Шатахуун импортлогчдын монополь бүлэглэлийг бут ниргээч
Дөрвөн жил гаруйн өмнө яг өдийд юм даа.
Дөрвөн жил гаруйн өмнө яг өдийд юм даа. Тэр үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нийгмийн салбар салбарын төлөөллийнхөнтэй МУИС-ийн дугуй танхимд ээлжит уулзалт хийж байхдаа нэгэн ноцтой мэдээлэл хийснийг санаж байна. Нефть, шатахууны үнэ зохиомлоор өсөж, түүний үр дагавараар өргөн хэрэглээний бүхий л бараа материалын үнэ ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тэр үеийн Шинэчлэлийн Засгийн газраас Үнэ тогтворжуулах бодлого гээчийг хэрэгжүүлж эхэлж байсан юм. “Монголын шатахуун импортлогч тоотой хэдэн компанийн монополь хэрээс хэтэрлээ.Тэдний зүгээс энэ салбар дахь давуу эрхээ баталгаажуулж хангахын тулд Засгийн газрыг хүртэл шантаажлан, зохиомлоор хомсдол үүсгэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг болохыг та бүхэнд хэлмээр байна. Үнэхээр хэцүү юм билээ. Эдгээр компанийн үйл ажиллагаа, лобби улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүртэл өндөр авсан байдгийг харлаа. Тэдний эсрэг тэмцэхэдхүчин мөхөсдөжбайна. Монгол Улсад нэн ашигтай хувилбараар БНСУ, Казахстанаас асар хямд шатахуун оруулж ирье гэсэн олон гарц, боломжийг энэ монополь компаниудшууд хааж, шинээр гарч ирсэн өрсөлдөгч нараа айлган сүрдүүлэхзамаар бизнесээс шахаж байна. Тэд Засгийн газрын нефть боловсруулах үйлдвэртэй болох бодлогыгямагт хааж боон, эсэргүүцдэг...”хэмээн тун ч шаналгаатай төрхөөр өгүүлж билээ.
Харамсалтай нь “тэдгээр компаниудыг нэрлээ ч” гэсэн сэтгүүлчийн асуултаас яагаад ч юм булзаад, “Та нар бараг гадарлаж байгаа шүү дээ. Тэдний төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад хүртэл байгаа” гэж хэлээд хурдхан гараад явчихсан юм даг.
Өнөөдөр байдал ямар байгааг хар. Чөмөг царцам, тас няс хүйтэрсэн өдрүүдэд шатахуун түгээх станцуудын үүдэнд сунасан автомашинуудын урт дараалалд хөлдөж үхэх шахан өдөржин зогсож буй иргэдийн бухимдал аягүй бол ШТС-уудыг дэлбэлж ч мэдэхээр хуримтлагджээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө УУХҮЯ , Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газар, шатахуун импортлогчдын төлөөлөл хамтран хэлэлцээд, зохиомол хомсдол үүсгэсэн компаниудад хариуцлага тооцохоор болж, нефтийн хангамжтай холбоотой асуудал үүсээгүй хэмээн нийтэд мэдэгдсэн нь шал худлаа байж. “Петровис”, “Магнай трэйд”, ”Сод Монгол ”, “Шунхлай”, “Тэс петролиум” гэсэн хэдхэн компанийн монополь хэрээс хэтэрлээ. Нэгэн цагт Н.Алтанхуягийн Засгийн газрыг “базаж” өөрийг нь үг дуугарч чадахгүй болтол айлгаж асан эдгээрийн монополийг эс задлахаваас Монгол Улсын хөгжлийн тухай яриа цуурай адил замхрах вий. Яг үнэндээ Монголын эдийн засгийн тамирыг шатахуун импортлогчид шавхаж сороод барлаа. Ямар ч баялаг үйлдвэрлэдэггүй атлаа байж болох бүхий л хөнгөлөлтийг тэд эдэлдэг. Дотоодын, үндэсний гэсэн тодотголтой өмгөөллийн дор зүгээр л дамын наймаа хийж, улс үндэстнээ шулсан улс төр, бизнесийн зохион байгуулалттай бүлэглэл эдгээр компанийн цаана байдаг нь нууц биш. Улс орныг хөгжүүлэх том төслүүдэд хэчнээн жил тээг болж байгааг нь сана. Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болно хэмээн хорь шахам жил ярилаа. Нэг байтугай нэлээд үйлдвэртэй болчих хугацаа өнгөрсөн. Нефть боловсруулж, ашиглах нь ганцхан бензин шатахуунтай болсноор хязгаарлагддаггүй юм. Энэ нь тухайн улс орныг аж үйлдвэржүүлэхүндсэн суурь нь болдог. Нефть боловсруулах үйлдвэрийг даган 100 шахам нэр төрлийн бүтээгдэхүүн гарна. Хуванцар, каучук, битум гээд химийн үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжинө. Газрын тос боловсруулах үйлдвэрлэл нь орчин цагт нэн хялбарчлагдаж, жирийн нэг цехийн хэмжээнд ч үйл ажиллагаагаа явуулж болохоор энгийн болсон гэдгийг захын инженер мэднэ.Гэтэл нөгөө хөгжлийн тухай хоосон чалчдаг эрхмүүд хийгээд нефть импортлогчдийн лобби бүлэглэл энэ бүхнийг нам дарсаар ирлээ. Ерээд оны сүүлчээр шиг санагдаж байна. Зүүнхараад нефть боловсруулах авсаархан үйлдвэр байгуулсан хэдэн залуусийн бизнесийг хэн, яагаад зогсоох болсныг мэдэх хүмүүс байдаг юм. Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болохоос нэн болгоомжилдог бүлэглэлийн ашиг сонирхол сүүлийн арав гаруй жил зохион байгуулалттайгаар хэрэгжиж ирсний золиос тэдгээр залуус болсон. Монгол нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол тэдний бизнес нурж, ашиг орлого нь хумигдах болохоор тэд хүч хавсайдан өдийг хүртэл эсэргүүцэж ирлээ. Эцсийн эцэст улс орны хөгжлийн эсрэг, энэ хэдхэн компанийн явцуу эрх ашгийн төлөөх бодлого ард иргэдийн амьжиргааг ямагт нэрмэж байгааг хэдий болтол тэсэх ёстой гэж.
Шинэ Засгийн газар гарч ирэх бүрийдээ нефть боловсруулах үйлдвэрийг нэн даруй бий болгоно хэмээн амладаг. У.Хүрэлсүх ч ялгаагүй ийн амласан. Ядаж “унахаасаа” өмнө энэ ажлыг эхлүүлчихээсэй билээ. Үйлдвэр байгуулах мөнгө нь байна. Үйлдвэрлэл явуулах газрын тосны хангалттай нөөц нь бидэнд байна. Хамгийн гол нь энэ бүхэнд өдий болтол саад тээг болсон үндэсний гэх хэдэн монополь компаниудын “барьцаа”-наас салах зориг л алга.
Үнэндээ манай шатахууны жилийн хэрэглээ өчүүхэн. Ердөө л 1 сая гаруйхан тонн. Өнгөрсөн онд гэхэд л бид 1.3 сая тонн шатахуун хэрэглэсэн байх жишээтэй. Гэтэл Монголын нефтийн боломжит нөөцийн хэмжээ 870 гаруй сая тонн, баталгаат нөөцийн хэмжээ 332.6 сая тонн хэмээн тогтоогдсон байдаг юм билээ. Энэ бол Монгол Улсыг 150-200 жил элбэг хангах нөөц гэсэн үг. Ийм бололцоотой атлаа гаднаас хамгийн өндөр үнээр импортлон дотооддоо дамлан зардаг бодлогыг юу гэж тайлбарлалтай билээ. Энд улс орны хөгжлийн эсрэг бодлого дэмжигдээд байна гэж хардахаас ч аргагүй. Дорнод аймгийн Тамсагаас Хятадын төрийн өмчит “Петрочайна Дачин Тамсаг” ХХК гэхэд л 1996 оноос эхлэн газрын тос олборлон, бүтээгдэхүүн хуваах гэрээ гэх халхавч дор бараг үнэгүй шахам 21 жил урагшаа зөөлөө. Эл компани долоо хоногт нэг удаа вагон цистернээр ойролцоогоор 8535 баррель буюу 1170 тонн түүхий нефть хилээр гаргадаг. 2017 оны байдлаар Монголоос 6 сая гаруй тонн нефтийг эл компани экспортлосон байдаг.Мөн өдий хэмжээний түүхий нефть экспортлодог “Доншен газрын тос” ХХК хэмээх Хятадын компани байна. Хүний хэрэгцээг ийн хангаад, өөрсдөө “шаг”-ийн үнээр импортын шатахуун аваад цөхөрч суудаг улс, үндэстэнөөр байдаггүй биз.
Бид энэ олон жил ядаж хоёр хөрштэйгөө хамтарсан үйлдвэр байгуулж яагаад болоогүй гэж.
Роснефтийн Ерөнхийлөгч Сечин Монголд хандан хэд хэдэн удаа тавьсан ашигтай байж болох саналыг манайхан яагаад хүлээж аваагүйг одоо олон хүн асуудаг. Оросуудаас хараат байдалд орно, геополитикт нөлөөлнө энэ тэр гэсэн утгагүй тайлбарыг энэ бүх саналаас татгалзсан нөхдүүд хэлдэг л дээ. Яг үнэндээ энэ бүхний цаана нөгөө л дотоодын монополь хэдэн компанийн эрх ашиг хөндөгдөх шалтгааны улмаас монголчууд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж, Монголын төр засаг арчаагаа алдан тэдэндээ шантаажлуулсан хэвээр үлдсэн. Стратегийн ач холбогдолтой салбар учраас гаднын хөрөнгө оруулалтыг хориглоно хэмээн тайлбарладаг нөхдүүд энэ хуулинд нөгөө “дамын наймаачдын” лобби нөлөөлснийг дурддаггүй юм. МИАТ компанийн алдагдалын гол шалтгаан нь “Сод Монгол”, “Шунхлай”компаниудад байдгийг холбогдох байгууллага, эрх мэдэлтнүүд мэддэг атлаа үг ч дуугарч чаддаггүйн учир гогцоо юунд байна. Авилгадуулж, ашиг хүртдэг болоод тэр үү, яагаад ингэтлээ улс орноороо энэ хэдэн компанийн өмнө ёстой л“чацга царайлж” байдаг юм бэ. МИАТ мэт төрийн өмчит олон компанид ой тойнд багтамгүй өндөр үнээр шатахуун шахаж, улмаар дампуурахад хүргэдэг үйл ажиллагаа нь гэмт хэрэг биш юм гэж үү. Өнөөдөр туйлдаж ядарсан ард түмний нуруун дээр зохиомол үнийн хөөрөгдлөөр дааж давшгүй дарамт үүсгэн, ягт нь тулгаж байгаа эдгээр компанийн байн байн давтдаг үгсэл, хуйвалдаан Монгол түмний эрх ашгийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг биш юм гэж үү! Энэ бүхнийг төр, засаг зохицуулж үл чадах аваас иргэд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө тэмцэж яагаад болохгүй гэж. Засгийн газрыг шантаажлахдаа тултал даварсан шатахуун импортлогчдын монополь бүлэглэлийг бут ниргээч.
Жич: “Бут ниргээч” гэдгийг алж устган сөнөө гэж бус, энэхүү мафижсан бүлэглэлийн монополь бүтцийг задлан, эрүүл шударга өрсөлдөөнийг бизнесийн энэ салбарт бий болгоё гэсэн санаагаар ухаж ойлгохыг хүсье!