ШҮҮХИЙГ ГАДУУРХСАН УЛСЫН ТӨСӨВ
Шүүхийн төсөв, санхүүжилт нь шүүх эрх мэдэл чиг үүргээ хэрэгжүүлэх орчин нөхцөлийг шууд тодорхойлох шинжтэй учир шүүхийн бие даасан байдалтай салшгүй холбоотой, шүүхэд зохих хэмжээний төсөв, нөөцийг үр ашигтай зарцуулах бололцоог олгоогүй тохиолдолд Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцид дурдсан хүний эрх хэрэгжих бодит боломж алдагдаж, шүүхэд хандах эрх, боломжит хугацаанд хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх эрхийн зарчмууд бүрэн баталгаажихгүй юм. Парламент нь шүүх эрх мэдлийн байгууллагынхаа онцлогт нийцсэн, хангалттай хэмжээний санхүүгийн нөөц хуваарилах үүрэгтэй байдаг. Мөн шүүхийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нь улс төрийн шинжтэй аливаа тогтворгүй байдал, хэлбэлзлээс ангид байх ёстой.
Иргэд шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхтэй. Харин шүүхэд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмжээний төсөв, нөөцийг улсын төсвөөс хувиарлаагүй тохиолдолд иргэдийн шүүхэд хандах эрх, боломжит хугацаанд хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх эрх улам бүр л баталгаагүй болж иргэд хохирч байдаг. Шүүхийн онцлогт нийцсэн, хангалттай хэмжээний хөрөнгө, санхүүгийн нөөцийн хувиарлалтыг бодитой, тогтвортой байлгах нь чухал байна. Гэтэл Монгол Улсын 2021 оны Төсвийн төсөлд шинээр шүүхийн барилга барих ямар ч төсөв тусгагдаагүй байна, зөвхөн барилгын засварт 2 тэрбум төгрөг төсөвлөсөн нь Шүүх эрх мэдэл нь төсвийн хөрөнгө оруулалтын хувьд гадуурхагдсан гэж үзэж болно, 2021 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын хэмжээгээр шүүхийн байгууллага нь бусад салбартай харьцуулахад сүүл мушгиж байгаа болно.
Шүүхийн бодит байдлын тухайд анхан, давж заалдах шатны 116 шүүх нь 126 шүүх хуралдааны танхимд үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн байрны зай, талбай хүрэлцэхгүй, барилга нь хуучны бөгөөд стандартын шаардлага хангахгүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээ доголдож байдаг. Шүүх хуралдааны танхим нь 8-18 м2 талбайтай шүүх цөөнгүй, ийм бага зай талбайтай өрөөнд 6-12 хүн оролцох, шүүгч зөвлөлдөх тасалгаа байхгүй өрөөнд хэрэг маргаан шийдвэрлэж, шүүн таслах ажиллагаа явуулна гэдэг бол иргэн шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх, шүүхээс үйлчилгээ авах эрхийг ноцтой хөндсөн хэрэг юм. Мөн бусад этгээдийн өмчийн байранд түрээслэн үйл ажиллагаа явуулдаг шүүх ч бий. Шүүх хуралдааны танхим хүрэлцэхгүйгээс иргэд шүүх хуралд орохын тулд хурлын танхим сулрахыг хүлээдэг, шүүх дээр очсон иргэн хэргийн материалтай танилцах өрөө, тасалгаа байхгүй гээд олон бэрхшээл нуугдаж хуримтлагдсаар ирлээ.
Өнөөдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сонгионхайрхан дүүрэгт нэг байранд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянзүрх дүүрэгт мөн нэг байранд байрладаг. Энэ нь шүүхийн байр хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Мөн Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх нь нэг байранд байрлаж, багтах зай талбай, өрөө тасалгаа хүрэлцэхгүй, шүүх хуралдааны танхим нь зоорийн давхарт байрлаж байдаг нь Төрийн ордонд хамгийн ойр байгаа жишээ юм. Түүгээр ороод үзэж болно.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоо нь засаг захиргааны нэгжийн дагуу байгуулагдсан байх учиртай. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэн нь Чингэлтэй дүүрэгт байрлах ёстой Чингэлтэй дүүргийн Иргэний шүүхэд биш, Сүхбаатар дүүрэгт байрлах Чингэлтэй дүүргийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг маргааны шийдвэрлүүлдэг. Энэ том зургаар бол Үндсэн хуулийн зөрчлийг агуулж байдаг.
Олон нийтийн анхаарал татсан томоохон хэргийн шүүх хуралдаанаас иргэд ч шүүхийн байрны багтаамжгүй, хүрэлцээгүй байдлыг тод харж байгаа. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хүнийг шүүхийн байрны подваль, хүйтэн өрөөнд хорьж, саатуулж байна гэж шүүмжилж байсан. Гэтэл шүүхийн байр нь хуучны барилга, зай талбай хүрэлцэхгүй, зориулалтын бус, мөн шүүхийн байрны зоорийн давхарт хүнийг тусгаарлах, түр саатуулах өрөө, тасалгаа нь байдаг. Үүнийг цагдан хоригдсон, саатуулагдсан, баривчлагдсан этгээд л биеэр мэдэрч байдаг нь гашуун үнэн юм. Эдгээр баривчлагдсан, саатуулагдсан хүмүүсийн эрх бидэнд хамаагүй гээд орхих боломжгүй.
Гэтэл 2021 оны улсын төсвийн хувьд Сангийн сайдын хүрээнд Гаалийн шинэчлэл-гаалийн лабораторийн барилгад 19.3 тэрбум, Гаалийн шуурхай удирдлагын төвийн барилгад 16.4 тэрбум, гаалийн шалгалтын тоног төхөөрөмжид 114.1 тэрбум төгрөг тавигдсан, мөн татварын хэлтсийн барилгад 15.9 тэрбум, Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц төслийн ТЭЗҮ боловсруулахад 5 тэрбум төгрөг суусан байна. Усан спортын цогцолбор барихад 9.6 тэрбум, Увс, Улаангом суманд 300 ортой Оюутны дотуур байрны барилгад 6.3 тэрбум төгрөг тавигдсан байгаа нь төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт ялгавартай, бодитой биш байгааг харуулж байна.
Төсөв гэдэг бол улсын урт хугацааны бодлого, төлөвлөлтөд нийцсэн байх учиртай. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 2021-2030 онд “Шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшинө.” гэж заасан. “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 5.1.9-д “Шүүх үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлж, үйл ажиллагааг нь шуурхай, чирэгдэлгүй болгоно.”, 5.1.10-д “Ёс зүй, цогц чадамжтай шүүхийн хүний нөөц бэлтгэх суурь тогтолцоог бий болгож, төгөлдөржүүлнэ.”, 5.1.11-д “Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр батлан хэрэгжүүлж, шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлнэ.” гэж заасан ч Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлд эдгээр зорилт, чиг үүргийг хангахад чиглэсэн бодитой хөрөнгө оруулалтыг тусгаагүй байгаа нь харамсалтай.
Шүүхийн бүтээмжтэй байдал, шүүхийн төсвийн санхүүжилт, менежентийн асуудлаар Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж гарсан байдаг. Уг зөвлөмжинд шүүхийн төсөв, санхүүжилт нь шүүх эрх мэдэл чиг үүргээ хэрэгжүүлэх орчин нөхцөлийг шууд тодорхойлох шинжтэй учир шүүхийн бие даасан байдалтай салшгүй холбоотойг онцолж, шүүхэд зохих хэмжээний төсөв, нөөцийг үр ашигтай зарцуулах бололцоог олгоогүй тохиолдолд Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцид дурдсан хүний эрх хэрэгжих бодит боломж алдагдаж, шүүхэд хандах эрх, боломжит хугацаанд хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх эрхийн зарчмууд бүрэн баталгаажихгүйг онцолсон. Парламент нь шүүх эрх мэдлийн байгууллагынхаа онцлогт нийцсэн, хангалттай хэмжээний санхүүгийн нөөц хуваариах үүрэгтэй гэдгийг ч сануулсан байдаг. Мөн шүүхийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нь улс төрийн шинжтэй аливаа тогтворгүй байдал, хэлбэлзлээс ангид байх ёстой гэж дүгнэсэн байна. Харин манай улсын хувьд энэ зөвлөмж ач холбогдолтой юм.
Шинэчлэл, өөрчлөлт шаардлагатай байгаа шүүх нь бодит байдал дээр хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн хувьд төрийн бусад байгууллагаас илт хоцрогдож, улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлогоос гадуурхагдсан шинжтэй байгааг анхаарч, иргэн нь богино хугацаанд шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх боломж нөхцлийг хангах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг бодитой, баталгаатай хангах хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Эдийн засгийн хувьд шүүх эрх мэдэл нь бие даасан, хараат бус эрх мэдэл болж чадаагүй. Төсөв, хөрөнгийн ихээхэн эрх мэдэл бүхий улс төрийн засаглал болох Парламентаас шүүх эрх мэдэл нь эдийн засаг, төсвийн хувьд хараат оршиж байна.
2020.10.30