Одоо би үүнээс хойш дандаа сайн сайхан мэдээлэл бичиж байх болно. Засгийн газрын тэргүүн,  наран гэрэлт,  түмэн наст, Богд Зонховын хойд төрөл Ерөнхий сайд  Н.Алтанхуяг  даргыгаа өглөө оройгүй магтана. Санаа зоволтгүй ээ, ийм мэдээлэл мөд­хөн хүмүүст таалагдах болно... “Алх барьсан хүнд бусад нь хадаас шүү дээ” гэж Х.Баттулга сайд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн юм. Тиймээ, одоо Н.Алтанхуяг алх барьчихсан байна. Бусад  нь түүнд хадаас мэт санагдаж харагдсан газар нь цохиж далд оруулах болов.Гэвч хадаас болгоныг харсан газартаа  шааж болдоггүй   гэдгийг хэн нэгэн нь түүнд хэлэх хэрэгтэй болжээ. Энэ сануулгыг чөлөөт хэвлэл түүнд өгөх ёстой юм, тэр авах ч хэрэгтэй юм.  Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол Улсын  Ерөнхийлөгч  Засгийн газарт “алганы амт” үзүүллээ. 

Тохирсон цагт  нь болдог сануулгыг  Төрийн тэргүүн чамбайхан хүртээлээ. Больж. Бүр ингэх гээд байсан юм.   Харин өчигдрийн хувьд нэгэн инээдтэй мэдээлэл албан ёсоор тарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй МУИС-ийн дугуй танхимд энэ сарын 23-нд уулзах гэнэ. Сайн байна, үнэхээр түүнтэй уулзах шаардлагатай.  Уулзаад авдаг юм бол асуух асуулт хэлэх үг ч бий. Гэтэл сэтгүүлчид Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайдтай уулзаж болох эсэх зөвшөөрлөө авах юм гэнэ. Арай асуух асуултыг минь бүртгэж авах гэж байгаа юм биш биз. Төрийн ордонд уулзах уулзалт байсан бол бид зохих журмынхаа дагуу бүртгүүлээд үнэмлэхээ үзүүлээд орчихно. Гэтэл хаа хамаагүй МУИС-ийн дугуй танхимд уулзах уулзалтын төлөө Төрийн ордон орж Ч.Сайханбилэг даргын үүдэнд зөвшөөрөл авахаар дугаарлах гэж үү.

Сайтад гарсан мэдээллийн дор сэтгэгдэл бичихийн тулд гурван үеийн намтраа регистрийн дугаартайгаа  бичих юм гэсэн. Гэтэл одоо Ерөнхий сайдаас юм асуухын төлөө Ч.Сайханбилэгтэд бүртгүүлж, долоон булчирхайгаа тоочих болж. Бас дээрээс нь тэр уулзалтад очих сэтгүүлчид заавал зөв талдаа рультэй машинаар очих ёстой гэх байх.  За тэгээд Ерөнхий сайдын уулзалтыг өнөөх гуравдугаар сарын 1 хүртэл  “тэнсэн  харгалзах ял” авсан 21 кабелийн сувгаар гаргахгүй гэх юм байгаа биз. Аа ...яа..яа эд үнэхээр том байна аа. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор орж дэмжлэг авсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэл мэдээлллийн хэрэгсэлийг үүсгэн байгуулагч, эзэн,  хөрөнгө оруулагч редакцийн мэргэжлийн үйл ажиллагаанд оролцохгүй байх заалтыг чигээр нь явуулчихсан. Энэ долоо хоногт уг хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар орж батлагдах учиртай. Тиймээс үүнийг бичигч хөөрхий муу Л.Мөнхбаясгалан “ Улс төрийн тойм” сонин дээрээ нийтлэл бичих, “Шонхор” сувгаар нэвтрүүлэг хөтлөх эрхгүй болно гэсэн үг. Надтай адил эрхээ хязгааруулах мэргэжил нэгтнүүд минь,  та нартаа хандаж хэлэхэд  хууль батлагдахаас өмнө мэргэжлийн ажлаа сүүлчийн удаа хийх боломж ганцхан долоо хоног шүү.

Хэвлэл мэдээлэл рүү дайрч буй энэ дайралт нь иргэдийн мэдэх эрх рүү дайрч байгаагийн илрэл гэдгийг нийгэм ойлгох ёстой. Эрх баригчдад таалагдсан хэвлэлүүд үлдэж, таалагдахгүй нь алга болно гэсэн үг. Тэгэхээр дандаа л Н.Алтанхуяг болон түүний танхимын сайдууд  гавьяа  байгуулсан мэдээлэл иргэдэд очиж байх болно. Дандаа “сайн сайхан” мэдээлэл шүү. “Хамаг олноо чимэг болон хайрлагдсан Х.Чойбалсан” гэдэг шиг “Ард олноо авран хайрласан Алтангадасын тэргүүн Н.Алтанхуяг аа... ай хө ” гэсэн мэдээлэл өдөр бүр гарч байх болно.  Тэгээд л талхаа авч идэж чадахгүй байгаа Н.Алтанхуягаа хайрласан ард түмэн болон өдрөөс өдөрт хөгжинө гэсэн үг дээ. Сайхан сонсогдож  байж магадгүй юм. 

Өчигдрийн хувьд хөөрхий “Жем интернэшл”-ийн тусгай зөвшөөрлийг боож хаяад үйлдвэрийг нь лацдав. Яав... юу болов,  хортой архи үйлдвэрсэн үү эсвэл цөмийн зэвсэг туршив уу гэсэн чинь аль эрт ивээн тэтгэсэн киног нь нэг телевиз гаргачихаж гэнэ. Дуусаа... архи сурталчилсан  хийсэн гэсэн номинациар алх тас. Хадаас болсон хөөрхий архи үйлдвэрлэгч. Ай мөн шударга байна шүү манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Мөдхөн бүх ард түмнийхээ регистрийн дугаар, гэр орон хаана байгаа мэдээллийг ил гаргаж нийтэд зарлана гэсэн. Эсэргүүцсэн УИХ-ын гишүүнийг Хэрэг эрхлэх газрын дарга нь заамдаж авсан гэж сонсогдов. Банкинд их мөнгө хадгалуулах бас осолтой боллоо. Их мөнгөтэй болсны торгууль ногдуулна. Үл хөдлөх хөрөнгөтэй болсон бол найз минь бас чиний хохь. Татвар авна. За тэгээд буруу рультэй машиныг хурааж авна. Мөдхөн солгой гараар бичдэг хүмүүсийг ажлаас хална. Байранд биш гэр хороололд амьдардаг бол цалинг чинь хасна. Яагаад гэвэл чи утаа үйлдвэрлэгч тул чамайг үзэн ядаж шившиглэнэ. Чи гэртээ МҮОНТ биш “Шонхор”  сувгийг үзсэн бол Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэрийг зөрчсөн. Чиний Монгол Улсын иргэн байх эрхийг чинь нэг  сарын хугацаатай түдгэлзүүлнэ. Хэрэв хямдыг нь бодоод  хятад төмс авч хоол хийж идсэн бол чи үндэсний үйлдвэрлэлийн эсрэг гэмт хэрэгтэн мөн. Улс чиний идэх төмсөнд ямар их мөнгө зарцуулсныг чи мэдэх үү. Иймээс чиний хоол идэх эрхийг бас хасна.   Монгол үнээний сүү авч уухгүй, хятад эсвэл орос сүү авч, уувал чиний уух эрхийг хасна.  Яагаад гэвэл үнээний сүүний татаасанд Засгийн газар хэдийг төлж байгааг чи муу тэнэг мэдэх үү. Эцэст нь энэ бүхний эсрэг  чи юу ч хийж чадахгүй.  Яагаад гэвэл тэр үед чөлөөт хэвлэл нүд аньсан байх болно. Чиний үзэн яддаг өнөө муу хэдэн суваг, сонин сайт байхгүй болсон  байна. Чиний оронд дээрх бүхнийг санаачлагч сайхан сэтгэлт, сайн лидер, ард түмнээ авран нигүүлсэгч  Н.Алтанхуягийг бичнэ мэдэв үү.  Санаа зоволтгүй ээ, энэ мэдээлэл мөдхөн бүгдэд таалагдах болно. Чөлөөт хэвлэлгүй нийгэмд сүнсгүй худал мэдээлэл эрэлт хэрэгцээтэй байдаг юм шүү дээ.  Энэ бол ардчилал. Энэ бол олуулаа ялсны үнэ цэнэ. Энэ бас олуулаа ялагдахын цондон.