ШАНХАЙД ШАМДАХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
ШХАБ-д элсэх талаар нийгэм болон судлаачдын үзэл бодол ийнхүү ялгарч байгаа ч, төр засгийн шийдвэр гаргагчдын дийлэнх нь өнөөдөр ШХАБ-д элсэхээр шамдах шаардлага тулгараагүй гэж байгаа нь харагдаж байна.
2019 оны 6-р сарын 14-нд Бишкек хотод ШХАБ-ын чуулганы үеэр Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын уламжлалт уулзалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Хэрэв Монгол улс тус байгууллагад элсэн орвол, түүний бүхий л давуу талыг ашиглан, ШХАБ-ын хамтын ажиллагаанд том үүрэг гүйцэтгэж, бодитой ашиг хүртэх болно. ШХАБ-д элсэх монголын шийдвэр хурдан батлагдах тусмаа, хамтын ажиллагаанаас ашиг хүртэн, улс орноо хөгжүүлнэ.” гэж хэлсэн.
Эдийн засгийн хувьд бүрэн хамааралтай, экспортыг чинь бараг бүгдийг нь худалдаж авч буй хамгийн том түнш улсын даргын хэлээд байгаа тэр ШХАБ гэгч яг ямар байгууллага болох, ямар давуу тал олгодог, ямар бодит ашиг хүртэх тухай яриа гараад байгааг монголчууд бид нарийвчлан тодруулах шаардлага тулгараад байна.
ШХАБ
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) гишүүн орнууд эдүгээ Евразийн газар нутгийн тавны хоёр, дэлхийн хүн амын бараг талыг хамарсан, хамгийн том хүрээтэй байгууллага аж. Мөн байгаль, цэрэг, улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэг орнуудаас бүрддэг.
Монгол улс 2004 оноос хойш ажиглагч статустайгаар ШХАБ-ын төр засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцож иржээ. Харин 2018 оны 6-р сард Чиндао хотод болсон ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ байгууллагад гишүүнээр элсэн, бүс нутгийн хамтын ажиллагаанд тууштай оролцох хүсэлтээ анх илэрхийлснээс хойш асуудал «халж» эхэлсэн юм.
Орос, Хятад, Казакстан, Киргиз болон Тажикстан улсын тэргүүнүүд 1996 онд анх “Хил орчмын нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх тухай” гэрээнд гарын үсэг зурснаар “Шанхайн Тав” гэдэг бүлгэм бий болсон. 2001 онд Узбекстан гишүүн болж, нэрээ Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ) болгожээ. 2002 онд төрийн тэргүүнүүд уулзаж ШХАБ-ын Тунхаглалд гарын үсэг зурж, тус байгууллагын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. 2017 онд Энэтхэг, Пакистан гишүүнээр нэгдэн оржээ.
Хүснэгт 1. ШХАБ-ын гишүүн, ажиглагч ба яриа хэлэлцээний түнш орнууд (2019 оны байдлаар)
ШХАБ-ын гол зорилго нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, тухайлбал гурван аюул буюу хүчирхийлэх, салан тусгаарлах, хэт туйлшрах үйлдэлтэй (terrorism, separatism, extremism) тэмцэх явдал юм. Мөн гишүүн орнуудын санаачилгаар үйл ажиллагааны цар хүрээгээ улс төр, худалдаа, эдийн засаг, судалгаа, соёл, боловсрол, эрчим хүч, тээвэр, аялал жуулчлал, байгаль орчны салбар руу тэлэх зорилт тавих болжээ. Гэвч одоогоор аюулгүй байдал, улс төрөөс бусад салбарт хамтын ажиллагаагаа өндөр түвшинд хүргэж чадаагүй байна.
Бүс нутгийн терроризмын эсрэг тэмцэх, Ташкентад төвтөй RATS байгууллага террорист бүлгэмийн талаарх мэдээллийг цуглуулан, 2017 оны байдлаар 600 гаруй терроризмийн хэргийг таслан зогсоож, 50 тонн тэсрэх бодис, 10 мянга гаруй галт зэвсэг хураан авчээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улс ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхээр мэрийж байна. 'Зам ба бүс' санаачилгын хүрээнд Хятадын Хөгжлийн Банкаар дамжуулан гишүүн болон ажиглагч орнуудад 2019 оны 3-р сарын байдлаар бараг 50 тэрбум америк долларын зээл олгожээ. 2014 оноос ШХАБ-ын байгаль орчны хамтын ажиллагааны төв байгуулагдаж гишүүн орнуудын байгаль орчны хамгаалалт, ногоон хөгжлийн тал дээр хамтран ажиллаж эхэлжээ. 2019 оны 7-р сараас ШХАБ-ын орон нутгийн худалдаа, ложистикийн хамтын ажиллагааны үлгэр жишээ төвийг Чиндао хотын ойролцоо байгуулаад байна.
Бодит ашиг
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 6-р сард Киргиз улсын Бишкек хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний өргөтгөсөн хурал дээр “Монгол улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа… ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна'' гэв. Энэ асуудал монголчуудыг эдүгээ үнэхээр талцуулаад байна.
МИРИМ байгууллагын судалгаагаар монголчууд ШХАБ-д элсэнэ, элсэхгүй гэсэн байр сууринд тэнцүү хуваагдсан гэж гарчээ. Элсэхийг дэмжигсэд ШХАБ нь монголын эдийн засагт эерег нөлөө үзүүлнэ гэсэн бол дэмжээгүй нь нэгт, хөрш хоёр орноос хэтэрхий хараат болох; хоёрт, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх үр дагавартай гэжээ.
- Манай судлаачдын хувьд, нэг хэсэг нь эдийн засгийн талаас нь онцолж ШХАБ-д элсэх бодит шаардлага гараагүй, учир нь монголд ашигтай ямар нэг үйл ажиллагаа эхлээгүй байна. ШХАБ эдийн засгийн, ялангуяа худалдаа, эрчим хүч, тээвэр, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж 20-оод жил хичээж байгаа ч, томоохон төсөл хэрэгжүүлээгүй. Энэ нь ШХАБ дотроо зөрчилтэй байгаагийн илрэл. Хятад эдийн засгийг, харин Орос аюулгүй байдлыг чухалчилдаг. Орос улс Хятадын хямд барааг чөлөөтэй нэвтрүүлэхэд бэлэн биш. Энэтхэг улс ШХАБ-ыг Хятадын 'Зам ба Бүс' санаачилгын үргэлжлэл гэж үзэхийг эсэргүүцэж байгаа гэж энэ судлаачид хэлжээ.
- Судлаачдын нөгөө хэсэг нь улс төрийн талаас нь онцолж ШХАБ-ыг АНУ-ын эсрэг чиглэсэн Орос, Хятадын тэргүүлсэн нэгдэл гэж үздэг. Учир нь АНУ 2005 онд ажиглагч орон болох хүсэлт гаргахад ШХАБ татгалзсан хариу өгсөн. ШХАБ-ын гишүүн орнуудын дийлэнх нь хоорондоо газар нутгийн маргаантай, түүнийгээ шийдэж чадахгүй, тохиролцоод л явж байгаа. Эдүгээ Кашмирийн асуудал үүнийг ямар хурц хэвээрээ байгааг ил тод харуулж байна. Харин Монгол улс нь газар нутаг болон хилийн ямар ч маргаангүй орон байж ШХАБ-д заавал хутгалдах шаардлагагүй гэж үзэв.
- Гурав дахь хэсэг нь монголчууд бид ШХАБ-ыг хий хоосон хардаад, бидний асуудлыг биднийг оролцуулахгүй шийдээд байгаа бүс нутгийн механизмаас өөрийгөө тусгаарлаад байна. Хоёр хөршийн хооронд транзит корридор байгуулах, авто болон төмөр зам, байгалийн хий, газрын тосны хоолой барих, эрчим хүчний болон холбооны кабелийн шугам тавих талаар олон жил ярьж байгаа ч, эдүгээ ганц ч төсөл хэрэгжихгүй байгаа. Гэтэл бид хоёр хөрштэйгөө хоёулантай нь стратегийн түнш болчихсон. ШХАБ-д элсэх нь манай гуравдагч хөршийн бодлогод ч илүү тус дөхөм болох учир гишүүнээр түргэн элсэхийг санал болгосон.
ШХАБ-д элсэх талаар нийгэм болон судлаачдын үзэл бодол ийнхүү ялгарч байгаа ч, төр засгийн шийдвэр гаргагчдын дийлэнх нь өнөөдөр ШХАБ-д элсэхээр шамдах шаардлага тулгараагүй гэж байгаа нь харагдаж байна.
Монгол улс ШХАБ-д элсэх шийдвэр гаргахын өмнө өргөн хүрээнд, олон түвшинд хэлэлцүүлэг хийж, олон талаас нь тунгаах цаг ирлээ. Олон нийтэд ШХАБ-ын талаар шаардлагатай мэдээллийг хүргэсний үндсэн дээр, улсын хэмжээнд санал асуулга явуулж элсэх эсэхээ шийдэх гарц бий. Харин тэр болтол хоёр хөрштэйгөө эдийн засаг, байгаль орчин, хар тамхитай тэмцэх талаар хамтран ажиллах хоёр талын болон гурван талын бүх механизмаа өгөөжтэй ашиглах, ШХАБ-ын ажиглагч гишүүний цар хүрээ, боломжийг бүрэн ашиглаж бүх талаар хамтран ажиллах, боловсон хүчнээ сургаж дадлагажуулах шаардлагатай байна.
2019.08.21
Зочин
МНГ
Ард Аюуш
Зочин