Шилийн “сайн” нийтлэлч /1/
Бэлгэ дэмбэрэл гэдэг юуг нотлон илэрхийлдэг вэ? Энэ нь аливаа юм холбон бодож буй тухайн зүйлийнхээ их буян заяаг даах, тэр өндөр үүрэг хариуцлагыг биелүүлж чадна гэх итгэл хаа нэгтээ “бүрэн дүүрэн” байгааг л нотолж буй хэрэг. Хэрвээ тэр үүрэг хариуцлагаа дааж чадахааргүй бол түүнээс бултан зайлах, хийдэл цоорхойг нь ашиглах ухаан монгол хүнд хангалттай бий. Энэ л бидний эртнээс тахин шүтэж ирсэн “аугаа монголын их суу заль”.
Шилдэг нийтлэлчдийн клуб гэх, энэ их айлд нэгдлээ. Мэдээж би шилдэг учраас ингэсэнгүй. Шилдэг болж чадах эсэхээ ч мэдэхгүй. Тэгэхдээ хөөгдөөд гарахгүй ч, хаяа хатавчинд нь хэвтээд байж болох юм гэсэн итгэл бол байна. Учир юун хэмээвээс, энэ айлын нийт гишүүдийн тоо 68. Би 69 дэх нь бололтой юм. Энэ дэс дугаар их бэлгэ дэмбэрэлтэй, Монголчууд бидний хувьд. Мэргэжлийн сүмогийн түүхэн дээд рекорд эзэмшигч Хакүхо М.Даваажаргал их аварга. Мөн л 69 дэх нь. Монгол хүн амны бэлгээр… гэдэг биз.
Ийм “Аугаа их хувь тохиол” таарч байхад, омогшиж бардамнахгүй бол юуных нь монгол хүн байх билээ. Одоо жинхэнэ, энэ компьютерын кэйбоардыг ёстой навсарч унатал нь цуппаридаад өгнө өө, харин ч нэг. Гэвч тэгэхэд бас учир бий. Уг нь, миний “дархан мэх” бол худал залах. Тухайн “барилдааны” онцлогоос шалтгаалж зүглүүлээд гөрдөх, муйхраар гүжирдэх, цээжний бангаар хусах… гэх зэргээр олон хувилбартай. Уул нь би 69 дэх нийтлэлч нь биш, 70 дахь нь байх ёстой байж. Далан худалчийн хойд дүрээр өөрийгөө тодруулахгүй юу, сайхан…
Гэвч хувь заяа өөрөөр шийдэж. Бүүр очиж очиж сүмо, шоглоомтой гэдэг нь. Гэтэл миний бие чинь амьдын жин дөнгөн данган 60 кг. Биеийн жингийн индексээр тураалын улаан шугамыг чүү ай л давдаг төдий, гоймон “баатар”. Бодит байдал ийм байхад, өөрийгөө тэр их аваргатай холбож бодоод бэлгэшээж суух ч гэж. Ээ дээ… энэ монгол хүний цөлх ухаан, харанхуй зориг уу… алс хэтдээ их юм дуулгана шүү.
Бэлгэ дэмбэрэл гэдэг юуг нотлон илэрхийлдэг вэ? Энэ нь аливаа юм холбон бодож буй тухайн зүйлийнхээ их буян заяаг даах, тэр өндөр үүрэг хариуцлагыг биелүүлж чадна гэх итгэл хаа нэгтээ “бүрэн дүүрэн” байгааг л нотолж буй хэрэг. Хэрвээ тэр үүрэг хариуцлагаа дааж чадахааргүй бол түүнээс бултан зайлах, хийдэл цоорхойг нь ашиглах ухаан монгол хүнд хангалттай бий. Энэ л бидний эртнээс тахин шүтэж ирсэн “аугаа монголын их суу заль”.
Гадаадын том том брэнд, компаниуд ихэвчлэн үүсгэн байгуулагчийнхаа нэрээр нэрлэгддэг. Бенз, Босс, Шанел, Луи Виттон, Армани, Гуччи… энэ нь “миний бүтээгдэхүүний чанарын баталгаа нь миний нэр төр” гэж зарлан тунхаглаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө нэр төрийг барьцаа болгон, андгай тангараг өргөж буй хэрэг. “Чи миний сүрчгийг цацаад оройн болзооноосоо ганзага хоосон буцвал, хөгшин намайг хэрвээ чи хүсвэл юу яаж ч болно” гэж Коко Шанел ам гарч буй л хэрэг.
За, тэр хаа холын европ ч яахав. Зүгээр хилийн цаана байгаа Эрээний тухайд авч үзье. Дарваан харын гутлын дэлгүүр, Ли Ван И “сайн” чанарын цахилгаан бараа, ХКНамын гишүүн Хуа Годуны эрхэлж буй лангуу… гэх зүсэн зүйлийн, түмэн янзын нэр-хаяг нүд эрээлжлүүлнэ. Энэ нь “миний бараа хулхи гэдгийг би өөрийн нэрийг барин тангараглая” л гэсэн үг. Худал биш, үнэн. Бараа маапаантай ч, өөрийн нэр цэвэр. Үүнийг нь мэдсээр байж авч буй та нарт л гол асуудал байгаа юм гэж л хэлж буй санаа.
Харин монголчууд бид зах зээлд нийлүүлэх өөрийн бараа, ажил, үйлчилгээ… түүнийг эрхлэн явуулах компанидаа дан нутаг ус, уул хайрхан, гол мөрний нэр онооно. Энэ нь тэр уул ус шиг арвин их ашиг орлого, тэр гол мөрөн шиг дундаршгүй их мөнгө төгрөг цутган орж ирэхийг бэлгэдсэн хэрэг. Монгол хүн амны бэлгээр…
Гэвч нөгөө талаас хариуцлагаас зугтан нүхээ ухаж буй явдал. Нэгэн хэрэглэгч гомдол мэдүүлэн “Би танайхаас гутал авсан чинь, хоёр хоног жийгээд л… ул нь ханз. Май, энийгээ ав” гэж уурлан бухимдахад, тухайн дэлгүүрийн эзэн “Аан, зөв зөв. Тэгэхээр та манай дэлгүүрийн нэрийг харсан уу?… Аанхан тхх, хайрхны нэр байгаа биз. Тиймээс, таны наад шивэртэй хоёр хөлийг манай хайрхны лус савдаг л таалаагүй болж таарах нь. Тэгэхээр та одоо гандан орж засал ном хийлгээд, наад гутлаа өргөл барьцын хамт овоонд өргөх хэрэгтэй” гэж л хэлнэ. Харин үүнийг сонссон худалдан авагч “…нээрээ бас миний хөлөөс эвгүй үнэр гардаг шүү, ерөөсөө арц хүжээр сайн ариулж, утдаг хэрэг…” хэмээн хүлээн зөвшөөрөнгүй гарч одно. Эцэс сүүлд нь, хариуцлагыг “лус савдаг, шивэртэй хөл” хоёр л үүрч хоцордог. Энэ л жинхэнэ “монгол суу заль”… мөн биз.
Дээрх байдал бүүр эртний уламжлалтай. Манжийн үед шилийн “сайн” эрс гэж мундаг хүмүүс байв даа. Тэд Алтан овоо, Шилийн богдын орой дээр гарч тангараг өргөдөг ёс жаягтай асан. “Тэр Тэр Тэр… уул ус минь сонс оо. Хаяагаа хадрахгүй, харснаа авахгүй…” гэж ирээд л. Мөн ч аатай шүү. Гэвч тэр уул усны лус савдагт тэдгээр нөхдийн хойноос тангаргаа ягштал сахиад явж байна уу, үгүй юу гэдгийг нь үргэлж шалгаад, мөрдөөд байх цаг зав хаанаас олдох билээ. Үүнийг нь мэдэх манай шилийн сайн эрс хааяа хааяахан, алдаг оног хаяагаа хадраад, харснаа аваад явдаг байсныг үгүйсгэхгүй. Харин цолгорсон сайн эрс болох Торой банди, “Тогос” Чүлтэмийн нэрийг барин түйвээх шилийн муу эрс болох ориг малын хулгайч нарын тухайд энэ “тангаргаа” алхам тутамдаа зөрчдөг байсан гэдэгт эргэлзэх явдалгүй.
Гэвч орчин цагт худлаа үнэн ч гэсэн тангараг өргөдөг, түүнээ дагахыг эрмэлздэг, ёс жудаг бясалгаж явдаг шилийн сайн эрсийн биш. Харин өөрсдийгөө өөрсдөдөө ч, өрөөлд ч “Би бол хулгайч биш, сайн эр. Тээр итгэхгүй бол энийг хар, май… Торой ах, Чүлтэм ах хоёр маань надад өөрийн биеэр мундаг сайн эр болоорой гээд өргөмжлөн гардуулсан юм” гээд эрх мэдэл, тамга тэмдэг, албан тушаалаа өөдөөс сарвайн далайлгах шилийн муу эрсийн уламжлал л үлдэж хоцорсон нь жаахан тиймхэн…
/Анхны бичвэрээрээ л уншигч таныг уйтгарлуулан залхаах нь зохимжгүй тул… ингээд түр завсарлая. Үргэлжлэл бий…/
sarnai
Зочин
Зочин
Зочин
Зочин
insurgent
Уншаач
1
Зочин
Чамд зөвлөхөд...
7znd zoriulav
Дэмжигч
7znd