэсний дээл хувцсаа өмсдөг байсан. Мөн хичээл бүрийн хооронд болдог 20 минутыг завсарлагаанаар хуучин биеийн тамирын хичээл орж голцуу гүйдэг байсан. Үүнийг оронд бид монгол бүжиг, биелгээгээ сурч хийн биеийн чилээгээ гаргадаг болсон. Манай Жирим аймгийн Хорчин ардынхаа бүжгийг хүн болгон мэддэг, бүжиж чаддаг байх ёстой гээд сурдаг байв. 

Далайгаа түшин загасаа бараадан амьдардаг Дан үндэстэн их онцлог. Тэд Хайнан арал дээрээ завиудаа холбон далай дээр амьдардаг. Энэ хүмүүс газар дээр гарч ирэхээрээ толгой дайвалзаад эвгүй байна гээд буцаад далай дээрээ буюу завь руугаа яардаг. Хайнан нэг л том арал. Эргэн тойрон 100 гаруй жижиг арлууд бий. Эдгээр арлууд дээр ч тусдаа аялаж байрлаж болдог. 

Хайнан арал жил бүр 30 сая жуулчин хүлээн авдаг.

Шинэ жил, хятадын цагаан сар, ханш нээх өдөр, хөдөлмөрчдийн баяр, залуучуудын баяр, 10 сард болдог улсын баярын амралтын өдрүүдээр жуулчдын хөдөлгөөн ихэсдэг.

Хайнанд ирээд нэг гайхсан зүйл бол оросууд маш ихтэй юм. Орос хаяг, хоолны меню, оросоор ярьдаг худалдагч нар хаа сайгүй байна.

Оростой харилцаа маш сайн. Оросын зах зээлд зориулаад ийм болоод нэлээд удаж байна. Миний бодлоор оросууд Зүүн өмнөд азиар аялахаас илүүтэйгээр Хятадыг илүү сонгодог. Учир нь амар түвшин, аюулгүй байдлаараа дугаар нэг байж чаддаг. Мөн Хайнан арлын агаар, ус нь маш цэвэрхэнд тооцогддог. Хайнан арлын эдийн засгийн 65 хувийг аялал жуучлалын салбар бүрдүүлдэг. Энд оросоор яриад байгаа хятадуудын дийлэнх нь Оростой хил залгаа Харбин, Манжуур зэрэг зүүн хойд гурван мужаас ирсэн хүмүүс байдаг. 

Хайнаны иргэд урт наслалтаараа Хятаддаа тэргүүлдэг гэж та хэлж байсан. Үүний шалтгаан юутай холбоотой байдаг юм бэ?

Хамгийн өндөр настай хүн одоо Хайнанд 120 насны босгыг даваад амьд сэрүүн байна. Агаарын бохирдолгүй, цэвэр орчин нөлөөлдөг болов уу. Өвөл Монголоос ирдэг хүмүүс голцуу ханиадтай, хамраас нь нус гоожсон, хамар нь битүү харшилтай ирдэг. Гэтэл Хайнанд ирээд хоёр гурав хоноод эдгээд зүгээр болчихдог. Бас нэг зүйл нь Хайнанд ургадаг модтой холбоотой гэж ярьдаг. Энэ модноос гардаг бодис нь агаарыг ариутгаж, элдэв хортой бактерийг хөнөөдөг гэлцдэг. Энэхүү сүүн шүүст мод нь каучукаараа алдартай. 1956 онд Хятад улс байгуулагдаад каучукаар бусдаас хараат байж болохгүй юм байна гэж тооцоод өөрсдөө үрийг нь оруулж ирж анх Хайнан арал дээр тарьж ургуулсан түүхтэй. Хүчтэй салхинд хугарч унадаггүй тэсвэртэй тул энэ мод өдгөө Хайнаны нийт мод бутны талаас илүү эзэлдэг. 2003 онд дэгдсэн айхтар SARS өвчний үеэр Хайнан арал дээр нэг ч хүн эндээгүйг энэ модтой холбон мөн тайлбарладаг. Үүнээс болоод олон хүн Хайнанд ирж амьдрах болсон. Улмаар үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн. Тухайн үед нэг метр квадрат байр 5000-6000 юань байсан бол 20 жилийн дараа 40 мянган юань болж өссөн. Хайнаны эдийн засгийн 65 хувь нь аялал жуулчлал гэж би хэлсэн. Үлдсэн 30 хувийг хөдөө аж ахуй, харин 5 хувийг нь эм, эмнэлгийн бүтээгдэхүүн эзэлдэг. 

Хайнаны дундаж цалин болон амьжиргааны өртөг ямар байдаг вэ?

Дундаж цалин сарын 3000 орчим юань байгаа. Үйлчилгээний газрын үйлчлэгчид 2500 орчмыг авч байгаа болов уу. Энэ нь хамгийн бага цалиндаа тооцогдоно. Гэхдээ энэ цалингаараа санхүүгийн дарамт багатай амьдарч болдог. Хоол, хүнс, загасны зүйл энд хямдхан. Гэхдээ аятайхан газар байр түрээслээд, дандаа гадуур хоол идээд явбал сарын 3000 юань хаанаа ч хүрэхгүй. Байрны метр квадратын үнэ 40 мянган юань гэж дээр хэлсэн. Харин үнэтэй дүүрэгт нь нэг метр квадратын үнэ 200 мянган юань болдог. Улаанбаатар хотоор жишвэл Зайсан орчмын үл хөдлөхийн үнэлгээ гэсэн үг. Хятадад эмч, багш, цэрэг, цагдаа хамгийн хүндтэй ажил мэргэжилд тооцогддог. Багшийн цалин жишээ нь, манай нэг хамаатны багш хүн сарын 10 мянган юань авдаг. Сайн багш нар үүнээс ч өндөр цалин авна.

Хайнан арал дээр заавал ирж зочлох ёстой 3 шалтгааныг хэлнэ үү!

Нэгт, ямар ч бохирдолгүй цэвэр агаар гэж хэлнэ. Хоёрт, цэвэрхэн устай далайн эрэг. Гуравт, гааль татваргүй буюу эдийн засгийн чөлөөт бүс. Юм нь хямдхан бөгөөд чанартай гэсэн үг. Өчигдөр бид нар Атлантис парк дээр тоглосны дараа хажуугийн дэлгүүрт ороход Хонг Конгт 65 мянган юаниар зарагдаж байсан яг адилхан брэндийн бугуйн цаг 55 мянган юань гэж байсан. Энэ нь нөгөө татварын зөрүү гэсэн үг. Нэмээд хэлэхэд амар түвшин буюу айх аюулгүй. Учир нь Хайнан арал дээр Өмнөд тэнгисийн хилээ хамгаалдаг Хятадын тэнгисийн цэргийн анги байршдаг тул хулгай зэлгий, дээрэм, гэмт хэрэг гэж бараг мэдэхгүй шүү. 

Одоогийн байдлаар нэг ч монгол жуулчин Хайнанд юмаа хулгайд алдаж, гэмт хэргийн хохирогч болоогүй.

Энэ маш чухал. Хулгай зэлгий гарвал дотроосоо буюу гадны иргэд л үйлдэнэ үү гэхээс эндэхийн хятад хүнхэр баргийн тийм үйлдэл хийхгүй. Учир нь хууль цааз маш чанга. 

Өөрийн тань ярьсан хятадын онооны системийн талаар би фэйсбүүк дээр товч пост хийсний дараа манай монголчууд сайн болон муугаар нь багагүй хэлэлцсэн байсан. Энэ системийн давуу болон сул талыг юу гэж боддог вэ?

Намайг хамгаалдаг систем. Би мэдээж хаа хамаагүй танихгүй хүний мэдээллийг харж чадахгүй. Гэр бүл болох, наймаа арилжаа хийхдээ нөгөө хүнийхээ зөвшөөрлийн үндсэн дээр мэдээллийг нь харж болдог. Хүний эрх чухал. Гэхдээ энэ эрх нь бусдын эрхээр хязгаарлагдах ёстой. Америкт жишээ нь хүн бүр буу эзэмших эрхтэй байдаг. Үүнээс болоод нийгэм нь ямар эрсдэлтэй, аюултай байдгийг бид мэднэ. Байсхийгээд л буугаар хүмүүс хөнөөсөн мэдээлэл гардаг. Хятадад ийм тохиолдол маш цөөхөн. Нийгмээрээ амар түвшин байж гэмээнэ хүний эрх утга заана. Харин миний мэдээллийг миний зөвшөөрөлгүй үзсэн бол хүний эрхэд халдсан гээд би гомдол гаргах боломжтой. 

Аав, ээжийнх нь үйлдсэн гэмт хэрэг хүүхдэд нь нөлөөлөх ёсгүй буюу ял шийтгэлийг бусдад халдаан хэрэглэж болохгүй гэдэг. Гэтэл аав, ээжийнх нь хууль бус, болохгүй үйлдэл Хятадад энэ системээр хүүхдийнх нь ирээдүй, хувь заяанд шууд болон шууд бусаар нөлөөлөхөөр байгааг юу гэж боддог вэ?

Аав, ээжийнх нь муу үйлдэл хүүхдэд нь тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Энэ бол эцэг, эх хүмүүсийн хариуцлагын тухай асуудал юм. Хүүхэд гэмгүй нь л үнэн. Гэхдээ би хүүхэдгүй хүн юм чинь, эсвэл бусдын сайн эсвэл муу явах нь надад хамаагүй ээ гээд хүн болгон дураараа аашлаад эхэлбэл юу болох билээ. Энэ хорвоо дээр бусадтай хамааралгүй ажиллаж, амьдардаг нэгэн үгүй шүү дээ. Иймээс хариуцлагатай амьдраарай, би бас гэр бүлтэй, найз нөхөдтэй, садан төрөлтэй гэдгээ ухамсарлаж, бусдынхаа төлөө хичээгээрэй гэдэг санаа гэж би ойлгодог. Хүн хүнтэйгээ холбоотой байх ёстой. Замын хөдөлгөөнд оролцож байхад машиныг чинь ирээд шүргээд гэмтээлээ гэж бодоход тэр хүн хохиролыг маань барагдуулахгүй цаашаа явах боломжгүй. Нийгэм гэдэг бол хүн хоорондын холбоос буюу загасны тор шиг ажилладаг гэж би хардаг. 

Хүүхдүүд нь сургуульд ороход аав, ээжийнх нь оноог үзэж, мэдээллийг нягталдаг нь учиртай. Жишээ нь, тухайн үеийн аав, ээж нь архи уудаг, зодоон цохион хийдэг, хулгай зэлгийтэй орооцолдсон бол энэхүү гэр бүлийн байдал хүүхдэд ямар нэг байдлаар нөлөөлсөн байдаг. Эсвэл тухайн хүүхэд өнчин өрөөсөн өссөн байж болно. Тийм учраас сургуулийн удирдлага энэ хүүхдэд тохирох сургалтын арга барилыг боловсруулах, тухайн хүүхдийн ааш араншин сургуулийн бусадхүүхдэд хэрхэн нөлөөлөхийг үнэлэх, зөв хүмүүжүүлэх талаас нь ажилладаг. Тэрнээс биш тэр хүүхдийг сургуульдаа авахгүй, ялтай, гэмт хэрэг үйлдэж байсан хүний хүүхэд учраас гэж ялгаварлан гадуурхах ямар ч зорилгогүй, тэр хүүхдэд боловсрол эзэмшүүлэхгүй гэдэг ойлголт байхгүй. Хуулиараа хүүхдийг сургуульд сургах ёстой. Харин яаж сургахаа сургууль нь, багш нь мэднэ гэсэн үг. Хятадад тэрбум гаруй хүн ажлын байран дээр өрсөлдөж байна. Нэг ажлын байран дээр хэдэн мянган хүн өрсөлддөг. Компани мэдээж хамгийн сайн хүнийг мэдлэг боловсролоос гадна хүмүүжил, сахилга батыг нь харан сонгож ажиллуулахыг зорьдог. Иймээс аав, ээжийнх нь намтар, түүхийг нь асууна. Ямар ч хүүхдийн анхны багш нь аав, ээж нь өөрсдөө байдаг. Ээж, аав нь зөв сэтгэлтэй, зөв замтай яваад байвал сургуульд нь муу багш таарсан ч хамаагүй зөв хүмүүжиж чаддаг. 

Хүүхдэд гурван багш байдаг гэж ярьдаг. Анхны багш нь аав, ээж, хоёр дахь багш нь сургуулийн багш, гурав дахь нь найз нөхөд.

Иймээс сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор гэж ярьдаг. 

Хятадад аяллын хөтөч хийгээд монголчуудтай хамтран ажиллахад сайхан болон таагүй зүйлс нь юу байдаг вэ?

Монголчууд сайхан аялдаг болсон. Хэдхэн хоногийн өмнө нэг эмээ өөрийн хүүхэд, ач, зээгээ бүгдийг нь дагуулаад нэг гэр бүлийн нийт 29 хүн хамтдаа Хайнан аралд ирж амарсан. Эмээ өөрийнхөө 4 хүүхдийг бүх ач, зээтэй нь цуг бүх зардлыг нь дааж аялуулан эрхлүүлсэн нь маш сайхан санагдсан. Миний группт Солонгост ажиллаж амьдардаг монголчууд, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод, Баян-Өлгий, Дорноговь, Баянхонгор зэрэг олон өөр аймгаас аялаж буй гэр бүлийнхэн байсан. Өнгөрсөн оны 12 сараас Улаанбаатараас Хайнан арал руу HO дугаартай Juneyao эйрлайн шууд нислэгтэй болсноор би гэхэд л нийт 1200 орчим монголчуудыг хүлээн авч үйлчлээд байна. Шууд нислэгийн хамгийн анхны группын аялал одоо хүртэл санаанаас гардаггүй. Маш сайхан байсан. Тэр үед “Нью Жуулчин Турс” компанийн удирдлагууд болон монголын хэвлэл мэдээллийнхэн ихээр ирсэн байсан. Сая зочдоо тосож байхад шууд нислэгийн хамгийн анхны аяллаар ирж байсан хүмүүс дахиад ирж байгааг харахад сайхан байна. Хайнанд ирж буй монголчуудын дийлэнх нь гэр бүлээрээ хүүхдүүдийнхээ амралтаар ирж байгаа хүмүүс байдаг. 

Монголчуудтайгаа хамтран ажиллахад хамгийн сайхан санагддаг зүйл нь тусгаар улсын иргэн гэдэг статус нь байдаг. Цаанаасаа толгой өндөр, цээж тэнүүн байдаг нь мэдэгддэг, ах дүү нартаа үйлчлэн ажиллах сайхан байдаг. Иймээс аль болох илүү зүйл үзүүлж, илүү сайхан тайлбар хийж сэтгэлтэй ажиллахыг хүсдэг. Тэр хэрээр хүмүүс талархал илэрхийлэхээр нь бүүр их баярлаж урамшдаг. Харин таагүй санагддаг зүйл нь зарим монголчууд намайг өвөрмонгол болохоор итгэдэггүй, “хужаа” гээд дургүй байгаагаа шууд илэрхийлж, ялгаварлан гадуурхаж харьцдаг. Хүн хүндэлдэггүй хүнтэй харьцахаар ямар ч сайхан мэдрэмж төрдөггүй. Эсрэгээр маш их ядардаг бас гомддог. Ямар ч гэм хийгээгүй байхад дараа нь араас муу хэлэх, муугаар ярих нь таагүй байдаг. Бараа үйлчилгээ санал болгохоор намайг дундаас нь олз омог олж, мөнгө идэх гэж байна гэж хардаад байдаг бололтой байдаг. “Урвасан” гэж боддог юм уу монголчуудын дийлэнх нь өвөрмонголчуудад дургүй байдаг шиг санагдаад байдаг. Энэ бол муу зангаа засах, бусдаараа монголчууд гайгүй ээ.

Хүндлэл цаг барилтаас эхэлдэг.

Автобус дүүрэн хүмүүсийг нэг цаг гаруй хүлээлгэдэг хүмүүс байдаг гэнэ. Тэгснээ юу ч болоогүй юм шиг автобусандаа орж ирээд унтаад өгдөг. Юун тэр уучлал муучлал гуйх. Үүнээс болоод хөтөч ажлаа гоё хийж чадахгүй болох, автобусны жолооч нь уураа гаргах, тухайн өдрийн хөтөлбөр хойшлох, өөрчлөгдөх, цуцлагдах янз бүрийн эрсдлүүд үүсдэг. Ийм хүмүүс ерөөсөө бусдаасаа уучлал гуйдаггүй, тэр бүр сонин байдаг. Би ерөөсөө ойлгодоггүй. Архи дарс уугаад зодоон цохион хийх нь гайгүй ээ. Өрөөндөө дуу чимээ их гаргалаа гээд хажуу өрөөний зочид нь гомдол гаргах тохиолдолууд мэр сэр байдаг. Хаана ч явсан монголчууд архи уудаг гэж хэлүүлдэг нь таагүй байдаг. Тааруулж уух нь чухал байна аа. Зарим нь орой нь шоудаад, архи дарс уугаад өглөө автобусанд цагтаа орж ирээд суудаг ч гэсэн автобусанд орж ирэнгүүтээ сандлаа хойшлуулаад амаа ангайгаад нам унтаад өгдөг. Би тэр өдрийн аялалдаа бэлдсэн түүх, аяллын мэдээлэл, хөтөчийн зүгээс өгөх ёстой мэдээ, мэдээллээ өгч чаддаггүй. Ямар ч хариу үйлдэл байхгүй, аялалдаа сонирхож кайф авч байгаа юм байхгүй явдаг нь урамгүй байдаг. Уг нь сонсоод, жаахан ч гэсэн ирсэн газрынхаа сонин хачинг мэдээд авсан бол тэр хүмүүст тун хэрэгтэй. 

Яагаад Хайнан арлыг газрын диваажин, хайрын диваажин гэж нэрлэдэг юм бэ?

Үзэсгэлэнтэй байгаль, машид таатай цаг агаар, цэвэр агаар, цэвэрхэн ус, далайн эрэгтэй болохоор хүмүүс энд ирж хуримаа хийдэг, бал сараа тэмдэглэдэг. Яг зүрхний хэлбэр нэг арал бас энд байдаг. Сайхан орчинтой болохоор Хайнан арал дээрх хуримын зураг авалтууд их хийгддэг. Монголчууд ч гэсэн хэзээнээс эхлээд 40, 50-аараа ирээд хурим, бал сараа энд тэмдэглэдэг болсон. Хайнан арлыг коконат буюу Наргил модны арал гэж мөн нэрлэдэг. Наргил мод болон түүгээр хийсэн хоол унд, бүтээгдэхүүнээрээ их алдартай. Хайнан гэдэг нэрний хувьд Хай гэдэг нь далай, Нан гэдэг нь өмнөд гэсэн утгыг заадаг. Өмнөд орон, өмнөд тэнгис гэсэн үг. 

Хүн нүдээ ганц удаа аниад нээхэд нэг өдөр өнгөрдөг буюу унтаад сэрнэ. Харин нүдээ аниад дахиж нээхгүй бол нэг нас тэр чигээрээ өнгөрдөг гэдэг Хятадын алдартай жүжигчний хэлсэн үг бий. Тэр нь хором мөч бүрээ эрхэмлэн сайхан өнгөрөө, хажуудах хүмүүсээ хайрлан хүндэл, маргааш гэж битгий хүлээ, өөрөөсөө бүү харамла, аль болох олон газар аялан өөр хүмүүстэй танилцаж, дэлхий ертөнцийг мэдрээрэй гэсэн санаа юм шүү. Хүнээс булааж авч болдоггүй гурван зүйл байдаг. Эхнийх нь, таны эзэмшсэн мэдлэг, боловсрол, хуримтлуулсан Турсшлага. Хоёр дахь нь таны өөртөө зарцуулсан мөнгө төгрөг, хөрөнгө оруулалт. Жишээ нь, сайхан аяллын дурсамж, өөрийгөө шагнаж авч идсэн амттай хоол гэдэг ч юм уу. Гурав дахь нь эрүүл мэнд, бие махбодь. 

Хүн аялахын тулд дараах гурван нөхцлийг өөртөө бүрдүүлсэн байх ёстой гэдэг. Үүнд мөнгө, цаг, эрүүл мэнд. Энэ гурвын аль нэг нь бүрдээгүй бол та хичнээн хүссэн ч аялаж чадахгүй. Иймээс сайхан аялахын тулд өөрөөсөө мөнгө бүү харамлаарай, ямар ч завгүй байсан хааяа ч гэсэн өөртөө заавал цаг гаргаж байгаарай, аяллын сайхан дурсамж бүтээийн тулд та эрүүл сайхан байгаарай гэж хэлмээр байна. Хамгийн сайхан дурсаж эрүүл саруул биетэй байж л биелдэг. 

Таны сайхан дурсамжийг хэн ч, хэзээ ч таниас булааж, хулгайлж, дээрэмдэж авч чадахгүй.

Иймээс боломжтой бол сайхан аялж байгаарай, заавал та өөрийнхөө мөрөөдлийг дурсамж болгон хувиргаарай гэж хэлмээр байна. Гоё хүмүүстэй нэг баг болж аялахад хэчнээн удаан явсан ч ядардаггүй сайхан байдаг. Харин онцгүй хүмүүстэй таарвал амралт биш болж хувирдаг шүү. 

Бид Хайнан арлын аяллаа улам сайхан болгохыг хичээж байгаа. Сармагчны арал, Бурхан Буддагийн хөшөө, хайр дурлалын гоё газрууд зөндөө бий. Гэтэл аяллаар ирж байгаа монголчууд дэлгүүр хэсье л гээд байдаг. Дэлгүүрийг хэзээ ч хэсэж болно шүү дээ. Хөтөлбөртэй аяллаар ирж байгаа бол тухайн улс, хотынхоо соёл, байгалийн үзэсгэлэнт газар, уламжлал, онцлог зүйлтэй нь заавал сайтар танилцаж байвал сайн шүү дээ. Хятадыг мэдрэе гэвэл Бээжин, Шанхай, Шэнжин, Гуанжоу хотуудаас гадна Өвөрмонгол, Шинжаан, Төвд, Юньнань, Шичуан (панда баавгай үзэх боломжтой), Чунчин хотуудаар аялаарай.