Тэнгэрлиг үндэстний талаар дахин өгүүлэх нь
Даян дэлхий дээр Иерусалим шиг ариун дагшин хот үгүй хэмээн жүүдүүд өөрсдөө, мусульманчууд, христианчууд нь ярьдаг юм билээ. Анх би 1996 онд энд очиж байлаа. Дараа нь алба амины ажлаар хэд хэдэн удаа очиж, очих тоолондоо өөртөө түүх соёл, үнэт өвийн шинэ зүйл нээж, нэг ёсондоо бол үзээд баршгүй түүхийн өв дотор орж явчихдагсан гэсгээд өнөө цаг руу татан авчирч, яагаад заавал жүүд нарыг устгах гэж дайрдаг цаад шалтгааныг олж тогтоохыг хичээе.
Тэнгэрлиг үндэстний талаар дахин өгүүлэх нь
Тайван цагт гэх үү дээ, Ойрхи Дорнодын одоогийн дайн хурцдахаас хэдэн жилийн өмнө American Interest сэтгүүлд ийм нэг нийтлэл тавигдсан байв. Даян дэлхий дээр хамгийн нөлөө бүх улс орнууд гэж хэн бэ гэдэгт хариулт өгчээ. Эхний байраа АНУ хадгалж, араас нь Хятад, Япон удаалж, Орос 4-рт, Герман 5-рт, Энэтхэг 6-рт, Иран 7-рт яваа ба 8-рт Израиль орж байжээ. Энэ улс Саудын Арабыг арагш оруулж, өөрөө дэлхийн нөлөө бүхий 8 дахь улс гэгдсэн нь тэр болжээ. Ийм рейтинг тогтоосон автор нь америкийн судлаач эрдэмтэн Волтер Рассел Мид гэгч байх ба тэрээр ямар үзүүлэлт шалгуураар тэгж жагсаав гэдгээ нүднээ буутал тайлбарласан байсансан. Ямар нэгэн шалгуур байж л олон улсын харилцааны хүчтэй тоглогч гэгдэн “хамгийн нөлөө бүхий” гэх тодотголыг өөртөө авна.
Израилийн нэр нөлөө өссөн нь нэгдүгээрт өндөр технологийн хувьд лидер улс болсон, хоёрдугаарт Ойрхи Дорнод дахь хүчний тэнцвэрт өөрчлөлт гарсан, гуравдугаарт израилийн эргийн дагуу байгалийн асар их хийн орд илрүүлж, жүүдийн энэ улс эрчим хүчний экспортлогч улс болох гэж байгаа, ийм гурван үзүүлэлтийн үр дүн гэсэн байв. Ийм гурваншалтгаанаар жүүдийн төрт-улс дэлхийн гол тоглогчдын нэг болж гэнээ. Явж явж Израиль нь Булангийн суннитын аядуу хаант улсуудын баталгаа болж хувирсан ба цаад аядуу монархиуд нь Иран ба лалын терроризмын өмнө хүчгүйдэж, түүнд нь Израиль тусална гэх таамгийг Волтер Рассел Мид дэвшүүлжээ.
Эндээс би юуг нь онцлох вэ? Хамгийн бодитой, гарцаагүй бичигдэх нь Израиль Улс инновацыг үндэсний гол үзэл санаа болгон хөгжүүлж чадсаныг нь жишээлмээр байна. Израилийн Ерөнхийлөгч агсан Шимон Пересийн нэг мэргэн үг буй. “Ойрхи Дорнодод хоёр янзын улс орнууд оршдог: газрын тосны нэг хэсэг улс, ариун дагшин нэг хэсэг улс гэж. Харин Израиль бол үнэмлэхүй ариун дагшин улс юм. Учир нь бидэнд юу ч байгаагүй. Байгалийн баялгийн хамгийн охь нь явж явж хүн л юм байна гэдгийг бид бодож олсон. Хүн л оршин буй газар орноо тэтгэн баяжуулдаг болохоос газар нь ард түмнээ тэтгэдэггүй гэдгийг олж мэдсэн” хэмээн айлдсан байдаг ба тиймдээ ч энэ улсыг“Start-Up Nation”–юу ч үгүй хоосноос эхэлсэн үндэстэн хэмээн нэрлэх нь зөв хэмээн тэрээр хэлж байсансан.
Юу ч үгүй хоосноос эхэлсэн энэ үндэстэн маань ингэхэд хэн байв? Тэд ертөнцөөс тэнд эргэж цугларсан, олон үеэрээ зовж тэнэж цагаачилж явсан,харин тэр инновацын амжилт гэдэг дээр бол хамгийн ухаалаг, боловсролтой цагаачдын цугларалт–бүтээн байгуулалт гээд ойлгочхож бараг болно. «Зөвлөлтийн алия» буюу СССР-ээс цагаачлан очсон 800 мянган жүүдүүд бол тэрхүү инновацын амжилтын хөрс суурь хэмээн үздэг юм билээ.
Израильд хүний хувь төөрөг гэж тусдаа байх шиг. Хүүхдийг бүр багаас нь программчлаад тавьчихна. Өндөр боловсролтой, өрсөлдөөнч хөвгүүд охид дунд сургууль төгсмөгцөө ЦАХАЛ гэх том сав руу явж орно. Тэр нь Израилийн батлан хамгаалах цэрэг нь. Тэнд залуус эр цэргийн алба хааж хатуужихын сацуу, амьдралын их сургуульд суралцана, хамгийн тэргүүний технологид суралцана. Агаарын цэргийн хүчин нь гэхэд л дэлхийд хамгийн анхны нисэгчгүй дрон бүтээгээд байлдаанд хэрэглэсэн нь саяхны түүх шахуу. Жижиг улс, цөөхөн хүн ам, хүн амаа дайнд эрсдүүлэхгүйн тулд бүтээсэн нисэгчгүй онгоц дрон гэгч нь одоо дэлхийн хамгийн шилдэг технологийн нэг болчхоод Ойрхи Дорнод байтугай бүр Украины дайнд хоёр талаасаа хэрэглэж байна. Цахалын байлдагчид нь стандарт бус нөхцөл байдалд дасан зохицох чадварт суралцана. Үнэлж баршгүй их туршлага тэндээсээ хуримтлуулна. Ингээд цэргээс халагдахад “start-up” ямар ч салбарт гүрийх чадварыг эзэмшинэ. Халагдсан дайчдыг төрөөс санхүүжүүлээд ертөнцөөр нэг жил заавал аялуулна. Бүр заавал шүү. Зундаа Монголд израиль жуулчид гэх залуус ганц нэгээрээ хот хөдөөгүй тэнэж явдаг бол тэд чинь шүү дээ.
Израильд “технологийн халуурал” үе үе доозоо хэтрүүлж, хөрөнгө оруулалт гэдгийг чухам татаж өгнө. Нэг жилд л start-up аж үйлдвэр нь 4.8 тэрбум ам.доллар босгосон жишээ 10-аад жилийн өмнө. Bloomberg-ийн дээхнийн нэг судалгаагааринновацын индексээр энэ улс дэлхийд эхний 5-д багтаж, Герман, Япон, АНУ ба Израиль гээд эхний хэд нь жагсана.
Гээд бичээд байвал Жүүдийн Төрт–улсыг магтах баримт өлхөн олдохоор. Магтахдаа чухал бус, ингэхэд эд маань хэнсэн билээ? Ертөнцөд хаана, хэзээ, хэдүүлээ вэ гэдэгт хариулт хайж гарчигт өгүүлснээ дэлгэрүүлье.
Дэлхийн өвөг үндэстэн гэвэл Ирак дахь езидүүдийн дараа орох нь энэ жүүдүүд юм. Он тооллоор нь аваад үз. Хүн төрөлхтөн григориан календариар 2024 оноо туулж байна. Тэгвэл жүүдүүдийн “Рош ха-Шан” хуанлиар 5785 оноо туулж яваа ба езидүүдийн “Сарсал” тооллоор 6774 он, мусульманчуудын хижрийн тооллоор 1446 он юм. Тэгэхлээр 5785 жил туулчихсан өвөг бөгөөд тэнгэрлиг үндэстний тухай ярьж байна.
Баримт. Даян дэлхий дээрхи жүүдүүдийн 67 хувь нь Хаант Орост аж төрж байсан гэх 1880 оны статистик бүртгэл бий. 1881-1906 онд тэдэн рүү айхтар дайрч давшлан хэлмэгдүүлсэн, дараа нь Октябрийн хувьсгал, ард иргэний дайнаар тэднийг айхтар хохироосноос 2 сая гаран нь Оросоос дүрвэж, үлэмж нь АНУ руу цагаачилжээ.
Баримт. Яг тэр үед Да Хүрээнд 100-150 жүүд байсан гэх тоо Израилийн зарим эх сурвалжид бичигджээ. Лавлаад үзвэл “Ургаа”, “Улан-Үд” гэх “У” үсгээр эхэлсэн лавлах буланд нийлүүлж, салгаж бичсэн байхыг би өөрөө үзсэн. Нийслэл хүрээний худалдаачин,үсчин, зурагчин, бага эмч жүүд нарын дотроос ардын хувьсгалын өмнөхөн зарим нэг нь манай хувьсгалчидтай үгсэж яваад амь эрсэдсэн баримт бас бий.
Дэлхийн II дайн үеийн гамшгийг энд дэлгэлтгүй. Лав 6 сая жүүд нацистуудын гарт үрэгдсэнээс 2 сая зөвлөлтийн жүүдүүд гэх тоо бий.“Хүйтэн дайн” шувтрах үест коммунист эвслийн орнууд, ялангуяа СССР-т хатуу хяналтаа цуцлан, жүүд нарын шилжин явах, цагаачлахыг хориглохоо больсноос Израиль руу зүглэх жүүдүүдийн тоо эрс өссөн ба эдүгээ Украины хямралын үед Дорнод Украинаас бараг 100 мянгуулаа Израиль руу дүрвэх дараагийн аяны давлагаа үргэлжилж байх шиг.
Жүүдийн “Сохнут” хэмээх агентлагийн мэдээгээр бол, эдүгээ Израильд 3 сая орчим орос хэлтэн еврей, Израилийн хилийн гадна мөн 2-3 сая орос хэлтэн еврей байгаагаас хуучин СССР-ийн улсуудад нэг сая орчим байна. Энэчлэн жүүд нар АНУ-д 700 мянга, Германд 200 мянга, Канадад 50 мянга, Австралид 50 мянга гэх мэт хэдэн жилийн өмнөх баримт буй. Яагаад энэ тоог дурдаж байнав гэхлээр бяцхан наргиа-түүх сөхье.
Тель-Авив хотоо “Израиль диаспора” музей бий. Даян дэлхийн жүүдүүдийн буурал түүх, суу билэг, эрдэм чадал, нүүдэл суудал бүгд тэнд үзмэр үзүүлэнгээрээ бий. Нэгэн үзмэр анхаарал татдаг. Ургийн бичиг, ургийн мод ухаантай шог зураг. “Жүүд гэр бүлийн амьдралын тойрог”–Польшид суугаа жүүд эцэг эх 4 хүүтэй. Ууган хүү нь Варшавт дэлгүүрийн эзэн, удааххүү нь Октябрийн хувьсгалын удирдагч–большевик комиссар, гутгаар хүү нь Палестинд аюулгүйн албанд хамгаалагч, отгон хүү нь Нью-Йоркт хувийн оёдолчин, цаашаа салбарлавал удамсудар нь дэлхийг бүрхэхээр. Бас нэг зураг байна. Өвөг дээдэс гэж эр эм хоёр хөгшин арабын цөлд, хэд хэдэн хөвгүүнтэй, тэд хэдэн тийшээ цагаачилжээ. Цагаачилсан нь цаашаа салбарлаад даян дэлхийгээр таржээ. Нэг хүү нь Нью-Йоркт банкны захирал, нэг хүү нь Австралид хонины аж ахуй эрхэлдэг томхон бизнесч, нэг хүү нь Палестинд арабчуудын эсрэг тэмцэлд цэрэг командалж, нэг хүү нь Латин Америкт профессор хийж яваа гэхчлэн. Энэ бол ердөө л тэдний гэр бүл ургийн хэлхээс нь.
Тель-Авивын “Израиль диаспора” музейн үзмэрүүд үнэхээр хосгүй. Нобелийн шагналт бараг бүх эрдэмтэн Альберт Эйнштайнээс эхлүүлээд Нильс Бор нь залгаад тэнд хэдэн зуугаараа мөнхрөөстэй, АНУ, Оросын цөмийн физикчид, Нобелиос өмнөх гэвэл Нострадамус, улс төрийн салбарт гэхэд л Карл Марксаас эхлэн, Оросын хувьсгалын бараг бүх удирдагчид - Троцкий, Зиновьев, Каменев, Свердловоор дамжин, Хенри Киссенжер, Мадлин Олбрайт, Жорж Сорос, Николя Саркози… нар хүрчихнэ.
“Израиль диаспора”-д би олж үзээгүй. Хаа нэгтэй нь байсан байж болно. Юу гэхлээр суу билэгт түүхэн жүүд нарын нэрсийг би хувьдаа цуглуулдаг. Энд хүн төрөлхтөний оюун санааны аугаачууд болох Исүс Христос, Бенедикт Спиноза, Зигмүнд Фрейд, орчин цагийн мундагууд Марк Цукерберг, Сергей Брин, Жорж Сорос, Альфред Таубман, Ротшильдууд, нэрт найруулагчид киношедеврүүд болох Спилберг, Вуди Аллен, Роман Полански, жүжигчид Харрисон Форд, Кирк ба Майкл Дуглас, Сильвестр Сталлоне, Шон Пенн, Эндриан Броуди, Гвинет Пэлтроу, Скарлет Йоханссон, Натали Портман...рокийн одууд гэсгээд азная.
Хамгийн ойроор нь “Ах Орос” руугаа татаж авчран жишээ хайя. 1917 оны хоёр хувьсгалыг оройлж Оросын улс төрд мөр гаргасан еврей нарын түүх баялаг гэхэд бүр хэтэрнэ. БНУ-ын анхны Засгийн газрын сайд гишүүд кадет С.Лурье, меньшевик А.Гинзбург-Наумов, С.Шварц, эсер П.Рутенберг, А.Гальперин, сенатч М.Винавер, О.Грузенберг, И.Гуревич, Г.Блюменфельд, Петроград хотын дарга эсер Г.Шрейдер, Москва хотын Думын дарга О.Минор гэхчлэн ярайна. Большевикууд Октябрийн эргэлт хийсний дараа гэхэд л Петроградын ажилчин цэргийн депутатын зөвлөлд меньшевик Ф.Дан, М.Либер, Л.Мартов, Р.Абрамович, эсер А.Гоц нар сонгогдож А.Гоцыг Бүх оросын төвийн гүйцэтгэх хорооны анхны даргаар тавьжээ. 1917 оны байдлаар Оросын улс төрд идэвхтэй оролцож явсан 140 мянган еврей байсны оргил нь Зөвлөлтийн анхны Гадаад хэргийн сайд Л.Троцкий (Ленин түүнийг Зөвлөлт Засгийн анхны Ерөнхий сайдаар санал болгож шахсан, өөрөө татгалзсан), Газрын сайд А.Шлихтер, Шүүхийн сайд эсер И.Штейнберг, Сангийн сайд И.Гуковский, большевик намын Төв Хорооны гишүүд Г.Зиновьев, Л.Каменев, Я.Свердлов, М.Урицкий, Г.Сокольников гэхчлэн. 1919 онд намын их хурлаас Төв Хороог 16 гишүүнтэй сонгосноос 5 нь еврей буюу Л.Троцкий, Я.Свердлов, Г.Зиновьев, М.Лашевич, Г.Сокольников, эдэн дээр хожимК.Радек нэмэгдээд,үндэстний томхон фракц болж байв. В.И.Лениний эх нь жүүд байсныг энд тооцохгүйгээр шүү дээ.
“Израиль диаспора” музейд ирээдүйд мөнхрөх байлгүй гээд Оросын улс төрчид- Юрий Андропов (эцэг нь Либерман, эх нь Флекенштейн, зарим эх сурвалжаар Файнштейн гэх овгийнх), Примаков, Немцов, Жириновский, Рушайло, Березовский, Лавров, Ходорковский, Фрадков (ОХУ-ын Төрийн Думын депутатын бараг гуравны нэг нь байх магадлалтай гэлцдэг?), эсвэл Украины удирдагчид Петр Порошенко (овгийн нэр нь Вальцман), Володимир Гройсман, Арсений Яценюк, Зеленский хожим нь нэр нь цагаадах байх гээд Игорь Коломойский ... гэсгээд орхиё. Одоо бүр Путин руу татан авчран жишээ хайя. ОХУ-ын ҮАБЗ-ийн орлогч дарга Дмитрий Анатольевич Медведев нь багадаа Давид Ааронович Мендель гэсэн нэртэй еврей, Путины бизнесийн найз Ю.В. Ковальчук нь эцэг нь, эх нь Мирьям Абрамовна Виро гээд еврей, Путины Ленинградаас дагуулж ирсэн долларын тэрбумтан Аркадий Романович Ротенберг нь еврей гэх мэт жагсана.
Энд Нью-Йоркийн Волл Стритийн жүүд банкируудын тухай үлгэр дэлгэлтгүй, ямар ч л гэсэн Европ, Америк, Австралид үнэт цаасны бараг бүх бирж тэднийх, дэлхийн нефть, алт, зэсийн наймааны ихэнхийг, ер нь аль өнгөтэй өөдтэй гялалзан яваа бизнес нь бүгд жүүдүүдийн хяналтад, эсвэл мэдлийнх байдаг гэлцдэг.
Оскарын шагнал авсан хоёр киног монголчууд сайн мэднэ. “Шиндлерийн бүртгэл”, “Төгөлдөр хуурч”. Монголчуудын сэтгэлд хоногшин үлдсэн. Хувь заяагүй хөөрхийлөлтэй энэ үндэстнийг үзүүлдэг. “Варшавын гетто” хэмээх хороолол тэр чигтээ нацистуудад арчигдаж, хүн ард нь доромжлогдон алуулж хядуулсан тухай гашуун түүх буй. Дэлхийн II дайны үед нацистуудын тамын тогоонд тарчилж үхэгсдэд зориулж Иерусалим хотноо “Яд Вашэм” (Yad Vashem) гэж дурсгалын цогцолбор музей (Holocaust memorial) байх ба тийшээ очсон хүн ёстой цөс нь хөөрч, даралт нь ихсээд, сэтгэл нэн тавгүйтэн гардаг юм. Учир нь нацистуудын гарт үрэгдсэн 6 сая жүүдийн тухай бүх баримтыг голд ортол дэлгээд тавьчихсныг би өөрийн биеэр мэдэрсэн.
Хүн төрөлхтөн 3 дахь мянганыхаа эхний 24 жилийг туулж байна, “0” оноос манай тоолол эхэлдэг гээд бодоход төрт-улсаа устгуулсан жүүд нар 0073-1948 онд даян дэлхийгээр 1875 жил тэнүүчлэн орох орон хайж явжээ. Бараг 2000 жил өөрийн гэх төрт улсгүй явсан үндэстэн дэлхийд өөр байхгүй. Гэхдээ түүхийнхээ бүх үеийн турш халдлагад өртөж ирсэн эмгэнэлт түүхтэй. Тэдийг эхлээд перс, грекүүд, дараа нь селжүкүүд, ромынхон эзлэн түрэмгийлж тусгаар тогтнолыг нь мөхөөжээ. 0073 оноос хойш мөн ч их зовлон амсчээ. Византынхан, арабчууд түйвээж байснаа загалмайтан рыцарууд 200 жил, завсарт ньмамлюкүүд, Оттоманы түркүүд 400 жил энэ газар дээр эзэн нь байв. Тэгж тэгж дэлхийн нэгдүгээр дайн Туркийг ялагдуулснаар англичууд энэ нутагт ирж, 1948 он хүргэж байж НҮБ-ын шийдвэрээр, нацистуудад хамгийн ихээр хэлмэгдсэнийх нь төлөөсөндтөрт-улсыг нь сэргээж өгчээ. 2000 жил дарлуулж тэнүүчилсэн энэ хөөрхий ард түмнийг эдүгээ палестинчууд, Иран хавсраад зүгээр суулгахгүй байнга дарамталж, исламын ертөнц бараг тэр чигээрээ үзэн ядаж, устган сөнөөхөөр байнга зэхээстэй байж ирсэн байх юм.
Ямар үйлийн үрээр жүүдүүд ийнхүү үзэн ядагдаж төрөв өө? Хэн үүнд буруутай, хэн нь зөв юм бэ? Ингэхэд “Хүйтэн дайн”-ы хийрхлээр хөөрцөглөсөн монголчууд бид 1991 он хүртэл энэ улсыг мөн ч их хараан зүхэж, үзэл суртлын лүд барам болгож байсан даа. Атаархал гээч нь хүмүүс хоорондын авир араншинд байдаг юм болов уу гэтэл даян дэлхийн хэмжээнд хүмүүн төрөлхтөний дотор байдаг болж таарсан ба тэнгэрлиг явдагт нь дэлхий нийтээрээ атаархаж явсаных гэлтэй.
Жүүдийн хэбров хэл 2000 жилийн тэнүүчлэлийн явцад устан алга болж, үндэсний гэх соёлгүй болж үлдсэн ч XIX зуунд (1890 он) эрдэмтэн Элизэр Бэн-Ехуда МЭӨ 200 оны Библийн судраас сэргээж (120 000 үгтэй 17 боть) амьд хэл болгосон гайхамшигт жишээ юу өгүүлнэ вэ, суу билэг гэж чухам энэ биш гэж үү? 1948 оноос даян дэлхийн жүүд нар тийшээ нүүдэллэн очиж, хүн амаа бүрдүүлсээр эдүгээ 10 сая даваад байна. Хүн амынхаа тоо толгойгоор дэлхийд 90-р байр хавьд, нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр 147-д жагсдаг жижиг үндэстэн шүү дээ.
Нутаг дэвсгэр гэдэг нь 22 мянган ам дөрвөлжин км, гэвч анхнаасаа унаган нутгаа бараадсан, НҮБ-аас зааж өгсөн нутаг нь тэр, Монголоос 70 гаруй дахин жижиг, нутгийнх нь ихэнхи цөл, иймнутаг дээр чихцэлдэн суугаа. Баруун эргээс зүүн хил ороход машинаар нэг цаг, хойд Ливаны хилээс өмнөшөө Нэгэвийн цөл хүрэхэд 3 цаг л хангалттай. Өмнөшөө бол үржил шимгүй элсэн цөл, сөнөмөл тэнгис хэмээх давстай том нуур бий. Монгол хүний монгол ухаанаар бол, тэнд хүн байтугай адгуус ч тэсч тогтохоор нутаг биш. Далайн хөвөөгөөр амьдрал өрнөж, хүмүүс нь зайгүй чихсэн. Угаасаа хөдөө гэж байхгүй тул хүн амын 90 хувь нь хотод аж төрдөг гэх боловч нэлээд нь “Нийтийн гал тогооноос” (дээр үеийн СССР-ийн колхоз маягийн киббүц гэгч) амьдралаа залгуулдаг.
Ингэхэд тэд юугаараа аж төрж, өл залгуулдаг улс вэ гэдэгт нийтлэлийнхээ эхэнд би хариулчихлаа. Инновацын үзэл санаа гээд. Дэлхийн хамгийн том атлаа хамгийн нягт хөдөө аж ахуй лав тэнд байна. Шинжлэх ухаан-технологийн хувьд мөн л тийм. Хэдэн жилийн өмнөх нэгэн статистикаар бол, ДНБ нь 257.6 тэрбум ам.доллар, хүн ам тутамдаа ногдуулбал нэг хүнд 33 450 доллар болно. Улсын төсвийнхөө 25 хувийг батлан хамгаалахдаа зарцуулаад тэр шүү дээ. Дэлхий дээр гоёл чимэглэлд явдаг бриллиантын 80 хувийг Израильд үйлдвэрлэдэг. Түүнээс олдог орлого жил бүр 6 тэрбум доллар. Энэ тоо одоо өссөн ч байж мэднэ. ХАМАС, Хезболлагийн пуужингийн атак дор ийм их баялаг бүтээчихэж гээд энгийнчлээд ойлгочих.
Энэ улсад ажилгүйдэл, ядуурал, архидах, нийгмийн эмзэг давхарга, агаарын бохирдол гэсэн ойлголт байхгүй. Эрх чөлөө, ардчилал нь яг л АНУ-ын хуулбар. Дүгнэвээс дэлхийд тэнгэрлиг үндэстэн аль вэ гэвэл Израиль, жүүдүүд л гэж хэн ч заана. Дэлхий дээр 200 улс оршин байна гэхэд тэднийг хөгжил дэвшил, хөгжлийн хурд, өөрийгөө хэрхэн тодорхойлж байгаагаар нь:Гол чухал улс орнууд; Шилжилтийн орнууд; Харгис хэрцгий дэглэм бүхий;
Бүтэлгүй дампуу орнууд гэж ангилж үздэг. Энэ шалгуураар бол Израиль нь дээрэсээ 20 дотор өлхөн бичигдэн “гол чухал” хэмээх тодорхойлолтыг хэдийнэ авчээ. Ардчилал, зах зээлийн гэрэлт ирээдүйд хүрэх бүлэг улсыг 2 дахь ангилалд багтаадаг бол улс төрийн дэглэмээсээ шалтгаалан муугаа үзэж яваа хэсэг нь 3 дахь ангилалд, харин заяанаасаа тэнгэрлиг байх тавилангүй хэсэг нь бүтэлгүй дампуу гэсэн ангилалд явна.
Бүтэлгүй дампууд тооцогдохоор, шашны мухар сүсэгтээ хав баригдаж төөрөлдсөн, түүхийн хүрдийг гэдрэг ухраахыг мөрөөддөг палестины ХАМАС, Ливаны Хезболла, нэмэгдээд Йемений хусит гэх шиит-зейдитүүд мэт нь жүүдүүдийг яаж ч боорлоод тэрхүү тэнгэрлиг ард түмнийг мохоож хүчрэхгүй юм. XXI зуун нь маш олон улс үндэстний яс мөсийг таньж таниулж мэдрүүлж, үлдээхийг нь үлдээж, уусган үгүй болгохыг нь байхгүй болгох хуультай. Энэ хууль үйлчлэхгүй буюу зүрхэлж ойртохгүй үндэстэн бол гагцхүү жүүд нар байх болов уу.
Харин монголчууд бидний хувьд жүүд шиг тэнгэрлиг байж чаддаггүй юм аа гэхэд,дампуу бүтэлгүй 4 дэх ангиллаас нэн холуур байх ёстой. Хэдийгээр монгол, жүүдийн хооронд ердийн хар ухаанаар төсөөлөмгүй их зай байгаа ч, бид тэднээс нэг их цөөхүүлээ биш, бид дэндүү их нутагтай, хөрсөн доороо асар их баялагтай, 70 сая малтай, гэвч хамраа сөхөлгүй тэднээс бага ч атугай суралцаасай хэмээн, монголчуудынхаа хор шарыг хөдөлгөе гэхдээ энэхүү нийтлэлийг толилуулж байна.