Өнгөрөгч долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Монголбанкинд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийн талаар мэдээлэл хийж, урт урт ярилцлагууд хэвлэлүүдээр хөвөрч эхэллээ. Урт ярианы ахар утга нь “Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хууль зөрчиж, 14 их наяд төгрөгийг салхинд хийсгэжээ, Монголбанкийг 1,7 их наяд төгрөгийн алдагдалд оруулжээ. Энэ мөнгийг эргэн төлүүлж, Н.Зожаргал гэдэг хүнийг шоронд хийх хэрэгтэй” гэнэ. Араас нь залгаад “Н.Золжаргал Австрали улсын иргэн болжээ. Х.Баттулга аа, найзыгаа хар даа” гэсэн мессежүүд сошиалаар хөврөв. Асуудал Н.Золжаргалд байсан уу, Х.Баттулга бай нь юм уу?

Би ч хувьдаа Х.Баттулга гэдэг хүнийг АН-аас аль болох хол яваасай гэж хүсдэг. Хийсэн хэрэг байдаг бол ялаа үүрээд, хийгээгүй гэвэл нь тэр “билэг тэмдэг” рүү нь дэвшүүлээд ч болтугүй энэ намыг хурдхан цэвэрлээд өгөөсэй гэж. Харин Монголбанк бол шал өөр зүйл.

Ухаандаа Монгол Улсын сүүлийн хоёр жилийн төсөв нийлбэр дүнгээрээ 14 их наяд төгрөг давсан байна. Энэ их мөнгийг Н.Золжаргал гэдэг хүн салхинд хийсгэж, галд хийсэн гэвэл бид өнгөрсөн хоёр жил юу идэж, ууж амьдарсан байж таарах вэ? гэх мэтчилэн сонин л доо.

УИХ-ын ажлын хэсэг Монголбанкны 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны  арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл таван жилийн ажилд нь хяналт шалгалт хийсэн юм байна. 2011 оноос Монголын эдийн сэргэж, түүхэндээ анх удаа 17 хувийн өсөлттэй гарч байсан үе л дээ. Нөгөө муу нэр, луу данстай Оюутолгойгоос л болсон сэргэлт шүү дээ. Тэр үед манай улсын валютын нөөц түүхэндээ анх удаа 4,2 тэрбум ам.долларт хүрсэн юм байж. Хэсэгхэн хугацаанд ч болтугай банкинд хадгалуулсан алтаа зарж ирэхээргүй баян байсан хэрэг л дээ. Харин “2012 оны сүүл үеэс валютын нөөцийн зарцуулалт буруу тийшээ явж эхэлсэн” гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн байна. Буруу тийшээ гэдэг нь эдийн засаг руу орж эхэлснийг хэлж байгаа бололтой. Нөгөө л гадаад зах зээл дээр эрдэс баялгийн түүхий эдийн үнэ унаж, валютын урсгал хөгжиж буй орнуудаас дайжиж байсан үе.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурч /Оюутолгойн ордын эхний шатны хөрөнгө оруулалт хийгдээд дуусчихсан үе/, эдийн засаг хүндэрч эхэлсэн тэр үед УИХ, Засгийн газар нь хямралын эсрэг бодлогыг төв банктайгаа хамтран хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 2012 онтой харьцуулахад 2013-2014 онд 6.441 сая ам.долларын, 2013-2015 онд 10.739 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтын дутагдал үүсч байв. 2013-2015 онд экспортын орлого 1.161 сая ам.доллараар /32 хувь/, банкуудын гадаад гүйлгээгээр орж ирсэн валютын урсгалын нийт хэмжээ 4.146 сая ам доллараар /42 хувь/ буурсан байна. Тиймээс тухайн үеийн УИХ 2012 оны 57-р тогтоол, 2013 оны 62, 2014 оны 34, 69, 2015 оны 94-р тогтоолоор төв банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгч байжээ. Тухайлбал, “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд,

-Иргэдийн өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах,
-Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах хамтарсан бодлого гаргах,
-Үнийг тогтворжуулах цогц бодлого боловсруулах,
-Хөтөлбөрийн арга хэрэгслийг зах зээлийн механизмд суурилсан хэлбэрт шат дараатай шилжүүлэх,
-Хөтөлбөрт хяналтын тогтолцоог сайжруулж, өрсөлдөөний шударга бус орчин бий болохоос сэргийлж ил тод, нээлттэй ажиллахыг
Засгийн газар болон төв банкинд УИХ-аас даалгажээ.

Үр дүнд нь инфляци 2012 оны 14 хувиас жил бүр буурсаар 2015 онд 1,9 хувь, 2016 онд 1,1 хувь болсон байна. Одоо яриад байгаа нэг ам.доллар 2500 төгрөгт хүрсэн чинь бол сүүлийн нэг жилийн дотор болсон юм шүү дээ. Өнгөрсөн оны долдугаар сард лав ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэж байсан.

Түүнчлэн ам.долларын ханш 1450-2000 болж өссөн 2013-2015 онд /инфляцийн өсөлтийг өмнөх жилийн тухайн үетэй нь харьцуулж тооцдог гэдгийг уншигчид санах биз/ шатахууны үнэ дөрвөн жилийн турш тогтвортой байж, махны үнэ 2010-2012 онд жил бүр 34 хувиар өсч байснаа 2013 оноос хойш махны инфляци, 1-р гурилын үнийн өсөлт буурсаар 2015 онд нийлүүлэлтийн инфляци тэглэгдсэн тухай тухайн үед УИХ-д гаргаж өгсөн Монголбанкны тайланд дурьдсан байна. Харин сая УИХ-ын ажлын хэсгээс танилцуулсан шалгалтын дүн дотор энэ тухай огт дурьдаагүй. Ярья гэвэл баримттай ярих ёстой.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн 98 хувь төлөгдөж дууссан, банкны салбарыг тогтвортой байлгаж, зээлийн тасалдал, системийн эрсдлээс сэргийлж чадсан, надаад худалдаа алдагдалгүй болсон гэх мэт үр дүнтэйгээр Н.Золжаргал гэдэг хүн ажлаа хүлээлгэж өгчээ. Харин төлөгдөөгүй үлдсэн /2 хувь/ зээл дотор УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээс хассан байгаад сүүлд хэвлэлээр цацагдсан Д.Гарамжав гишүүний /“Монполимет” компани/  Монголбанкны эрсдлийн сангаас төлүүлсэн 882 сая төгрөг, 3,9 сая ам.долларын өр ч явж байхдаа магадгүй. Ажлын хэсгийн гишүүд харин амласныхаа дагуу хэний ямар компани авсан зээлээ төлөөгүй тухай нэг бүрчлэн зарлачихвал ажил хэрэгт ч тустай, асуудалд ч шударга хандсан болно. Тэр энэ нам гэлтгүйгээр. Банк намд зээл өгдөггүй, компанид өгдөг юм шүү дээ.

Энэ мэтчилэн баримт сөхөөд үзвэл Н.Золжаргал гэдэг хүн энэ их мөнгийг ажлын хэсгийхний ярьж байгаачлан ганцаараа “цөлмөчихөөгүй” гэдэг нь тодорхой болно. “Салхинд хийсгэсэн” гээд байгаа тэр мөнгөөр уул уурхайн салбар уналтанд орсон энэ жилүүдэд хөдөө аж ахуй, барилга, дэд бүтцийн салбартаа дэмжлэг үзүүлснээр 200 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн, тэдний ард 200 мянган гэр бүл, сая шахам хүн ам орлоготой байсан гэдгийг санах ёстой. Орон сууцны ипотекийн зээлдэгчдийн тоо 30 мянгаас 90 мянга болтлоо өсч, хорин жилийн хугацаанд олгосон ипотекийн нийт зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг байснаа сүүлийн гурван жилийн дотор дөрвөн их наяд /4.000.000.000.000/ төгрөгт хүрсэн байна. Сар бүр 80 тэрбум төгрөг захын лангуугаар дамжин Эрээн рүү гардаг байсан бол ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр сар бүр 30 тэрбум төгрөгийн хуримтлал эргэж төвлөрдөг болсон байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “2012 он гэхэд Монголбанк цэвэр дүнгээрээ ямарч алдагдалгүй ажиллаж байсан. Монголбанкны өөрийн хөрөнгө байх ёстой балансдаа байсаар ирсэн” гэж ярьсан байна лээ. Тэгвэл энэ дөрвөн жилээс өмнө монголчууд “Монголбанк ингэж ажиллаж болдог юм байна. Ипотекийн зээлийн ингэж санхүүжүүлдэг юм байна. Үйлдвэрлэлийг ингэж дэмжиж, ажлын байрыг ингэж хамгаалдаг юм байна” гэдэг мэдлэг, мэдээлэлтэй байсан уу? Сар бүр хийдэг ханшийн мэдээлэл, тэдэн тонн алт худалдаж авсан, зарсан тухай “модон үгтэй” мэдээнээс илүү гарч Монголбанкны тухай сонсдог байсан уу?

“Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс болж Монголбанк 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ мөнгийг Н.Золжаргал гэдэг хүнээр төлүүлэх ёстой” гэнэ. Монголбанк ашигтай ажиллана гэдэг нь яг юу гэсэн үг юм, ямар арилжааны банк юм уу? Монголбанк хэрвээ алдагдалтай ажилласан бол ашиг нь ард түмэнд, иргэдэд очсон гэсэн үг. “Үнэ тогтворжуулсан нь буруу, Н.Золжаргал хууль зөрчсөн” л гэнэ. Тэгвэл АН, МАН, МАХН, бие даагчдын бүлгээс бүрдсэн өмнөх УИХ-аас Монголбанк, Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл, тогтоол шийдвэрүүд юу болж таарах вэ? “Монголбанк нь мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхдээ банкинд зээл өгөх хэлбэрийг ашиглаж болно”, “Монголбанкнаас арилжааны банкуудад олгох санхүүжилтийн хэмжээ, хүү, нөхцлийг Монголбанкны ерөнхийлөгч тогтоох бүрэн эрхтэй” гэсэн хуулийн заалтыг юу гэж тайлбарлах вэ? Хэрвээ Н.Золжаргал буруудаад 1,7 их наяд төгрөгийг эргүүлэн төлүүлнэ гэвэл бас яах вэ? Үнэ тогтворжуулалтаар бага хүүтэй зээл авсан компаниудад хүү нэмж тооцох уу, ипотекийн зээлд хамрагдсан 90 мянган иргэнийхээ 8 хувийн зээлийг эргүүлээд 20 хувь руу оруулах уу? Их сонирхолтой юм ярина шүү дээ, манай “Нянгар”-ууд. 

Улс төржиж болно, сонгуульд ялахыг хүсч болно. Гэхдээ улс төр хийхэд ч гэсэн, сонгуульд ялахсан гэх шуналд ч бас хэмжээ хязгаар байх ёстой. Оролдох юмаараа оролдоно уу гэхээс очиж очиж төв банкаараа оролдоод, тоглоод байж болохгүй. Сонгуулийн дараа Сангийн сайд чинь хашгирч байж бас яалаа?

Жич: М.Оюунчимэг гишүүний ярилцлагадаа “Монголбанкны ерөнхийлөгч асанг уг нь хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Гэвч хуулиaн байгууллагаар явахаар асуудал буруу тийшээ явчих учраас УИХ-аас түр хороо байгуулж шалгана” гэсэн байна. Энэ яг ямар утгатай үг вэ?!