Сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэх үү?

“Оюу толгой” төслийг эргэн авч хэлэлцсэн хэлэлцүүлэг парламент дээр боллоо. Мөн ч үйлээ үзэж яваа толгой л доо. Энэ төслийг хөдөлгөх гэж монголчууд дотроо зургаан жил хэрэлдсэн юм. Арай гэж эхлүүлсэн. Манайх ганц хоёр ордоо эргэлтэнд оруулах гэж арван жил хэрэлдэж зодолддог, тэр урсгасан цаг хугацааныхаа хэрээр улс орон маань улам уруудан доошилж ирсэн л түүхтэй. Одоо ядуугийн туйл, хэрүүл тэмцлийн талбар, гадна дотныхны нүдэн дээр л энэ бүхэн нь өрнөж байдаг. Хөлд нь хөрөнгө оруулалтын орчин нь будаа болчихсон. Ийм л улс орон болж дээ.  

Хэдэн өдрийн хэлэлцүүлгээс юу ажиглагдсан талаар одоо хэдүүлээ ярилцъя. Том зургаараа харагдсан хамгийн том зүйл юу вэ гэвэл монголчууд бид юу ч хийдэггүй юм байна гэдгээ л мэдэж авлаа. Юу ч хийж чаддаггүй юм байна. Ширээний араас баахан хуралдаж хуйдсанаа ажил хийлээ гэж боддог хуучин социалист зан маань яг хэвээрээ байгаа юм байна. Манай томчууд бүгд л эх орныхоо төлөө том том хурал хийж,шийдвэр гаргажээ. Бүгд баатар. Хийсэн ажлыг нь сонсохоор нүдэнд нулимс хурам. Харин ар дээр үлдсэн бодит байдал нь 20 гаруй тэрбум долларын өрөнд орчихсон сууж байгаа баргар байдал маань. Нэдэр дээрээ бид цахилгаан станцаа ч бариагүй, зэс хайлах үйлдвэрээ ч хийгээгүй, гарч байгаа юмаа ч шинжилж чаддаггүй хэвээрээ. Тэнд уурхай биш мөнгө хүүлэлт л явагдаж байдаг. Нөгөө гоё хуралдаад гаргаад байсан шийдвэрүүдээ ажил хэрэг болгох гэж зүтгээгүй шахам. Бодит хөрсөн дээр жинхэнэ ажил хийх нь цаасан дээр шийдвэр гаргахаас хэцүү л дээ. Энэ л манай гол тээг. 

Бас нэг зүйл бид бие биедээ ямар эвгүй, ямар муухай, ямар арчаагүй ханддаг болчихсон юм бэ. Яагаад бид нэг нэгнээ шууд утгаар дайсан гэж хардаг ард түмэн болчихсон юм бэ гэдгээ том дэлгэцээр олж харлаа. Бид юун дээр ч нэгдэж чаддаггүй. Тийм учраас улс үндэстнээрээ нэгдсэн шийдвэрт хүрч чадсан нэг ч зүйлгүй өдий хүрсэнээ мэдэв. Төрийн эрх мэдлийг барих нам солигдоод л, Засгийн газрууд солигдоод л яваад байна. Өмнөхийнх нь явуулж байсан бодлого шийдвэр хуучинтайгаа хамт хаагддаг. Төрийн бодлого шийдвэрт уламжлал гэж байхгүй болчихсон. Мэдээж сайн өвийн тухайтад ярьж байгааг эрхбиш ойлгож байгаа биз ээ. 

Нэг Засгийн газар нь гадны орнуудтай гэрээ хэлэлцээр хийгээд, ажил яриад явж байдаг. Дараагийн Засгийн газар гарч ирээд ахиад шинээр “ярьдаг”. Энэ ойворгон байдал нь гадныхны өмнө Монгол Улсыг ямар ч барьцгүй, хамтарч юм хийж болдоггүй, өөрсдөө юу ч чаддаггүй орон болгож хувиргалаа. Монгол гэдэг ганцхан эрх ашгийн дор нэгдэж чаддаггүй. Нэг хэсгийнхнийхээ хийсэн ажлыг нөгөө хэсэг нь гарч ирж нураагаад л, хоорондоо хэрэлдэж тэмцэлдэж, улсаараа нэг нэгнээ буллидэж суухаас өөрийг хийлгүй өдий хүрчээ. Юутай их харуусал, юутай их гуниг вэ. 

Одоо үргэлжлүүлээд саяны сонсголоо тойрч хэрэлдээд бодиттой ажил ер нь хийхгүй байх даа гэх л гутранги сэтгэгдэл төрөх юм. 

Хийсэн хэдэн сонсгол хэлэлцүүлгээ харахад хэд хоног хэрэлдээд л улсаараа улайсдаг. Ямар ч шийдвэр гаргадаггүй. Нэг нэгнээ яллах баахан, хагас дутуу ойлголттой хоцроно. Харин цаасан дээр бол энэ хуралхуй нь дурайтал үлдэх биз. Дараа нь бид ийм гоё хэрүүл тэмцэл хийсэн гээд уйлаад гэнэн сонгогчдод үзүүлээд явахад зарим улстөрчдөд хэрэгтэй л дээ. 

Одоо хэдүүлээ яах вэ. Хэзээ бид ажил хийж чаддаг ард түмэн болох вэ. Хамгийн энгийнээр хэлэхэд юм хийдэг улс орон л урагшилдаг хорвоо шүү дээ. Цэнхэр гарагийн ахуй амьдралын алтан дүрэм ерөөсөө л энэ. Айл гэрийн түвшиндээ ч ердөө л энэ. Гэтэл манайхан утсаа маажаад л улс төржөөд хэвтээд байдаг. Ам нь л зөвхөн хөдөлдөг. Харсан, үзсэн болгоноо ад үзэж зүхдэг, илүү хөдөлмөрлөснөө, илүү амжилтад хүрснээ үзэж чаддаггүй, атаа хорсолдоо живчихсэн, оюу санааны доод намагт бие бие рүүгээ чулуу шороо цацалцан дөрвөн уулын дунд багталцаж ядан,багтарцгааж суудаг болсон. Хэзээ бид Нэг Монгол, Нэгдсэн Монголын төлөө гэдэг ойлголтон дороо ирж сууцгаах юм бэ. 

Хэлэлцүүлэг энэ төслийн талаар мэдээлэл сонирхдог иргэдэд тодорхой ойлголтууд өгсөн байх. Нөгөө талаар хоосон цэцэрхэгчид, хуурамч эх орончдод тархи угаалтын бөөн бөөн олз шидсэн ч байх. Үүнийг үгүсгэхгүй. 

Рио Тинтогийн ард суучихаад Монгол Улсын нэр хүндэд ашиггүй маргаануудыг хөөрхөн түлхэж өгөөд байж байдаг Онтре ХХК-ийн гүйцэтгэх захирал СтивенСкотт гэж нөхөр олон улсад манай талаар таагүй сэтгэгдэл өгөөд л гүйж байна. Энэ үнэн. Үнэндээ Онтрэ ХХК бол цаасан дээрх л компани гэж нэг хэсэг маань загнаж байна. Гэхдээ нөгөө талаас Онтрегийн лиценз гээд байгаа зүйл бол бидний гартаа чанга атгаж суух барьц гэж үзэж байгаа хэсэгтэй би хувьдаа санал нэг. Бид сэрэмжтэй, ухаалаг, буурь суурьтай байх хэрэгтэй байна. 

Ерөөсөө бидний гол алдаа Засгийн газруудын бодлогын залгамж чанар алдагдсан. Дур дураараа тоглох гэж дүрэм зохиодогт л байна шүү дээ. Дээрээс нь төрийн байгууллагуудынх нь үйл ажиллагаа хоорондоо авцалдаагүй. Бидний энэ мулгуу байдлаас болоод “Монголчууд бол дүрэмгүй тоглогчид, тэдэнтэй юм яриад нэмэргүй” гэсэн нэлэнхүй пиар дэлхийгээр явчихсан. Одоо үүнийгээ яаж залруулж явах юм. Үүнийхээ төлөө ажиллацгаая л даа. 

Өөрсдөө хов жив, цуу яриагаар амьсгалдаг болчихсон болохоор улс орондоо ямар ч ашиггүй мэдээллийг шүүрч аваадтоглож суудаг болтол тэнэгэрлээ.  

Жишээ нь, өнөөдрөөс эхлээд “Рио Тинто хятадуудад хувиа зараад гарах гэж байна” гээд л цуурцгааж байна. Гэтэл “Рио Тинто нь Монгол Улсын Засгийн газраас асуухгүйгээр хувьцаагаа шилжүүлэх эрхгүй” гэсэн тусгай гэрээ байгаа шүү дээ. Сэрэмж илүүдэхгүй гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ эх орондоо ямар ч хэрэггүй юм ярьж, түүнийгээ улс төржүүлэн орилж давхидаг, нийгмээ үймүүлж самардаг, хөнгөн савсаг тоглогчдоор нийгмийн уур амьсгалаа базуулаад баймааргүй байна. Монгол баахан галзуу солиотой савдгуудын орон болчихлоо. (савдаг)

Яг одоо бидний амьдрал улам хүндэрчихээд байна. Төсвийн орлого тасарчихлаа. Үүндээ санаа зов. Төр чинь төсөв хүндрээд ирэнгүүт эргээд татвар бүрдүүлдэг хувийн хэвшлийнхнээ “зодоод” уналаа. Түрүүчээсээ томоохон группууд байр сууриа илэрхийлцгээж эхэлж. 

Төсөв хүндэрсэн нэрийдлээр  татварын байгууллага нь ААН-үүдийн данс тооцоог хааж, дотроос нь мэдэгдэлгүйгээр мөнгийг нь авч, татварын шалгалтуудыг шил дараалан оруулж дарамталж байгаа талаар компаниуд ноцтой мэдэгдэл хийж эхэлсэн байна.

Төсөв хүндрэх гол шалтгаан нь ганцхан ААН-үүдийн татвараа төлөхгүй байгаа байдлаас болж байна гэж манай “хөөрхөн” Засгийн газар харж байгаа юм байна. Төрийн бүх сангуудынх нь тоногдсон байдал, Төрийн өмчит газруудынх нь санхүүгийн сахилга батын асуудал, баахан хэрэггүй төслүүд хэрэгжүүлэх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа цацсан алдааных нь буруу биш юм байх. Ахиад л хувийн хэвшлээ шанаадаад уналаа. Дотоодын хөрөнгө оруулагчдаа ингэж үздэг Төр цаашаа хэд алхах юм бэ. Даруй энэ байдлаа зогсоож хувийн хэвшлийнхэнтэйгээ хийх ойлголцлын, хамтын ажиллагааны хэлэлцээрүүд рүү ормоор байна. 

Биднийг сонсголоо тойроод хэрэлдэж суух зуур алтны үнэ хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Одоо яах ёстой вэ. Манайд эсрэгээрээ ийм “алтан үе”-д алтны олборлолт бараг уначихсан. Бидний өөрсдийн мааньбалагаар шүү дээ. 

Шинжээчид халаглаж байна. Алтны үнэ 1979 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрч, унци нь 4,000 ам.доллараас давчихлаа. Энэ оны 10-р сарын сүүлээр алтны үнэ 2024 оны хаалтын үнэтэй харьцуулахад 50%-иар өссөн гэсэн үг юм байна. 2026 оны урьдчилсан мэдээгээр алтны үнэ дунджаар унци нь 4000 ам.доллараас давсан бол ирэх жил бараг 5000 ам.доллар хүртэл өснө гэсэн таамаглал яригдаж байна. 

Гэтэл манайх алт олборлогч компаниудаа улс төрийн хар гэрт хорьж тоглодог. Ид олборлолтынх нь цагаар хаалгыг нь барьж, халуун наранд ажилчдыг нь гадаа суулгаж гэсгээдэг...

Төрийн алдаа түмний нүдэнд чулуу болж тордог юм байна. 

Одоо тэгээд хэдүүлээ яах вэ, саяын сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэцгээх үү ?