Торгуудын сүүлчийн нүүдэл
Манай энэ цагийн үеийн шилмэл нангиадч, СГЗ Ц.Сүрэнжав ахын “Торгуудын туужууд” ном Ханбүргэдэйн номын дэлгүүрт байсныг олзуурхан авсан юм.
Манай энэ цагийн үеийн шилмэл нангиадч, СГЗ Ц.Сүрэнжав ахын “Торгуудын туужууд” ном Ханбүргэдэйн номын дэлгүүрт байсныг олзуурхан авсан юм. Гэтэл Францад байгаа эгч маань уншихыг тэсгэлгүй хүсэж, хурдан явуул гэсэнд тул даруй эгчдээ өгч явуулаад ахиад нэгийг очиж авлаа. Уншаад бүр олон хүн уншаасай гэж бодов.
Хэдийг ч авсан харамсамгүй ном байдаг, аваад хүнд бэлэглэсэн ч нүүр бардам. Басхүү зохиол бүтээл бичигч хэнээс боловч бид үнэгүй ном авахаас ичээд байдаг юм. Нөр их оюуны болоод биеийн хөдөлмөр, судалгаа ордог, дээр нь номоо хэвлүүлэх гэж дизайн хийлгэх гэж их мөнгө зардаг. Тэгж гарсан юмыг үнэгүй авах ичгэвтэр. Эрхбиш оюуны талбарт ажилладаг тул энэ чигийн найз нөхөд олонтойн дээр эхнэр бид хоёрыг “сайн уншигч” гэж их л тоож номоо бэлэглэх гэж тэд маань их зовоодог юм. Тэгээд бүтээл ном нь үнэтэйхэн рестораны ганц порц хоолны үнэд хүрэхгүй, олон жил бодож бичсэн номоо 300 хувь хэвлүүлэхэд нэгэн жилийн хоолны мөнгийг төлж хүрэхгүй байгаа нь тэдний биш бидний л оюуны хэмжээ юм даа. Тиймээс энд тэнд номын дэлгүүрт явж байхдаа таарвал зохиолчид нь хэлэлгүй “нууцаар” авч уншчихаад “Таны тэр номыг уншлаа, тэр үйл явдал сайхан юм, энэ бодмоор юм, бас нэг ийм юм сонссон” гэх зэргээр ярихад баярлаж байгаа нь утасны цаанаас ч андашгүй байдаг билээ л.
Хүн хичээж бичсэн номыг нь зарж байгаа нь энэ гэж 30% нэмдэг лангуутай тул, олон уншигчид бас их үнэтэй санагддаг байх, заримдаа айлчилж тохиох цагт номыг авлаа ч заавал мөнгө өгдөг заншилтай болохыг хичээж байдаг юм. Өвгөн ах Сүүеэ маань ч сарын өмнөөс утсаар яриад л “Ном гарсан тул ирж ав” гэсэнд нэгийг ч болов амжиж уншсан минь нэгд хөдөлмөрийг нь хүндэлснийх, хоёрт очоод ярих юмтай байх гэснийх. Өнөө л улиг болсон улстөр ярьж, хүн муулахаас ном ярих юутай сайхан билээ, харьж явахад ч ухаан цэлмээд сэтгэл тэнийгээд...
Сүүеэгийн энэ номд “Өвгөн бүргэдийн төгсгөл”, “Хөх тарианы намар”, “Морин тарвага”, Ам цагаан эсгий дээр”, “Амьдарч чадвал үхэж чадна”, “Улаан Пүүжээ” гэсэн зургаан тууж оржээ. Энэ зургаан туужийн үйл явдлууд тэртээх Зүүнгарын хядлагын үед эцсээ хүртэл үзэлцээд Халимаг руу одсон (Сэрэн) Шээрин тайшийн их нүүдлээс эхлээд өнөө цагийн хилийн харуул эгэл торгууд эрийн тухай цаг хугацааны өргөн үеийг хамарчээ. Эдгээр туужуудад түүх, угсаатны зүй, хэл шинжлэлийн асар их мэдээлэл, ахуй амьдралын арвин их туршлага, хятад хэлний магнайдаа тоосгүй гүүшийн судалгаа зэрэг их ч зүйлийг “Үхрийн махыг үнхэлцэгэнд нь багтаах”-ын эрдмээр өчүүхэн ч зайгүй чигчиж орхисон нь заримдаахарамсам. Бараг нэг догол мөр нь дахиад нэг тууж, ахиад нэг роман, үгүйдээ өгүүллэг болом...
Эднээс нэгийг л жишээлье! Энэ бол 1940-өөд оны дундуур хийсэн торгуудын сүүлчийн нүүдлийн тухай тууж юм. Тэнгэр уулаас Алтай хүртэл 2000 мод газрыг “тэмээгүйгээр” арваадхан хоногт туулж ирсэн тухай гайхам түүхийг бичжээ. Олон нүүдэлчдийн хувьд бас л алс их нүүдэл л дээ, Ижилээс Зүүнгар хүрсэн торгуудуудын тухайд “бага” нүүдэл гэх ч бас хаашаа юм. Мөн л араасаа Хятадын цэргийн мөрдлөгө, зам зууртаа хасаг, бурд, уйгурын дээрэм, довтолгоон дундуур нутгаа тэмцсэн нүүдэл.
Эдүгээ Жимсайр гэгддэг Тэнгэр уул орчим нүүдэллэн очсон Ван, бэйлийн хошууны торгуудуудыг эрхшээх гэсэн Шинжааны цэргийн эрхтэн торгуудуудын Мафган гэдэг Ма Буфаныг сандаргасан нүүдэл билээ. Нүүдэлчид газар орноо нутаглаж эзэгнэдэг. Чухамхүү Зүүнгарын хаант улсаас хойш тэр өргөн уудам нутагт үлдэгсэд алсын нүүдлээр нутгаа эзлэн оршиж байж. Торгуудууд Алтайгаас Тэнгэр уулын хоорондох нутагт нүүдэллэдэг байжээ. Шулуундаа 1500 км нутаг шүү дээ! Торгуудууд нэгэн жилд Булган голын хөвөөнд, нэгэн жил Цонжид, нэгэн жил Тэнгэр ууланд нүүдэллэж явдаг байж...
... Алтайгаас нүүдэллэж очсон хуучин Ван, бэйлийн хошууны торгуудуудыг Мафган Тэнгэр уулын “Далинкоу”, “Сяолинкоу” буюу Их, Бага модны аманднутаг зааж суулгаад, нүүлгэлгүй хорьж, ингэхдээ хурдан нүүж зугтахаас сэргийлж бүх тэмээдийг нь хурааж авсан байжээ. Ингээд малын шүй татвар авч хааш нь хөдөлгөлгүй хорьсонд торгуудууд хэлэлцэж сэжиг авахуулахгүйн тулд жилийн өмнөөс үхэр, цар (шар үхэр) цуглуулж, нүүдэлд сургаж бэлтгэжээ.
Ингээд мал таргалсан намрын цагт хөдлөхөөр болсон ба өмнө нь Бээлийн хошууны цөөн айл нутгаа тэмцжээ. Тэр нүүдэл 10 хоног яваад Булган голд эсэн мэнд хүрсэн чимээ занги ирсэнд Вангийнхан Дугар мээрэнгээр толгойлуулан хөдөлжээ. Ингэхдээ сайн морьтой залуус нэгэн орой Жимсайрын гол суурингийн архины мухлагуудад архи уух нэрээр орж, маргаан самуун дэгдээгээд түймэр тавьж орхиод морины сайнаар зугтан оджээ. Харин торгуудууд тэр өдрийн өглөө үүрээр нүүсэн байж. Хятадын цэргийнхэн түймэр унтраахаар ноцолдож байх зуурт хоёр өдөрчийн газар хожиж, нэгэнт холдсон байж. Тэмээгүй, хурдан нүүх аргагүй тул ийм арга хэрэглэж л дээ.
Ингэхдээ үхэр ачаалж, нялх бага хүүхдүүдээ арагт хийж царын нуруунд тэгнээд малдаа нийлүүлж туугаад оджээ. Хятадын цэргийн эрхтэнүүд буухиа элч илгээж, цахилгаан утас явуулж, Булганыг зорин одсон торгуудуудыг замд нь талбал цаазгүй гэж зарласан аж. Яг Халимгуудыг алдсан Оросуудтай адил загнасан хэрэг.
Торгуудууд нүүдлийн манлайд хол зайд хашир туршлагатай хүмүүсийг толгойн сэргийлэхтэй явуулсан нь дайсан ирвэл буцаж ирж нүүдлийг хориглоход бэлтгэх үүрэгтэй байж. Мэргэн бууч сайн морьтой залуусыг ардаа зайтай халхавч сүүл болгож дайсан ирвэл няцаах, хориглох боломжтой газар хүртэл тогтоох үүрэгтэй хуваарилж, хүүхэд хөгшид, мал ахуй, бурхан тахилаа лам нар, идэр эрс хоёр жигүүрт гарч дундаа авч явжээ. Тэдгээрийн хооронд холбоо барих сайн морьтонгуудыг ч хуваарилж...
Ингэж явах замдаа 10-аад айлын 50 шахам хүн нүүдлээс төөрснийг хасгийн дээрэм хядаж. Тэднийгээ хайж олохдоо давсгаараа нэвт жадлуулсан ганцхан залуу бүсгүй амьд байсныг авч явсан эмгэнэлт гунигт түүхийг энэ туужид нүдэнд харагдтал бичжээ. Зам зуурт түргэн зугтахын тулд өдөртөө ганц буудаллаж, дээрэмчдэд сэр авахуулахгүйн тулд гал түлэлгүй сүү, чигээгээр хооллож, хөхүүл эхчүүд нялх хүүхдээ оройдоо ганц хөхүүлж, үлдсэн гээгдсэнийг олохын завдалгүй, цэрэг дээрэмд гүйцэгдэлгүй нүүсэн бас л нэгэн зоримог нүүдлийн түүх... Энэ цагаас хойш Монголын аль ч овог аймаг ингэж хол нүүсэнгүй ээ, энэ бол нутгаа тэмцсэн сүүлчийн нүүдэл байж.
Энэ зуур нүүдлийг толгойлж явсан Дугар мээрэнгийн ганц хүүгийн аминд аюултай өвчнийг алтан төөнө хэмээх монгол эмчилгээгээр эмнэсэн гайхалтай түүх бас энэ туужийнх юм...
“Амьдарч чадвал үхэж чадна” туужид мөн л 1920-иод оны дундуур Булган голд өвөлжихөөр Баруун Цонжоос нүүж ирсэн торгуудууд Булган голын цаахна, Алтайн өвөрт хэдэн зуугаараа тахалд хиарч, үлдэгсэд нь тахлын нян тэсэхгүй болсон тэсгим өвлийн хүйтэнд Булган голын мөсөн дээгүүр гэр малаа хаяж явган нүцгэн орж ирсэн уйлам түүхийн тухай өгүүлдэг. Ингэхдээ орж ирэгчдийг ариутгахын тулд Булган голын бургасыг шатааж утаан дундуур явуулж авсан байдаг... Гол баатар нь ганц охинтойгоо үлдсэн эмэгтэй...
Саяхан хошуудын нэгэн дууг сонсоод энэ түүх санагдав. Булганы хошууд, торгуудын дунд дуулдаг байсан, өдгөө Шинжааны монголчууд их дуулдаг тэр дууг дуучин Адарсүрэн “Хонхон цэцэг” нэрээр дуулж бичүүлсэн байдаг. Тэрээр Булганы хилийн отрядад алба хааж байхдаа сурсан байх, гэхдээ үгийг өөрчилжээ...
Жинхэнэ үг нь: “Уулын оройд цасан буулаа,
Усны хөвөөнд мөсөн тогтлоо
Уяхан зантай эгч нар минь
Ирэхээн оораад юун болов аа? гэж байдаг.
Намар ирж өвөлжөөндөө буух байсан ах эгч дүү нар нь өвөл эхэлсэн ч сураг чимээ тасарсанд санаа зовсон хүний гашуун гунигийн дуу! “Оораад” гэдэг нь “байгаад, болиод” гэсэн үг л дээ! Орчин цагийн монгол хэлэнд хуучин үг байдлаар “оорцог” гэдэг үгэнд үлджээ. “Оор” гэдэг нь “өөр” л гэсэн үг. “Ирэхээн оораад” нь орчин цагийн хэлэнд махчилбал “ирэхээ өөрчлөөд” гэж болох. Энэ бол хилийн цаана үлдэгсэддээ зовнисон зовнил нэвт шингэсэн өр эмтэлсэн дуу л даа! Ийм түүх торгууд нарын дунд олон бий... Тэр олон түүхээс гуниж гутарч биш хатуужиж давсан олон үйл явдлууд энэ зургаан туужид бий.
Ийм түүхийг залуу халуун явахад сонсоод баатарлаг, дайчин түүх гэж омойтдог байсан бол өдий насан дөч гарахаар ард түмнээ хайрлах өрөвдөх, сэтгэл эмтрэн гуних нь илүү болжээ. Дуу хүртэл өөр сонсогддог аж.
Чухам Булган гол, Байтаг богдод энх цаг эхлэхийн өмнөх сүүлчийн буун дуу хадаж, Бадам баатар тэргүүтэн торгуудын сайн эрс хилээ хамгаалж, улсын эрхийг бататгахаар тагнаж, дайтаж, олзлогдож тамлуулж, ялж явж. Зориг зүрх, зовлон хатуужлын туйл болсон нүүдлээс ирэхдээ өөрийн Дашпандэнлин гол шүтээн Алтан Зонхов бурхнаа ч авч ирснийг нь Гандантэгчинлэн хийд залж, гол шүтээнүүдийн нэг болгож... Ийм л ард түмний амар амгаланд хүрсэн тухай маанийн зургаан үсэг шиг ”Торгуудын туужууд”.
1911 онд Ховдын амбанг хотын орхиж явах тулган шаардах бичгийг хүргэж өгсөн торгуудын Төмөржин гүнг (Богдын зарлигт Төмөрцэрэн гэсэн байдаг) Монгол цэргийн зүрхийг үхүүлэхийн тулд тамлан зовооход энэлэн шаналсан дуу нь 7 хоног хэрэмний цаанаас сонсогдсоноор эхэлсэн тусгаар тогтнолын түүх Бадам баатарыг тарчилган нөгчөөсөн тэр түүхээр эцэслэж дархан хил маань өнө батад тогтсон билээ л, торгуудуудын тухайд!
Ийм ард түмнээн сэтгэл харамгүй магтана, хатуужилтай хөдөлмөрч дайчин ард түмэн улс орныхоо бүтээн байгуулалтанд ч идэвхийлэн зүтгэж олон хөдөлмөрийн баатар, төрийн шагналтан, гавъяатнуудыг төрүүлжээ. Хамгийн сүүлд саяхан ах Мөөмүүн Тулгыг минь төр соёрхож, Ерөнхийлөгч Аж үйлдвэрийн гавъяат ажилтан болгоход хүдэр чийрэг, бадриун ах минь насны эрхээр жижгэрснийг харав. Мөн ч дайчин, хөдөлмөрч, эртэй хүн дээ!
Хэдхэн жилийн өмнө энэхүү туужуудыг бичсэн Цэрэнгийн Сүрэнжав агуайг СГЗ болоход нь жаахан халамцаад “Монгол Улс маань үнэхээр соёлжиж дээ, алах булахдаа дуртай ардаг догшин торгуудаас соёлын гавъяат зүтгэлтэн төрж байхыг бодоход...” гэж явуулж байсан ч санагдана. Энэ хоёр ах маань нэг ангийнхан юм. Нуршихаа орхиж, уншигчиддаа амтархан, бахархан уншихын урт мөрүүдийг үлдээгээд, Монгол улсынхаа нэгээхэн хэсэг торгуудынхаа түүхийг “Торгуудын туужууд”-даа мөнхлөн үлдээсэн эрхэм хүндэт Сүүеэ Танд гүнээ таларму!
Амгаа
Зүгээр л хүнээрээ байгаа хүн...
Баатаржав
АРД
Halh borjigin minii bie ee hu hu
Бб
Иргэн
Уншигч
Лхагваа
Б.Мандах
үхэр халх
Зочин