Өнгөрсөн хоёр хоногийн турш нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан шинэ Үндсэн хуулийн төсөлд ЗГХЭГ-ын дарга Д.Амартүвшин өчигдөр тайлбар хийв. Ингэхдээ “Улс төрийн намуудын зөвшилцлийн ажлын хэсгээс ийм төсөл оруулж ирсэн нь үнэн. Гэхдээ Үндсэн хуулийн төсөл бичлээ гээд тэр нь хууль болж батлагдах албагүй. Хамгийн багадаа 2-3 жилийн ажил болно” гэсэн байна. Харин МАН-ын хувьд шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх өмнөх байр суурин дээрээ байгаа гэв. Гэхдээ энэ ч бас баталгаатай биш...

Олон нийтийн сүлжээгээр тараад байгаа “Тавдугаар шинэ Үндсэн хууль” гэгчийн төсөлд МАХН-аас гадна ИЗНН, МУНН, МҮАН,ШИНЭН зэрэг дөрвөн намын дарга гарын үсэг зураж, МАХН-ын дарга Н.Энхбаяр ажлын хэсгийн хэсгийн ахлагчаар ажиллажээ. Өнгөрөгч оны аравдугаар сарын 25-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төслөө хүргүүлсэн. Гэвч үүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөхөд хэн ч энэ талаар ам нээсэнгүй. Ийм “зөвшилцөл” байж болох уу?   

Мөн “Улс төрийн намуудын зөвшилцөл” нэрээр байгуулсан энэ ажлын хэсэгт нь эрх баригч МАН болон сөрөг хүчин АН, ХҮН оролцоогүй нь бүр ч хачирхалтай. Дээр нь шинэ Үндсэн хуулийн төслийг иргэдийн Зөвлөлдөх санал асуулгад оруулахаар эрх баригч намаас огт төлөвлөөгүй явж байсан чинь өөрөө гүйж очоод санал асуулгад багтчихсан байсныг санал асуулга явуулахаас хэдхэн цагийн өмнө /урд орой нь/ олж мэдээд яаруу сандруу хассан гэнэ. Яг үнэндээ бол олон нийтийн сүлжээгээр шуугиад эхэлсний дараа л хассан хэрэг л дээ.

Тэгвэл шинэ Үндсэн хуулийн төсөлд,

-Монгол улс нийгмийн чиг баримжаат ардчилсан Бүгд Найрамдах Монгол Улс болно.

-Төрийн далбааг өөрчилж Соёмбо үсгийг голын хөх хэсэгт байрлуулна.

-75, 165 гишүүнтэй хоёр танхимт парламент байгуулна. Их хурлын гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилно.

-Гурван үеэрээ Монголд амьдарсан иргэд өөр улсын давхар иргэншилтэй байхыг зөвшөөрнө.

-Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл дээр “Хяналтын” гэх нэг цоо шинэ эрх мэдлийг нэмж, Хүний эрхийн дээд зөвлөл гэж нэрлээд Ерөнхийлөгч тэргүүлэх юм гэнэ. Тэр нь 25 хүнтэй, гэмт хэрэгтнийг уучлахаас эхлээд шүүх эрх мэдлийг давхар хэрэгжүүлээд явах нь… (Хуулийн төсөл нь нийтэд мэдээлэгдээгүй байгаа учраас нийгмийн сүлжээнд тавьсан сэтгүүлчийн мэдээллийг эх сурвалж болгов)

Заа, нэг иймэрхүү хуулийн төсөл МАН-ын даргын гарт очжээ. Мань хүн гэтэл түүнийг чив чимээгүй хав дарж байгаад “Зөвлөлдөх санал асуулга” гэж нэрлэсэн 1500 хүнээс санал авах гэж байсан нь баригдав аа.

Уг нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа тулбал Ард нийтийн санал асуулга явуулах хуультай. Яг сонгуультай адил Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр саналаа өгнө гэсэн үг. 2015 онд АН эрх барьж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулаад /сөрөг хүчин байсан МАН-тай хамтарч/ УИХ-аар оруулахын өмнө Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталсан. Ард нийтийн санал асуулгаар зөвхөн УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болсон нэмэлт өөрчлөлтийн төслийг заалт нэг бүрээр нь санал асуух ёстой.

Харин МАН-ын УИХ-ын сая баталсан /2022.12.22/ Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай  тухай тогтоол бол “Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой” хэмээн уг тогтоолд бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай огт холбоогүй гэсэн үг.

Гэтэл сая санал асуулгын төслийг боловсруулахдаа “1992 оны Үндсэн хуулиас үүдсэн нийгэм, эдийн засгийн асуудлыг шинэ Үндсэн хууль батлах замаар шийдэхийг та зөвшөөрөх үү?” гэдэг асуулт явж байсан  зорилго нь “Одоогийн нийгэм эдийн засгийн хүндрэл бэхшээл нь 1992 оны Үндсэн хуультай холбоотой учраас шинэ Үндсэн хуультай болъё” гэдэг саналыг иргэдээс өөрсдөөр нь гаргуулах гэсэн “заль мэх” юм л даа.

Ингэхэд Зөвлөлдөх санал асуулга гэдэг маань хаашаа яваад байна аа? Ерөөсөө Зөвлөлдөх санал асуулга явуулах болсон зорилго нь 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийг халах, тавдугаар шинэ Үндсэн хуулийг батлахад байсан юм биш биз?

Ер нь бол одоогийн манай сонгуулийн систем, тойргийн сонгуулиар улс төрийн жижиг намуудад ямар ч боломж олгохгүй байгаа нь үнэн. Хамгийн их мөнгөтэй, хамгийн том нам л ялалт байгуулах боломжтой, хэтэрхий “авилгажсан” сонгуулийн тогтолцоо. Гэхдээ ингэлээ гээд эдгээр намууд 1992 оны Үндсэн хуулийг халъя гэдэг санал гаргах нь бараг боломжгүй зүйл. Үүнийг боломжтой болгодог ганц зүйл нь мөнгө, эрх мэдэл шүү дээ.

Тиймээс энэ удаагийн шинэ Үндсэн хуулийн төслийг улс төрийн жижиг намууд парламентын засаглалаас “хонзонгоо" авахын тулд сэдсэн зүйл, түүнийгээ айж ичихгүйгээр МАН-ын даргад хүргүүлсэн хэрэг гэж огт харагдахгүй байна. Тэдний хувьд шинэ Үндсэн хууль ярьж байхаар сонгуулийнхоо тогтолцоог өөрчлөх, хувь тэнцүүлсэн системийг оруулж ирэх нь ганц арга зам.  Ялангуяа Н.Энхбаяр гэдэг ганц хүнд энэ бурууг тохох нь зүйд нийцэхгүй. Ард нь заавал нэг захиалагч байж таарна. МАН бол өлхөн чадна...

inews.mn