Японы хотуудын нэг онцлог байдаг юм. Төлөвлөлт гэж янзтай. Тун цэвэрхэн, бүх юм тэнд хачин цэгцтэй. Эх толгойгоо алдсан зах замбараагүй юм нэгээхэн ч үгүй. Нэг км.хавтгай дөрвөлжин газар нутагт ногдох хүн амын нягтаршлаараа дэлхийд нэгд ордог улс хэрнээ шахалдаж чихэлдээд, түгжирч бөглөрөөд тээр бухимдал үүсгэх шалтгаан огт үгүй.Энэ бол "япон мээнэжмэнт"-ийн агуу чанар. Тэр жаахан газар нутаг дээр амьдралыг  хэрхэн үнэлж, "ургуулж" чадаж байна вэ. Японы хотуудын, тэр амьдралынх нь зохион байгуулалтыг Монголтойгоо харьцуулах аваас бид нэг л тийм найгүй зутарсан, үүд хоймор нь мэдэгдэхээ байсан отрын айл шиг санагддаг юм

Нүүдэлчин зоргоороо Монголыг арлын суурьшмал япончуудтай харьцуулаад гэж эгдүүцэх нэгэн байж болох юм. Бид чинь XXI зуунд "хавтгай" болчихсон, Токиод болсон үйл явдлыг тэр дор нь сонсож дуулан, Вашингтонд байгаа ажлаа Улаанбаатараас амжуулаад, Англи руу хэдхэн хоромд мөнгө гуйвуулаад сууж болдог болсон дэлхий ертөнцийн иргэд шүү дээ!

Хэдэн сая, живаа жилийн тэртээх сансар огторгуйгаас малаа хаана бэлчиж явааг, маргааш хаагуур цас бороо орохыг нь хэдхэн хоромд л харж мэдэж болдог болсон цаг үеийн хүмүүс атлаа ингэж муухай “хоцрогдож” үлдэх шалтгаан юу байна аа.Бид хүн төрөлхтний өнөө цагийн хөгжлийн бүхий л сайн сайхан жишээнээс хормын зуурт  ч суралцан, хэрэгжүүлж өөрсдийгөө харьцуулж, цаг ямагт урагшлах том боломжийг маш сайн ашиглах хэрэгтэй юм. Улаанбаатар маань ямар хот болчихоод байгааг, бид яаж амьдарч байгааг тэр Токио, Парис, Нью-Йорк, Сингапур, Дубай, Бээжинтэй харьцуулах хэрэгтэй байна.

Ядаж л Эрээнийг харж, тэндээс суралцах юм мөн ч их байна аа! Улаанбаатарын хүн ам нэг сая хагасаас давчихлаа. Энэ чинь дэлхийн том хотын статус. Тэгэхээр том хотын зангарагтай болох ёстой. Тэгэхийн тулд хотоо бид шал өөрөөр төлөвлөх, өөрчлөх хэрэгтэй. Энд нэг зүйлийг онцлон хөндөх гэсэн юм. Хот төлөвлөлттэй холбоотой асуудал л даа.Үүнийг цаашдаа үндэстнийг хамарсан хэлэлцүүлэг болоосой, тэгээд үр дүнд хүрээсэй гэж хүснэм. Хот төлөвлөлт гэдэг амар зүйл биш. Хэн дуртай нэгэн шийдвэр гаргаад, хүссэн газартаа шавар, төмөр овоолоод байдаггүй. Бид ингэж ойлгож, зоргоороо байсныхаа үр дүнг одоо энэ их бухимдалтай, учиргүй заваан балгас шиг болсон хотоосоо харж байна.


Улаанбаатар хот дотор Улаанбаатар-Толгойт-Амгалан гэсэн өртөөдөөс салбарласан 80 гаруй төмөр зам байдаг гэвэл та итгэх үү!

Энэ замуудыг хэн хэзээ тавьсан, ямар учиртайг бид бараг л анзаардаггүй байх. Хотыг хөгжихөд, хот шиг болоход хамгийн том “шавар” болсон энэ заваан юмнуудыг даруй эмхлэх цэгцлэх шаардлагатай болжээ гэдгийг хэлэх гэсэн юм. Бид дэлхийн улс орнуудаар бишгүй л явцгааж байгаа, хэзээ хот ийм байсан юм бэ?  Манайхан шиг хэн дуртай нэг нь хот дотроо төмөр зам салаалаад, ачаа тээврийн ложистик нэртэй компани байгуулчихсан нэвсийгээд, хогийн цэгээс ч долоон дор терминал гэхээс цаашгүй баахан агуулах босгон шавааралдуулж, бөглөрөл гацаа үүсгэн, цаг зав бараад, хотын хөдөлгөөнд садаа болон, хотын бүтцийг алдагдуулж, осол, аваарын шалтгаан өдөөж, бухимдал чирэгдэл болоод байдаггүй шүү дээ. Түрүүн дурдсан гурван өртөөг даган хотын төвийн хамгийн хөдөлгөөнтэй хэсгүүдэд 40 гаруй ачаа тээвэр, зуучлалын нэртэй компани хөглөрч байдаг юм байна. Эдгээр компаниудыг хотын төвөөс даруй хөөж гаргах нь хотын иргэдийн төдийгүй улс орны эрх ашиг. Бид олон улсын жишигт нийцсэн ачаа тээврийн нэгдсэн, орчин үеийн терминал, ложистик төвтэй болох ёстой. Ийм төв хотоос зах зайдуу байж, эндээс ачаа бараагаа зөөдөг, хадгалдаг, хуваарилдаг байж, хот эмх цэгцэд орох том эхлэл тавигдана. Олон улсын жишиг яг л ийм байдаг шүү дээ. Хүнд даацын тэрэгнүүд ачаа зөөж, хотынхоо төв замаар явдаггүй учир бусад улс орны хотын зам эвдэрдэггүй, орчин бохирддоггүй, хот дуу чимээгүй тайван амгалан байдаг юм. 1920-иод оны Хятадын худалдааны пүүсүүд шиг хөглөрсөн ийм байдлаа бид одоо цэгцлэхгүй, хэзээ гэж хойш тавьж суух юм бэ? Монголын Засгийн газар, тэр тусмаа НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар ажлаа яг одоо үүнд чиглүүлээсэй билээ. Улаанбаатар хот нэгдсэн терминалтай болсноор энэ замбараагүй компаниудыг цэгцэлж, хотын төвийг чөлөөлснөөр иргэдээ орон сууцжуулах ямар их зай, талбайтай болох билээ. Хотын зам сайжирч, ачаалал бууран, амьсгалах агаар, иргэдийн аюулгүй амьдрах орчны баталгаа чанаржиж дээшлэх боломжтой болох нь тодорхой.

Ложистик-гэдэг бол нийгэмд чиглэсэн асар том цогц бодлого байдаг юм. Тэр тусмаа хүнд чиглэсэн. Хотын иргэд хэдий чинээ уур уцаар бухимдалтай байна төдий чинээ хот төлөвлөлтийн бодлого муу байна аа гэсэн үг. 

Энэ бол жинхэнэ  чадвартай, чадалтай менежерүүдийн зайлшгүй хийх ёстой, хэрэгжүүлэх учиртай бодлого.

Грекийн “логос” (зохицол) гэдэг үгнээс гаралтай ложистик гэдэг маань эдүгээ зөв төлөвлөлт хуваарилалт, зохион байгуулалтыг илтгэсэн шинжлэх ухаан болж. Эртний Грек, Ром, Византын эзэнт гүрний үед цэрэг  армид шаардлагатай зэр зэвсэг, хүн хүчин, санхүү, төлөвлөлт, нийлүүлэлт хариуцсан офицеруудыг “ложистикс” хэмээн нэрлэдэг байсан юм билээ. Цэрэг, армид хамгийн шаардлагатай бүхнийг цаг тухайд нь хэрхэн ханган нийлүүлж, яаж зөв хуваарилж байснаас шууд ялалт, амжилт нь шалтгаалдаг байсан аж. Эндээс үүдэлтэй эдийн засагт, орчин үеийн хүний нийгмийн хөгжилд эрэлт хэрэгцээг хэрхэн зөв зохицуулах, нийлүүлэлт хуваарилалтыг яаж хийх, ачаа бараа, энэ их материалыг хэрхэн хадгалах, хамгаалах, яаж татах төвлөрүүлэх вэ гэдгийг зайлшгүй зохицуулах ухаан буюу бодлого менежмент болон хувирчээ. “Ложистик-гэдэг нь зай талбайг хамгийн үр ашигтай ашиглах, цагийг хэмнэх, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх үл тасрах гинжин урсгал юм” хэмээн Оксфордын тольд тайлбарлаж. Өөрөөр хэлбэл, хотыг хот шиг байлгахад ложистик зайлшгүй чухал хүчин зүйл байдаг юм байна. Улаанбаатар хотод нэгдсэн ложистик-терминал байдаггүйгээс хоногт дунджаар 135 сая төгрөг буюу жилд 50 шахам тэрбум төгрөгийн үргүй зардал гарч байдаг гэсэн тооцоог эрхэм дарга нарт бодвол танилцуулсан байдаг байх.Бас ачаатай вагонуудыг цагт нь суллаж, тавьж өгч чаддаггүйгээс үйлчлүүлэгчид ямар их бухимдаж, хугацаа алдаж, хөрөнгө мөнгө урсаж, хохирч байдгийг бүгд мэднэ дээ. Үйлчлүүлэгчид ачаа бараагаа цаг тухайд нь авч чаддаггүйгээс торгуульд орж, мөнхүү сулласан чингэлгийг цаг тухайд нь буцааж чадахгүй түгждэгээсээ болж Олон улсын далайн тээврийн байгууллагад торгуулийн 250 мянган долларыг Монгол Улс өнгөрсөн онд төлсөн байх юм. Ийм арчаагүй байж болохгүй ээ. Өөрсдөдөө төдийгүй өрөөлд саад болсон ийм бодлогоо тэгээд цаашаа үргэлжлүүлээд л байх юм гэж үү.

Энэ олон жижиг терминал тус бүр дээр ажиллаж байгаа техникүүд бүрэн хүчин чадлаа ашиглах боломжгүй, үргүй зардал ихтэйгээс гадна, терминал бүрт зайлшгүй ажиллаж байх ёстой Улсын мэргэжлийн хяналт болон гаалийн үйлчилгээ байдаггүй болохоор ямар их үргүй зардал эдийн засагт үүсдгийг холбогдох байгууллагууд өөрсдөө “үглэж” эхэллээ. Энэ нь сайн хэрэг. Бид нэгдсэн терминал, ложистик төвтэй болсноор юу хожихыг, Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдөхийг, ямар хөгжил дэвшил гарахыг эрх мэдэлтнүүд, тэр тусмаа тээвэр зуучлалын бизнес эрхлэгчид сайн тунгаагаасай гэж чинхүү сэтгэлээсээ хүсье.

Хэдий болтол зуунаар хоцрогдсон сэтгэлгээгээр хөгжилд хандаж явах юм бэ? Цөөхөн монголчууд хувийн явцуу эрх ашгаа нэгтгэн “Нэг бөгөөд хүчирхэг-Монгол” гэсэн итгэл үнэмшил, зорилгын дор зангидагдаасай гэж ямар их хүснэм.  Утаагүй болцгооё гэж хэдэн жил ярив. Хотын хөдөлгөөний ачааллыг багасгая гэж хэчнээн зөвлөлдөв. Тэгээд юу хийлээ бид. Ямар их хөрөнгө зарлаа. Үр дүн нь хаана байна вэ? Одоо ингэж бие биенээ хуурахаа больж, нийгмийн эрх ашиг, ирээдүйнхээ төлөө бодитой зүйлийг хийх цаг болсон гэж бодном. Аливаа юманд цаг, хэмжээ гэж байдаг. Алдах л юм бол дуусаа. Ядаж Улаанбаатарын энэ зах замбараагүй байдлыг журамд оруулъя гэжбайгаа юм бол ачаа,тээвэр зуучлалын бизнес эрхлэгч энэ олон компани явцуу эрх ашгаа тэвчээд нийслэлийнхээ зах зайдууд НЭГДСЭН ТЕРМИНАЛТАЙ болчихвол бидний зовлонгийн тал нь алга болно доо.