Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын баг 2016 оны есдүгээр сарын 20-нд томилогдсоноосоо хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Тэд өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд унаад байсан итгэл үнэмшил, нэр хүндийг өргөх, “шинэ багийн хийсэн” гэх ямар ажлыг амжуулав. Иргэд ямар үзүүлэлтээр үүнд нь итгэх ёстой вэ гэдгийг товч дурдъя. Юуны өмнө Хөгжлийн банк олон нийтэд нээлттэй болж, хяналт тавих боломжийг нээж “Дархан цаазат” байхаа больсон байна. 

Байгуулагдсанаасаа хойшхи дөрвөн жилийн хугацаанд хяналт тавих боломжгүй, Дотоод аудитын газраа татан буулгачихсан,2014 онд Үндэсний аудитын газраас бөөн хэл ам болж байж цор ганц удаа шалгалт хийснийг эс тооцвол “санаатайгаар мартагдсан” газар байлаа. 

Хөгжлийн банкны шинэ удирдлагууд анх ажлаа хүлээж авахад банкны санхүүгийн зохистой харьцаа алдагдчихсан, Үүнээс  болж гаднаас татсан эх үүсвэрүүд хугацаанаасаа өмнө татагдах зэрэг олон эрсдлүүд тулгарчихсан байж. Жишээ нь 2016 оны 3 дугаар улирлын үзүүлэлтийг авч үзэхэд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 10-аас доошгүй байх ёстойгоос 3.9 хувьтай л байсан. Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ, зээлийн багцынхаа 70 гаруй хувийг давчихсан байж. Нийт дүнгээрээ 130-140 тэрбум төгрөгийн алдагдалтай,том эрсдэлд орчихсон, дампуурахад бэлэн болчихсон байсан аж. 

Шинэ удирдлагын баг үүнийг хууль эрхзүйн орчныг сайжруулахаас эхэлжээ.Ингээд хуульд өөрчлөлт оруулах замаар хяналт, шалгалтыг нэмэгдүүлсэн нь “Шинэ” Хөгжлийн банкны шинэ зам нь болжээ. 

Тиймээс шинэ багийнхан хамгийн түрүүнд хяналттай болгохыг зорьсон байдаг. Ингээд Хөгжлийн банкны тухай хуулийн хүрээнд Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор дүрэм, бусад холбогдох бодлого болон журмуудыг ТУЗ-ын тогтоолоор тус тус баталсан бөгөөд тухайн батлагдсан өдрөөс эхлэн дотооддоо мөрдөн ажиллаж байна. Үүнд, Хөгжлийн банкны тогтоолоор актив, пассив хөрөнгийн удирдлага, эрсдлийн удирдлага, зээл болон хөрөнгө оруулалтын бодлого бусад дотоод үйл ажиллагааны журмуудыг тус тус баталжээ. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Монголбанкнаас зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих болсон. Хөгжлийн банк сар бүр Монголбанкинд санхүүгийн тайлангаа хүргүүлж, хэрэгжилтийг хэрхэн хангаж буй талаар хариу ирүүлэх замаар хамтран ажиллах болсон байна. 

Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хяналт хэд дахин нэмэгдэж жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар хийлгэдэг санхүүгийн нийцлийн аудитаас гадна Монголбанк, Үндэсний аудитын газар, Засгийн газар хуулийнхаа хүрээнд тогтмол хяналт тавьдаг болсон.  Энэ онд  Монголбанк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд шалгалтаар орж ирсэн. Жилд дундажаар 3-4 газар шалгалт хийж байна.  Мөн тус банкны ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитийн албаны үйл ажиллагаа жигдэрч тогтмол хяналт, шалгалт хийдэг болсон байна. 

Нөгөөтэйгүүр, яаралтай шуурхай баланс дээр зохицуулалт хийх, зээлийн багцыг сайжруулах, хугацаанаасаа өмнө татагдах эрсдэлтэй эх үүсвэрүүдийн талаар гаднын банк, санхүүгийн байгууллагуудтай яриа хэлцэл хийх гэх мэтчилэн шат дараатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ. Засгийн газар, УИХ ч энэ ажлыг нь маш сайн ойлгож дэмжсэн байдаг. Үүний үр дүнд 2016 оны 12 дугаар сарын 28-нд УИХ-ын 81 дүгээр тогтоол гарч улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3.2 наяд төгрөгийн 350 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг Сангийн яам болон холбогдох яамд уруу шилжүүлсэн. Энэ тогтоолоор мөн Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наядаар нэмэгдүүлсэн.  УИХүүнээс хойш хоёр сарын дараа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулыг баталж өгсөн билээ.

Хөгжлийн банк 2018 онд Шинэ хуулиа хэрэгжүүлж, олон үе давхаргатай хяналт шалгалтуудтайгаар иргэдийнхээ өмнө нээлттэйгээр үйл ажиллагаа явуулж, улс орны эдийн засгийг урт хугацаанд өргөх томоохон төслүүдийг санхүүжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн чухал үнэ цэнээ өсгөлөө. Үүнээс цаашхи хөрөнгөө нэмэгдүүлэх зэрэг ажил бол итгэлийг сэргээх, ил тод ажиллахын дараа үүрэг юм.