Монголын хулгайч нарт хандан “муусайн хулгайч” гэж хараал урсгалгүйгээр энэ удаа тэднийг шууд өмөөрч байна гэхэд хаашаа юм, гэхдээ талархаж байна гэдгээ өчсү. Яагаад вэ? гэвэл тэдгээр “урт гартнуудын” дуулиантай цуврал ажиллагаа болгоны дараа миний танин мэдэхүйн хүрээ төдий чинээ тэлдэг юм. Монгол эх орноо ямар их үнэ цэнэтэй өв соёл, түүхийн ховор нандин эд өлгий, олдворын эрдэнэсийн сантай болохыг яг үнэндээ над шиг сайн мэддэггүй хүн маш олон байдагболохоор талархал маань тэднийг ч төлөөлж байгаа шүү гээд хэлчихвэл нэг их зарга заалхай гаргахгүй гэж найдлаа. Ачыг ачаар хариулдаг ёсоо бодсон ч ганц удаа ийн талархал дэвшүүлэхэд яагаад болохгүй гэж. Энд тэндхийн жуулчин гийчин, зочин төлөөлөгч зориод ирэхэд нүдийг нь хужирлаж, сонирхлыг нь татах олигтой ганц шавар баримал ч үгүй шүү хэмээн бусдын адил эх орон, элгэн саднаа “муулан” бухидаж байсан нүгэл гэм надад маш ихээр байдаг байлаа. Энэ гэм нүгэл чинь хилс юм шүү эх орон, элгэн садан монголчуудын маань бүтээсэн, туурвисан гайхамшиг ямар онцгой хийгээд арвин, энэ бүхнийг зүгээр нэг харсан үзсэн болгонтойгоо харьцуулшгүй үнэ цэнэтэйгэдгийг надад ямар ч сургууль, багш, эрдэмтэн мэргэд, ном сурах бичгээс илүү Монголын маань нөгөө “урт гартнуудын” арми ойлгуулж, танин мэдүүлэх юм даа.

Талархах шалтгаан 1.

Хамгийн ойроос, эдүгээ санаанд байгаагаас нь эхлэн жишээ татаадахья. 2015 оны гуравдугаар сард Парис хотноо SOTHEBY компанийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар Монголоос гаралтай гэх хүрэл цутгамал бурханг 200 мянган еврогоос эхлэн үнэ хаялцуулсаар 3.467.500 евро буюу одоогийн ханшаар арав шахам тэрбум төгрөгөөр Тайванийн нэг иргэн худалдаж авсан нь дэлхий дахинаа шуугиан тарьсан. Дөрвөн цаг үнэ хаялцуулсны эцэст зарагдсан тэрхүү гайхалтай бүтээл Монголынхоор барахгүй хүн төрөлхтөнд Азийн Миклеанжело хэмээгдсэн суут Занабазарын “Ногоон дарь эх” байсныг нь мань мэт монголчуудхожим мэдээд дэмий баахан харамссан. Тухайн үед Боловсрол соёл,шинжлэх ухааны сайд байсан Л.Гантөмөр Францын талд хандан “Манай энэ үнэтэй ховор өвийг бүү зараач” хэмээн гуйсан ч үр дүнд хүрээгүй юм. SOTHBEY компанийн зүгээс “Бид энэ бурханг зарсан нь хууль зөрчсөн аливаа үйлдэлгүй. Хувь хүнээс худалдаж аваад дуудлага худалдаанд гаргасан” гэсэн тайлбар өгсөн байдаг. Манай нэг хулгайч туугаад л гадагш гаргачихсан хэрэг. Ингэж хардах үндэс бий. Эл “Ногоон дарь эх”-ээс гадна SOTHBEY компанийн дуудлага худалдааны каталогт Занабазарын хийц дэгээр бүтээсэн зургаан бурханг 2005 оноос хойш зарсан гэж бүртгэсэн байсныг манай холбогдох хүмүүс харсан агаад Монголоос хувь хүнээс авсан хэмээн гарал үүслийн товьёогт нь бичсэн байжээ. 2013 онд Германд мөн л алтадсан гурван Будда бурхны барималыг тус бүр 75 мянган ам.долларын үнэд хүргэж зарсан байсан. Тэгэхээр хэрэв эл бурхдыг хэн нэгэн хулгайлж, гадагш гаргаагүй байсан бол мань лав ийм үнэ цэнэтэй бүтээл Монголд байдаг байсныг мэдэхгүй,танин мэдэхүйн хувьдтаг харанхуй өнгөрөх байсан нь лавтай.

Талархах шалтгаан 2.

2007 онд Нью-Йоркт болсон дуудлага худалдаан дээрXIII зууны үеийн ховор эдлэлүүдийг өндөр үнэ хүргэн зарж байхтаа таарсан монгол бизнесмен Чингис хааны хоёр ширхэг алтан зоосыг 1.6 сая ам.доллараар худалдаж авсан байдаг. Азтай тохиолдлоор Монголдоо буцаж ирсэн тэдгээр зоосыг нүдээрээ үзэх надад олдсон завшаан одоо монгол хүн бүрт бий. Эл зоосыг эх орондоо авчирсан эрхмийн хэлснээр аанай л эрх дархтай хулгайчдын гараар дамжин энэхүү үнэ цэнэтэй өв гадагш гарсан байсан гэсэн. Энэ бүхний дараа Монголд маань Эзэн Чингис хааны үеэс өдгөө цагийг хүртэлх төрөл бүрийн алт, мөнгөн зоосны арвин үзмэртэй болохыгтаньж авсан. Бахархсан. Зоосоор тогтохгүй гайхамшигтай ямар ховор живэр бүтээл байдгийг танин мэдэх хорхойд автсан. Хулгайч нарын үйлдэл намайг ийм амттай “хообийтой” болоход шууд тусалсан байгаа биз.

Талархах шалтгаан 3.

Өнгөрсөн онд буюу 2016 оны тавдугаар сард Бээжингийн нэгэн том зочид буудалд болсон эртний эдлэлийн дуудлага худалдаанаас Анхдугаар богд Өндөр гэгээний өөрийнх нь дүр болох 52 см өндөр алтан шармал цутгамал бурханг 73 сая 25 мянган юаниар дотор газрын нэгэн иргэн худалдаж аван хувийн цуглуулгаа арвижуулсан байсан. Мөн 500 жилийн өмнө монголчуудын зурсан түүхийн хосгүй гэрч болох “Монгол Улсын уул усны зураг” хэмээх зургийг 80 сая юаниас эхлэн дуудаж зарсныг бид мэднэ. Чухам ямар үнэд хүрснийг нь нууцалсан байсан. Харин эл зургийн нэрийг хятадуудөөрчлөн “Дундад зууны Төв Азийн газрын зураг” хэмээн нэрлэж энд тэндхийн үзэсгэлэнд дэлгэдэг болсон юм билээ.Түүнчлэн Швейцарийн “Коллер аукшн” компанийн албан ёсны www.kollerauktionen.ch цахим хуудсанд гарал үүсэл нь Монголын хаягтай эртний уран дархчуулын хийсэн дахин давтагдашгүй хийц бүхий 20 гаруй бүтээл зарагдсан гэж бичсэн байна. Эндээс санаа авч хөөцөлдсөөр Монголын түүхийн жинхэнэ уурхай болсон эртний булш, бунхнууд тоногдож, хулгайлагдаад бараг дуусаж байгааг олж мэдээд харамслаа. Өмнөговийн Номгон сум дахь эртний булш, хиргисүүрээсюу ч үлдээлгүй хулгайлан тонож урагшаа зөөснийг хэр олон хүн мэддэг юм бол. Ер нь ийм эртний булш бунхныг тоолж бүртгэсэн бүртгэл Монголд огт байдаггүй барагцаалж баримжаалсаар өдгөө хүрсэн байдаг юм байна. Хэрвээ “сайн эрчүүдийн” үйлдэл өдөөгөөгүй бол ямар их зүйлээ монголчууд алдсаар байгааг, юутай үнэ цэнэтэй Эрдэнэсийн сантай болохоо, яаж дундарсаар буйг ньмэдэхгүй тууж явах байж.

Талархах шалтгаан 4.

2003-2011 оны хооронд Монголбанкны ажилтан хэсэг нөхдөдхулгайн хэрэгт шалгагдан бөөн асуудал үүссэнийг санаж байна. Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон, Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасаар цагаан захтай нөхдүүд бүлэглэн Монгол Улсын Эрдэнэсийн сангаас найман жилийн хугацаанд 18 кг алт туусан болохыг нь нотлон тэднийг зохих газруудад илгээчихсэн юмдаг. Эндээс би хулгайг “шанээл” үнэртүүлж, “шиншийла” хөдөрсөн, “салмаандар” жийж, “мэрсэдээс” хөлөглөсөн эфирийн хийгээдрекламны царайтай, албаны “чухал гарууд” эр, эмийн ялгаагүй харин ч нэг хийдэг болохыг мэдэж авсан бөлгөө. 

Хархорины Эрдэнэзуу хийдээс алдагдсан Галданзуу хэмээх хосгүй бүтээл, Дорноговийн Цагаандэлгэрийн хийдээс алдагдсан Занабазарын хийц бүхий бурхад, мөн Шанхын хийдээс алдагдсан олон зуун сая төгрөгөөр үнэлэгдэх зэс хөөмөл, шашны эд хэрэглэл... гээд дурдаад байвал тун урт жагсаалт гарахаар юм байна. Эцсийн эцэст хулгайч нар надад Монгол Улсын төрийн бодлого ерөөсөө хулгайг дэмжихэд чиглэдэг юм байна гэдгийг тодоос тод ойлгууллаа. 

Улсын хэмжээнд ямар гээчийн үнэт өв эрдэнэс хэдий хэмжээтэй, тоо ширхэгтэй хаана хаана хадгалагдаж байгааг монгол хүн бүр үүх түүхтэй нь мэддэг байх ёстой. Малчин хотон дахь хониныхоо тоог мэдэхгүй байж хэд нь алга болж, хэд нь үхэж үрэгдснийг яс тооцож чадах уу? Түүн лүгээ ямар гээчийн үнэт өвтэйгээ бид мэдэхгүй, танихгүй болохоор хэн дуртай нь зөөгөөд барах нь байна шүү дээ.

Бидний сайн мэдэх Лувр, Эрмитажаар жишээлэхэддэлхийн улс орнуудүнэт зүйлсээ нийтэд ямагт дэлгэж, таниулжбайдаг. Тэгэхдээ найдвартай хамгаалалт дор.Тэнд юу, ямар гээчийн гайхамшгууд байдаг болохыг бүгд мэдэххойно алдагдах нь бага. Алдагдсан ч дэлхийд танигдсан бүтээлүүд хойно эргүүлээд олоод авах боломж их.

Харин яагаад Монголын Эрдэнэсийн санд болон музейд хадгалагддаг үнэт хөрөнгө, эд өлгийг нийтээс нууцлан, харамласаар ирснийг ойлгодоггүй байлаа. Хэдий хэмжээгээр хүн мэдэхгүй байна төдий хэрээр тэр бүтээлийг завшин хулгайлах боломж гарч ирдэг болохоор аргагүй байж. Монгол Улсдаа ганц Үндэсний түүхийн музейн үзмэрүүдээс байсхийгээд л алга болчихоод олон жилийн нүүр үзсэн шүү дээ. Гэтэл яасан гээч. Тэр болгон олонддэлгээд байдаггүй ховор үзмэр, үнэт зүйлсийг хариуцдаг байсан н.Энхбат хэмээх эрх мэдэлтэн хулгайлжгадагш гаргаад зарж үрээдбайсан нь илэрсэн. Жинхэнэ эхбуюу ориг бүтээлийг хулгайлахдаа загварыг нь орлуулан үлдээхээ мартдаггүй байсан учир тэр нөхөр баригдахгүй удсан байж. Монгол хүн бүр хулгайд алдагдаад буй бүтээлүүдийг сайн мэддэг байсан бол тэр ингэж чадах байсан уу?

Чонондхонь хадгалуулахын ийм үлгэр амьдрал дээр зөндөө гарсан. Арван хар нүглийг тэвчих сахилтай хувраг хүн сүм хийдийнхээ шүтээнийг “мартаад” тэрчигтээ аваад явчихсан тохиолдол ч байна. 

Дэлхийд улс орноо таниулах нэрээр үзэсгэлэнд зориулж авч гарсан үзмэрүүдээс хэд нь буцаж ирдгийг авч гарсан эрх мэдэлтнээс нь өөр хэн ч хэлж мэддэггүй юм. Монголын үнэт эдлэл, үзмэрүүдийг дарга, даамалууд сорчлон хулгайлсаар дуусаж байна хэмээн Үндэсний түүхийн музейн ажилтан халаглаж байна билээ.

Улсын хэмжээний музейн 70 хувь нь зориулалтын бус бараг л айлын амбаараас долоон дор байр савтай гэж байна. 2012 онд Улаанбаатарт болсон Төвөд судлаачдын хуралд оролцсон гадна дотнын судлаачидБогд хааны ордон музейн үзмэрийг 8 тэрбум еврогийн үнэтэй хэмээн анх удаа үнэлсэн байдаг. Бид л мэддэггүй болохоос дэлхий дээр ийм их үнэт үзмэртэй музей тун цөөхөн.

Төр засгаас илүүтэйгээр монгол хүний оюун ухаан, гарын ур дүйгээр бүтээгдсэн үнэт өвийн үнэ цэнийг ойлгуулж, хамгаас онцгойгоор хадгалан хамгаалах цаг болсныг ямагт сануулдаг “хүндэт” хулгайч нарт талархаж байна. Та нарын “ачаар” Монгол минь юутай гайхамшигтай билээ хэмээн эрхгүй бодох юм аа.