“Билгэдлийн” Ерөнхийлөгчийн сонгуульд АН билгэдлийн шинжтэй оролцох уу
Санхүүгийн хямрал хаалга тогшиж тогшиж, тоймтой эсэргүүцэлгүйгээр шууд хойморт гараад суучихлаа.
Аяныг АН-ын удирдлагууд санаачилж зохион байгууллаа. Тэд ирэх сарын 3-нд хуралдах АН-ын их хурал тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зөвхөн батламжлах эрхтэйг сурталчилж санууллаа. Тэднийхээр бол их хурлын 860 гаруй төлөөлөгч ҮЗХ-ны шийдвэрийг ёсчлох л гэж Монгол орны өнцөг булан бүрээс ирэх юм байна. УИХ дахь нэг суудалдаа жил бүр улсын төсвөөс авдаг арван сая төгрөгөө үрж чадаж байгаа ч юмшиг. Ямарч гэсэн хямралын үед 860 хүнээр зөвхөн алга ташуулах л зорилготой илүүдээ гарсан зардал АН-ын санхүүд байгаа л бололтой юм.
Их хурал шийдвэр гаргахгүй, ҮЗХ-ны гаргасан шийдвэрийг ёсчлох нь дүрмийн заалт. Дүрэм л ийм юм гэж АН-ын удирдлагууд удаа дараа мэдэгдлээ. Үнэн чанартаа энэ нь шалтгаан биш шалтаг. Намын дүрэм бол хууль биш. Өөрчлөхөд өндөр босго, шалгууртай Үндсэн хууль бол бүр ч биш. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улстөрийн намуудын тухай хуулиар парламентад суудал бүхий намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ их хурлаараа тодруулах ёстой. Хуулиас хүчтэй намын дүрэм гэж байхгүй. Тийм учраас л АН-ын удирдлагууд ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн тохиролцоо, хуйвалдаанаар тодруулсан нэр дэвшигчээ 860 төлөөлөгч бүхий Их хуралдаа тулган шаардаж Улстөрийн намуудын тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлсэн дүр үзүүлэх гэж байна. АН-ын их хурал бол тус намын удирдах дээд байгууллага. Түүний чөлөөт цагт ҮЗХ бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг. ҮЗХ-ноос Гүйцэтгэх зөвлөлийг байгуулдаг. Энэ бол тус намд одоо үйлчилж байгаа дүрмийн заалт. Бас эрх мэдлийн хуваарилалт. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах энэ мөчид АН-ын удирдлагын гурвалжин эвдэрч, эрх мэдлийн хуваарилалт нь Гүйцэтгэх зөвлөлөөс ҮЗХ, ҮЗХ-ноос Их хурал гэсэн урвуу дараалалтай боллоо.
Намын дүрэм бол өөрчилж болдоггүй, өөрчлөхөд цаг хугацаа шаарддаг бичиг баримт биш. Тэр тусмаа АН бол ҮЗХ-гоо хуралдуулах бүртээ дүрмээрээ тоглодог, дүрмийн өөрчлөлт хийдэг нам. Жишээ нь, тус намынхан 1000 гаруй төлөөлөгчийн 50+1 хувийн босго бүхий Их хурлаас сонгогдсон Ц.Элбэгдоржийг дүрмийн өөрчлөлтөөр 200 хүнтэй ҮЗХ-гоор намын даргаас огцруулж л байсан. Бас Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж нарыг Их хурлаар намын даргаар сонгосон атлаа Н.Алтанхуягийг ҮЗХ-ноос энэ албан тушаалд сонгож л байв. Энэ бүхэн нь цаагуураа фракцуудын хуйвалдаан байвч, энэхүү тохиролцоогоо дүрмийн өөрчлөлтөөр халхалж ирсэн нь үнэн билээ. Тэгэхээр Ц.Элбэгдоржийг намын даргаас огцруулж, Н.Алтанхуягийг намын даргаар сонгох болохоор өөрчилж болдог, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах гэхээр хөдөлгөж болдоггүй намын дүрэм гэж байхгүй. Тус намын дүрэм АН-д бүхлээр үйлчлэх ёстой болохоос, “Алтан гадас” фракц ч юм уу, намын удирдлагуудын хүсэлд нийцүүлж мөрдүүлдэг хувийн зарчим биш гэдэгт олон хүн итгэдэг билээ. Иймд одоо байгаа дүрмийн заалтаа өөрчлөөд ҮЗХ-ноос хамгийн олон санал авсан 2-3 нэр дэвшигчийг намын Их хурлаар нэг болгож сонгон шалгаруулах боломж, цаг хугацаа АН-д бий. Гагцхүү намын удирдлагууд, тэднийг багтаасан фракцын хүсэл зоригоос л хамаарна. Үдээс өмнө нь дүрмээ өөрчлөөд, үдээс хойш нь тэрхүү өөрчлөлтийнхөө дагуу Их хурлаа хуралдуулж байсан туршлага жишээ АН-д ч, МАХН-д бий.
Тэгэхээр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Их хурлаар зөвхөн батламжуулах гээд байгаагийн шалтгаан юу байж болох вэ. Их хурлыг шийдвэр гаргах эрхээс нь татгалзуулж, ердийн цугларалт цэнгүүн болгох нь АН-ын удирдлагууд болон “Алтан гадас”-ынхны л хүсэл байх. Учир нь Н.Алтанхуяг бол намын даргын хувьд нам дотроо ч, олон түмний дунд ч де-факто юм. Өөрөөр хэлбэл, түүнийг АН-ын дарга мөн эсэхийг нэг хэсэг нь хүлээн зөвшөөрдөг, нөгөө хэсэг нь үгүйсгэдэг. Энэ маргааны хагалж, нэг болгох эцсийн субьект нь АН-ын их хурал. Хэрэв энэ их хурлаар АН нэг фракцын нам уу, эсвэл нийт гишүүдийн нам уу гэх зэргээр намын даргын асуудлыг хөндөж улмаар одоогийн нөхцөл байдал өөрчлөгдвөл Монголд жинхэнэ хямралын эх тавигдана. АН-ын даргаар дамжаад хамтарсан Засгийн газрын хувь заяа ч хөндөгдөхийг үгүйсгэхгүй. Эдийн засгийн хямралын орчинд АН-ын Их хурлаар дамжаад улс төр нь хослон хямарбал улс оронд хаос үүснэ. Ийм байдлыг хэн ч хүсээгүй, хүсэхгүй. Олон түмэн АН-ын их хурлаас шударга өрсөлдөөнөөр гарч ирсэн, цаашдаа МАХН-ын нэр дэвшигчид хүчтэй өрсөлдөгч болж чадах, Ерөнхийлөгчийн сонгуулийг амттай болгох нэр дэвшигчийг л хүлээж байгаа. Харин АН-ын удирдлагууд, түүний хүрээллийнхэн одоо байгаа албан тушаал, эрх мэдлээ хадггалж үлдэхийг Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулахаас илүүд үзэж байх шиг байна. Хэрэв тиймгүйсэн бол тэд АН-ын их хурлын шийдвэр гаргах эрхийг “дүрмийн заалт”-аар боомилох гэж зүтгэхгүйсэн. Айсан хүнд аргал хүртэл хөдөлдөг учраас тэд АН-ын их хурлыг шийдвэр гаргах эрхгүй, алга ташиж бөмбөлөг хөөргөх шоу цэнгүүн болгох гэж байгаа юм болов уу даа.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хаанаас, яаж тодруулах нь АН-ын дотоод хэрэг. Хэдий тийм боловч, тэрхүү тодорсон нэр дэвшигч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, төрийн тэргүүнийг сонгох сонгууль эхнээсээ шударга болох эсэхэд хамаатай учраас энэ тухай бичих, мэдээлэх нь сэтгүүлзүйн үүрэг билээ. Ажиглагчид, олон нийт ч энэ утгаар нь санаа бодлоо уралдуулж байна. Хэрэв одоо байгаа дүрмийн заалтад баригдвал АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч шударга өрсөлдөөнөөр бус, хуйвалдаанаар тодрох магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа.
Тохиролцоо, хуйвалдаанаар тодруулсан нэр дэвшигчид нийгмийн хүлээлтэд нийцэхгүй. Яагаад гэвэл ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл нь дүрмийн байгууллага ч, хоёулаа нийлээд ч Их хуралтай дүйцэх намын дуу хоолой болж чадахгүй. Тэгээд ҮЗХ-г фракцуудын тохиролцоо хуйвалдааныг намын шийдвэр болгодог бүтэц, Гүйцэтгэх зөвлөлийг бүлэглэлүүдийн гар хөлийн цуглуулга гэх шүүмжлэл бий. Ер нь сүүлийн үед “ардчилсан” гэх тодотгол АН-аас холдож, МАХН-тай айлсах боллоо. МАХН, АН-ын аль алинд эрх ашгаараа нэгдсэн бүлэг фракцууд бий. Нам бол үзэл бодлоороо нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл. Энэ утгандаа дүйхийн тулд МАХН-ынхан Бага хурал, Удирдах зөвлөлдөө фракц, олон нутгийн төлөөллийг жигд багтаахыг эрмэлзэж байна. Харин ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлд аль нэг фракц нь олонхи бүр, хэт олонхи болох зарчим АН-д үйлчилдэг. Эрх ашгаараа талцсан фракцуудын нэгдлээс л АН бүрдэж байна. Сүүлийн хоёр ч Засгийн газрыг дагасан томилгоог харвал боловсон хүчний бодлого, томилгоон дээр МАХН-ынхан фракцуудын тэнцвэрийг барихыг хичээж буй нь илт. Гэтэл АН-д намын дарга хэн байна, түүний фракц, нутаг нугынхан л албан тушаалтай болдог нь хэвээр байх юм. МАХН-ын Удирдах зөвлөл, АН-ын Гүйцэтгэх зөвлөл хоёр бол ижилхэн эрх мэдэлтэй дүрмийн байгууллага. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийг намын дарга нь тэргүүлж, өөрийн фракцынхны тусламжтайгаар бүх асуудлыг өөрийн талд шийдүүлдэг. Гэтэл Удирдах зөвлөлд МАХН-ын дарга нь ордоггүй. Удирдах зөвлөлийг ерөнхий наргийн бичгийн дарга удирддаг. Удирдах зөвлөлийн шийдвэр, намын даргын санал хоёр тэнцдэг бөгөөд хэрэв зөрчилдвөл үүнийг Бага хурлаар хагалдаг байна. МАХН-ыг Монголын ардчилсан хувьсгалт нам, АН-ыг Ардчилсан хуйвалдааны нам гэж нэрлэхээр болжээ гэдэг шүүмжлэл цаасан дээр буулгасан энэхүү дүрэм, өнөөдөр олны өмнө ил байгаа “бялуу” хуваарилалт, боловсон хүчний бодлогоос л үүдэж гарсан болов уу.
Ер нь АН энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд урьдын болон бусад намын адил оролцсон нэр зүүх, эсвэл ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх үү гэдэг нь нэр дэвшигчээ яаж тодруулахаас л шалтгаална. Намын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн пүрэв гаригт нэр дэвших хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн нэг, албан бусаар дуулгасан таван хүн байгааг мэдэгдэв. Тэдний намаасаа нэр дэвших боломжийн тухай өгүүлье.
Л.Гүндалай. Парламентад ганцаараа ардчиллын дуу хоолой болж явсан үе, гавьяа Л.Гүндалайд бий. Гэвч тэрээр Ерөнхийлөгчид нэр дэвших нийгмийн хүлээлт ерөөс биш. Үүнийгээ ч Л.Гүндалай гишүүн гадарлаж байгаа. Ерөнхийлөгчид нэр дэвших түүний мэдэгдлийн эхлэл, өрнөл, төгсгөл нь ердөө л л шоу төдий үр дүнтэй. Л.Гүндалайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокуорооос парламентад таван удаа тавиад байгаа. Ийм үед улстөрийн хамгаалалтад орж, УИХ-ын гишүүний дархан эрхээ хадгалах, эрүүгийн гэмт хэрэгтэн болохгүйн тулд л эрхэм гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийг ашиглаж байгаа байх. Түүнээс биш, нам дотроо баггүй Л.Гүндалай Ерөнхийлөгчийн сонгуульд битгий хэл, энэ эрхийн төлөө нам дотроо өрсөлдөх бодитой нэр дэвшигч биш юм.
Г.Батхүү. Г.Батхүү бол том бодлоготон, улстөрч гэхээсээ илүү сайн бизнесмэн, уяач гэдгээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар шиг улстөрийн цараа, хөгжлийн тухай үзэл баримтлал түүнд байхгүй. Дэд бүтцийн сайд болж улстөрд орж ирснээс хойшхи өнгөрсөн арван жилд тэрээр улстөрийн том бодлоготон болж төлөвшөөгүй. Харин том өмчтөн, үндэсний хөрөнгөтнүүдийн нэг болж өссөн. Энэ хэрээрээ олон зуун ажлын байр бий болгож, төсөвт хувь нэмрээ оруулдаг цөөхөн улстөрчдийн нэг. Өвөрхангайгаас өөр тойрогт өрсөлдөөнд орж үзээгүй. Гэхдээ Г.Батхүү улстөрчийн хувьд нэгдүгээр эгнээд яваагүй ч, албан тушаал хуваарилалт дээр үргэлж тэргүүн ээлжинд багтаж ирсэн. Хоёр Засгийн газарт сайд, УИХ-ын дэд дарга гэдэг нь албан тушаалын амбийцын мөнхийн шахцалдаантай АН-д бол нэг хүнд ховор, мөнгөтэй хүнд л хоёр тохиох боломж билээ. Монголын улстөрд фракц үүсгэдэг дөрвөн хэлбэр бий. Нэгд, Н.Энхбаяр, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, С.Баяр нар шиг лидерийнхээ зиндаагаар бүлэглэл үүсгэдэг. Хоёрт, хотын бүлгийнхэн шиг эрх мэдэл, мөнгө хоёрыг хослуулж фракц бүрдүүлдэг. Гуравт, Ц.Нямдорж шиг нутаг усны фракц гэж байна. Дөрөвт, санхүүгийн эрх мэдэл дээр суурилсан фракц байх бөгөөд үүний том төлөөлөгч нь Г.Батхүү юм. Түүнд “Алтан гадас”-ынхан гэх сайн баг бий. Энэ фракцын дэмжлэгээр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших, бүр Л.Гүндалайгаас хэд дахин илүү магадлалтай улстөрч бол Г.Батхүү мөнөөс мөн. Үүнээс гадна бусад фракцуудын хүчийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр хувааж, “Алтан гадас” “Кроун”-ы саналыг базсан Г.Батхүү сиймхийгээр гараад ирэхийг ч үгүйсгэхгүй. Уяач Г.Батхүүгийн сойсон хурдан ажнай улсын наадамд түрүүлэх магадлал ихтэй. . Харин улстөрч Г.Батхүүг “уясан” АН Ерөнхийлөгчийн сонгуульд айрагдах найдвар тун багахан даа.
Э.Бат-Үүл. Тэр бол АН-ын цөм, гол лидеүүдийн нэг. Тэрээр өнгөрсөн хорин жилийн турш ардчиллын түүчээ болж явж байснаас бус, албан тушаалын тавцанд гарч үзээгүй. Ерөнхий сайдад нэг удаа нэр дэвшиж байсныг нь эс тооцвол бүр Байнгын хорооны дарга ч байсангүй. Гэхдээ тэр хүнд хэцүү цаг үед ямарч албан тушаалын үүрэггүй атлаа тэргүүн эгнээнд гардаг, нөхөн сонгуулийн хүнд тойргийг сонгодог, нэг ёсондоо ардчиллын гал хамгаалагч нь Үүл байлаа. Ингэж улстөрд удаан байсан ч, албан тушаалд хүрч байгаагүй нь түүний хувийн сонирхлоос илүүтэй улстөрийн баггүйтэй нь холбоотой. Тухай тухайн асуудлын л дэмжигч гэж байхаас бус, тогтвортой баг, хөл Үүлд байхгүй. Сүүлийн үед өөрөө ч байр суурь нь тогтворгүйтэх болсон. Намын нөхөд нь “Үүл нүүж” байна гэдэг нь түүний лидерийн зангарагаар байр сууриа тогтвортой хамгаалж чаддаггүйтэй холбоотой. Э.Бат-Үүл бол шударга, зарчимдаа үнэнч ч, заримдаа лидерийнхээ цараанд хөдөлдөггүй нь түүнд “Солигдмол Үүл” нэрийг авчирсан байх. Г.Батхүү нам дотроо багтай ч, нэр дэвших нийгмийн хүлээлтгүй. Харин нам дотроо баггүй ч, нэр дэвших нийгмийн хүлээлт нь Э.Бат-Үүлд бий. Нам доторхи баг, нийгмийн хүлээлт хоёрын аль нь чухал шалгуур болохыг АН-ынхан шийднэ. Нэр дэвшигчийг ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл тодруулбал нам доторхи багийг, хэрэв Их хурал шийдвэл нийгмийн хүлээлтийг илүүд үзэх байх.
Ц.Элбэгдорж. Элбэгээ бол улстөрийн туршлагатай, орон зайгаа үлдээж, үнэлүүлж чаддаг улстөрч. Дээр нь бусдыг байлдан дагуулах чадвартай цөөхөн улстөрчийн нэг. Тэдгээр цөөхөн дотроос Ц.Элбэгдорж бас нэгэн зүйлээр ялгардаг. Тэр бол нам дотроо ч, олон түмний дунд ч хоёр туйлын л нэг байдаг. Нэг хэсэгт нь тэрээр тахин шүтэгддэг, нэг хэсэгт нь үзэн ядагддаг. Түүнээс бус, “за Элбэгээ яах вэ, дээ байж болох л юм” гэсэн дундаж фэн түүнд бараг байдаггүй. Тэрээр өнгөрсөн долдугаар сараас хойш сонгуулийн будилаан, авлигал, хамтарсан засаг, буудуулсан дөрвөн хүний амь зэрэг хаанаас эргүүлээд байгаа нь тодорхойгүй салхин тээрэмтэй ганцаараа оройлон тулалдаж тахин шүтэгсэдийнхээ тоог нэмсэн. Энэ тулаандаа хэт улайран мэдрэмжээ алдаж үзэн ядагсадынхаа тоог ч өсгөсөн.
Ц.Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайд, УИХ-ын дэд даргын алба хашсан нь албан тушаалын хувьд Ерөнхийлөгчид бэлтгэгдсэн хүн гэсэн үг. Нэр дэвших нийгмийн хүлээлт ч байгаа. Харин нэр дэвшүүлэх нам дотор нь түүнд дэмжлэг байна уу, үгүй юү. Уг нь тэрээр лидерийнхээ зангарагаар нам дотроо дэмжлэгтэй. Бас МоАХ-ны дэмжлэгээс гадна сүүлийн үед залуусаар бүрдүүлсэн шинэ үеийн фракц ч бий. Харамсалтай нь түүний улстөрд оруулж, УИХ-д гаргаж ирсэн залуус нь шинэ үеийнхэн биш, памперстай амбийцын цуглуулга болж хувирсан нь гаргаж ирсэн Элбэгээд нэмэр биш нэрмээс болж байгаа тухай шүүмжлэл байдаг. Гэхдээ түүнийг яаж ч үгүйсгээд, мянга хараар будлаа гээд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшсэн тохиолдолд түүнтэй өрсөлдөх бодитой өрсөлдөгч Ц.Элбэгдоржоос өөр байхгүй. Зарим хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийг билгэдлийн шинжтэй албан тушаал гэдэг. Хорин жил улстөрд явж төрийн тэргүүний сонгуульд нэг удаа ялж үзсэн, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн сүр хүчийг мэдэрч байсан, бас Ерөнхийлөгчийн эрх мэдлийн сүрд дарагдаж явсан АН-ыхан ийм бодолтой хүмүүсийн цөм биш гэдэг нь тодорхой. Харин энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг сунгаа болгохгүй, АН энэ сонгуульд 2005 оныхтой адил билгэдлийн шинжтэй оролцохгүй л гэвэл Ц.Элбэгдорж, бүр байг гэхэд Э.Бат-Үүлээс өөр сонголт тус намд олдохгүй л болов уу.
Р.Амаржаргал ба Р.Гончигдорж. Хүсэлтээ уламжилсан хүмүүсийн дунд нэр дэвшиж өрсөлдөх боломжтой ч, намаасаа гарах ямарч дэмжлэггүй Р.Амаржаргалын нэр явна. Р.Амаржаргал бол нэлээд боловсорсон, туршлагатай улстөрч. Тэрээр ардчиллын лидерүүдийн хоёрдугаар эгнээний түрүүнд явдаг эрхэм. Нэр дэвших боломжтой Ц.Элбэгдоржоос Р.Амаржаргал нэг зүйлээр ялгардаг. Ц.Элбэгдоржийнх шиг нэг бол танхин шүтсэн, эс бөгөөс үзэн ядалт бүхий туйлширсан дэмжигчдийн аль аль нь Р.Амаржаргалд байхгүй. Р.Амаржаргал бол байж болох юм гэсэн дундаж дэмжлэг түүнд хавьгүй ихээр бий. Э.Бат-Үүл ИЗН-ыг, Ц.Элбэгдорж ҮШН-ыг төрүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн бол Р.Амаржаргал таван намыг нэгтгэхэд тухайн үеийн МҮАН-ыг удирдаж байснаараа гавьяатай. Харамсалтай нь аажмаар яван чангарсан соц.декүүд өнөөдөр АН-ыг бүхэлдээ төлөөлөх удирдах болсон нь хуучин партизануудын дургүйг хүргэдэг төдийгүй, тэд Р.Амаржаргалыг МҮАН-ыг устгасан буруутан ч гэдэг юм. Гэхдээ нэгэнт нам дотроо хөлгүй учраас энэ удаа Ерөнхийлөгчид нэр дэвших асуудлаар Р.Амаржаргалын лай, гавьяа хоёрыг дэнслэх яриа тийм хүчтэй өрнөхгүй л болов уу. Р.Гончигдоржийн тухайд ч ийм яриа болохгүй байх. Нэгдүгээрт, тэрээр өмнө нь Ерөнхийлөгчид өрсөлдөөд амжилт үзүүлж чадаагүй. Хоёрдугаарт, Г.Батхүүтэй нэг фракц учраас өрсөлдөөнд орж түүний саналаас хуваалцахгүй байх.
Зөвхөн нэр дэвших боломжийн тухай тоймлоход нэг иймэрхүү. Ерөнхийдөө АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг олоход хоёр гол шалгуур байна. Нам доторхи баг буюу фракцын дэмжлэг, лидерийн зангарагад суурилсан нийгмийн хүлээлт. Р.Гончигдорж, Г.Батхүү нарт нэгдүгээр шалгуур нь байвч, хоёрдахь нь алга. Өөрөөр хэлбэл, “Алтас гадас”-ын туган дор нэгддэг тэдэнд нийгмийн хүлээлт алга. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал хоёр нийгмийн хүлээлттэй ч, нам дотроо баггүй. Ц.Элбэгдоржийн хувьд нийгмийн хүлээлттэй, харин багтай ч юмшиг, баггүй ч юмшиг хэсэгт багтаж байна. Нэр дэвшүүлэх өрсөлдөөнд эцсийн дүндээ АН бүхлээрээ ялбал сонгуульд амжилт үзүүлэх боломж нэмэгдэнэ. Харин аль нэгэн фракц ялбал АН-ын сонгуульд үзүүлэх ажилт хумигдаж, 2005 оны түүх давтагдана. Энэхүү өгүүллийг нэр дэвшигчид албан ёсоор тодорсны дараа тэдний хэн болох, нэр дэвшигчдийнхээ ард МАХН, АН-ынхан бүхлээрээ нэг фракц болж чадах эсэх талаар үргэлжлүүлэх болно.