Суган доогуур батлагдсан "Сонгуулийн бүсчилсэн тойрог" гэгч нь
2016 оны сонгуулийн АН эрх барьж байхад УИХ-ын дарга З.Энхболд яг ийм тооцоогоор сонгуулийн хуулиа өөрчилсөн. Гэсэн ч сонгуулийн дүн эсрэгээрээ гарсан. "Тавьсан сумандаа оногдох" гэж юм улс төрд бий.
Бүрэн эрх нь дуусч буй энэ удаагийн УИХ, эрх баригч МАН-ын зүгээс парламентын чадавхийг сайжруулах, сонгуулийг тогтолцоогоо боловсронгуй болгох тал дээр багагүй чармайлт гаргаж, чамгүй эсэргүүцэлтэй тулгаран байж өнгөрөгч зургадугаар сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан явдал нь манайх шиг давжаа парламентын чадавхийг сайжруулах, улс төрийн намуудыг намуудыг төлөвшүүлэх, сонгуулийн тогтолцоогоо сайжруулахад чухал ач холбогдолтой зүйл болсон хэдий ч оны босгон дээр баталсан Сонгуулийн тойрог тогтоох тухай УИХ-ын тогтоол нь энэ бүх ололтоо буцааж нураах хэмжээний осолтой үйлдэл болов. "Сонгуулийн бүсчилсэн тойрог" нэрээр аймгуудыг нэгтгэж, тойргуудыг томсгосон явдал нь Үндсэн хуулиар тогтоосон сонгуулийн тогтолцоотойгоо харгалдсан, зөрчилдсөн зүйл боллоо.
Өмнө нь 2012 онд бид нэг удаа сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэж үзсэн. Ингэхдээ УИХ-ын 76 гишүний 28-ыг намын жагсаалтаар, 48-ыг нь том 26 тойрог буюу 20 аймаг, хотын зургаан тойргоос сонгож байлаа. Харин энэ удаа аймгуудыг нэгтгээд 7 тойрог, нийслэлийн 6 тойрогтой нийлээд 13 тойргоос 78 нэр дэвшигчийг сонгохоор болов. Нэр дэвшигчдийн буюу мандатын тоо нэмэгдсэн ч тойргийн тоог цөөлсөн.
2012 оны сонгуулиар гурван мандаттай нэг тойрогт 28 хүртэл нэр дэвшигч өрсөлдөж байсан бол энэ удаа мандатын тоо 5-10 болж нэмэгдсэн, тойргийн тоо цөөрсөн учраас нэг тойрог дээр өрсөлдөх нэр дэвшигчдийн тоо хамгийн багадаа 3-4 дахин нэмэгдэнэ. Говь-Алтай, Завхан, Увс, Ховд дөрвөн аймгийг нэг тойрог болгоод 10 мандаттай, Дархан, Сэлэнгэ, Төв гурав нэг тойрог болоод 10 мандаттай. Нам тус бүрээс 10 нэр дэвшинэ. Сонгуульд оролцох намуудынхаа тоогоор үржүүлээд бодохоор саналын хуудсанд багадаа 50-60 нэр дэвшигч бичигдэнэ гэсэн үг. Үүнийг мажоритари сонгууль гэж нэрлэж болох уу? Эсвэл намын жагсаалттай илүү адилхан байна уу?
Олонхи сонгогчийн хувьд энэ олон нэр дэвшигчээс сонголт хийхэд хэцүү. Нэг хэсэг нь намыг нь харж дугуйлах, нөгөө хэсэг нь олонд танигдсан гэдэг утгаар нь одоо эрх барьж байгаа намын хуучин кадруудыг сонгохоос өөр замгүйд хүрнэ. Монголчууд хэзээнээсээ “дээлний шинэ, хүний хуучин нь дээр” гэж ярих дуртай. Өөрөөр, “танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр” ч гэж ярьдаг. Дээр нь 48 нэр дэвшигч жагсаачихсан намын жагсаалтыг бас дугуйлах үүрэгтэй.
Ингээд харахаар оны өмнө УИХ-аар баталсан “сонгуулийн бүсчилсэн тойрог” гэгч нь сонгогчийнхоо эсрэг хуйвалдсан, сонгууль өгөх эрхийг нь хаасан, боогдуулсан зүйл болоод хувирчихлаа. Тэгээд хамгийн гол нь, өнгөрөгч зургадугаар сард баталсан сонгуулийн холимог тогтолцоотойгоо харгалдаад, зөрчилдөөд явчихлаа. Эцэст нь иргэд, сонгогчид “Сонгуулийн холимог тогтолцоо гэдэг чинь ёстой новшийн юм байна. Болъё, буцъя” л гэх болов уу.
Сонгуулийг тойргийг баталсны дараа, оны босгон дээр улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан телевизийн хэлэлцүүлэг дээр бусад намуудын зүгээс “Ийм том тойрог дээр ийм богино хугацаанд шинэ нэр дэвшигч гарч ирэх, сонгогчдод танигдах ямар ч боломж байхгүй. 3-4 аймагтай нэг тойргийг нэг удаа бүтэн тойрч ч амжихгүй” гэдгийг хэлж байсан. Суган доогуур гүйгээд батлагдчихсан "сонгуулийн бүсчилсэн тойрог" гэгч нь явж явж эрх баригч намд л ашигтай хувилбар болж байна.
Гэхдээ бидэнд бас нэг гашуун туршлага бий. 2016 оны сонгуулийн АН эрх барьж байхад УИХ-ын дарга З.Энхболд яг ийм тооцоогоор сонгуулийн хуулиа өөрчилсөн. Угаасаа Цэцийн хуультайгаа зөрчилдөж гарсан Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад сонгуулийн холимог тогтолцооноос буцсан төдийгүй жижиг 76 тойргоор сонгууль явуулсан. Нэр дэвшигч нартаа зориулж тойргийн дотор тойрог хүртэл байгуулж байлаа.
Гэсэн ч сонгуулийн дүн эсрэгээрээ гарсан. МАН дангаараа 65 суудал авсан үнэмлэхүй ялалттай, АН “үсгүй” ялагдсан хоёр дахь сонгууль (2000 оны сонгуулиас хойш) болсон юм. "Тавьсан сумандаа оногдох" гэж нэг зүйл улс төрд бий.
inews.mn