“Зүрхний Батболд эмч” гэхлээр зарим хүн андахгүй. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч профессор тэр найз маань үзэл бодол, итгэл үнэмшлийн хувьд надтай нэн ойр, хоёулаа эсэргүү ярьж сэтгэж амьтны дургүй хүргэдэг гэдэг утгаар би энэ удаа сайтдаа урьсан хэрэг. Тэрээр айхтар шүүмжлэлтэй, бас бодууштай, авууштай ярилцлага төвийн нэг ТВ-д өгч байсныг би олзуурхан хоёр хувааж тэрхүү ярилцлагын толилуулж байгааг хүлцэн уншина уу. Ялангуяа Эрүүлийн мэндийн яамны сайд, дарга, түшмэд заавал уншаарай гэж хүсье– Д.Баярхүү


-Мэдээллийн технологи маш хурдтай хөгжиж байна. Таны хувьд интернет ухаж, түүнээс зүүгдэн суух нь олонтаа.  

-Зах зээлд орсны ололттой тал байна. Монголын эмч нар гадагшаа их явж, нүд тайлж, мэдлэг нэмж, туршлага судалж, түүнийгээ Монголдоо нэвтрүүлж байна. Дэлхийг таньж мэдэж, хөл нийлүүлэхийг хичээж байна. Анагаахын шинжлэх ухаан цаг, минутаар өөрчлөгдөн хөгжиж байна. Анагаах ухааны нэг онцлог нь хэн нэгний нээлтийг бусад нь чөлөөтэй хэрэглэх давуу эрхийг эдэлдэг. Мэдээлэл, технологитой хөл нийлүүлж чадах юм бол Америкийн эрдэмтдийн нээсэн эмчилгээ оношилгоо, судалгаанууд дээр тулгуурлан, яг л Америкт буй юм шиг, тэр америк эмч яаж эмчилж байна, бид яг түүн шиг эмчлэх боломжтой. 

-Зохиогчийн эрхийн зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн үг үү?  

-Дэлхийн анагаах ухааны нээлт, ололтыг тухайн эрдэмтэний нэр дээр бүртгэх ч, түүнийг өмчлөх эрхийг нь хязгаарладаг. Өөрөөр хэлбэл бусдад нээлттэй үлдээдэг. Энэ утгаараа арилжаанаас ялгаатай, агуулгын хувьд хүнлэг энэрэнгүй. 

-Нээлтээрээ аль улс тэргүүлж байна, сонирхуулбал?

-Цөөхөн. АНУ нийт нээлтийн 70 орчим хувь, 20 гаруй хувийг Европын улс орон, үлдсэн 5 хувийг Ази тивээс Япон улс нээсэн байдаг. 

-Шинжлэх ухаанд тулгуурласан хөгжил бол хамгийн алсын хараатай, зөв хөгжил гэж ойлгогдоно. Харин манай Монголд энэ асуудал ямаршуу байгаа вэ?

-Миний хамгийн их харамсч яваа юм энэ. Манай Монголд шинжлэх ухаанч байдал, шинжлэх ухаанч сэтгэлгээ ерөөсөө байхгүй болж. Соронзоор даралт бууруулна ч гэх шиг, сахар багасгана ч гэх шиг. Сүлжээний, тодорхойгүй нэг компанийн, худалдаа арилжааны зориулалттай эм бэлдмэл, хэрэгслүүд газар авсан. Маш хүчтэй, худал хуурмаг сурталчилгаа явуулж байгаа нь үүний илрэл. Монголын ард түмэн шинжлэх ухаанч биш болж, боловсрол мэдлэгийн түвшин нь доройтож буйн л шинж. Моод Монголоор дуусдаг гэгчээр бусад газар ахиц дэвшилгүй цаашаа явахаа больсон зүйлсийг манайхан оруулж ирэх юм. Тэр нь эхний нэг хоёр жилдээ цэцэглэдэг. Энэ бол эмч хүний сэтгэлийг мзэглүүлдэг сэдэв. Шинжлэх ухаан гэж яг юу юм бэ гэдгийг бодитоор нь, мөн чанараар нь ойлгох, түүний оргил өөд мацдаг, мэдэрдэг сэтгэлгээг Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүй болсон залуу халаадаа бид өвлүүлж, өгмөөр байна. Үүнийг орхигдуулж болохгүй. Энэ бол манай салбарын эмзэг цэг. 

-Монголчууд маш их гадагшилж байна. Ажил амьдралын мөр хөөж. Тэгвэл эмчилгээ хийлгэхээр хилийн дээс алхах Монголчуудын тоо толгой алдагдсан. Солонгос улс гэхэд л Монголчуудад зориулсан үйлчилгээ нээгээд удаж байна. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хувьд гадаадад эмчлүүлсэн нь дээр гэж үзэх болсон. Чадалгүй нь л, Монголдоо эрүүл мэндийн үйлчилгээ авдаг гэх хандлага нийгэмд бий болжээ. Энэ нь манай эрүүл мэндийн салбарт өгч буй нэг ёсны үнэлгээ гэж ойлгож болох уу?  

-Ард түмэн аливааг мэдэрдэг, үнэлдэг. Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил гаднын улс орны хөгжлийн түвшинд хүрэхгүй байгаа нь ойлгомжтой. Гадагшаа зорьж буй эмчилгээний том урсгал бий болсныг хэн ч нууж чадахгүй. Илүүдээ гарсан мөнгө, цаг зав гэж байхгүй. Тэр тусмаа зугаацах гэж явж байгаа асуудал биш шүү дээ. Тэгэхээр энэ бодит үнэлгээ. Үүнийг нууж хаагаад, яанаа, ийнээ? гээд байх нь чухал биш. Үүндээ дүгнэлт хийж, салбараа хөгжүүл гэсэн анхааруулга, дохио шүү дээ. Эмчилгээний зориулалтаар тоо хэмжээгээ алдсан бэлэн мөнгө гадагшаа урсаж байна. Энэ бол манай эрүүл мэндийн салбарын хөгжил, эмч мэргэжилтнүүдийн маань чадвар сул дорой байгаагаас үүдэж байна. Мэргэжилдээ үнэнч, хайртай дуртай, тэргүүлэгч сайн эмч Монголд бий юу гэвэл байна. Даанч дэндүү цөөхөн. Салбараа сууриар нь авч үзвэл нийтээрээ дэндүү сул байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Солонгосын томоохон эмнэлгийн нэр алдар бүхий эмч - "Монгол эмч шиг” гэдэг хэллэг Солонгосын эмч нарын дунд тарсан тухай Монголын сэтгүүлчид дуулгасан байна. 

-Тэр нь юу гэсэн утгатай үг хэллэг юм бол?  

-Оношилгоо, эмчилгээний түвшингээр чадвар муутай гэж биднийг үнэлж байгаа хэрэг. -"Чи монгол эмч шиг болоо юу?" гэж ажлаа тааруу хийсэн нэгэндээ хандах болсон байна. Тэгэхээр үүнд уурлаад, ичээд байх юм байхгүй. 

-Нэг талаас доромжлол шиг сонсогдож байна. Гэхдээ л бодит үнэнд ойртох үнэлгээ байх л даа. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэж зүйр үг бийг сануулж байна даа.  

-Үүнийг зөв шүүмжлэл, бодит үнэлгээ гэж ойлгож байгаа. Эрүүл мэндийн салбарт стандарт мэдлэгийн түвшин тун дорой байгаагийн илрэл. 

-Наад захын асуудал байгаа учраас л манайхан гадагшилж байна. Германд төгссөн Отгонболд эмч - Жирэмсэн эхийг өөрөөр нь төрүүлэх ёстой. Энэ бол эмч хүний эрдэм гэж жиргэсэн нь анаарал татсан. Гэтэл манайхан голдуу л хийсвэр (кесерово) хагалгаа хийдэг болов.  

-Үнэн. Сэтгэл зовоосон асуудал болоод байгаа. Яагаад гэдгийг нь хөөгөөд үзэхээр системээс болж байна. Өөрөөр нь төрүүлэх эрсдэл өндөртэй, базлалт өгөөд яг төрөх дөхөнгүүт ургийн хүй хүзүүгээ ороочихсон тохиолдол байдаг. Базлалт өгөнгүүт ургийн зүрхний цохилт мууддаг. Тэгэнгүүт төрж чадахгүй нь гэж үзээд кесерево хагалгаа хийхээс өөр аргагүй шүү дээ. Гэтэл манайд үүнийг хянаж байх техник төхөөрөмж хангалтгүй. Тиймээс энэ хүндрэлийг урьдчилан харж чадаагүй тохиолдолд хүндрэл гарвал эмч, эмнэлгийн ажилтан л бурууддаг хууль дүрэм үйлчилдэг. Ингэхээр хурдхан шиг аюулгүй төрүүлчихье гэдэг бодол орж ирнэ ээ дээ. Эхийн эндэгдэл гарч, санаатайгаар эндэгдэл гаргасан юм шиг ойлголт төрчих тал байгаа учраас эндэгдэл гаргахгүйн тулд бараг толгой дараалан кесерево хийчихвэл дээр ч юмуу гэх хандлага байдаг. Эмэгтэйчүүд, ар гэрийнхэн нь ч гэсэн эрсдлээ бодоод хагалгаа хийлгээд төрчих нь дээр гэж зөвшөөрдөг. Энэ буруу л байгаа юм л даа. 

-Хагалгааны давалгаа өнөө цагт ид өндрөө авч байх шиг. Энэ тийм ч зөв хандлага биш гэж нэг мэргэжлийн хүн хэлэхийг сонссон.  

-Хагалгааг аль болох зайлшгүй тохиолдолд хийх учиртай. Түүнээс биш цөсний чулуу харангуут, тэнд нь нэг уйланхай үзэгдэнгүүт огтлох, авах гэдэг хандлага маш буруу. Тухайлбал, бамбай булчирхайн өвчний үед хордлого өгөөд, бамбайны үйл ажиллагаа өөрчлөгдчихсөн бол тэрийг түр зуур дардаг эм бий. Төгс эмчилгээ нь бамбайны үйл ажиллагааг зогсоох. Изотопийн иодоор эмчилнэ. Эсвэл хагалгаа хийнэ. Илүүдэл бамбайг нь авчихна гэсэн үг. Бамбайг 10 см гэж бодоход 5см-ийг авчихаар үйл ажиллагаа нь тавин хувиар буурчихна. Гэтэл манайхан хагалуулахыг өмнөө тавьдаг. “Иод 131” гээд зүгээр эм уугаад дарчихдаг юмыг “огтлуулах” гээд байдаг. Энэ эмийг барууны орнууд өргөн хэрэглэдэг. Ер нь л хоолойг “огтлох” асуудал байхгүй болсон шүү дээ. 


-Нэг тохиолдлыг эш татья. Хоёр жилийн өмнө зохиолч С.Пүрэв гуай сахарын өвчний улмаас Клиникийн гуравдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдаг. Эмчилгээ эрхэлсэн эмч нь Маргааш таны нэг хөлийг нь гуяар нь тайрна. Цаашдаа муудвал нөгөө хөлийг чинь мөн тайрах болно гэж хэлснийг Пүрэв зохиолч, түүний ар гэрийнхэн тийм л юм байх гэж итгээд зөвшөөрсөн. Гэтэл үүнийг дуулсан яруу найрагч М.Билигсайхан, Д.Энхболд нар Пүрэв гуайг хагалгаанд оруулалгүй, Бээжин хот дахь Хятадын цэргийн эмнэлгийн эмчтэй холбоо барьж, тэнд аваачиж эмчлүүлсэн. Үр дүн нь юу болсон бэ гэвэл хөлийг нь гуяар нь биш, хөлийнх нь дөрвөн хурууг тайрч эмчлээд хөл дээр нь босгосон. Үүнийг Бээжингийн Цэргийн эмнэлэгт С.Пүрэв зохиолчийг хэвтэж эмчлүүлж байхад нь очиж эргэхдээ Радиогийн дарга асан зохиолч Баярсайхан, яруу найрагч Бүрэнтогтох, сэтгүүлч Нарантуяа, Шаравдорж бид тав нүдээр харж, чихээр сонссон. Энд л ялгаа байх шиг байна даа.  

-Энэ чинь л манай анагаах ухааны хөгжил хоцрогдсон, ямар ч дэвшилгүй байгаагийн шинж. Эмчилгээ хоёр дахиа, гурав дахиа давтан хийгдэх асуудал гарвал эргээд дандаа буруу талаасаа тайлбарлагдах учраас баталгаатайгаар нь хийх гэж байгаа нь тэр. Тэр нь дэндүү харгис юм болоод байгаа юм. Энэ зөвхөн эмчтэй ч холбоотой биш нийгэм, сэтгэхүй, хууль эрх зүйн орчноос шалтгаалж байна. Тухайн эмч хурууг тайраад болох юмыг хөлийг тайрвал арай найдвартай гэж л бодож байна шүү дээ. Сүүлд нь хууль эрх зүйн хувьд ч янз бүрийн юманд орохгүйн тулд тэр чигт авчихвал өвчин эдгэнэ, зогсоно гэсэн асуудал байна. 

-Манай эмч нартай холбоотой асуудал дээр харгис маягийн хууль гарсан. Тэр хууль хэвээрээ мөрдөгдөж байгаа юу. Гомдол гаргавал эмчийг нэлээд хатуу шийтгэнэ гэсэн хууль яригдаж байсан.

-Хэн нэгнийг чулуугаар санаатайгаар цохиж хүнд гэмтээвэл 8 жил ял авна, эмч хүн бусдын төлөө зүтгэж яваад санамсаргүй алдаа гаргавал бас 8 жилийн ял авна гээд бодоод, харьцуулчих даа. Маш харгис сонсогдож байгаа биз. Гэтэл эмчийн мэргэжил 50 хувийн эрсдэл дагуулдаг онцлогтой. Мэргэжлийн онцлогыг үл тооцсон хууль. Ийм түүхий, шүүрхий, дутуу дулимаг, харгис хууль нь эмч нар, эмнэлгийн ажилтаны итгэл зүтгэлийг үгүй хийж байна. Хичээх биш, аль болох амиа хоохойлох, хэрэгт холбогдохгүйг боддог болгож байна. Бэртэгчин болгох л хууль. Сэтгэл, зүтгэл, хандлага хазайх болно. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн ийм харгис, хор холбогдол бүхий орчныг шинэчлэх нь салбарын залуур дээр сууж буй хүний нэн тэргүүнд хийх ажил. 

-Хууль эрхзүйн орчин гэхээс гадна ер нь эрүүл мэндийн салбарын тогтолцоо доголдсон. Социалист, капиталист системийн аль алины үнэр ханхалсан ч, амьдрал дээрээ аль нь ч биш байна гэж ярьдаг.

-Сүүлийн хорин жил эрүүл мэндийн системийг "булшилчихлаа". Миний үеийн эмч нар бол коммунизмын маш сайн системээр бэлтгэгдсэн. Би 1981 онд сургуулиа төгссөн. 1990 оноос хойш социализм ч биш, капитализм ч биш, зах зээлийн ч биш албан хүчээр явж байна. Дээр нь баахан дарамттай. Эрүүл мэндийн салбар бүхэлдээ харлаж харагдах болсон. Эрүүл мэнд рүү зүглэх эмч, сайн мэргэжилтэн хомсодсон. Байгалиасаа өгөгдсөн генийн чадвартай, онц сурдаг чадварлаг оюутныг л Анагаахын Дээд сургуульд бодлогоор элсүүлдэг байсан тогтолцоо алдагдсан. Одоо тийшээ зүглэснээс зүглэхгүй байсан нь дээр гэж бодох болсон. Зургаан жил Дээд сургуульд сурна, үргэлжлүүлээд 5-10 жил мэргэшинэ. Нийтдээ арав гаруй жил суралцсаны эцэст сая нэг эмч болдог. Ажил олдохгүй. Ажилд орсон ч авах цалин бага, нийгмийн шахалт их. Хариуцлага өндөр. Нэр хүндгүй, эрсдэлтэй учраас зориглож орох хүн ховор болсон. Энэ нь цаанаа юунд хүргэх вэ? Гэвэл ирээдүйд, хол явахгүй, хөгжихгүй болгож байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын хөгжлийг боосон, тахир дутуу болгосон энэ харгис, амьдралгүй хуулийг өөрчлөх нь улс төрчид, хууль тогтоогчдын нэн даруй хийх ажил. 

Бид Оюутолгой, Тавантолгой, хичнээн алт, мөнгө ам.доллар яриад яах билээ? Эрүүл мэндээ алдсан хүн, эрүүл биш нийгэм тэр доллараар яах юм бэ. Юуны өмнө эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх ёстой. Даатгалын зөв сонгодог системийг нэвтрүүлье. Зах зээлийн систем рүү нь оруулья. Маргаашаа харья, төлөвлөе. Сайн эмч, муу эмч гэж ярих бол жижиг, өнөөдрийн л цар хүрээний асуудал. Цалин бага байна гэдэг ч өчүүхэн асуудал. Эрүүл мэндийн салбар доголдоход ард түмэн л хохирдог. Үүнийг л засах шаардлагатай. Угаасаа манайд сайн эмч мэргэжилтэн ховор. Эмч нар нь ч сайн эмчээ олох гээд чадахгүй, ховор байна. Сургууль төгссөн, ажиллаж буй нэг зуун эмчийн 80 нь ердийн эмч, 20 нь байгалиас өгөгдсөн жинхэнэ чадвартай эмч байдаг гэдэг тооцоо бий. Тэр өгөгдөл бүхий 20 эмч нь л энэ эрүүл мэндийн салбарыг авч явах ёстой. Түүний тулд тэдгээр 20 эмчийн бусдаас ялгарч тодрох боломж нөхцөлүүдийг нь тавьж өгч байж, тэдгээр эмч нараа бүрэн дүүрэн ашиглана. Ингэж чадвал эрүүл мэндийн системийн асуудал ч цэгцэрнэ гэж харж байна. Түүний зэрэгцээ сургалтын асуудлаа ч эргэж харах хэрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтан бэлддэг арван хэдэн хувийн сургууль бий болсон. Төгссөн нэгэнд ажлын байрны баталгаа байхгүй. Дээр нь манай улс сувилагчгүй болчихсон. Гэтэл диплом барьсан, ажилгүй эмч нараар улс дүүрсэн байдаг. Эрүүл мэндийн систем өөрөө гажуудалд орсон учир түүнээс улбаалах хор хохирлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд ярих ёстой гэж би бодож байна. 

-Биднийг хүүхэд байх үед эмнэлгийн тусламж гэж их ярьдаг байсан. Одоо бол эмнэлгийн үйлчилгээ гэдэг боллоо. Өөрөөр хэлбэл, бизнес гэдэг утга агуулга руу хэлбийж байна.

-Өрнөдийн эрүүл мэндийн систем арилжааны маягаар хөгжиж буй. Гэхдээ тэр нь зөв ёс суртахуун, зөв эрдэм мэдлэг дээр үндэслэсэн байдаг. Харин манайд бид тэгж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сайн эмч бол сайн бараа бүтээгдэхүүнтэй ижил утгатай. Таалагдсан бол дахиад л сонгоно. Энэ бол үйлчилгээний алтан дүрэм. Монголд энэ алтан дүрэм гүйцэд хэрэгжихгүй байна. Эмч нараа ч гүйцэд ашиглаж чадахгүй байна.

– Үргэлжлэл бий