Орон нутагт амьдардаг нэгэн иргэн автын осолд орж яаралтай хагалгаа хийлгэхээр нийслэлд хүргэгдэж иржээ. Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан эмэгтэйг дайрч хүнд гэмтэл учруулсан байна. Хохирогчийг эмчлүүлээд гарсны дараа мөрдөн байцаагч ар гэрийнхнийг нь дуудаад “Гэмтлийн эмнэлгээс хохирогчийн эмчилгээний түүхийг авч ир” гэсэн үүрэг өгч тамгатай бичиг дайсныг нь тээврийн товчоон дээр хүргэж тухайн өдөр хот руу явах жолоочид дамжуулсан байна. Хотод байдаг хамаатан садангаас нь бас нэг хүн мөн л мөрдөн байцаагчийн явуулсан албан бичгийг эмчлэгч эмчид нь хүргэж өгөөд эмчилгээний түүхийг нь хуулбарлан авч хот хоорондын зорчигч тээвэр дээр очин тааралдсан жолоочид өгч явуулна.

Асуулт: Хэрвээ хохирогчийн эмчилгээний түүх замаасаа алдагдсан, эсвэл өөрчлөгдсөн, жолооч түүнийг хаяж үрэгдүүлсэн бол хариуцлагыг хэн хүлээх вэ? Хэрвээ цагдаагийн байгууллагын тамгатай албан бичиг эзэндээ хүрэлгүй замдаа алга болсон, эсвэл эсрэг сонирхолтой өөр этгээдийн гарт орсон бол бас хэн, ямар хариуцлага хүлээх вэ?

Оюутан цагтаа алс хол суугаа аав ээждээ, эсвэл хайртай хүндээ захидал биччихээд Төв шуудангийн хаалгаар хулган хулган орж, шууданчид өгөхөөр гар сунгах зууртаа захиан доторх үг үсэг дугтуйн дээр дурайтал тодроод гараад ирэх юм шиг сандран хацар луу нь халуу төөнөж, хэрэгт дуртай хэн нэгэн замд нь задлаад уншчих вий хэмээн сэрэмжилдэг байсан хэн нэгэн бий юу? Хувийн нууц гэдэг ийм нандин бөгөөд эрхэм. Тиймээс хувийн нууцыг, тэр дундаа захидал харилцааны нууцыг Монгол Улс Үндсэн хуулиараа хамгаалдаг. Харин та түүнийг хэнд итгэж дамжуулдаг вэ? Хамгийн сүүлд хэзээ, хэнд захидал илгээсэн бэ?

Шуудангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шуудангийн үйлчилгээг “Иргэн, аж ахуйн нэгж захидал харилцаагаа битүүмжлэн дамжуулах, солилцох, нууцлах тухай Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэх нөхцлийг баталгаажуулсан шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээ” гэж тодорхойлсан байна. Өнгөрөгч мягмар, лхагва гаригт Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Харилцаа холбооны хөгжил: Шуудангийн салбарын зохицуулалт” сэдэвт хоёр өдрийн семинар, сургалтыг шуудангийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дунд зохион байгуулав. Монгол улсын нутаг дэвсгэрт шуудангийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн өмчит үндэсний сүлжээ компани болон улс хоорондын буухиа шуудан, нийслэлд хүргэлт хийдэг хувийн компаниуд, хотын гааль, Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ынхан бараг л бүрэлдэхүүнээрээ оролцсон энэ семинарын үеэр шуудангийн үйлчилгээ хэрэглэгчдийн эрх ашигт хэр нийцэж байгаа болон үйлчилгээ үзүүлж байгаа компаниудын алдаа, оноо, асуудал, бэрхшээлийн талаар ярилцав.

Монгол Улсад шуудангийн үйлчилгээ үзүүлдэг, тусгай зөвшөөрөл бүхий 49 компани байдаг юм байна. Төрийн өмчит “Монгол шуудан” ХК болон улс хоорондын буухиа шуудан, хот хооронд хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг хувийн 48 компани. Энэ 49 компанийн ажлын үр дүн нийлээд Монгол Улсын шуудангийн үйлчилгээг Дэлхийн шуудангийн холбоонд элссэн 150 гаруй орноос 79-р байрт жагсаажээ. Шуудангийн үйлчилгээг үнэлж цэгнэдэг “найдвартай, хүртээмжтэй, уян хатан, ач холбогдол бүхий” гэсэн дөрвөн үзүүлэлтээр 0-100 оноогоор дүгнэхэд 39,41 оноо авсан байна. Харин Швейцарь, Франц, Япон, Нидерланд, Герман улс 94-өөс дээш оноо авч эхний таван байрт жагсав. 

Ер нь бол монголчууд дэлхийн 200 гаруй орноос хөгжлийн олон үзүүлэлтээр ямагт 100-гаас хойш, 170-180 дотор давхидаг болсон гэж үзвэл бараг л “хэвийн” үзэгдэл. Дэлхийн шуудан компаниуд жилд 445 тэрбум захидлыг хаягт эзэнд нь хүргэдэг гэнэ. Нэг хүн жилд дунджаар 43,8 захидал хүлээж авдаг бол Монголд энэ тоо 0,43... Жилдээ 2-3 хүний дунд нэг ширхэг захидал хүргэгдэж байна гэсэн үг. Энэ нь бичвэрийн эхэнд дурдсан монголчуудын захидал харилцааны соёлтой холбоотой. Албан байгууллага, ажил хэргийн хүрээнд ч, амин хувийн харилцаанд ч ялгаагүй. Мэдээж үйлчилгээ үзүүлж байгаа шуудан компаниудын ажил, үйлчилгээний чанар, шуурхай байдал болон технологийн дэвшилтэй ч холбоотой л байх. Гар утас, интернэт харилцаа бий болсноос хойш аймаг, сум, тив алгасч, захидал цахилгаан илгээдэг, түүнийг нь сар, өдрөөр хүлээж суудаг зүйл алга болсон. 

Гэвч шуудан төрийн үйлчилгээний нэг төрөл. Аль ч улс оронд шуудангийн үйлчилгээ төрийн хяналтанд байж, иргэд, байгууллагуудад баталгаатай, найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг. Өнөөдөр Монгол Улсад шуудангийн бүх нийтийн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн нутаг дэвсгэрийн хэмжээнд шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч ганц компани нь “Монгол шуудан” ТӨХК. Харин ХХЗХ-ноос шуудангийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авсан хувийн 48 компани байдгаас энэ оны байдлаар 22 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж, 14 нь гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй, 14 үйл ажиллагаа явуулаагүй гэсэн дүн гарсан байна. 48 компани 57 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаас зургаа нь шуудангийн үндсэн сүлжээ байгуулах буюу уламжлалт үйлчилгээ үзүүлэх /бичиг, захидал, илгээлт, боодол явуулах г м/, дөрөв нь хот дотор хүргэлт хийх, хоёр компани хот хооронд, 42 нь улс хоорондийн илгээлтийн үйлчилгээ үзүүлэх, зургаа нь улс хоорондын буухиа шуудан, хоёр нь улс хоорондын логистик үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй. Гэвч гарсан үр дүнгийн талаар өмнө өгүүлсэн. 

Шуудангийн талаарх сонирхолтой баримтууд

Анхны шуудангийн хайрцаг одоогоос 400 жилийн өмнө Флоренцид бий болж, түүнийг ашигладаг хүмүүс нь “чөтгөртэй нөхцсөн” хэмээгдэж байсан эрдэмтэд, гүн ухаантнууд, тэрслүү үзэлтнүүд байв. Өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа хамгийн “хөгшин” шуудангийн хайрцаг Их Британийн “о-в Гернси, Сент Питер-Порт, Юнион стрит” хаягт байх агаад 1853 оноос өнөөдрийг хүртэл үүргээ “нэр төртэйгээр” гүйцэтгэж байгаа гэнэ. Шуудангийн хаягийн дугаарлалтыг анх Парисын “Нотр Дам” гүүрнээс эхлэн хийжээ. 

Дэлхийн хамгийн том ажил олгогч нь АНУ-ын шуудангийн алба. Энэ нүсэр байгууллагад 870 мянган хүн ажилладаг байна. Дэлхий дээр нэг минутад 5 сая захидал илгээгддэгээс Английн Кен хотын иргэн Элан Форман гэгчийн 1982 оны нэгдүгээр сарын 3-нд эхнэртээ бичсэн захидал шуудангийн түүхэнд хамгийн олон буюу 1.402.344 үгтэй байв. 1929 онд Их Британид болсон үймээн самууны дараа илгээгдсэн нэгэн захидал 2008 онд эзэндээ хүрсэн байна. Энэ 80 шахам жилийн хугацаанд Англи орон төдийгүй дэлхий нийт юу эсийг туулав. 

Харин монголчуудын хувьд шуудангийн үйлчилгээ, захидал харилцааны соёл нэлээд хожим бий болсныг бид мэднэ. Өгөдэй хааны байгуулсан морин өртөө, улааг эс тооцвол. Гэвч энэ нь төрийн хэргийг явуулах, зарлиг тушаал гүйцэлдүүлэх, хязгаар нутгаас мэдээ хүлээн авахад чиглэсэн төрийн шуудан байснаас биш бүх нийтээр үйлчилдэг шуудангийн үйлчилгээний жинхэнэ хэлбэр биш л дээ.

Уламжлалт шуудангийн үйлчилгээ

Социализмын үед шуудангийн үйлчилгээ харьцангуй шуурхай, хүртээмжтэй байж. Аймгийн төвүүд рүү өдөр бүр нислэгтэй, сумдад бол 7 хоногт 3-4 удаа “царцаа ногоон”-оор хүрдэг, бригад, фермүүдэд 7 хоногт 1-2 удаа хэвлэл, шууданг хүргэдэг байсан аж. Хүүхэд байхад “Говийн зэрэглээ” кинонд гардаг ногоон онгоцоор Хөвсгөлийн Мөрөнгөөс Жаргалант сум руу нисэхэд 12 төгрөгөөр “литр” бичүүлдэг байлаа. “Ногоон онгоц хатуу” гээд зорчигч тэр бүр суухгүй, гол үүрэг нь шуудан хүргэлт. Зөвхөн сум, бригадын хооронд шуудангийн үйлчилгээнд 357 автобус явдаг байж. Шуудангаа ч зөөнө, хүнээ ч тээвэрлэнэ. Одоо бол хүн тээвэр, шуудан хоёр нь тус тусдаа болсон. Бараг айл болгон гаднаа унаатай болсон болохоор хүн тээвэр гээч юм сумдад ашиггүй, харин шуудангийнхан нь гаднаа машингүй. Яахав, ёсыг бодож сум болгонд шуудан, холбоо гэж байна аа. Өмнө нэг айл болж, эхнэр, нөхөр хоёр нэг нь шуудангаа түгээгээд нөгөө нь холбоочноо хийдэг байсан бол одоо хоёр тусдаа байгууллага болж, байшингаа дундуур нь хуваагаад хоёр талд нэг нэгээрээ суучихсан.

Одоогоос бараг арваад жилийн өмнө Зам тээврийн яамнаас “Шуудангийн үйлчилгээг хэрхэн үр дүнтэй, шуурхай болгох вэ?” гэдэг асуудлаар улсын хэмжээний чуулга уулзалт зохион байгуулж, түүн дээр “Шуудангийн үйлчилгээ бол ашгийн бус байгууллага юм аа. Иргэнд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ учраас төр санхүүжүүлэх ёстой” гэлцэн хэрхэн өөд татах талаар ярилцаж байв. Тухайн үед өнөөдрийг бодвол шуудангийн солилцоо их, сонин хэвлэлийн нэр төрөл цөөн ч захиалга олонтой байсан учраас иргэдийн шуудангаас нэхдэг зүйл их байлаа. Наад зах нь орон нутгаас “Өдөр тутмын сонингоо өдөрт нь биш юм гэхэд маргааш нь авч баймаар байна” гэж шаардана. 

Одоо бол интернэт харилцаа хөгжөөд, телевизийн олон суваг бий болоод ирэхээр хэвлэмэл мэдээллийн хэрэглээ, орон зай ч багассан. Гэвч телевиз сонинг орлож чадахгүй нь үнэн. Ялангуяа твиттер, фэйсбүүк, цахим сайтууд гэх мэт онлайн мэдээллийн хэт хурдтай давалгаанд чанартай мэдээлэл хомсдож, мэдээллийг мэдлэг болгож түгээдэг, нийгмээ гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэлийн байгууллагуудын манлайлал үгүй болж, тэр хэрээр чанартай уншигчдын тоо цөөрсөөр. Энэ ганцхан манайд л үүсээд байгаа асуудал биш, дэлхий нийтээр ийм үзэгдэл бий болж байгаа учраас эргээд хэвлэмэл мэдээлэл, цаасан сонин үнэ цэнэтэй болж эхэлж байна. 

Гэхдээ манай шуудангийн үйлчилгээ хүртээмж болоод шуурхай байдлаараа 1990 оны өмнө байсан тэр чадавхиасаа ухраад байгаа тухай өмнө хэлсэн. Хамгийн алслагдсан сумдад хүрч байгаа бичиг захидал гэхэд 12 хоногийн дараа хаягт эзэндээ хүрдэг, сумдад долоо хоногт хоёр удаа арай чүү шуудан очдог нь хэрэглэгчдийг түлхэж байгаа бас нэг үзүүлэлт. Тиймээс 2011 онд Засгийн газраас “Өрх бүрт шуудан” урт хугацааны хөтөлбөрийг баталж, 2011-2010 он хүртэл арван жилийн хугацаанд нийт 61 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шуудан, харилцаа холбооны салбарт хийхээр төлөвлөсөн байна. Хөтөлбөрийн зорилтыг: 

-Шуудангийн салбарт шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, үндсэн сүлжээг бий болгох,

-Үндсэн сүлжээний ашиглалт, дамжуулах чадварыг өргөтгөх, 

-Шуудангийн хаягжуулалтыг зип кодтой уялдуулан сайжруулах, өрх бүрийг шуудангийн хайрцгаар хангах, 

-Шуудангийн үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, 

-Шуудангийн маркийн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлж, филателийн үйлчилгээг өргөжүүлэх, 

-Салбарын хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх гэх мэт зургаан зүйлээр тодорхойлсон байдаг. 

Өнөөдрийн байдлаар хөтөлбөрийн зорилт тус бүр 50-60, 70 хувьтай явж байгаа гэх ч өнгөрсөн хугацаанд энэ салбарт улсын төсвөөс хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ ердөө хоёр тэрбум төгрөг. Үүнээс нэг тэрбумыг нь эхний жилд оруулсан ч ихэнхдээ хэвлэлийн байгууллагуудыг дэмжих, сонин хэвлэлийн захиалгыг нэмэгдүүлэхэд зарцуулаад дууссан байна. Харин 10 жилийн өмнө эхлүүлсэн улсын хэмжээнд шуудангийн бүсчилсэн код нэвтрүүлэх ажил 59 хувьтай яваа гэнэ. Тухайн үеийн Засгийн газраас баталсан “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд:

-Улс оны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгож, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх, 

-Гудамж талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, 

-Шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгохоор ЗТАЖ-ын сайдын 2007 оны 101 тоот тушаалаар “Шуудангийн нэгдсэн код”-ыг баталсан байдаг. Шуудангийн нэгдсэн кодчилолд 2013 оноос хойш Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт бүртгэгдсэн, нийслэлийн төв зам дагуу байрлалтай 17000 гаруй барилга объект, байгууламжийн мэдээллийг оруулсан байна. /www.zipcode.mn хаягаар орж дурын байршил болон өөрийн оршин суугаа хаягийнхаа шуудангийн кодыг үзнэ үү/ Хан-уул дүүргийн 2-р хороо “Мишээл Экспо”-гоос Яармагийн гүүр хүртэлх замын дагуу байршил 17043, Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар хотын цэцэрлэг, Сүхбаатарын талбай, Үндэсний түүхийн музейгээс МУИС, Уран зургийн галерэй хүртэлх Багатойруу-1, 2, 3 байршил14200, 14201, 15160 кодтой байх жишээтэй. 

“Өрх бүрт шуудан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ХХМТГ-аас албан байгууллага, орон сууцны барилгуудад байрлуулах шуудангийн хайрцгийн стандарт, барилгын норм, нормативийг баталсан ч хэрэгжилт бас л хангалтгүй. 2010 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцууд орц бүртээ шуудангийн хайрцагтай байхад үүнээс сүүлд ашиглалтад орсон орон сууцууд яагаад шуудангийн хайрцаггүй байгаа тухай лавлахад “Өмнө барилга хүлээж авах комисст шуудангаас нэг хүн заавал оролцуулдаг байснаа одоо больсон” гэсэн хариултыг албаны хүнээс сонсов. Уг нь ашиглалтад орж байгаа орон сууц бүр шуудангийн хайрцагтай байх ёстой гэдэг шалгуур “Тоглоомын талбай, ногоон байгууламжтай байх ёстой” гэдэгтэй яг адилхан энгийн л стандарт. Тэр тусмаа өртөг зардал бүр бага. Гэтэл манайхан л болсон хойно “ямаан дээр тэмээний гарз” гэгчээр ялихгүй залхуугаас том ажлаа нурааж, нэг нь нөгөөгөө дэгээдэж явдаг нь энэ хэртэй. Хэрэвзээ барилга байшингаа стандартынх нь дагуу хүлээж аваад, хотынхоо гудамж, талбайг зип кодтой уялдсан нэг загварын хаягтай болгочихвол “өрх бүр шуудантай” болчих бүрэн боломж байна. Хөдөөнөөс хэзээ орж ирсэн, хэн гуай ч бай гар утасныхаа ап дээр очих газрынхаа хаягийг оруулаад хүрэх газартаа саадгүй хүрчих боломжтой. Зүгээр нэг жирийн иргэн Улаанбаатар хотын гол гол гудамжууд, хөдөө орон нутгийн төв замуудыг хамарсан 40,0 гаруй км замыг 360 градусын зурагтай нь Google Urt-д оруулчихсан байна шүү дээ. 


Орчин үеийн шуудан 

Улаанбаатар хотод өдөрт 450 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Тэдний 2100 нь хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс хэвлэл, шуудан хүргэлтэд 77 /30 орчим нь “Монгол шуудан” ТӨХК-ийнх/, цахим хүргэлтэд 175, архи, пиво, ус, ундаа хүргэхээр 250, мах, махан бүтээгдэхүүний хүргэлтэд 120, сүү, сүүн бүтээгдэхүүний хүргэлт 290, гурилан бүтээгдэхүүний хүргэлтийг 310, тавилга хүргэлт 210, сүлжээ дэлгүүрүүдийн хүргэлт 250, импортын бүтээгдэхүүний хүргэлтэд 45, дуудлагын хүргэлтэд 118 автомашин гэх мэтчилэн. Сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, хоолны газар болгон өөр өөрийн хүргэлттэй. Тэгээд нөгөө замын түгжээ рүүгээ хөвөөд орчихно доо. Өглөөгүүр хүнсний дэлгүүрт зогсч байхад эхлээд “Атар өргөө”-гийнхэн талхаа хүргээд явснаас хойш “Талх чихэр”, дараа нь “Сүү” гэх мэтчилэн орж ирээд нэг нэг сагс бүтээгдэхүүн шидчихээд төлбөрөө бэлнээр хийгээд явдаг. Жолоочийн цалин хөлс, шатахууны зардал, тээврийн хэрэгслийг элэгдэл хорогдол гээд тооцвол нэг компаниас нэлээд хэмжээний зардал гарч байгаа. Харин энэ бүгдийг нэг урсгалд оруулбал зардлын хэмжээг багасгаж, ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс л шуудангийн үйлчилгээнд шинэ төрлийн үйлчилгээг нэмэгдүүлэх тухай яриа, санал санаачилгууд гараад байна. 

Одоохондоо “Монгол шуудан” ТӨХК жишээ нь ашигтай ажилладаг. Төсвөөс татаас, санхүүжилт авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг. Шуудангийн үндсэн үйлчилгээ орон нутагт алдагдалтай гардаг ч Олон нийтийн үүргийн санд төвлөрүүлсэн хувийн компаниудын хөрөнгөөр алдагдлаа нөхөөд явдаг аж. ХХЗХ-ноос шуудангийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авсан хувийн компаниуд “Монгол шуудан” компанийн хамгийн ашигтай терминалуудыг түрээсэлснийхээ хувьд Үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Жилдээ 200 сая төгрөг. Харин ХХЗХ-ноос Үүргийн санд төвлөрүүлдэг энэ мөнгийг бууруулах талаар ярьж эхлээд байна. Үүнийхээ оронд орон нутагт, хот дотор хүргэлт хийдэггүй, зөвхөн улс хоорондын буухай шуудан, илгээлтийн үйлчилгээ явуулдаг хувийн компаниудийн илгэмжийг өөрийн сүлжээгээр түгээж, хамтарч ажиллах, үүгээр дамжуулж орлогоо нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байна. 

Уг нь хуулиараа “харилцан холболтын гэрээ” гэж юм байгуулаад түгээлтийнхээ сүлжээг хуваагаад ажиллах бололцоо байгаа ч манайхан л болсон хойно чиг чигээрээ “хувиа бодож довоо шарлуулах”-ыг илүүд үздэг. Тиймээс компани болгон 10, 10 машин гаргаад өдөртөө 5-10-хан хүргэлттэй сууж байдаг. Нэлээд томдоо орох “Түгээмэл шуурхай шуудан” компани гэхэд 40 гаруй аж ахуй нэгжтэй гэрээтэй ч гэтэл өдөртөө 5, 10-хан түгээлт хийдэг. Түгээлтэд явдаг 40 машиных нь 30 нь зүгээр зогсдог гэсэн үг. Дээр нь шуудангийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлгүй компаниуд, хувь жолоочоор хүргэлт хийлгэдэг компаниуд ч бий. Цахимаар бараа үйлчилгээ борлуулж байгаа компаниуд “Хүргэлт үнэгүй” гэж сурталчилгаад боловч үнэн хэрэгтээ борлуулагч болон худалдан авагчийн аль нэг тал нь хүргэлтийн зардлыг төлж л байгаа. Тиймээс хүргэлтийн зардал зайлшгүй гэдэг зүйлийг хуулиар тодорхой болгоод тарифийг тооцсон тохиолдолд “Хүргэлтийг зардлыг борлуулагч тал төлнө” гэсэн зарчимтайгаар шуудангийн үйлчилгээг энэ чиглэлд оруулж ирэх боломж ч байгаа аж. Гэхдээ энэ нь үндэсний сүлжээ компаниа дэмжээд, хувийн компаниудыг хааж боох тухай асуудал биш. Нэгдсэн сүлжээгээ л бий болгочихсон тохиолдолд түүн дээр төрийн ч бай, хувийн ч бай компаниуд нь чөлөөтэй оролцоод ажиллах, ашиг орлогоо хуваах тухай яриа юм. 

Асуудлын гол нь шуудангийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар аюулгүй, чанартай, шуурхай явуулах тухай л юм. Ялангуяа “Өрх бүрт шуудан” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн шуудангийн бүсчилсэн код буюу кип кодыг нэг загварын хаягжуулалттай холбоод шийдчихвэл компаниуд үндсэн сүлжээгээ бүсчилсэн байдлаар хувааж ажиллаад зардлаа хэмнэх боломжтой юм байна. Орон нутагт жишээ нь шуудангийн үйлчилгээг бүсчилсэн байдлаар явуулаад эхэлбэл тухайн бүс нутаг дахь бараа эргэлт ч нэмэгдэх боломжтой. Жишээ нь “MCS” компани өөрийн бүтээгдэхүүнээ Хөвсгөл аймгийн Цагааннуур сум хүртэл сар бүр тээвэрлэхийн оронд Дархан, Эрдэнэт рүү хүргэдэг, тэндээс нь шуудан компаниуд хүлээж аваад цааших түгээлтийг шатлан хийдэг бол цаг хугацааны хувьд ч өртөг зарлын хувьд ч хэмнэлттэй. 

Одоогийн байдлаар “Монгол шуудан” компани Улаанбаатар-Замын Үдийн чиглэлд ложистикийн үйлчилгээ явуулж, том оврын зургаан машинаар ачаа тээвэрлэлт хийж байна. Өдөрт нэг удаа тогтмол гэсэн үг. Хэрвээ бүх аймгууд руу хийдэг болчихвол Улаанбаатараас 20 компани 21 аймаг руу нэгэн зэрэг тээвэрлэлт хийх хэрэггүй болно. Бараа эргэлт нь түргэсээд, хугацаа богиносоод ирэхээр бүтээгдэхүүний чанарт ч өөрчлөлт орохгүй. Орон нутгийн шуудан ч гэсэн зөвхөн цөөн тооны бичиг, захидал, илгээлт хийгээд “алдагдалтай ажиллаж байна, цалин бага” гэж суухын оронд малчдаас авдаг малын хөлийн татвар, бууны татвар гэх мэтийг хураадаг, сум суурингаас алслагдсан иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг хүргээд өгчихдөг байвал шуудан хүргэлтийн давтамжийг нэмэгдүүлэх боломжтой, давтамжаа нэмэгдүүлээд эхлэвэл шуудангийн үйлчилгээний хэрэглээ ч нэмэгдэх боломж байна. Үүний тулд Шуудангийн тухай хууль болон холбогдох бусад хууль, харилцаа холбооны салбарын эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, шуудангийн үйлчилгээний нэр төрлийг олшруулах талаар ярилцаж байна. 

2016 онд УИХ-аас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д тулгуурлан 2017 онд Засгийн газрын 47-р тогтоолоор баталсан Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогод “Шуудангийн бүх төрлийн үйлчилгээг Монгол Улсын иргэн, өрх, байгууллага бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх боломж бүхий шуудангийн сүлжээг төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан өргөтгөх хөнжүүлнэ” гэсэн байна. Тухайлбал, бодлогын баримтын 3.2.1-д “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн актыг боловсронгуй болгож, Монгол Улсын хууль болон олон улсын гэрээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулж мөрдүүлэх”, 3.4.4-д “Хаягжилтын нэгдсэн системд суурилсан шуудангийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх” гэх мэт. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд энэ оны гуравдугаар сараас эхлэн ХХЗХ, ХХМТГ-аас Шуудангийн тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулахаар судалгаа хийж, шуудангийн үйлчилгээг тогтмол авдаг 6000 гаруй иргэдээс түүвэр судалгаа авсан аж. Өнгөрсөн хоёр өдрийн сургалт, семинарын үеэр хуулиудын төсөл дээр салбарынхнаас санал авах хэлэлцүүлгийг бас давхар хийж байна лээ. Гэвч ярих нэг хэрэг, яриснаа ажил хэрэг болгох бас өөр хэрэг. 

“Lala Move” гэж компанийг 2013 онд Хонконгод анх байгуулжээ. Энэ бол өөрийн тээврийн хэрэгсэлгүй, өөрсдөө хүргэлт хийдэггүй, виртуал компани. Зөвхөн зах зээлээ судлаад захиалга аваад хүмүүстэй гэрээлээд хүргэдэг. Энэ компани ердөө жилийн дотор Сингапур, Бангкок, Гуанжоу, Шанхайд салбараа нээж, дөрвөн жилийн дотор дэлхийн 10 орны 120 гаруй хотод үйл ажиллагаа явуулж байна. Мөдхөн манайд ч ороод ирэх боломжтой. Тиймээс бид зах зээлээ алдахгүйн тулд шуудангийн үйлчилгээндээ шинэчлэлт хийж, ложистикоо бий болгох хэрэгтэй тухай мэргэжлийн байгууллагууд ярьж байна. Олон жилийн өмнө шуудангийн салбарт санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх тухай ярьж байсан. Ярьсаар байтал банкууд нь авчихсан болчихсон. Одоо ложистикоо алдах юм бол Монголд шуудангийн үйлчилгээ орших боломжгүй болно шүү гэдгийг энэ салбарыг олон жил авч явсан ахмадууд ярьж байна. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн байгууллагын мэргэжлийн хүнээр удирдуулахгүй, дан ганц улс төрийн томилгоогоор ажиллуулж байснаас салбарын хөгжлийг үргэлж хойш татаж, хоцорч ирлээ шүү гэдгийг ч хэлж байна лээ шүү, эрхэм намчид аа! Дээр шийдвэр гаргаж байгаа нөхөд ойлгохгүй бол доор ажиллаж байгаа салбарынхан дэвхцээд дэвхцээд хаа хүрэх билээ.

Эцэст нь хэлэхэд шуудангийн үйлчилгээ гэдэг хүмүүсийн хэрэглээ төдийгүй соёл юм. Тиймээс хэдэн зуун жил төлөвшиж бий болсон энэ соёлыг хадгалах, хөгжүүлэх үүднээс Дэлхийн шуудангийн холбоо бүр 1980 оноос эхлэн өсвөр үеийнхний дунд захидлын уралдаан зарлаж, Дэлхийн шууданчдын өдрөөр ялагчийг тодруулдаг байна. Манайх өнгөрсөн оноос эхлэн захидлыг уралдаанд оролцож, ХХЗХ, Боловсролын яам хамтран дотооддоо зохион байгуулж эхэлсэн байна. Үүнийгээ уламжлал болгон хөгжүүлж, Монголын залуу үеийг хүн төрөлхтний бас нэг соёл, хэрэглээнээс гээгдүүлэхгүй авч үлдэх болтугай!